Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00296

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1362 дугаар магадлалтай,

Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

Л.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 164,899,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 164,899,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Б-т холбогдох 164,899,200 /нэг зуун жаран дөрвөн сая найман зуун ерөн есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 982,446 /есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1362 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Б-ийн нэхэмжлэлтэй Л.Б-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 164,899,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2020.04.27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1362 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Х.Б-, Л.Б- нар нь 2017.08.25-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдэгч нь 40,000 ам.долларыг 2019.08.25-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээний 2.5-д “2007.08.25-ны өдөр бэлнээр олгосон зээлийн гэрээг шинэчилсэн ба 2 жилийн дараа зээлийн төлбөрийг бүрэн дуусгасан байна” гэж заасан. Гэвч зээлдэгч дээрх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагчаас үндсэн зээл болон алданги нийт 60,000 ам.долларыг нэхэмжилсэн. Гэтэл шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор..., 40.2-т заасан ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.Б- нь Л.Б-тэй 2007.08.25-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж түүний бизнесийн үйл ажиллагаанд зориулж 40,000 ам.долларыг зээлдүүлсэн бөгөөд тухайн үед эргэн төлөх хугацааг тодорхой тогтоогоогүй байдаг. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан боловч нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй. Түүнд үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөг хүртэл хугацаанд огт төлбөр төлөөгүй болно. Улмаар өмнө амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байсан тул эргэн төлөх нөхцөлийг талууд дахин тохирч 2017.08.25-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа бөгөөд нэхэмжлэгч уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа, зохих ёсооор биелүүлээгүй үндэслэлээр анхны амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулсныг хариуцагч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасан бичгээр хийх хэлцлийг хийсэн болно. Өөрөөр хэлбэл мөнгө зээлдэх, зээлдүүлэх талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж амаар байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг буцаан төлөх хугацааг сунгаж хожим бичгээр гэрээ байгуулсан энэхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцнэ гэж үзэж байна. Х.Б-, Л.Б- нар нь 2007 оноос эхлэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцож эхэлсэн бөгөөд уг үйлдлээ баталгаажуулж 2017.08.25-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан байтал зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй.

4.2. Давж заалдах шатны шүүх ...мөн өдрийн кассын зарлагын баримтад заасан мөнгийг бодитоор шилжүүлээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ...” гэж нэхэмжлэгчийг огт мөнгө зээлдүүлээгүй мэт магадлалд дурдсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017.08.25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан өдөр эсхүл үүний дараа мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд харин нэгэнт шилжүүлсэн мөнгийг хожим бичгээр байгуулсан зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардсан. Уг гэрээний 2.5-д “2007.08.25-ны өдөр бэлнээр олгосон зээлийн гэрээг шинэчилсэн ба 2 жилийн дараа зээлийн төлбөрийг бүрэн дуусгана” гэж тодорхой заасан ба үүгээр хариуцагч бэлнээр мөнгө хүлээж авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүнчлэн 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээтэй салшгүй холбоотой бэлэн мөнгөний зарлагын баримт болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан “...Би бодохдоо: -Болсон үйл явдлаас хойш 10 орчим жил өнгөрсөн, түүний мөнгө шаардах эрх нь аль жилийн өмнө дууссан болохоор...” гэх тайлбараар хариуцагч 40,000 ам.долларыг зээлж авсан нь нотлогдоно. 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээг 2007.08.25-ны өдөр бэлнээр 40,000 ам.доллар зээлдүүлсэн үйлдэл, 40,000 ам.доллар зээлж авсан үйлдлээ талууд хожим баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан.

4.3. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь хариуцагчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 40,000 ам.долларыг шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй тул хариуцагчид зээл буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэжээ. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээнд тодорхой заасан ба зээлийг зээлдэгчид олгосон тул зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч уг гэрээгээр мөнгө буцаан төлөх үүрэг хүлээсэн. Гэвч шүүх гэрээ байгуулсан өдөр мөнгө шилжүүлээгүй байна гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээ байгуулагдсан талаар буюу гэрээний хэлбэрийг зохицуулаагүй байх бөгөөд харин мөнгө, эд хөрөнгө шилжсэн эсэх, хэрвээ шилжсэн бол буцаан төлөх үүрэг үүсэх талаар зохицуулсан. Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан хүсэл зоригоо илэрхийлж 2017.08.25-ны өдрийн гэрээ, мөн өдрийн зарлагын баримтад гарын үсэг зурсан тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болно. Нэгэнт бэлнээр зээл олгосныг хариуцагчийн зөвшөөрөл бүхий гарын үсэгтэй, үр дагавар үүсгэх бичгийн хэлбэрээр нотлогдох учир хожим бичгээр байгуулсан 2017.08.25-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний 2.5-д заасны дагуу 40,000 ам.доллар зээлж авсныг хүлээн зөвшөөрсөн тухай Зарлагын баримтаар тус тус нотлогдох тул бодит байдлаар мөнгө шилжүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ уг мөнгийг аваагүй, зөвхөн нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар татгалзлын үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй.

4.4. ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж буй хүн гэрч байж болохоор заасан ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр 2017.08.25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг гэрчилсэн гэх нотариатчийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар нотариат нь “...үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг, гарын үсгийн үнэн зөвийг болон хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй байх бөгөөд энэхүү чиг үүргийнхээ дагуу тодорхой үр дагавар үүсгэх 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээг гэрчилсэн. Нотариатчийн зүгээс 2017.08.25-ны өдрийн Зээлийн гэрээг гэрчлэхдээ нэгэнт шилжүүлсэн зээлийг өгч авсан нөхцөл байдлыг гэрчлэх боломжгүй бөгөөд харин хариуцагчийн 40,000 ам.долларыг зээлж авснаа хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийсэн.

4.5. 2020.02.21-ний өдөр хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...Би бодохдоо: Болсон үйл явдлаас хойш 10 орчим жил өнгөрсөн, түүний мөнгө шаардах эрх нь аль 5 жилийн өмнө дууссан болохоор...” гэж мөнгө хүлээж авснаа хүлээн зөвшөөрөхөөс гадна зээлийн гэрээ болон зарлагын баримтад гарын үсэг зурсан талаар үгүйсгээгүй. Хариуцагч зээлийн гэрээ, зарлагын баримтад гарын үсэг зурснаар эрх зүйн үр дагавар үүсгэж байгааг мэдсэн учраас 40,000 ам.доллар хүлээж авсан тухайд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Ийнхүү хариуцагч 2017.08.25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тул уг үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1362 дугаар магадлал нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Х.Б- нь Л.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 164,899,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлийг ...Х.Б-, Л.Б- нар 2017.08.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000 ам.долларыг 2019.08.25-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцон, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний 2.2, 2.6-д зээлсэн 40,000 ам.долларыг төлөх хугацааг тодорхойлсон боловч зээлдэгч Л.Б- хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, 145 хоног хэтрүүлсэн, ...гэрээний 2.7-д зааснаар алдангид 20,000 ам.доллар төлөх үүрэгтэй. ...нийт 60,000 ам.доллар буюу 164,899,200 төгрөг гаргуулна гэж маргасан байна.

7. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Х.Б-оос 40,000 ам.доллар зээлж аваагүй, ...бид тухайн үед хамтарч наймаа хийх гэж байгаад оросуудад хууртагдаж, Х.Б- нь 40,000 ам доллар, би өөрөө 50,000 ам.доллараар тус тус шатсан. ...энэ асуудлаар Москва руу удаа дараа явж байсан. ...Х.Б- 2017 оны 8 дугаар сарын сүүлээр “...эхнэр мөнгөгүй гэж загнаад байна, чамд мөнгөө зээлдүүлсэн болж эхнэртээ хэлэх гэсэн юм” гээд өөрийнхөө бичиж ирсэн гэрээг надад үзүүлэхээр нь би гэрээнд гарын үсэг зурж өгсөн...” гэсэн тайлбарыг гаргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4заасантай нийцсэн байна. 

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг тус тус хуульчилсан. 

10. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд 2017.08.25-ны өдөр 40,000 ам.доллар зээлж, зээлдүүлснээр зээлийн гэрээ байгуулж, мөнгө олгосон гэх баримт үйлдсэн байх боловч бодит байдалд нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Л.Б-т 40,000 ам.доллар зээлдүүлж, мөнгийг шилжүүлж өгөөгүй нь тогтоогдсон байх тул зээлийн гэрээ хэрэгжээгүй гэж үзнэ, иймд нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.  

12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх гэрээ байгуулсан өдөр мөнгө шилжүүлээгүй байна гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ...мөнгө, эд хөрөнгө шилжсэн эсэх, хэрвээ шилжсэн бол буцаан төлөх үүрэг үүсэх талаар зохицуулсан. Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан хүсэл зоригоо илэрхийлж 2017.08.25-ны өдөр гэрээ байгуулан, ...зарлагын баримтад гарын үсэг зурсан тул энэхүү гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

13. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00914 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1362 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.29-ний өдөр төлсөн 982,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД