Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1460

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01377 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 62 812 096 төгрөг, алданги 4 120 473.76 төгрөг, нийт 66 932 569.76 төгрөг гаргуулах үндсэн, гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 80 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Э” ХХК-тай “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. “Э” ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажил явуулахад автосамсвол түрээслэхээр манай компанитай тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Механизмын түрээсийн гэрээ”-г байгуулан тус бүр нь 60 тн даацтай, 10 ширхэг автосамсволыг түрээслүүлсэн. Нэг бүрийн түрээсийн төлбөрийг сард 27 500 000 төгрөгөөр тохиролцож нийт 652 934 108 төгрөг болсныг талууд тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд тооцоо нийлсэн актын үлдэгдэл авлага болох 62 812 096 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй, мөн гэрээний 5.2-т түрээслэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл төлөөгүй үнийн дүнгийн 0.02 хувийн алданги хоног тутам түрээслэгчид төлөхөөр тохиролцсон ба 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 328 хоногийн хугацаа хэтэрсэн тул төлөөгүй үнийн дүн болох 62 812 096 төгрөгийг 0.02 хувийн алдангид хоногт тооцон /12,562 х 311 хоног/ 4 120 473.76 төгрөг, нийт 66 932 569.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Г” ХХК нь түрээсийн гэрээний үүрэг шаардсан байхад хариуцагч нь энэ гэрээтэй холбогдолгүй ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 80 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуулийн дээрх зүйлд нийцэхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь нэхэмжлэгч “Г” ХХК-тай “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ гэрээний хүрээнд бид Механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Г” ХХК нь 10 ширхэг самосвал түрээслүүлэх, бид түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд бид түрээсийн төлбөрт 652 934 108 төгрөгийг төлсөн. “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлд 631 032 117 төгрөг авч, хоорондын тооцоогоор суутган 62 812 096 төгрөгийг бид төлөхөөр тооцоо нийлсэн нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн гарсан тооцоолол юм. Бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь энэ өр төлбөр гарсан шалтгаан нь “Г” ХХК нь гэрээнд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй. Тухайлбал гэрээний 3.7-д тэсэлгээний компанийг захиалагч сонгон шалгаруулна. Сонгогдсон тэсэлгээний компани нь ерөнхий гүйцэтгэгчийн удирдлаган дор ажиллана. Тэсэлгээний өрөмдлөгийг тэсэлгээний компанийн хариуцна гэж заасан байна. Гэтэл тэсэлгээ хийхээр шалгарсан компани нь технологийн дагуу тэсэлгээг хийж чадаагүй, тэсэлгээний үр дүнд хөрс бутрах, ачилтад бэлэн болох шаардлага хангагдаагүй. Үүний улмаас бид өөрсдийн техникээр хөрсийг хүчээр хуулснаас манай компанийн машин, техникүүд олноор эвдэрч саатаж, нэмэлт зардлууд гарсан. Нөгөөтэйгүүр “Г” ХХК нь гэрээг хүчээр зогсоосон. Хэрэв гэрээ үргэлжилж байсан бол бид ямар нэгэн байдлаар өөрт хохиролтой ч гэсэн гэрээний гүйцэтгэлийг хийж дуусгах байсан юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлдээ:

Уг гэрээний хүрээнд бид Механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Тэсэлгээг технологийн дагуу хийгээгүйгээс бид өөрсдийн техникээр хөрсийг хүчээр хуулснаас манай компанийн машин, техникүүд олноор эвдэрч саатаж, нэмэлт зардлууд гарсан. Энэхүү эвдрэл гэмтлүүдэд бид тухай бүрт нь акт тогтоож, нэмэлт зардал гарган, мэргэжлийн байгууллага, хүмүүсээр сэлбэгийг солиулах, гагнуулж засварлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Doosan DX500LC маркийн 73-50 УН дугаартай эксковаторын мотор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эвдэрч акт тогтоосон. “Помбранза” ХХК-аар 25 000 000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний дагуу уг моторыг засварлуулсан. Doosan DX700LC маркийн 63-22 УН улсын дугаартай эксковаторын шанага 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвдэрч акт тогтоосон. Doosan DX500LC маркийн 73-51 УН дугаартай эксковаторын шанага эвдэрч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр акт тогтоосон. Энэ 2 шанагыг “Ган шанага” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-нд гэрээ байгуулаад 27 000 000 төгрөгөөр засварлуулсан. Өмнө нь засварлагдсан Doosan DX700LC маркийн 73-50 УН улсын дугаартай эксковаторын шанаганы сум гулзайж хугарсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр акт тогтоосон. Энэ сум, цилиндрыг “Ган шанага” ХХК-аар 28 000 000 төгрөгөөр засварлуулсан. Энэ бүх хохирол нь ерөнхий гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэж үзэж байгаа тул “Г” ХХК-аас 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэтэл тэсэлгээ хийхээр шалгарсан компани нь технологийн дагуу тэсэлгээг хийж чадаагүй, тэсэлгээний үр дүнд хөрс бутрах, ачилтад бэлэн болох шаардлага хангагдаагүй. Үүний улмаас дээрх зардал биднээс гарсан. Энэ талаар бид гэрээнд заасан үүргийн дагуу тухай бүрт нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 201/79 дугаартай албан бичгээр, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/6 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж байсан. Иймд “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62 812 096 төгрөг, алданги 4 120 476.76 төгрөг, нийт 66 932 569.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн нэхэмжлэгч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 80 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 612.85 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492 612 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”, “Механизмын түрээсийн гэрээ” байгуулсан...” гэсэн байдаг. Гэрээний хугацаанд бид түрээсэнд нийт 652 934 108 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлд 631 032 117 төгрөг авч хоорондын тооцоогоор суутган 62 812 096 төгрөгийг бид төлөхөөр тооцоо нийлсэн болно. Тооцоо нийлсэн актын дотоод бүтцийг харах юм бол “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ээс манайд орж ирэх орлогыг тусгасан, мөн “Механизмын түрээсийн гэрээ"-гээр бидний төлөх өглөгийг тусгасан, өөрөөр хэлбэл хоёр гэрээний гүйцэтгэлийг хоёуланг нь хамтатгасан баримт бичиг юм.

Шүүхийн шийдвэрт 80 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамтатган шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнээд бидний сөрөг нэхэмжлэлийн агуулга, нотлох баримтыг хэлэлцэлгүй, дүгнэлгүй орхисныг бид зөвшөөрөхгүй байна. Талуудын хоорондоо байгуулсан хоёр гэрээг нэг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн байх бөгөөд бид дээрх хоёр гэрээний аль нэг заалтыг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж байгаа нь буруу юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай зайлшгүй холбоотой байна гэж бид үзэж байгаа болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Үүнээс харахад бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг огт хэрэгсэхгүй болгоогүй, зөвхөн үүсгэсэн иргэний хэргээ хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл бид дахин жичдээ нэхэмжлэлээ гаргах эрхтэй байхаар ойлгогдож байна. Тэгсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад бидний сөрөг нэхэмжлэлээ гаргахдаа төлсөн 557 950 төгрөгийг тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээснийг бид зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэсэн байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдохгүй. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна гэж үзжээ. Сөрөг нэхэмжлэлийн үйл баримт, нотлох баримтыг шинжлэн судалж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул тэмдэгтийн хураамжийг буцаан олгох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж бидний сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 62 812 096 төгрөг, алданги 4 120 473.76 төгрөг, нийт 66 932 569.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэл 62 812 096 төгрөг гэж тооцоолол хийсэн, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс манай техникүүд эвдэрч хохирол учирсан гэж 80 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу  2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Механизмын түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баянтэсийн нүүрсний уурхайн олборлолтын ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан гэрээний 1.5-д заасан жагсаалтад дурдсан 10 ширхэг автосамосвал /60 тн/-ыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 1 ширхэг автосамосвалын сарын түрээсийн төлбөрийг 27 500 000 төгрөг байх гэрээний гол нөхцлүүдийг талууд харилцан тохиролцсон, талуудад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

Талууд гэрээний гүйцэтгэлийн талаар тооцоо нийлж, 10 ширхэг автосамосвалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62 812 096 төгрөг гэж акт үйлдэн Нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч “Э” ХХК-ий Гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй. /хх17/

 

Түүнчлэн хариуцагч “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/79 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-д төлбөл зохих 62 812 096 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 17 812 996 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай байгуулсан “Механизмын түрээсийн гэрээ”-г хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цуцалсан талаар тайлбарласан.

 

Гэрээ цуцлагдсанаас хойш 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 328 хоногийн 4 120 473.76 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.02 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний заалт нэгэн адил цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд цуцлагдсан гэрээний алдангийг шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Э” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62 812 096 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 120 473.76 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг шаардсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2018 онд 7 дугаар сарын 31-ний өдөр “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний улмаас учирсан хохиролд 80 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь өөр гэрээний үүрэг байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох шаардлага биш гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт нийцжээ.

 

            Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох нь зүйтэй.

 

            Мөн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй, болгосонтой холбоотойгоор зохигчдод хуваарилах улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62 812 096 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 120 473.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтын “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 612.85 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,” гэснийг “ ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 612.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг хариуцагчид буцаан олгож” гэж,

“...492 612 төгрөг...” гэснийг “...472 010 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ