Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01377

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01377

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Олимп плаза, 0 тоот хаягт байрлах Г.Г.М ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Гранд плаза цогцолборын 0 тоот хаягт байрлах Э.Д.П ХХК /РД: 0000000/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 62,812,096 төгрөг, алданги 4,120,473.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 80,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гэрч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г.М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Д.Н нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Г.М ХХК нь 2018 онд 7 дугаар сарын 31-ний өдөр Э.Д.П ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Э.Д.П ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажил явуулахад автосамсвол түрээслэхээр манай компанитай тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Механизмын түрээсийн гэрээ-г байгуулан тус бүр нь 60 тн даацтай, 10 ширхэг автосамсволыг түрээслүүлсэн. Нэг бүрийн түрээсийн төлбөрийг сард 27,500,000 төгрөгөөр тохиролцож нийт 652,934,108 төгрөг болсныг талууд тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд тооцоо нийлсэн актын үлдэгдэл авлага болох 62,812,096 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй, мөн гэрээний 5.2-т түрээслэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл төлөөгүй үнийн дүнгийн 0.02 хувийн алданги хоног тутам түрээслэгчид төлөхөөр тохиролцсон ба 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 328 хоногийн хугацаа хэтэрсэн тул төлөөгүй үнийн дүн болох 62,812,096 төгрөгийг 0.02 хувийн алдангид хоногт тооцон /12,562 х 311 хоног/ 4,120,473.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Г.М ХХК нь түрээсийн гэрээний үүрэг шаардсан байхад хариуцагч нь энэ гэрээтэй холбогдолгүй ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 80,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуулийн дээрх зүйлд нийцэхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

 

Хариуцагч Э.Д.П ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Л.Н нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Манай компани нь нэхэмжлэгч Г.Г.М ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр болсон юм. Энэ гэрээний хүрээнд бид Механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Г.Г.М ХХК нь 10 ширхэг самосвал түрээслүүлэх, бид түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон юм. Гэрээний хугацаанд бид түрээсийн төлбөрт 652,934,108 төгрөгийг төлсөн. Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлд 631,032,117 төгрөг авч, хоорондын тооцоогоор суутган 62,812,096 төгрөгийг бид төлөхөөр тооцоо нийлсэн нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн гарсан тооцоолол юм. Бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь энэ өр төлбөр гарсан шалтгаан нь Г.Г.М ХХК нь гэрээнд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй. Тухайлбал гэрээний 3.7-д Тэсэлгээний компанийг захиалагч сонгон шалгаруулна. Сонгогдсон тэсэлгээний компани нь ерөнхий гүйцэтгэгчийн удирдлаган дор ажиллана. Тэсэлгээний өрөмдлөгийг тэсэлгээний компанийн хариуцна гэж заасан байна. Гэтэл тэсэлгээ хийхээр шалгарсан компани нь технологийн дагуу тэсэлгээг хийж чадаагүй, тэсэлгээний үр дүнд хөрс бутрах, ачилтад бэлэн болох шаардлага хангагдаагүй. Үүний улмаас бид өөрсдийн техникээр хөрсийг хүчээр хуулснаас манай компанийн машин, техникүүд олноор эвдэрч саатаж, нэмэлт зардлууд гарсан. Нөгөөтэйгүүр Г.Г.М ХХК нь гэрээг хүчээр зогсоосон. Хэрэв гэрээ үргэлжилж байсан бол бид ямар нэгэн байдлаар өөрт хохиролтой ч гэсэн гэрээний гүйцэтгэлийг хийж дуусгах байсан юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

Сөрөг шаардлага: Манай компани нь нэхэмжлэгч Г.Г.М ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г нэг жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолт, уулын ажлыг гүйцэтгэхээр болсон юм. Энэ гэрээний хүрээнд бид Механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Тэсэлгээг технологийн дагуу хийгээгүйгээс бид өөрсдийн техникээр хөрсийг хүчээр хуулснаас манай компанийн машин, техникүүд олноор эвдэрч саатаж, нэмэлт зардлууд гарсан. Энэхүү эвдрэл гэмтлүүдэд бид тухай бүрт нь акт тогтоож, нэмэлт зардал гарган, мэргэжлийн байгууллага, хүмүүсээр сэлбэгийг солиулах, гагнуулж засварлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал,

 

Doosan DX500LC маркийн 73-50 УН дугаартай эксковаторын мотор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эвдэрч акт тогтоосон. Помбранза ХХК-иар 25,000,000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гэрээний дагуу уг моторыг засварлуулсан. Doosan DX700LC маркийн 63-22 УН улсын дугаартай эксковаторын шанага 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвдэрч акт тогтоосон. Doosan DX500LC маркийн 73-51 УН дугаартай эксковаторын шанага эвдэрч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр акт тогтоосон. Энэ 2 шанагыг Ган шанага ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-нд гэрээ байгуулаад 27,000,000 төгрөгөөр засварлуулсан. Өмнө нь засварлагдсан Doosan DX700LC маркийн 73-50 УН улсын дугаартай эксковаторын шанаганы сум гулзайж хугарсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр акт тогтоосон. Энэ сум, цилиндрыг Ган шанага ХХК-иар 28,000,000 төгрөгөөр засварлуулсан. Энэ бүх хохирол нь ерөнхий гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэж үзэж байгаа тул Г.Г.М ХХК-иас 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндэслэл нь Г.Г.М ХХК нь гэрээнд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй, өөрөөр хэлбэл гэрээний 3.7-д Тэсэлгээний компанийг захиалагч сонгон шалгаруулна. Сонгогдсон тэсэлгээний компани нь ерөнхий гүйцэтгэгчийн удирдлаган дор ажиллана. Тэсэлгээний өрөмдлөгийг тэсэлгээний компанийн хариуцна гэж заасан байна. Гэтэл тэсэлгээ хийхээр шалгарсан компани нь технологийн дагуу тэсэлгээг хийж чадаагүй, тэсэлгээний үр дүнд хөрс бутрах, ачилтад бэлэн болох шаардлага хангагдаагүй. Үүний улмаас дээрх зардал биднээс гарсан. Энэ талаар бид гэрээнд заасан үүргийн дагуу тухай бүрт нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 201/79 дугаартай албан бичгээр, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/6 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж байсан. Иймд Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г.М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г.М ХХК нь хариуцагч Э.Д.П ХХК-д холбогдуулан Механизмын түрээсийн гэрээ-ний үүрэгт 62,812,096 төгрөг, алданги 4,120,473.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... түрээсийн гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг гэж тооцоолол хийсэн, гэхдээ Г.Г.М ХХК нь олборлолтын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай эксковаторын мотор, шанага, шанаганы сум эвдэрч бидэнд хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

 

Хариуцагч Э.Д.П ХХКнь нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д холбогдуулан Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс манай техникүүд эвдэрч учирсан хохиролд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг нэхэмжлэгч ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байна, мөн үндэслэлгүй шаардлага тул хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Г.Г.М ХХК, хариуцагч Э.Д.П ХХК нар нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Механизмын түрээсийн гэрээ-г байгуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баянтэс-ийн нүүрсний уурхайн олборлолтын ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан гэрээний 1.5-д заасан жагсаалтад дурдсан 10 ширхэг автосамосвал /60 тн/-ыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 1 ширхэг автосамосвалын сарын түрээсийн төлбөр 27,500,000 төгрөг байх, төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.02 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Э.Д.П ХХК нь Механизын түрээсийн гэрээ 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсанд болон түрээсийн зүйл болох автосамосвалын төлбөр сарын 27,500,000 төгрөг болох талаар, мөн талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг болохыг харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн талаар маргаагүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цгийн ... талуудын тооцоо нийлсэн актын үлдэгдэл 62,812,096 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч төлөөгүй, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 328 хоногийн алдангид 4,120,476.76 төгрөг гэх, хариуцагчийн төлөөлөгч Т.Б ын ... нэхэмжлэгч гэрээг хүчээр зогсоосон гэх тайлбарууд, Г.Г.М ХХК, Э.Д.П ХХК-иудын хоорондын гүйцэтгэлийн тооцоо нийлсэн акт гэх баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж, алдангийг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай болон зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.2-т заасантай тус тус нийцжээ.

 

Хавтаст хэргийн 17 дугар талд авагдсан Г.Г.М ХХК, Э.Д.П ХХК-иудын хоорондын гүйцэтгэлийн тооцоо нийлсэн актаас үзэхэд хариуцагч нь 10 ширхэг автосамосвалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх захирал Т.Б гарын үсэг зурсан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Мөн хариуцагч Э.Д.П ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/79 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д төлбөл зохих 62,812,096 төгрөгийг дараахь байдлаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-нд 10 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 сая төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 20 сая төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 17,812,996 төгрөгийг тус тус төлөх саналтай байгаа талаараа хүсэл зоригоо илэрхийлж байжээ. Эдгээр баримтыг хариуцагч Э.Д.П ХХКүгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иймд хариуцагч Э.Д.П ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг, алданги 4,120,476.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Б/ Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Э.Д.П ХХКнь нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д холбогдуулан Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс манай техникүүд эвдэрч учирсан хохиролд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна., мөн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн шаардлагатай тооцогдож байх учиртай. Нэхэмжлэгч дээр дурдсанаар хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг шаардсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2018 онд 7 дугаар сарын 31-ний өдөр Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-ний улмаас учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Д.П ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 62,812,096 төгрөг, алданги 4,120,476.76 төгрөг, нийт 66,932,569.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т зааснаар хариуцагч Э.Д.П ХХК-ийн нэхэмжлэгч Г.Г.М ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,612.85 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 492,612 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР