Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1533

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч “Ж” СӨХ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол болон бусад хохиролд 2 434 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 33 тоотод оршин суудаг. Манай хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсан. Ус зайлуулах шугамаас бохир хальсан явдал нь анх барилгыг барихдаа ус зайлуулах шугамыг төвийн бохирын шугам руу шууд холбосноос болсон бөгөөд төвийн бохирын шугам ачааллаа дийлэхгүй болоход ус зайлуулах шугамаар дамжин бохир хальж гарч ирсэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд тухай бүрт нь акт, дүгнэлт гаргаж, СӨХ-д шаардлага гаргасан байсан. СӨХ-оос яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байсан учир Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт “дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу миний бие өөрийн хөрөнгөөр орчныг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 180 000 төгрөгөөр хийлгэж, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Баяндэмбэрэл” ХХК-аар 200 000 төгрөгөөр халдваргүйжүүлэлт, шавьж устгал хийлгэж, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор хоёр дахь удаагийн 220 000 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг тус тус хийлгэсэн. Иймд өөрт учирсан хохирол болох ариутгал хийлгэсэн 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Уг бохир хальж гарч ирсний улмаас гараашид хадгалсан байсан хувцас, бараа материал бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн 192 832 төгрөгийг мөн ашиглах боломжгүй болсон ширээний үнэ 800 000 төгрөг, нийт 992 832 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гизэнтрий өвчин тусаж, эмчилгээний зардал 541 250 төгрөг зарцуулсныг гаргуулж өгнө үү. Манай хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж, янзлаагүйгээс болж зэрлэг ногоо замбараагүй ургаж, хүүхдүүд тоглоход гар, хөл, нүүр, амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн болон автомашин явахад саад болж байсан. Энэ талаар СӨХ-д мэдэгдэж, өөрийн хөрөнгөөр 2018 онд тайруулж, засаж янзлуулахад 300 000 төгрөгийн зардал гаргасныг гаргуулж өгнө үү.

Иймд дээрх гэм хорын хохирол болон бусад хохиролд нийт 2 434 000 төгрөгийг “Ж” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ж” СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдаж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Д.Т-ын нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь манай СӨХ-г байгуулагдахаас өмнө байх бөгөөд “Ж” СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т-ын нэхэмжлэлтэй, “Ж” СӨХ-д холбогдох, гэм хорын хохирол болон бусад хохиролд 2 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 53 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Бохирын шугам хальсан үндсэн шалтгаан нь “Ж” СӨХ гадна зам талбайн хурын ус зайлуулах шугамыг, гараашийн үүдэнд байрлах трапыг тус төвийн бохирын шугамд зөвшөөрөлгүй холболтыг хийснээс болсон тухай Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/918 тоот албан бичигт дурдсан. Энэ нь “Ж” СӨХ тухайн үйл явдалд буюу бохирын ус хальсан үйлдэлд гэм буруутай гэдгийг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Ж” СӨХ-ны буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Ж” СӨХ-ны буруутай үйлдлийн улмаас бохир хальж, нэхэмжлэгчид хохирол учруулсныг нотолсон дээрх баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад үл нийцэж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт “иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав” гэжээ. Гэтэл шүүх хуралдаанд дуудагдсан иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирсэн ба тухайн хүнд хуульд заасан эрх, холбогдох үүргийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсны дараа иргэдийн төлөөлөгч нь “..шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, өөрийн бичиг баримтаа авахыг шаардаж, улмаар бичиг баримтаа авч шүүх хуралдааныг орхиж явсан”-ыг шүүхийн шийдвэрт дурдалгүй орхигдуулсан байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч Д.Батсууриас шүүх бүрэлдэхүүн мэтгэлцээний явцад “Жаргалан сервис” ХХК-аас “Ж” СӨХ-д Д.Т-тай холбоотой өр, авлагын асуудал шилжин ирсэн эсэх тухай асуухад тэрээр огт мэдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэвч энэ тухай бас шүүхийн шийдвэрт огт дурдагдаагүй.

Иймд анхан шатны шүүх хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулж, хариуцагчаас гэм хорын хохиролд 2 434 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч “Ж” СӨХ-д холбогдуулан хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсаны улмаас 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 220 000 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 180 000 төгрөгөөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор ариутгал хийлгэсэн, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Баяндэмбэрэл” ХХК-аар 200 000 төгрөгөөр халдваргүйжүүлэлт, шавьж устгал хийлгэсэн, уг бохир хальж гарч ирсний улмаас гараашид хадгалсан байсан хувцас, бараа материал бохирдсоныг 192 832 төгрөгөөр хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн, мөн 800 000 төгрөгийн үнэ бүхий ширээг ашиглах боломжгүй болсон, уг бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гэдэсний өвчин тусаж, эмчилгээний зардалд 541 250 төгрөг зарцуулсан, манай хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж, янзлахгүй байсан тул энэ талаар СӨХ-д мэдэгдэж, өөрийн хөрөнгөөр 2018 онд тайруулж, засаж янзлуулсан 300 000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 2 434 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...манай СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан, Д.Т-д учирсан гэх дээрх хохирол нь манай СӨХ-д хамааралгүй, манай СӨХ-ны буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол биш” гэж маргажээ.

 

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхоны гадна зам талбайн хурын ус зайлуулах шугамыг, гараашийн үүдэнд байрлах трапыг тус тус төвийн шугаманд зөвшөөрөлгүй холболт хийсний улмаас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зоорийн давхарт бохир ус хальсан үйл баримт  хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-ын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3/918 дугаар албан бичигт “...Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхоны гадна зам талбайн хурын ус зайлуулах шугамыг, гараашийн үүдэнд байрлах трапыг тус тус төвийн шугаманд зөвшөөрөлгүй холболт хийсэн байсан нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зоорийн давхарт бохир ус халих шалтгаан болсон...” гэсэн баримт, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02-16/330 дугаар “Ариутгал, халдваргүйтэл хийлгэх тухай” “Жаргалан сервис” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02-16/333 дугаар албан бичигт “...төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Жаргалан хотхоны гараашийн давхарт цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэл хийлгэн ажиллалаа. Тус хотхоны хариуцсан “Жаргалан сервис” ХХК-аас баталгаажуулан ирүүлсэн зураг хавсаргав” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх бохир хальсан үйл явдал болох үед орон сууцны нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээг “Жаргалан сервис” ХХК хариуцаж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, харин  хохирлыг “Ж” СӨХ-оос шаардахдаа сууц өмчлөгчдийн холбоонд эрх үүрэг нь шилжсэн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Жаргалан сервис” ХХК-ийн үйл ажиллагааг “Ж” СӨХ нь эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа гэх талаар эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулалгүйгээр хохирлыг СӨХ хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Маргааны үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 53 894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ