Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1462

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” БГБХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” БГБХН хариуцагч “З” СӨХ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 500 000 төгрөг гаргуулах үндсэн, 536 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрны 1 дүгээр давхрыг эмнэлгийн зориулалтаар түрээслэн үйл ажиллагаагаа 2004 оноос явуулж байгаа болно. “З” СӨХ-оос зөвшөөрөл авч, компанийн гэрлэн хаягийг “Намуун таун” ХХК-аар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийлгэж, 53 дугаар байрны хана болон дээвэрт байрлуулсан. Уг нь бол зөвшөөрөл авах шаардлага хуулиар бол тавигдаагүй.

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа иртэл манай гэрлэн хаягийг “Ф” ХХК буулгасан байсан, яагаад буулгасныг асуухад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж байна, СӨХ-оос асуухад буулга гэсэн гэж засвар хийж байгаа хүмүүс хэлсэн байсан. Ийнхүү хаягийг буулгахдаа 6 үсэг болон хаяг урсгагчийг гэмтээсэн байсан. Учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардахад “З” СӨХ-ны зөвшөөрлөөр буулгасан, тэдний захиалгаар дээврийн засварын ажил хийж байгаа тул манайх хохирлыг хариуцахгүй гэсэн. “З” СӨХ-д хандаж хохирлыг нөхөн төлөхийг шаардсан боловч төлөхгүй гэж маргасан. Тиймээс хаягийн үсгүүдийн гэмтлийг засварлахад гарах төлбөр 200 000 төгрөг, үүнийг дахин байрлуулахад гарах төлбөр 300 000 төгрөг, нийт 500 000 төгрөг болохыг анх уг гэрлэн хаягийг хийсэн “Намуун таун” ХХК-ийн тооцоо учир нэг үсэг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. “Намуун таун” ХХК-аар гэрэлт самбарыг анх хийлгээд байрны дээврийн хөвөөн дээр байрлуулсан байсан. Манай түрээслүүлэгч “З” СӨХ биш бөгөөд хаяг байрлуулах зөвшөөрлийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Ц-оос 2018 оны 6 дугаар сард амаар авсан. “З” СӨХ-ны захирал Л.Ц- самбар байрлуулахыг амаар зөвшөөрсөн атлаа одоо үүнийгээ үгүйсгээд байна. Ер нь манайхыг аж ахуйн нэгж учраас илүү төлбөр төл гэсэн байдлаар хандаж маргаж байсан. “Н” ХХКуг нь өөрийн ажилд 2 жилийн баталгаат хугацаа өгсөн боловч энэ нь гуравдагч этгээдийн үйлдлээр учирсан гэмтэл учраас хариуцахгүй гэсэн. “Намуун таун” ХХК-тай байгуулсан гэрээг нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа өгсөн байсныг буцаагаад авсан. Хаяг нь байрны дээврийн хөвөөн дээр байрлуулсан “Ачуут гол” эмнэлэг нэртэй гэрлэн самбар байсан. 6 үсэг эвдэрсэн байсан гэх талаар баримт байхгүй боловч эвдэрсэн гэдэгтэй маргахгүй байгаа учраас энэ талаар баримт шаардлагагүй гэж үзэж байна. Иймд эвдэрсэн үсэгнүүдийг сэргээн засахад 200 000 төгрөг, уг хаягийг байрлуулахад 300 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг “З” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай З СӨХ-ны харьяа 53 дугаар байрны Ү.Оюунчимэгийн өмчлөлийн 175.49 м.кв байрыг “Ачуут гол” эмнэлэг 2007 оноос түрээслэн үйл ажиллагааг явуулж байгаа. Тус эмнэлэг нь манай СӨХ-той хаяг тогтоох талаар гэрээ бичгээр байгуулаагүй, утсаар нэг удаа ярихад нь хурлаар шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 53 дугаар байрны дээвэрт эмнэлгийн хаягаа дур мэдэн ямар нэгэн зөвшөөрөл, гэрээгүйгээр тогтоосон, ингэхдээ дээд давхрын 2 айлын дээврийг цоолж тогтоосон байсан. Дээврийг нэвт цоолсноос 5 давхарт байрлах 6 айл руу бороо, цасны ус нэвчин орж иргэд оршин суугчдыг удаа дараа хохироож байгаа болно. Уг асуудлаар тус өрхүүдээс удаа дараа гомдол ирж, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Барилга хот байгуулалтын яаманд хүсэлт тавьсны үндсэн дээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр тус байрын дээврийн их засварын ажлыг эхлүүлэх болсон. Дээврийн их засварын ажлыг хийх “Ф” ХХК-ийн инженер борооны улиралтай байгаа учраас яаралтай эхлүүлэх шаардлагатай тул дээвэр чөлөөлөх шаардлагыг манай байгууллагад тавьсан. Үүний үндсэн дээр “Ачуут гол” эмнэлгийн хаягийг буулгуулах мэдэгдлийг захирал Г.Машбатад хүргүүлэх гэсэн боловч эмнэлэг ажиллахгүй, түүний утас холбогдох боломжгүй байсан. Улмаар тус орцны иргэд холбогдох газарт нь гомдол гаргасны үндсэн дээр Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс тус самбарыг яаралтай буулга гэсэн албан бичиг ирсний дагуу хаягийг буулгахад байрны оршин суугчдын төлөөлөл, Сууц өмчлөгчдийн холбооны ажилчид, мөн “Ф” ХХК-ийн ажилчид байлцсан. Анх тус эмнэлгийн 2 сувилагч нь 35 тоот айлд ороод Танай дээвэр дээр хаяг байрлуулахыг зөвшөөрвөл 1 хүнийг үнэгүй эмчилж өгнө гэж хэлсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаарт тогтоолын 1 дүгээр хавсралт /Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааг байрлуулахад дагаж мөрдөх журам/-ын 4.2.4 орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул, хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгааг байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн дийлэнх, олонхи зөвшөөрсөн нөхцөлд СӨХ-ны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байх, 4.3-д гадны зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрлийг 1-3 хүртэлх жилээр олгох бөгөөд зөвшөөрөл олгосон иргэн хуулийн этгээдтэй ажлын 5 хоногийн дотор 1 жилийн хугацаатай ашиглалтын гэрээ байгуулна. Мөн “Ачуут гол” эмнэлэг нь дуртай газраа хогоо хаяж, хаяг байрлуулж, нийтийн эзэмшлийн талбайд хязгаар тэмдэг тавьж, машины зогсоол эзэмшиж, дундын өмчлөлийн тухай хуулийг зөрчиж байна. “З” СӨХ-д 4 эмэгтэй хүн ажилладаг, тэр хаягийг бид буулгах ямар ч боломжгүй. Уг хаягийг Сууц өмчлөгчдийн холбоо буулгаагүй учраас шаардах эрхгүй. “Ачуут гол” эмнэлэг түрээслэгч учраас түрээсийн гэрээ дуусахад оршин суугчид хохирч үлдэх болж байна. Нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр 2020 оны 9 сард манай банкин дахь харилцах дансыг хааснаас үйл ажиллагаа зогссон, хүнд байдалтай байна. Иймд “А” БГБХН-ийн 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” БГБХН нь тус Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлд зүй бусаар халдан, 53 дугаар байрны дээд давхрын 2 айлын дээврийг цоолж, том нүх гаргаж хаягаа тогтоосноос 5 давхарт байрлах 6 айл руу бороо, цасны ус нэвчин орж иргэд оршин суугчдыг удаа дараа хохироосон. 53 дугаар байрны дээвэрт урсгал засвар хийхэд шингэн хадаас болон хар тос, хар лак маш их хэмжээгээр орсон. Барилгын материалыг 2018 оны 7, 8 сард янз бүрийн хэмжээгээр авч байсан, дээвэрт урсгал засварыг байнга хийдэг байсан, яг өдөр, сарыг тодорхой санахгүй байна. Дээвэр дэх борооны ус бүх айлын дээврийг хаваад нэвтэрдэг учраас урсгал засвар байнга хийж байсан. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас хохирол учруулсан этгээдээр хохирлыг барагдуулах ёстой. 2 айлын гаргасан гомдолтой холбогдуулан борооноос хамгаалж улсын төсвийн хөрөнгөөр засвар орохоос өмнө засвар хийсэн. Борооны ус хавж урсаад байдаг тул зуны улиралд ус дахин дахин ордог.

Дээврийг засварлахын тулд 536 500 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан зардал бөгөөд үүнийг санхүүгийн тайланд тусгасан бөгөөд оршин суугчдын гомдлын дагуу дээвэрт засвар хийсэн талаараа тухайн айлуудад тайлагнаж мэдэгдэж байсан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй. Засварын ажил хийхтэй холбогдуулан дээвэр дээр байгаа хаяг рекламыг журамла гэдэг удирдамжийн МСӨХДЗөвлөлөөс ирсэн. Дээвэр засварласан “Ф” ХХК-ийг нийслэлээс томилсон бөгөөд уг ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын хүрээнд хаягийг буулгасан. 53 дугаар байрны дээврийг “А” БГБХН нь маш урт хэмжээтэй хадаасан хэлбэртэй арматур төмрөөр цоолсон болохыг харуулсан гэрэл зургаар нотлогдоно. Уг дээврийн засварт зориулан 505 000 төгрөгийн хар тос, 18 500 төгрөгийн барилгын материал, 13 000 төгрөгийн шингэн хадаас, нийт 536 500 төгрөгийн эд зүйл зэргийг худалдан авч засварт зарцуулсан. Иймд “А” БГБХН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас дээвэр цоорсон учир уг дээврийг засварлах ажилд зарцуулагдсан материалын үнэ болох 536 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Зэгст” Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс бичгээр тайлбар өгөөгүй. Дээрх зардал нь хэзээ хийгдсэн засвар болох, тухайн шаардаад байгаа 536 500 төгрөг нь Сууц өмчлөгчдийн холбооны тайланд тусгагдсан эсэх, тусгагдсан бол ямар байдлаар тусгагдсан болох нь тодорхойгүй байсан. Зөвхөн 53 дугаар байрны дээврийг засварлахад 536 500 төгрөгийн зардал гарсан гэдгийг нотлоогүй, мөн уг хөрөнгө нь СӨХ-ны данснаас гарсан бол тайлан бланс дээр нь тусгагдсан байх ёстой. “З” СӨХ нь 2018 онд дээвэрт засвар хийсэн болох нь тогтоогдохгүй байх ба эдгээр баримтаас харахад 10, 20 хоногийн зайтай хар тос авдаг гэж харагдахаар байна.

Иймд “А” БГБХН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 53 дугаар байрны дээвэр цоолсон болох нь нотлогдохгүй байх тул 536 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Зэгст” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” БГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, “А” БГБХН-д холбогдох 536 500 төгрөг гаргуулах тухай “Зэгст” Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 745 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/17475 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18686 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт зайлшгүй засварлах шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь “Намуун таун” ХХК-аас ирүүлсэн үнийн санал болон ямар учраас засварлах шаардлагатай талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба үүнийгээ үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүхийн шийдвэрт зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна гэжээ. Нэгэнт шүүх хуралдаан дээр хариуцагч нь өөрөө тухайн эмнэлгийн хаягийг буулгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул эгүүлэн байрлуулахад “Намуун таун” ХХК-аас ирсэн нэхэмжлэлийн дагуу зардал гарна гэдгийг баримтаар гаргаж өгсөн ч шүүхээс дээрх баримтуудыг огт үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “А” БГБХН нь хариуцагч “З” СӨХ-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны дээвэр хэсэгт байрлуулсан эмнэлгийн хаягийг буулгуулснаас учирсан хохиролд 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь өөрийн эмнэлгийн хаягийг байрлуулахдаа байрны дээврийг цоолсон учир дээвэр засварлахад зарцуулсан 536 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны 1 дүгээр давхрыг “А” БГБХН нь эмнэлгийн зориулалттайгаар 2007 оноос эхлэн түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн, 2018 оны 6 дугаар сард тус байрны дээврийн хөвөө хэсэгт гэрлэн хаяг байрлуулсан, уг байрны дээврийн засварын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр засварлах явцдаа “Ф” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрлэн хаягийг буулгасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

“Н” ХХКнь “Ачуут гол” эмнэлгийн гадна зориулалтын гэрэлтэй хаягийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн, баталгаат засварын хугацааны явцад гадны нөлөөгөөр эвдэрсэн тул гэрээний 6.6-д заасны дагуу засварлах боломжгүй, засварын зардал 500 000 төгрөг, үүнээс материалын зардал 300 000 төгрөг, засвар, угсралтын ажлын үнэлгээ 200 000 төгрөг болно гэх хаяг засварлах үнийн саналыг нэхэмжлэгчид албан бичгээр хүргүүлсэн нь хэрэгт баримтаар авагдсан /хх 4/, харин бодитоор ямар хэмжээний зардал гарсныг нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх бичгийн баримтыг гэм хорын бодит хохирлыг тодорхойлсон, тодруулбал, хаягийг засварлаж, хуучин байдлаар байрлуулан сэргээхэд гарсан бодит зардал буюу ямар үнэтэй хэдий хэмжээний  ямар материалаар хийгдсэн, ажлын хөлс нь хэд болох, уг үнэлгээ нь үндэслэлтэй эсэхийг эргэлзээгүй тогтоосон баримт гэж үзэхгүй, хаягийг засварлахад  зайлшгүй гарах зардлыг нотолсон баримт үнэлэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд байрны дээврийн хөвөө хэсэгт эмнэлгийн хаягийг байрлуулахдаа дээврийг “А” БГБХН цоолж, гэмтээн, түүний улмаас борооны ус гоожсон гэдгийг тогтоосон баримтгүйгээс гадна дээврийн засварт зардал гаргасан гэх 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 60 000 төгрөгийн үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 120 000 төгрөгийн үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 260 000 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримт, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 65 000 төгрөгийн үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 500 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 13 000 төгрөгийн үнэ бүхий шингэн хадаасны зарлагын баримтууд нь 53 дугаар байрны дээврийн ажилд зориулагдсан гэдгийг шууд нотлохгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасан журмын дагуу үнэлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ