Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 325

 

М.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч С.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалтай, М.Д-д холбогдох 1815001410185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Энхболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн “***” ерөнхий боловсролын сургуульд нийгмийн багш ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт М-н Д.

М.Д- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт 69-83 УБИ дугаартай “Ниссан тида” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Даариймааг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даариймааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5, 6 дахь заалтын М.Д гэснийг М.Д- болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Энхболд нар хамтран гаргасан гомдолдоо “...М.Д- миний бие магадлалыг эс зөвшөөрч өөрийн өмгөөлөгч В.Энхболдын хамтаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийн хохирлын улмаас үүссэн хор уршгийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г нотлох үүрэгтэй байхад хохирогчийн талаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах хуулийн шаардлагыг хангалгүйгээр нэг талыг барьж хийсвэр дүгнэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрт "...харин Солонгос улс руу явж дахин оношлогоо хийлгэж хагалгаанд орсон болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 37,961,586 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн", "...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад ...нийт 37,941,586 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж" гэж дүгнэсэн боловч хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд дотор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг батлах нотлох баримт буюу М.Д- нь хэдийд ямар мэс ажилбарын эмчилгээг хийлгэсэн болох энэ мэс ажилбарт ямар төлбөр төлсөн тухай баримт байгаагүй, үүнийг нотолсон нотлох баримт шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй, хохирогч тал нь энэ талаар эх сурвалжаа тодорхой заасан тайлбар, санал, дүгнэлт гаргаагүй болно. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тодорхой үндэслэл бүхий хүсэлт гаргасан дүгнэлтдээ ч тусгасан боловч хуульд зааснаар түүнийг хэрхэн няцааж үгүйсгэсэн талаараа шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дурдаж тусгаагүй атлаа /Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 38.9 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа/ шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоод нэхэмжлэлийг хангасан талаарх үндэслэлээ "Хохирогчийн Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэсэн гэх цаг хугацаа нь осол гарч гэмтсэн цаг хугацаатай давхцаж байгаа учраас энэ нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзсэн" гэсэн хэт нэг талыг барьсан, ойлгомжгүй, хийсвэр тайлбар дүгнэлт хийсэн ба энэ нь "Хохирогч ослын дараа Солонгос улс руу явсан учир хэдийгээр шууд нотлох баримтгүй ч нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болсон" гэж ойлгогдож байна.

М.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ "... Машиныхаа суудлын бүсийг бүслэх гэсэн боловч бүс байгаагүй" гэдэг /хх-ийн 26-27/ шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад "Миний машины зорчигчийн суудлын хамгаалалтын бүс осол гарах үед байсан, одоо ч байгаа" тухай мэдүүлж байсан болно. Гэтэл хэргийн газрын үзлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ осолд холбогдох тээврийн хэрэгсэлд ослын хамгаалалтын бүс байсан эсэхийг шалгаж тодруулаагүй өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг шүүхийн өмнөх шатанд хангаагүй нотолбол зохих зүйлүүдийг хангалттай нотлоогүй хэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн /тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5.6/ нь цаашдын шатанд оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад нөлөөлснийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Мөн хохирогч осол гарах үед албан үүргээ гүйцэтгэж явсан тухай байдал болон хохиролтой холбоотой түүний гаргасан нотлох баримтууд дотор буй Улаанбаатар-Сөүлийн хоорондын нислэгийн тасалбарын дээр "Санхүүд шилжүүлэв. “6 сарын 29" гэсэн цохолт байх атал шүүхийн шаардлагаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн эх баримт дээр дээрх цохолт алга байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан нь хэргийн улмаас учирсан бодит хор уршгийг үндэслэлтэй зөв тооцож төлүүлэх талаар бодитой бус шийдвэр гаргахад нөлөөлсөн, хэргийн оролцогчийн тэгш эрхийг хангаагүй, оролцогч нэг талын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд бид уг хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болон магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж нөгөө талын эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан шийдвэр гэж үзэж буй тул хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бодит байдалд нийцүүлэн өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Чулуунцэцэг хэлсэн саналдаа “Гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хохирогчоос гаргаж өгсөн нэхэмжлэлийн хүрээнд эмчилгээний зардлын баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Энхболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн М.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Д- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх М.Д-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээч нарын дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч М.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, тухайн ослоос үүдэлтэй гэмтэл бэртлээ эмчлүүлэхийн тулд Солонгос Улсад оношлуулж, хагалгаанд орсон болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан зардлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх М.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Энхболд нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоол болон магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж шийдвэрлэсэн тул хэргийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бодит байдалд нийцүүлэн өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Энхболд нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН