Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03008

 

 

 

 

 

 

 

 

**** оны ** дугаар сарын **-ны өдөр

          Дугаар 1*3/ШШ****/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Д даргалж, шүүгч Д.М, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * дүүргийн ** дугаар хороо, Ар гүнт, Халзангийн ам *** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, Ц овогт Д.Т /рд:**********/,

 

Хариуцагч: * дүүргийн ** дугаар хороо, Ж хотхон, ** тоотод байрлах, Ж хотхон СӨХ /рд:******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.С/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд * *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т,

Хариуцагчийн төлөөлөгч Н.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А /ШТЭҮД-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЦ.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т нь Ж хотхон СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд * *** *** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт **** оны * дүгээр сарын **-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсан. Ус зайлуулах шугамаас бохир хальсан явдал нь анх барилгыг барихдаа ус зайлуулах шугамыг төвийн бохирын шугам руу шууд холбосноос болсон бөгөөд төвийн бохирын шугам ачааллаа дийлэхгүй болоход ус зайлуулах шугамаар дамжин бохир хальж гарч ирсэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд тухай бүрд нь акт, дүгнэлт гаргаж, СӨХ-д шаардлага гаргаж байсан боловч СӨХ яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байсан. Ингээд Д.Т миний бие өөрийн хөрөнгөөр орчныг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор *** *** төгрөгөөр, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Б ХХК-иар *** *** төгрөгөөр халдваргүйжүүлэлт, шавьж устгалтыг, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг *** *** төгрөгөөр тус тус хийлгэсэн. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 14* дугаар зүйлийн 148.1-д зааснаар өөрт учирсан хохирол болох ариутгал хийлгэсэн *** *** төгрөгийг гаргуулна. Хоёрдугаарт, уг бохир хальж гарч ирсний улмаас гараашид хадгалаатай байсан хувцас, бараа материал бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн *** *** төгрөг, ашиглах боломжгүй болсон ширээний үнэ *** *** төгрөг, нийт *** *** төгрөгийг гаргуулна. Гуравдугаарт, уг бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гэдэсний халдварт өвчин тусаж, эмчилгээний зардал *** *** төгрөг зарцуулсныг гаргуулна. Дөрөвдүгээрт, хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж, янзлаагүйгээс болж зэрлэг ногоо замбараагүй ургаж, хүүхдүүд тоглоход гар, хөл, нүүр, амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн болон автомашин явахад саад болж байсан. Энэ талаар СӨХ-д мэдэгдэж, өөрийн хөрөнгөөр **** онд тайруулж, засаж янзлуулахад гарсан *** *** төгрөгийн зардал нийт * *** *** төгрөгийг Ж хотхон СӨХ-оос гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.  

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Ж хотхон СӨХ нь **** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулагдаж, * дүүргийн ** дугаар хороо, Ж хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Ж сервис ХХК-иас **** оны * дүгээр сарын **-ны өдөр Ж хотхон СӨХ-нд ирүүлсэн албан бичигт “...тус компани нь конторын ажлыг **** оны ** дугаар сарын **-ний өдрөөр тасалбар болгож М.Т ХХК-д, **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс СӨХ-ны ажлыг Ж хотхон СӨХ-нд хүлээлгэн өгсөн. Тус компани Ж хотхоны оршин суугчдаас ** *** *** төгрөгийн авлагатай байсныг бүртгэлээр хүлээлгэн өгсөн” гэжээ. Түүнчлэн, Ж сервис ХХК-ийн ажил хүлээлгэж өгсөн албан бичигт төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхүүдийн жагсаалтыг хавсралтаар өгсөн ба байгууллага иргэдэд өгөх өглөгийн талаар огт дурдагдаагүй. Нэхэмжлэгч Д.Т нь Ж хотхон СӨХ-той маргаан үүсгэсэн үеэсээ хойш СӨХ-ийн төлбөрөө огт төлөөгүйгээс өнөөдрийн байдлаар * *** *** төгрөгийн өр үүсгэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Д.Тын нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь манай СӨХ-г байгуулагдахаас өмнө болсон бөгөөд Ж хотхон СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, Ж сервис ХХК-ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн №** тоот албан бичиг, * дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн **-**/*** дугаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэх тухай албан бичиг, * дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **-**/*** дугаар албан бичиг, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, явуулсан бичгийн хяналтын карт, гаднах талбайн фото зураг, **** оны * дүгээр сарын **-ны өдрийн кассын орлогын ордер, **** оны * дугаар сарын **-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,  **** оны * дүгээр сарын **-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Б ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл халдваргүйжүүлэлтийн нэгдсэн акт, **** оны * дүгээр сарын **-ны гаражид ариутгал хийлгэсэн фото зураг, ДП-2Т /сайжруулсан хлорамин/ халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэх заавар, Т.Э, Т.М нарын иргэний паспортын хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, И М С ХХК-ийн **** оны * дүгээр сарын **, **,** , ** дугаар сарын **-ны өдрүүдийн төлбөрийн и-баримт, БСБ М ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн төлбөрийн и-баримт, А ХХК-ийн **** оны * дүгээр сарын 17, 19, 20-ны өдрүүдийн төлбөрийн и-баримт, ХӨСҮТ-ын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн кассын орлогын ордер, мөн өдрийн эмнэлгийн магадлагаа, яаралтай тусламжийн хуудас, **** оны * дугаар сарын **-ны өдрийн Лабораторийн шинжилгээний хариу, бичил амь судлалын шинжилгээний хариу, М Э ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн төлбөрийн и-баримт, Г К ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн төлбөрийн и-баримт, М Э ХХК-ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн зарлагын падаан, угаалгасан хувцасны фото зургууд, **** оны * дугаар сарын **-ний өдрийн гадна тохижилт хийсэн кассын зарлагын ордер, гадна цэцэрлэгийн тохижилтын ажил хийлгэсэн байдал, тавилгын угсралтын заавар, * дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн **-**/*** дугаар албан бичиг, Ж сервис ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн ** дугаартай албан бичиг, гаражийн фото зураг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын **** оны * дүгээр сарын **-ны өдрийн */*** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Д.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн *-*********** дугаартай, * дүүргийн * дүгээр хороо,Ж хотхон, * дүгээр байр, * тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, * дүүргийн Засаг даргын Тамгын газрын **** оны * дугаар сарын **-ний өдрийн **/*** дугаартай албан бичиг, эвдэрсэн эд зүйлийн фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

4. Хариуцагчаас,  Ж СӨХ-ны бүх гишүүдийн хурлын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн тэмдэглэл, Ж СӨХ-ны дүрэм, Т С ХХК, Ж хотхон СӨХ нарын хооронд **** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, Жт хотхон СӨХ, С ХХК нарын хооронд **** оны * дугаар сарын **-ны өдөр байгуулагдсан №** тоот Ж хотхонд үйлчилгээ үзүүлэх гэрээт харуул хамгаалалтын гэрээ, Ж хотхон СӨХ-ын объектод үүрэг гүйцэтгэж буй хамгаалагч нарын хийж гүйцэтгэх ажлын чиглэл, М.Т ХХК, Ж хотхон СӨХ нарын хооронд байгуулагдсан **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/** дугаартай Цахилгаан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Ж хотхон СӨХ нарын хооронд **** оны * дүгээр сарын **-ны өдөр байгуулагдсан №**-**/*** тоот Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, * дүүргийн ** дугаар хороо, Ж хотхон СӨх-ны төлбөр хураамж төлөлтийн **** оны тайлан, Ж сервис ХХК-ийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн №** тоот хүсэлт, **** оны ** дугаар сарын **-ний өдрийн Ж хотхоны оршин суугчдын СӨХ-ийн төлбөрөө төлөлгүй болон дутуу төлсөн айлуудын тооцоог Ж хотхон СӨХ-д хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Манай хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт **** оны * дүгээр сарын **-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсан. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд акт, дүгнэлт гаргасан бөгөөд СӨХ-д шаардлага гаргасан боловч СӨХ яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байсан тул миний бие **** оны * дүгээр сарын **-ны өдөр *** *** төгрөг төлж Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор орчныг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн, **** оны * дүгээр сарын **-ны өдөр *** *** төгрөг төлж Б ХХК-иар халдваргүйжүүлэлт, шавьж устгалтыг, **** оны * дугаар сарын **-ны өдөр *** *** төгрөг төлж Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 2 дахь ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн. Мөн хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж янзлаагүйгээс болж замбараагүй ургаж, хүүхдүүдийн гар, хөл, нүүр, амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн болон автомашин явахад саад болж байсан тул энэ талаар СӨХ-д мэдэгдэж, **** онд *** *** төгрөг төлж засаж тайруулсан, эдгээр зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 14* дугаар зүйлийн 148.1-д зааснаар шаардаж байна. Мөн бохир хальсны улмаас гараашид хадгалаатай байсан хувцас, бараа материал бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн *** *** төгрөг, ашиглах боломжгүй болсон ширээний үнэ *** *** төгрөг, уг бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гэдэсний халдварт өвчин тусаж, эмчилгээний зардал *** *** төгрөг зарцуулсан зэрэг нийт * *** *** төгрөгийг Ж хотхон СӨХ-оос гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Ж хотхон СӨХ нь **** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулагдаж, * дүүргийн ** дугаар хороо, Ж хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Ж сервис ХХК-иас **** оны * дүгээр сарын **-ны өдөр Ж хотхон СӨХ-нд ...**** оны ** дугаар сарын **-ний өдрөөс СӨХ-ны ажлыг Ж хотхон СӨХ-нд хүлээлгэн өгсөн. Тус компани Ж хотхоны оршин суугчдаас ** *** *** төгрөгийн авлагатай байсныг бүртгэлээр хүлээлгэн өгсөн” гэх албан бичгийг ирүүлсэн. Улмаар ажил хүлээлгэж өгсөн албан бичигт төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхүүдийн жагсаалтыг хавсралтаар өгсөн болохоос байгууллага иргэдэд өгөх өглөгийн талаар дурдаагүй. Иймд Д.Тын нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь манай СӨХ-г байгуулагдахаас өмнө болсон бөгөөд Ж хотхон СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

**** оны * дүгээр сарын **-ний өдөр * дүүргийн ** дугаар хороо, Ж хотхоны нэгдсэн байруудын зоорийн давхар болох гараашийн хэсэгт их хэмжээний бохир ус алдагдсан болох нь * дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Д.Тд хүргүүлсэн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн **/**/*** тоот албан бичиг, Ж сервис ХХК-ийн * дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлсэн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн ** тоот албан бичгээр тус тус тогтоогдсон, талууд уг асуудлаар маргаагүй.

 

Тухайн үед, Ж хотхоны * дүгээр байрны ** тоот орон сууцны өмчлөгч байсан Д.Т нь Иргэний хуулийн 14* дугаар зүйлийн 148.1-д заасан эрхийнхээ хүрээнд **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор ариутгал, халдваргүйжүүлэлтийг *** *** төгрөгөөр, **** оны * дүгээр сарын **-ны өдөр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Б ХХК-иар ** машины зогсоол, гадна талбай, орц, хогийн цэгийн халдваргүйжүүлэлтийг *** *** төгрөгөөр  тус тус хийлгэж төлбөрийг төлсөн болох нь, мөн **** оны * дугаар сарын **-ний хотхоны гадна тохижилт буюу ногоон байгууламжийг тайруулж, засаж янзлуулахад *** *** төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн 16, 18, 19, 60 дугаарт дугаарлагдсан баримтаар тогтоогддог.   

 

Мөн дээрх бохир хальсны улмаас Д.Тын гараашид хадгалагдаж байсан хувцас, эд зүйл бохирдсоныг цэвэрлүүлэхэд түүнээс *** *** төгрөгийн зардал гарсан болох нь хэргийн 57 дугаар талд авагдсан баримтаар, хүү Т.М гэдэсний халдварт өвчин тусаж, түүний эмчилгээнд нийт *** *** төгрөгийн зардал гарсан болох нь хэргийн 28-55 дугаар дугаарлагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон, хариуцагч уг асуудлаар маргаагүй байна.

 

Дээрх гарсан зардал, хохирлыг нэхэмжлэгч Д.Т нь Иргэний хуулийн 14* дугаар зүйлийн 148.1.4-т “дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах”, 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар шаардах эрхтэй боловч тус үүргийг хариуцвал зохих этгээд нь “Ж хотхон” СӨХ болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хариуцагч гэж ойлгох юм.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Нэхэмжлэгчийн, хариуцагчаар тодорхойлсон “Ж хотхон” СӨХ нь маргаан бүхий үйл явдал болсноос хойш буюу **** оны ** дугаар сарын **-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар байгуулагдаж дүрмээ батлан, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Нийслэлийн * дүүргийн Засаг даргаас тус холбоог бүртгэж **/** тоот гэрчилгээ олгосон болох нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, дүрэм, * дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын **** оны * дугаар сарын **-ний өдрийн **/*** дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх67, 95-111/ 

 

Үүнээс гадна дээрх бохир хальсан асуудлаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд * дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс **** оны * дүгээр сарын **-ны өдөр **-**/*** тоот “...Тус хотхоны хариуцсан Жт сервис ХХК-иас баталгаажуулан ирүүлсэн албан бичиг, фото зургийг хүргүүлж байна” гэх хариу албан бичгийг нэхэмжлэгч Д.Тд хүргүүлсэн үйл баримтаар тухайн үед Ж сервис ХХК тус Ж хотхоны нийтийн аж ахуй, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан болох нь нотлогдож байна. /хх75/

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно”, 30.2-т “Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Ж сервис ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл болох хуулийн этгээд бол Ж хотхон СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч нарын байгуулсан, хуулийн этгээдийн эрхгүй холбоо байхаас гадна Ж сервис ХХК нь орон сууцны конторын болон СӨХ-ны үйл ажиллагааг хамтад нь хариуцан явуулдаг байсан бол Ж хотхон СӨХ нь зөвхөн СӨХ-ийн үйл ажиллагааг оршин суугчид буюу сууц өмчлөгчдийн төлөөлөл хэрэгжүүлдэг байх тул эрх залгамжлан авсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

7. Харин Ж сервис ХХК **** оны * дүгээр сарын **-ны өдрийн ** тоот албан бичгээр **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс СӨХ-ийн ажлыг Ж хотхон СӨХ-д хүлээлгэж өгсөн, Ж хотхоны оршин суугчдаас ** *** *** төгрөгийн авлагатай байсныг Ж хотхон СӨХ-д бүртгэлээр хүлээлгэж өгснөөс үзвэл тус компанийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар оршин суугчдаас авах ** *** *** төгрөгийн авлагыг шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.        

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй, Ус сувгийн Удирдах газрын **** оны * дүгээр сарын **-ны өдрийн */*** тоот албан бичигт “...* дүүргийн ** дугаар хороонд байрладаг Ж хотхон СӨХ нь манай байгууллагатай “Хэрэглэгчийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ******** тоот аж ахуйн гэрээтэй ажилладаг, ...Ж хотхон СӨХ нь гадна зам талбайн хурын ус зайлуулах шугамыг гаражийн үүдэнд байрлах трапыг тус тус төвийн шугамд зөвшөөрөлгүй холболтыг хийсэн байсан нь * дүгээр сарын **-ний өдөр зоорийн давхарт бохир ус халих шалтгаан болсон” гэж Ж хотхон СӨХ байгуулагдахаас өмнөх үйл баримтыг дурдсан байх боловч цаг хугацааны хувьд уг албан бичиг Ж хотхон СӨХ байгуулагдсанаас хойш үйлдэгдсэн байх тул үүнийг эргэлзээгүй үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй. /хх88/

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Ж хотхон СӨХ нь цаг хугацааны хувьд маргаан бүхий үйл явдлаас хойш байгуулагдсан болох нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул дээрх албан бичигт дурдагдсан Ус сувгийн удирдах газрын  Ж хотхон СӨХ-тэй байгуулсан гэх “Хэрэглэгчийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ******** тоот аж ахуйн гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3* дугаар зүйлийн 38.9-д зааснаар шаардан авах шаардлагагүй байна.   

 

9. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Ж хотхон” СӨХ-ны буруутай үйлдлийн улмаас дээрх * *** *** төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжлэгч Д.Тд учирсан болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 14* дугаар зүйлийн 148.1.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** ***  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

                11. Шүүх иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Н.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр тус шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг цахимаар ирүүлсэн бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дугаар зүйлийн 115.2.3, 116, 11* дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5** дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж хотхон СӨХ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд * *** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** ***  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.Д

 

             ШҮҮГЧ                                                 Д.М

 

                                    ШҮҮГЧ                                                 Д.Э