Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1362

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Б-ийн хариуцагч Л.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 164 899 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 40 000 ам.доллар, алдангид 20 000 ам.доллар, нийт 60 000 ам.доллар буюу 164 899 200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Х.Б-, Л.Б- нар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 ам.долларыг гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар талууд тохиролцож гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний 2.2, 2.6-д заасны дагуу зээлдэгч Л.Б- зээлсэн 40 000 ам.долларыг төлөх хугацааг тодорхойлсон боловч уг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн“ гэж үзнэ гэж тус тус заасан. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 145 хоног хэтрүүлсэн байна.

Зээлийн гэрээний 2.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон ба алдангийн хэмжээг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хууль болон гэрээнд нийцүүлэн алданги 20 000 ам.долларын алданги төлөх үүрэг үүссэн гэж үзэж байна. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д “2007 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон зээлийн гэрээг шинэчилсэн ба 2 жилийн дараа зээлийн төлбөрийг бүрэн дуусгах”-аар тохиролцсон. Бэлнээр олгосон зээлийг эргэж төлөөгүй учир амаар байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлөө 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Энэ зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас нийт 60 000 ам.доллар буюу 164 899 200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б-той анх хамтран 2007 онд Орос цэргүүдээс цэргийн бакал гутлыг бөөний үнээр нийт 90 000 ам.доллар /1 ам.долларыг 1150-1160 төгрөг/-өөр худалдан авахаар тохиролцсон. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Шерьметово-2” Олон улсын нисэх онгоцны буудал дээр оросуудад 80 000 ам.доллар өгсөн. Дараа нь үлдэгдэл 10 000 ам.долларыг 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн онгоцны буудал дээр өгсөн. Харамсалтай нь Оросуудад хууртагдаж Х.Б- 40 000 ам.доллар, би 50 000 ам.доллараар шатсан ба мөнгөө авах гээд удаа дараа Москва явж байсан.

Х.Б- 2017 оны 8 дугаар сарын сүүлээр “эхнэр мөнгөгүй гэж загнаад байсан учир би чамд мөнгөө зээлдүүлсэн болж эхнэртээ хэлэх гэсэн юм” гээд өөрийнхөө бичиж ирсэн гэрээг надад үзүүлэхээр нь би гарын үсэг зурсан. Сүүлд 2019 оны 12 дугаар сарын дундуур Х.Б- “Таван толгойн Ажнай Б-ийн хятадууд хүний хөрөнгө болон авлагыг барьцаалаад бага хүүтэй зээлийг найдвартай олгодог юм байна. Би хүнээр яриулаад бараг авах гэж байгаа. Нилээн их хэмжээний зээл болохоор барьцаа хөрөнгө дутаад байна. Өөрөөс чинь авлагатай гэвэл болчих гээд байна гээд чи манай хоосон кассын баримт дээр гарын үсэг зураад өгчих” гэснээр би “Харх” ХХК-ийн санхүүгийн тамгатай бэлэн мөнгөний орлогын хоосон баримтад гарын үсэг зураад өгсөн. Шинэ он гарахын өмнө асуухад “хөөцөлдөж байгаа хараахан бүтээгүй байна” гэж байсан. Хариуд нь би “бүтэхээрээ эргэж яриарай” гэснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж холбогдоогүй.

Гэтэл нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний гарын үсэг зурсан “Харх” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтыг засаад “зарлагын баримт” болгожээ. Тухайн үед би 93119196 дугаарыг утас огт эзэмшдэггүй байсан. Өөрөөр хэлбэл би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 40 000 ам.долларын зээл аваагүй. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох мөнгөн дүнг шаардсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр талуудын хооронд мөнгө, эд хөрөнгө шилжсэн асуудал байхгүй.

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаас харахад “Харх” ХХК-ийн захирал Х.Б-оос зээлийн гэрээгээр Л.Б-т 40 000 ам.доллар шилжүүлсэн гэсэн байгаа. Энэ баримтаар мөнгө шилжсэн гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2007 онд зээлдүүлсэн мөнгөө 2017 онд нөхөж зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа. Үнэхээр тийм юм бол яагаад 2017 онд зарлагын баримт хуурамчаар үйлдсэн гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч дээр ирээд “эхнэр бид хоёрын харилцаа муудсан байгаа, хэн нэгнээс авлагатай гэж эхнэртээ үзүүлэх хэрэгтэй байна” гээд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнд гарын үсэг зурсан дээр маргаан байхгүй. Тухайн үед нотариатчаас бэлэн мөнгө шилжүүлж авсныг тодруулж асуусан. 2007 онд шилжүүлсэн мөнгийг шаардаж байгаа гэж байгаа боловч 2007 онд 40 000 ам.доллар шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Б-т холбогдох 164 899 200 /нэг зуун жаран дөрвөн сая найман зуун ерөн есөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 982 446 /есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Х.Б- Л.Б-гэй 2007 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж түүний бизнесийн үйл ажиллагаанд зориулж 40 000 ам.долларыг зээлдүүлсэн бөгөөд тухайн үед эргэн төлөх хугацааг тодорхой тогтоогоогүй.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан боловч нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй. Улмаар өмнө амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байсан тул эргэн төлөх нөхцөлийг дахин тохирч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа, зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр анх нь амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулсныг хариуцагч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан бичгээр хийх хэлцлийг хийсэн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан өдөр мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд нэгэнт шилжүүлсэн мөнгийг уг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардсан.

Уг гэрээний 2.5-д “2007 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон зээлийн гэрээг шинэчилсэн ба 2 жилийн дараа зээлийн төлбөрийг бүрэн дуусгана” гэж тодорхой заасан ба үүгээр хариуцагч бэлнээр мөнгө хүлээж авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой бэлэн мөнгөний зарлагын баримт болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан “...би бодохдоо болсон үйл явдлаас хойш 10 орчим жил өнгөрсөн, түүний мөнгө шаардах эрх нь аль жилийн өмнө дууссан болохоор... ” гэх тайлбараар хариуцагч 40 000 ам.долларыг зээлж авсан нь нотлогдоно. Иймд бодит байдлаар мөнгө шилжүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд тодорхой заасан ба зээлийг зээлдэгчид олгосон тул зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч уг гэрээгээр мөнгө буцаан төлөх үүрэг хүлээсэн. Гэвч анхан шатны шүүх гэрээ байгуулсан өдөр мөнгө шилжүүлээгүй байна гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдсан талаар буюу гэрээний хэлбэрийг зохицуулаагүй байх бөгөөд харин мөнгө, эд хөрөнгө шилжсэн эсэх, хэрвээ шилжсэн бол буцаан төлөх үүрэг үүсэх талаар зохицуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан хүсэл зоригоо илэрхийлж 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж буй хүн гэрч байж болохоор заасан ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн гэх нотариатчийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар нотариат нь “...үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг, гарын үсгийн үнэн зөвийг болон хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй байх бөгөөд энэхүү чиг үүргийнхээ дагуу тодорхой үр дагавар үүсгэх 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн. Гэрч шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “хариуцагчийг гуйгаад байсан болохоор ... гэрчилсэн...” гэж мэдүүлдэг ба хариуцагчийг 40 000 ам.доллар зээлж авсан тухай нөхцөл гэрээнд тусгагдсаныг мэдсээр байж нотариатын үйлдэл хийсэн.

Хариуцагч зээлийн гэрээ, зарлагын баримтад гарын үсэг зурснаар эрх зүйн үр дагавар үүсгэж байгааг мэдсэн учраас 40 000 ам.доллар хүлээж авсан тухайд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг бүрэн үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон №096 дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримтад үндэслэн 2007 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 ам долларыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон гэж зээлийн гэрээний үүрэгт 164 899 200 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Л.Б- эс зөвшөөрч “...2007 онд 40 000 ам.долларын зээл аваагүй, харин бид тухайн үед хамтарч наймаа хийх гэж оросуудад хууртагдаж, Х.Б- нь 40 000 ам доллар, би өөрөө 50 000 ам.доллараар тус тус шатаж, би энэ асуудлаар Москва руу удаа дараа явж байсан...” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бичгээр үйлдсэн гэрээг 2007 онд хийсэн аман хэлцлийг сүүлд нөхөн байгуулсан гэж тайлбарласан, мөн өдрийн кассын зарлагын баримтад заасан мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй талаараа шүүх хуралдаанд тайлбарлажээ. Мөн гэрч М.Б-, нотариатч Д.Дашцэдэн нар гэрээг гэрчлүүлэх үед мөнгө шилжүүлээгүй, эхнэртээ үзүүлэх зорилготой гэж хэлж байсан үйл баримтын талаар гэрчилж, 40 000 ам.доллар зээлсэн талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Тодруулбал Д.Дашцэдэн нь “... Зээлийн гэрээг байгуулах үед 2007 онд мөнгө гэж бичсэн байна. 2007 онд мөнгө өгсөн талаар баримт байна уу гэж асуусан уу гэхэд би асуугаад, гэрээг батлахгүй гэсэн. 2007 оноос хойш хугацаа нилээн өнгөрсөн байсан. Л.Б- намайг таньдаг болохоороо энэ хүн надаас гуйгаад байгаа юмаа, эхнэртээ хүнд мөнгө зээлсэн гэж үзүүлэх гээд байгаа юмаа, үзүүлээд аваад ирнэ гэсэн” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрчийн уг мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй байна.

 

            Хариуцагч 40 000 ам.долларыг зээлж аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч нь уг мөнгийг шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 40 000 ам.долларыг шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй тул хариуцагчид зээл буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ, мөн өдрийн бэлэн мөнгөний баримтыг харьцуулан дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар үндэслэлтэй дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982 446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ