Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00756

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01377 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1460 дугаар магадлалтай,

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“.........” ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн гэрээний үүрэгт 62,812,096 төгрөг, алданги 4,120,473.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөг гаргуулах,

Сөрөн нэхэмжлэл: Гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Т.Билгүүнсоёлын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 62,812,096 төгрөг, алданги 4,120,473.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01377 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1заасныг баримтлан хариуцагч ......... ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг, алданги 4,120,476.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......... ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т зааснаар хариуцагч ......... ХХК-ийн нэхэмжлэгч ......... ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,612.85 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492,612 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1460 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.........” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,120,473.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,612.85 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,” гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,612.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг хариуцагчид буцаан олгож” гэж, “...492,612 төгрөг...” гэснийг “...472,010 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Т.Билгүүнсоёл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Бид “.........” ХХК-тай 2018.07.31-ний өдөр “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан юм. Гэрээнд зааснаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайн олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон юм. Гэрээний хүрээнд бид “Механизмын түрээсийн гэрээ” тусад нь байгуулсан юм. Энэхүү гэрээгээр “.........” ХХК нь 10 самосвал түрээсэлж, бид түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон юм. Нэхэмжлэгч тал болох “.........” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нэхэмжлэлийн үндэслэл” гэдэгтээ “... “.........” ХХК нь 2018.07.31-ний өдөр .........ХХК-тай “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайн олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. “.........” ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажил явуулахад автосамосвал түрээслэхээр манай компанитай тохиролцож 2018.09.14-ний өдөр “Механизмын түрээсийн гэрээ” байгуулсан...” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”, “Механизмын түрээсийн гэрээ” байгуулсан...” гэсэн байдаг.

4.2. Гэрээний хугацаанд бид түрээсэнд нийт 652,934,108 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлд 631,032,117 төгрөг авч хоорондын тооцоогоор суутган 62,812,096 төгрөгийг бид төлөхөөр тооцоо нийлсэн болно.Тооцоо нийлсэн актын дотоод бүтцийг харах юм бол Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ээс манайд орж ирэх орлогыг тусгасан, мөн “Механизмын түрээсийн гэрээ”-гээр бидний төлөх өглөгийг тусгасан, өөрөөр хэлбэл хоёр гэрээний гүйцэтгэлийг хоёуланг нь хамтатгасан баримт бичиг байдаг юм. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээ салшгүй холбоотой тул бид “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний 3.7 дугаар заалт “Тэсэлгээний компанийг Захиалагч сонгоно шалгаруулна. Сонгогдсон тэсэлгээний компани нь Ерөнхий гүйцэтгэгчийн удирдлаган дор ажиллана. Тэсэлгээний өрөмдлөгийг тэсэлгээний компани хариуцна. Хэрэв тэсэлгээний компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч тал ерөнхий гүйцэтгэгч талд мэдэгдэнэ” гэснийг үндэслэж сөрөг нэхэмжлэлээ гаргасан юм. Анхан шатны шүүх 01377 дугаартай шийдвэрт “...80,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамтатган шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх 1460 дугаартай магадлалд “...80,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь өөр гэрээний үүрэг байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох шаардлага гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт нийцжээ” гэсэн нь бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга, гаргаж өгсөн нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэлгүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талуудын хоорондоо байгуулсан хоёр гэрээг нэг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн байх бөгөөд бид дээрх хоёр гэрээний заалтыг үндэслэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй гэрээг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж байгаа нь буруу юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай зайлшгүй холбоотой байна гэж бид үзэж байгаа болно. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүгч дангаараа биш шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ гэсэн агуулга бүхий заалтыг 2007.08.03-ны өдөр хуульд оруулсан байдаг. Шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх асуудлыг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. үүнээс харахад бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг огт хэрэгсэхгүй болгоогүй, зөвхөн үүсгэсэн иргэний хэргээ хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл бид дахин жичдээ нэхэмжлэлээ гаргах эрхтэй байхаар ойлгогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж бидний сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “.........” ХХК хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан 66,932,569.76 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...хариуцагч нь манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа 60 тн-ын даацтай 10 автосамосвал тус бүрийг сард 27,500,000 төгрөг төлж түрээслэхээр гэрээг 2018.09.14-ний өдөр байгуулсан, нийт 652,934,108 төгрөг төлөхөөс 62,812,096 төгрөг дутуу байгааг талууд тооцоо нийлж баталгаажуулсан тул уг мөнгийг, гэрээний 5.2-т зааснаар хэтэрсэн хугацаанд бодогдсон алдангид 4,120,473.76 төгрөгийн хамт гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “түрээсийн төлбөр 62,812,096 төгрөг дутуу төлсөн нь үнэн. Гэвч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Хариуцагч 80,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тэсэлгээний ажлыг нэхэмжлэгч тал технологийн дагуу гүйцэтгээгүйгээс манай компанийн 3 эксковаторт эвдрэл учирч нийт 80,000,000 төгрөгөөр засуулсан, уг мөнгийг гаргуулна” гэсэн.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “”Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй, уг маргаан нь өөр буюу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой” гэсэн тайлбар гаргасан.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Шүүх зохигчийн хооронд 2018.09.14-ний өдөр байгуулагдсан “Механизмын түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн түрээсийн гэрээ”-ний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн дүгнэжээ.

11. Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч “.........” ХХК нь түрээслэгч буюу хариуцагч “.........” ХХК-д түрээсийн гэрээний зүйл болох 10 автосамсовалыг эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн, тухайн эд хөрөнгөөр хариуцагч ажил үүрэг гүйцэтгэсэн, түрээсийн төлбөрт 652,934,108 төгрөг төлөхөөс 62,812,096 төгрөг дутуу байгаа эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

12. Иймээс шүүх дээрх төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцсэн байна.

13. Анхан шатны шүүх “талууд түрээсийн төлбөрийг сар тутам төлөхөөр гэрээгээр тохиролцсон боловч төлбөрийн үлдэх хэсгийг төлөлгүй хугацаа хэтэрсэн, гэрээнд хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн” гэж үзэн алданги гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2019.01.31-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй, гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2019.02.01-ний өдрөөс 2019.12.19-ний өдөр хүртэл нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний заалт нэгэн адил цуцлагдсан” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 80,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч зохих ажиллагааг хийж, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.”, 73.2-т “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөр буюу ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй ба эдгээр нэхэмжлэл нь харилцан тооцогдох буюу зохигч бие биедээ гүйцэтгэх нэг маргаантай холбоотой бусаас гадна үндсэн нэхэмжлэлийг хангасан тохиолдолд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болох, эсхүл сөрөг нэхэмжлэлийг хангасан тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл зайлшгүй хамтатган шийдвэрлэх нь маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх шинжийг агуулаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.........” ХХК /төлөөлөгч Т.Билгүүнсоёл/-ийн 2020.08.07-ны өдөр 472,010 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД