Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2020/00914

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Орхон аймаг, .... тоотод оршин суух, А.Б-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... тоотод оршин суух Л.Б-т холбогдох

        Зээлийн гэрээний үүрэг болох 164.899.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, гэрч Б.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 40.000 ам.доллар, алдангид 20.000 ам.доллар, нийт 60.000 ам.доллар буюу 164.899.200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Х.Б, Л.Б нар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40.000 ам.долларыг гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар талууд тохиролцож гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний 2.2, 2.6-д заасны дагуу зээлдэгч Л.Б зээлсэн 40.000 ам.долларыг төлөх хугацааг тодорхойлсон боловч уг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсоныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн“ гэж үзнэ гэж тус тус заасан. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 145 хоног хэтрүүлсэн байна.

       Зээлийн гэрээний 2.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон ба алдангийн хэмжээг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хууль болон гэрээнд нийцүүлэн алданги 20.000 ам.долларын алданги төлөх үүрэг үүссэн гэж үзэж байна.

       2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д “2007 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон зээлийн гэрээг шинэчилсэн ба 2 жилийн дараа зээлийн төлбөрийг бүрэн дуусгах”-аар тохиролцсон байдаг. Бэлнээр олгосон зээлийг эргэж төлөөгүй учир амаар байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлөө 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Энэ зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас нийт 60.000 ам.доллар буюу 164.899.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

      Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б-той анх хамтран 2007 онд Орос цэргүүдээс цэргийн бакал гутлыг бөөний үнээр нийт 90.000 ам.доллар /1 ам.долларыг 1150-1160 төгрөг/-аар худалдан авахаар тохиролцсон. Ингээд 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Шерьметово-2” Олон улсын нисэх онгоцны буудал дээр оросуудад 80.000 ам.доллар өгсөн. Дараа нь үлдэгдэл 10.000 ам.долларыг 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн онгоцны буудал дээр өгсөн. Харамсалтай нь Оросуудад хууртагдаж Х.Б 40.000 ам.доллар, би 50.000 ам.доллараар шатсан ба мөнгөө авах гээд удаа дараа Москва явж байсан.

        Х.Б 2017 оны 08 дугаар сарын сүүлээр “эхнэр мөнгөгүй гэж загнаад байсан учир би чамд мөнгөө зээлдүүлсэн болж эхнэртээ хэлэх гэсэн юм” гээд өөрийнхөө бичиж ирсэн гэрээг надад үзүүлэхээр нь би гарын үсэг зурсан.

        Сүүлд 2019 оны 12 дугаар сарын дундуур Х.Б Таван толгойн Ажнай Бат-Эрдэнийн хятадууд хүний хөрөнгө болон авлагыг барьцаалаад бага хүүтэй зээлийг найдвартай олгодог юм байна. Би хүнээр яриулаад бараг авах гэж байгаа. Нилээн их хэмжээний зээл болохоор барьцаа хөрөнгө дутаад байна. Өөрөөс чинь авлагатай гэвэл болчих гээд байна гээд чи манай хоосон кассын баримт дээр гарын үсэг зураад өгчих” гэснээр би “Х” ХХК-ийн санхүүгийн тамгатай бэлэн мөнгөний орлогын хоосон баримтад гарын үсэг зураад өгсөн. Шинэ он гарахын өмнө асуухад “хөөцөлдөж байгаа хараахан бүтээгүй байна” гэж байсан. Хариуд нь би “бүтэхээрээ эргэж яриарай” гэснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж холбогдоогүй.

        Гэтэл нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний гарын үсэг зурсан “Х” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтыг засаад “зарлагын баримт” болгожээ. Тухайн үед би 93119196 дугаарыг утас огт эзэмшдэггүй байсан. Өөрөөр хэлбэл би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 40.000 ам.долларын зээл аваагүй.

       Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох мөнгөн дүнг шаардсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр талуудын хооронд мөнгө, эд хөрөнгө шилжсэн асуудал байхгүй.

         Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаас харахад “Х” ХХК-ийн захирал Х.Б-оос зээлийн гэрээгээр Л.Б-т 40.000 ам.доллар шилжүүлсэн гэсэн байгаа. Энэ баримтаар мөнгө шилжсэн гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2007 онд зээлдүүлсэн мөнгөө 2017 онд нөхөж зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа. Үнэхээр тийм юм бол яагаад 2017 онд зарлагын баримт хуурамчаар үйлдсэн гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч дээр ирээд “эхнэр бид хоёрын харилцаа муудсан байгаа, хэн нэгнээс авлагатай гэж эхнэртээ үзүүлэх хэрэгтэй байна” гээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнд гарын үсэг зурсан дээр маргаан байхгүй. Тухайн үед нотариатчаас бэлэн мөнгө шилжүүлж авсныг тодруулж асуусан. 2007 онд шилжүүлсэн мөнгийг шаардаж байгаа гэж байгаа боловч 2007 онд 40.000 ам.доллар шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрч Б.Б, Д.Д нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Л.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 164.899.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./ х.х-ийн 1-8 тал/

      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг /нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан ёсны ханш 1 ам.доллар х 2.748,32 төгрөг/-ээр тооцож байгаа болно. /х.х-ийн 8 тал/

         Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу хариуцагч мөнгийг хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болсон гэж үзэхээр байна.

      Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, №09 дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримтад үндэслэн 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000 ам долларыг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцон 2017 оны 08 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг шинэчилж, бичгээр байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 164.899.200 төгрөгийг шаардаж байна...“ гэж тодорхойлж байгаа болно. /х.х-ийн 6-7 тал/

        Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Х.Б-оос 2007 онд 40.000 ам.долларын зээл аваагүй, харин бид тухайн үед хамтарч наймаа хийх гэж, оросуудад хууртагдаж, Х.Б нь 40.000 ам доллар, би өөрөө 50.000 ам.доллараар тус тус шатаж, би энэ асуудлаар Москва руу удаа дараа явж байсан...” гэх тайлбар гаргасан. /х.х-ийн 19-26 тал/

        Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, гэрч М.Б, Д.Д нарын мэдүүлэг зэргээс үзэхэд зохигчдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч Л.Б-т 2007 онд аман зээлийн гэрээний дагуу 40.000 ам.долларыг зээлдүүлсэн, дараа нь 2017 онд тухайн гэрээг бичгэн хэлбэрт оруулж нөхцөл тохирч, зээлийн гэрээ шинэчилж байгуулсан ...” гэх,

       Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч Х.Б-оос 2007 онд 40.000 ам.долларын зээл аваагүй, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй ч мөнгийг бодитоор хүлээн аваагүй, Х.Б нь “...эхнэртээ зээлийн гэрээ үзүүлэх гэсэн юм“ гэж гуйгаад байхлаар нь туслая гэж бодоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан...” гэх тайлбар гарган  мэтгэлцэж байгаа болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуулиар хүлээдэг болно.

     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ”зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ“ гэж,

         Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж тус тус заасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч хэзээ, хэрхэн биелүүлснийг тодорхойлох нөхцөл бөгөөд хариуцагч 40.000 ам.долларыг зээлж аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч 40.000 ам.доллар зээлснээ нотлох үүрэгтэй ба үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмнө нь амаар байгуулсан гэрээгээ хожим бичгийн хэлбэрт оруулан 40.000 ам.доллар зээлдсэнээр бичиж, мөнгө олгосон гэх баримт үйлдсэн байгаа ч бодит байдлаар хариуцагчид мөнгө шилжүүлээгүй, дээрх гэрээ байгуулагдсан өдөр зээлийн гэрээнд заасан мөнгийг өгөөгүй нь зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-7 тал/

         Иймд нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Л.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 164.899.200 /нэг зуун жаран дөрвөн сая найман зуун ерөн есөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 982.446 /есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01969 дугаар захирамжаар ”шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ