Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1599

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01815 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Э-гын хариуцагч Э.Э-д холбогдуулан гаргасан өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73 420 000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт засварын газар барьж тохижуулахад гарсан зардал 150 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 000 м.кв зуслангийн зориулалттай газарт барьсан хашааны зардал 17 000 000 төгрөг, хашааны манаачийн цалин, хөлсөнд 12 600 000 төгрөг, нийт 253 020 000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Э.Э-ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, авто засварын газар, орон сууцыг хууль бусаар эзэмшсэний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100 900 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2007 оноос эхлэн ах Г.Эб-тай хамтран бизнес, аж ахуйн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Г.Эб- нь Д.Б-тай хууль ёсны дагуу гэр бүл болон амьдарч байгаад 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хуваарилалтын гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Хилийн цэргийн задгайд байрлах 441 м.кв газар эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 411 тоот 51 м.кв, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 21 дугаар хороо, Ар гүнтэд байрлах 10 000 м.кв фермерийн зориулалтын газар эзэмших эрх зэргийг харилцан тохиролцож Г.Эб-т хуваарилан өгсөн байна. Г.Эб- болон Д.Б- нар нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02902 тоот дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан нь дээрх шүүхийн шийдвэр болон шүүхэд гаргасан тайлбар зэргээс нотлогдож байгаа болно. Ах Г.Э- нь 2016 оны 7 дугаар сард бусдын гарт амь насаа алдана гэж бодоогүй, хожим нь маргаан үүсгэнэ гэж дүгнэлт хийгээгүй учир хөрөнгө оруулалт хийж хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Миний хувьд Г.Эб-ыг нас барсны дараа 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дээрх хуваарьт өмчийг өвлөн авах тухай хүсэлт гарган нотариатч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот дугаарт бүртгэж гэрчлэн Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19-441 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаартай орон сууц, 18036329666142 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах 10 000 м.кв газар эзэмших эрх 000601818 гэрчилгээний дугаартай, 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газар эзэмших эрхийг тус тус Эрдэнэбаатарын Энхжинд өвлүүлсэн ба Баянгол дүүргийн нотариатч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 тоот дугаарт бүртгэж Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 хороолол, 19-441 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаартай орон сууц, 18036329666142 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 000 м.кв газар эзэмших эрх 000601818 гэрчилгээний дугаартай, 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газар эзэмших эрхийг тус тус Эрдэнэбаатарын Энхжаргалд гэрчилсэн байна. Эдгээр өв залгамжлалын процессыг хожим нь нэхэмжлэгч миний бие мэдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаат зээлийн улмаас эх хувийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримт бүгд эх хувиар надад байсан ба өвлүүлэгч өөрөөр хэлбэл ах Г.Эб-ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан учир өөрийгөө өвлөгч гэж үзэн нотариатын танхимд хүсэлт гаргасан байсан. Хүсэлтийг нотариатын байгууллага бүртгэлд оруулалгүй нэхэмжлэгч надад мэдэгдэлгүйгээр өв нээгдэж эзэмшигчээр Э.Энхжин болон Э.Э- нар тогтоогдоод миний хөрөнгө оруулалт хийж өнөөдрийг хүртэл хийж байсан бүх бизнесийн үйл ажиллагаа үндэслэлгүйгээр тэдэнд очсоныг мэдээгүй болно. Э.Э- нь миний бизнесийн үйл ажиллагааг өв залгамжлалаар хүлээн авч үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн өв залгамжлалаар хүлээн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргүүдэд хамааралтай байгаа болно. Үүнд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 47 000 000 төгрөг, хүү 16 920 000 төгрөг нийт 63 920 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №1030020885 тоот зээлийн гэрээгээр нийт 15 000 000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй зээлийг өөрийн орон сууцаа барьцаалан талийгаач Г.Эб- авсан, Г.Эб- нас барсан тул зээлийн үлдэгдэл төлбөр 9 500 000 хамтран зээлдэгчээр Г.Э- байсан тул уг зээлийн төлбөрийн 9 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн орлогоороо төлж барагдуулсан байгаа. Тиймээс хариуцагч нараас 9 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Ингээд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нийт 73 420 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлага Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газарт байрлах засварын газрыг барьж тохижуулсан нийт 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд Ар гүнтэд байрлах 10 000 м.кв газар зуслангийн зориулалттай газрыг ах дүү нараас хуваан авахаар талийгаач Г.Эб- авч байсан газар байгаа. Энэ газар нэхэмжлэгч Г.Э- өөрийн хөрөнгөөр хашаа барьсан. Хашааны зардалд 17 000 000 төгрөгийг гаргуулах мөн ар гүнтэд байрлах газарт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манаачаар М.Энхболдыг ажиллуулж сарын 350 000 төгрөгөөр цалинжуулж, нийт 12 600 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Ингээд анх нэхэмжилсэн 73 420 000 төгрөг дээр сүүлд нэмэгдүүлсэн нийт төлбөр 179 600 000 төгрөг, Ар гүнтийн хашаанд сахиулаар иргэн М.Энхболдыг ажиллуулж байсан. Г.Эб- нь 2016 онд нас барсан бөгөөд түүнээс хойш М.Энхболдод сар бүр 350 000 төгрөгийн цалин өгч, нийт 32 сар ажиллуулсан. Үүний төлбөрт 12 600 000 төгрөг, ингээд нэмэгдүүлсэн шаардлага нь 179 600 000 төгрөг болж байгаа юм. Нийт нэхэмжлэлийн шаардлага нь 253 020 000 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 47 000 000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй жилийн хугацаатай байгуулсан нийт 63 920 000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй тус гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид эд хөрөнгө шилжүүлээгүй тул тус гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Мөн тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай ба бүртгүүлээгүй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж заасан. Иймд дээрх гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй, барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгчийн засварын газарт оруулсан хөрөнгө оруулалт байхгүй тухайд тус SP авто засвар нь 2008 оноос газраа авч ондоо барилга барьж ажиллаж эхэлсэн байдаг. SP авто засвар нь 2010 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн эд хөрөнгө хуваарилалтын гэрээний Г.Эб-ын хуваарилалтын дагуу авсан хөрөнгийн 1 дугаарт байдаг. Тус засварын газрыг манай аав эрхлэн ажиллуулдаг байсан бөгөөд Г.Э- нь зөвхөн ажилчин хэлбэрээр аавд тусалдаг байсан. Г.Эрдэнэтулгын хийсэн хөрөнгө оруулалт огт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 000 м.кв газарт хашаа барьсан, манаач ажиллуулсан зардлын тухайд тус газарт байгаа хашааг 2009 оноос 2010 оны хооронд бид өөрсдөө блокоо цутгаж барьж босгосон хашаа, тус хашааг барихад Г.Э- нь ямар ч санхүү гаргаагүй, оролцоогүй. Мөн манаачийг Г.Э- нь тус газрыг өөрөө авах санаатайгаар хөлсөлсөн бөгөөд биднийг очиж өөрийн эзэмшилдээ байлгах гэх үед тус харуул нь ирж уулзаж, Г.Э-д хэлж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл тус газарт өмнө ямар нэгэн манаач байгаагүй, зөвхөн аав маань нас барж өвлөх харилцаа үүсэхэд хөлсөлж, хууль ёсны өвлөгч биднийг нэвтрүүлэхгүй Г.Э-тай учраа ол гэх маягаар саад болж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүднээс хөлсөлсөн манаач юм. Иймээс тус төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хас банкны зээлийн гэрээний төлбөрт төлсөн мөнгийн тухайд манай аав Хас банкнаас зээл авсан нь үнэн, мөн тус зээлээс үлдэгдэл төлбөрийг Г.Э- төлсөн нь үнэн тул 9 500 000 төгрөгийг өөрт учирсан хохирлоос хасуулан тооцуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчдийн эцэг Г.Эб- нь 2016 оны 7 дугаар сард зуурдаар нас барж түүний хүү Э.Э-, Э.Энхжин нар нь хууль ёсны өвлөгчид болсон. Гэвч талийгаач аавын маань эгч, дүү нар нь биднийг аавын оршуулах ажил явдал дээр зүй бусаар харааж, доромжилж улмаар чи түүний хөрөнгийг авах эрхгүй гэж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сар хүртэл хууль бусаар эзэмшсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 441 м.кв газар дээр байрлах манай аавын эрхэлж байсан засварын газар, гараашийг хууль бусаар эзэмшсээр байна. Иймд дараах үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байдаг. Үүний тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, өмчлөх эрх нь зөрчигдсөн байх, мөн хариуцагчийн эзэмшил нь хууль бус байх ёстой байдаг билээ. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль ёсны өвлөгч болох тухай өвлөх эрхийн 29,30 дугаартай Сонгинохайрхан дүүргийн нотариатын гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр авч, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот, Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авсан боловч аавын дүү нар нь 2018 оны 10 сар хүртэл хугацаанд 27 сарын хугацаанд хууль бусаар эзэмшсэн.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ХЦХ нэг 70 хаягт байрлах 1803104095 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр авсан боловч одоог хүртэл 37 сарын хугацаанд өмч, хөрөнгөө өөрийн хүслээр захиран зарцуулж /эзэмшиж, ашиглаж/ чадахгүй байна. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Э.Э-, Э.Энхжин нарыг хууль ёсны өвлөгч мөн болохыг мэдсээр байж одоо хүртэл дээрх байрыг эзэмшсээр байгаа нь тэднийг шударга бус хууль бус эзэмшигч гэдгийг нь нотолно. Мөн хариуцагч нь орон сууц, засварын газар Г.Эб-ыг нас барсан үе 2016 оны 7 дугаар сараас хууль бусаар эзэмшилдээ аваагүй бол нэхэмжлэгч нь тус байрыг бусдад хөлсөлж, 2018 оны 10 дугаар сар хүртэл 27 сарын хугацаанд Засварын газрыг өнөөдрийг хүртэл хугацаанд 2019 оны 08 сар хүртэл 37 сарын хугацаанд түрээсэлж орлого болох боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас тэрхүү боломжоо алдаж бусдад үнэ, төлбөргүйгээр дээрх хугацаанд эзэмшүүлж, ашиглуулсан байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан олох ёстой байсан үр шим буюу тус байрыг 27 сар бусдад сарын 500 000 төгрөгөөр хөлсөлсөн бол олох боломжтой байсан 11 500 000 төгрөгийн ашиг, засварын газрыг хууль бусаар эзэмшсэн 37 сарын хугацаанд сарын 1 000 000 төгрөгөөр түрээсэлсэн бол олох боломжтой байсан 37 000 000 төгрөгийн ашиг нийт 48 500 000 төгрөгийн ашиг алдсан. Дээрх хугацаанд байр, газраа чөлөөлж өгөхийг шаардаж удаа дараа хандаж уулзсан боловч энэ бол миний газар, гарааш эхлээд үүнийгээ өгчөөд дараа нь байраа ав гэх байдлаар байрыг чөлөөлөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж байх тул миний эзэмшлийн газар дээрх засварын гараашийг Г.Эрдэнэтулгын хууль бус эзэмшлээс гаргуулж, учирсан хохиролд буюу алдсан ашиг 48 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... нэхэмжлэгч нь тус байрыг бусдад хөлсөлж, 2018 оны 10 дугаар сар хүртэл 27 сарын хугацаанд засварын газрыг өнөөдрийг хүртэл хугацаанд 2019 оны 12 сар хүртэл 41 сарын хугацаанд түрээсэлж орлого олох боломжтой байсан... олох ёстой байсан үр шим буюу тус байрыг 27 сар бусдад хөлсөлсөн бол олох боломжтой байсан орлогыг 500 000 төгрөгөөр тооцож 11 500 000 төгрөг нэхэмжилснийг, одоо түрээсэлж байгаа үнэ болох сарын 700 000 төгрөгөөр тооцож 18 900 000 төгрөг засварын газрыг хууль бусаар эзэмшсэн 37 сарын хугацаанд түрээсэлсэн бол олох боломжтой орлогыг хамаатан садангийн холбоотойгоо бодолцож зах зээлийн үнэлгээнээс доогуур тооцож сарын 1 000 000 төгрөгөөр нэхэмжилж, 37 000 000 төгрөг нэхэмжилж байсныг тус хууль бус үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж байгаа тул 41 сар болгож, түрээсийн үнийг зах зээлийн үнэлгээгээр тооцон 2 000 000 төгрөгөөр түрээслэн олох боломжтой байсан 82 000 000 төгрөг /45 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж/ ашиг нийт 100 900 000 төгрөгийн ашиг алдсан. Дээрх хугацаанд байр, газраа чөлөөлж өгөхийг шаардаж удаа дараа хандаж уулзсан... миний эзэмшлийн газар дээрх засварын газар, гараашийг Г.Э-ас хууль бус эзэмшлээс гаргуулж, учирсан хохиролд буюу алдсан ашигт 48 500 000 төгрөг байсныг 52 400 000 төгрөгөөр нэмэгдүүлж 100 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Түрээсийн төлбөрийн хувьд тус байранд Г.Э- амьдарч байсан талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Эрдэнэцолмон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тус байранд Г.Эб-ыг нас барахаас өмнө болон дараа нь би амьдарч байсан гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс энэ түрээсийн асуудал нь нэхэмжлэгчтэй ямар ч холбоогүй. Г.Э- нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн авто засвар ашиглах гэрээний дагуу тус авто засварыг эзэмшиж ашиглаж байгаа. Талуудын хооронд гэрээ байгуулсан талаар ямар нэгэн маргаан байдаггүй. Гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байгаа учраас олох ёстой байсан үр шимийн төлбөрт 82 000 000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-аас 81 847 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171 172 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ас 81 573 800 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Э-д олгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлах 441 м.кв эзэмших газар болон СП авто завсарын газар, гараашийг Г.Эрдэнэтулгын хууль бус эзэмшилээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-ын сөрөг нэхэмжлэлтэй Г.Э-д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдад түрээслэхэд олох ёстой байсан ашиг үр шимд 18 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1 581 050 төгрөг, төлсөнг, хариуцагч Э.Э-аас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 891 100 төгрөг төлсөнг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 567 188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 636 019 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Э-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 450 төгрөгийн тал хувь болох 126 225 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Э.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/00541 дугаар захирамж, шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШТ2020/00031 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э- давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн зүгээс нийт 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварын газрыг барьж тохижуулсан байсан ба 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн авто засварын газрын гэрээгээр ах Г.Эб- нарын хооронд 000601818 гэрчилгээний дугаартай, 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв эзэмшил газар дээр авто засварын чиглэлээр үйл ажиллагааг Г.Э- явуулахаар гэрээгээр баталгаажуулсан байсан. Иймд миний зүгээс дээрх газрыг өөрийн өмч гэж үзэн барилга барин өргөтгөн нас барсны дараа ч хөрөнгө оруулалт хийн засварын газрыг төвийн ус дулаанд холбон өргөтгөн тохижуулж байсан. Дээрх газар дээр баригдсан авто засварын газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Э-ын нэр дээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр анх удаа шинээр гаргуулан авсан байсныг 2020 оны 12 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх явцад мэдсэн болно. Энэ талаар шүүхийн зүгээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй.Иймээс шүүхийн зүгээс Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Э.Э-ыг уг барилгын хууль ёсны өвлөгч өмчлөгч гэж үзэн Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 41 сарын хугацаанд олох ёстой байсан орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх тайлбараас дүгнэхэд зөвхөн газар эзэмших эрхийг өвлүүлсэн болохыг өв залгамжлалын гэрчилгээгээр нотлох бөгөөд газар дээрх барилгад хамааралгүй бөгөөд харин ч хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь эндээс тодорхой байхад шүүхийн зүгээс гол баримтанд дүгнэлт хийлгүй хуулийг буруу хэрэглэн хариуцагчийг барилгын өмчлөгч гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болжээ гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүх дүгнэхдээ дээрх эзэмшил газрыг үнэ төлбөргүй ашиглах гэрээ Г.Эб- болон Г. Эрдэнэтулга нарын хооронд хийгдсэн болох энэ нь хуульд нийцсэн болохыг дүгнэсэн. Иймээс Г. Эрдэнэтулга нь шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 94.3, 94.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Г.Э- нь шударга эзэмшигч бөгөөд хариуцагчийн орлого олох ёстой байсан үр шимийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд харин өөрийн нийт гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах хүртэл өөрийн хөрөнгө оруулан барьж босгосон үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхгүй байх эрхтэй ба хариуцагч Э.Э- нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд иргэн Э.Э- нар нь зөвхөн 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газар эзэмших эрхийг өв залгамжлалаар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр авсан ба дээр нь бидний хөрөнгөөр барьсан барилгыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт анх удаа бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өнөөдөр дээрх барилга байгууламжийг өөрсдийн өмч мөн гэж хууль бусаар дарамт шахалт үзүүлэн мөнгө нэхэмжилсэн ба шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь өнөөдөр өөрийн хөрөнгө оруулан барьж тохижуулсан барилгыг алдаад зогсохгүй үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хариуцагч Э.Э-д мөнгө төлөхөөр болсон нь шүүхийн шийдвэр шударга хуульд нийцсэн үнэн зөв байх шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх хуулийн зарчмыг зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн шүүхийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангахдаа Г.Эб- болон Э.Эрдэнэтулга нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг тооцолгүй шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн нотлох баримтуудыг үнэлэлгүй шийдсэн гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- давж заалдах гомдолдоо:

... Зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэл гэх 47 000 000 төгрөг шилжүүлсэн гэх баримт нь дан ганц гэрчийн мэдүүлэг дээр үндэслэсэн тухайд Г.Э- шилжүүлэн өгсөн гэх 47 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө өөрт түүнд байсан болох нь нотлогдоогүй. Энэ маргаан нь хариуцагч нь амь сэрүүн буй маргаан бус тул бүрэн гүйцэд нотлогдох ёстой. Учир нь ИХ 282.4-т зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээг байгуулсанд тооцогдох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэдэг нь аливаа этгээдийн мөнгөн хөрөнгөөс зээлийн дүн бүхий мөнгөн хөрөнгө хасагдаж, хүлээн авагч этгээдэд тус дүн бүхий мөнгөн хөрөнгө нэмэгдсэн байхыг хэлнэ. Чухамдаа Г.Эрдэнэтулгын эзэмшлээс 47 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө хасагдсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Учир нь түүнд тус мөнгөн хөрөнгө байсан болох нь нотлогдоогүй. Нотлох баримт болох нэхэмжлэгч талын гарган өгсөн Г.Эрдэнэтулгын дансны хуулгыг харвал бодит байдалд Г.Э- нь тус хэмжээний мөнгөн хөрөнгө бие болгох ямар ч боломжгүй, тийм хэмжээний мөнгөн хөрөнгө байгаагүй болох нь харагддаг. Мөн Г.Эб-т 47 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нэмэгдсэн тухай нотлох баримт байхгүй. Г.Эб-ын дансны хуулгаас үзвэл тийм хэмжээний мөнгөн хөрөнгө нэмэгдээгүй болох нь харагддаг ба Г.Эб- нь нас барсан байх тул хүлээн авсан болох нь тогтоогдох боломжгүй байна. Мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байна гэж үзэх, заавал нотлогдвол зохих гол хоёр үйл баримт нь нотлогдоогүй энэ тухай өөр нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй шүүгч дан ганц гэрч Д.Цэдэнгийн шүүхэд... өгсөн мэдүүлгээр Г.Э-д 47 000 000 төгрөг байсан гэж дүгнэсэн байгаад гомдолтой байна. Г.Э- нь Хасбанкинаас зээлсэн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр хүлээсэн үүргийг гүйцэтгэж төлсөн 8 950 000 төгрөг шаардах эрхийн үндэслэл байхгүй тухайд. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай байгуулсан 1030020885 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 8 950 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тус үүрэг нь гэрээг Г.Э- ч мөн байгуулсан бөгөөд тус гэрээгээр хүлээсэн үүргээ Г.Э- гүйцэтгэсэн байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд зарцуулсан мөнгөн хөрөнгийг Э.Э-аас нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй шүүхээс Г.Эрдэнэтулгын нь ямар шаардах эрхийн үндэслэлээр шаардаж буй тухай тогтоогоогүй бөгөөд шаардах эрхтэй байна гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасны дагуу шаардах эрхээ алдсан болох тухай. Шүүхээс Сонгинохайрхан 20 дугаар хороо ХЦ Хотхон нэг 70 хаягт байрлах SР авто засварын барилгад оруулсан хөрөнгө оруулалт гэх 25 897 000 төгрөгийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзжээ. Шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт заасан шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдал болох 496.3.2-т зааснаар нэхэмжлэгч тус хөрөнгө оруулалтуудыг хийгээд даруй 1 жил өнгөрсөн байхад хариуцагчид мэдэгдээгүй байгаа нэхэмжлэгч шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой буй эсэхийг тогтоохдоо шаардах эрх хүчин төгөлдөр эсэхийг шалгаж байх энгийн дүрэмтэй гэвч шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заагдсан нөхцөл байдал үүсээд буйг харгалзан үзэлгүй хуулийн заалтыг хэрэглэлгүй дан ганц 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг үндэслэж байгаа нь зохих хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заагдсан хэд хэдэн өвлөгч буй тухайд Г.Эб-ын хүү Э.Э-д, охин Г.Энхжин нар нь ижил хэмжээгээр хувь тэнцүүлэн өв хүлээн авсан. Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үүргийг тус тус өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх хуулийн зохицуулалттай. Гэвч шүүхээс нэхэмжлэгчээр Э.Э-ыг тогтоож нэхэмжлэлийн үнийн дүнг бүхлээр нь хангасанд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Г.Э- нь талийгаач ахынхаа хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүү нарын өвлөн авсан өмч хөрөнгө болох Сонгинохайрхан 20 дугаар хороо ХЦ Хотхон нэг 70 хаягт байрлах SР авто засварын барилгыг талийгаач Г.Эб-ыг нас барсан цагаас хойш хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд шүүхээс хууль бус эзэмшил мөн болохыг зөв тогтоосон бөгөөд хуулийн дагуу үр шимийг шаардах эрхтэй байх ба шинжээчийн дүгнэлтээр тус үр шимийг 81 573 800 төгрөг хэмээн тогтоосон ба талууд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлээс 81 847 600 төгрөг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан хэсгийг хэвээр үлдээх тухай давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Э.Э-д холбогдуулан “Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73 420 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 179 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 253 020 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бусаар эзэмшсэний улмаас олох ёстой байсан орлогоор хохирсон гэж нийт 100 900 000 төгрөгийг Г.Э-ас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулах хугацаандаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, зардал гаргасан боловч Г.Эб-ыг нас барсны дараа түүний хүүхдүүд хөрөнгийг бүхэлд нь өв залгамжлалаар шилжүүлэн авснаас өөрийн оруулсан хөрөнгө, гаргасан зардлаар хохирсон гэж, мөн 47 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, өвлөгч зээлийн үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр төлөх ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

            Нэхэмжлэгчийн төрсөн ах болох Г.Эб- нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нас барсан үйл баримт, маргаж буй  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хорооллын 1 дүгээр гудамж 70 тоот хаягтай 441 м.кв газар, уг газарт байрлах 371 м.кв талбайтай Автомашины гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 10 000 м.кв талбай бүхий газар түүний өмчлөл, эзэмшилд байсан нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Г.Э- нь 2007 оноос өөрийн төрсөн ах Г.Эб-ын  өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хорооллын 1 дүгээр гудамж 70 тоот хаягтай 441 м.кв газар, уг газарт байрлах 371 м.кв талбайтай Автомашины гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга хийж зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд гаргажээ. /хх1-120-129, 146-161/ Хариуцагч авто засварын газрыг өөрсдийн зардлаар барьж, засан сайжруулсан гэж маргасан боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримтыг баримтаар няцаагаагүй байна.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтуудыг үнэлж, хариуцагч Э.Э-аас 25 897 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Харин үлдэх хэсэг буюу 124 102 400 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан нь баримтаар нотлогдоогүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй, шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 10 000 м.кв талбай бүхий газарт барьсан хашааны зардал 17 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш М.Энхболдыг манаачаар ажиллуулж 350 000 төгрөгөөр цалинжуулахад зарцуулсан 12 600 000 төгрөг, нийт 29 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг зардлыг гаргасан нь эргэлзээтэй, баримтаар нотлогдоогүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт Г.Э-, Г.Эб- нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ авагдсан /хх1-12/, уг гэрээгээр Г.Э-ас 47 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр Г.Эб-т зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, уг гэрээнд зээлдэгч тал гэж зурагдсан гарын үсэг нь Г.Эб-ынх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Зээлийн гэрээний дагуу Нарангийн гол гэдэг газар Г.Эб- очиж мөнгийг бэлнээр авахад хамт байсан талаар гэрч Д.Цэдэн мэдүүлсэн ба хууль сануулж, хуульд заасан арга журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудасны ар талд авагдсан 47 000 000 төгрөгийн орлогын баримт, бичгийн гэрээ зэргийн агуулгыг харьцуулан үзвэл 47 000 000 төгрөгийг Г.Э-ас гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн гэж шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлжээ.

 

Зээлдэгч Г.Эб- 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нас барж гэрээ дуусгавар болсон тул хүү тооцох үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд үндсэн зээлийн 47 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 16 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Нас барагч Г.Эб- нь Хас банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1030020885 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 32,4 хувийн хүүтэйгээр зээлсэн, зээлийг буцаан төлөх хуваарийг хавсралтаар тогтоосноос үзвэл 2016 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар 8 750 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд Г.Э- нь хамтран зээлдэгчийн хувьд зээлдэгчийг нас барснаас хойш 9 053 000 төгрөгийг төлж, зээлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний төлж дуусгасан баримт хэрэгт авагджээ. /хх1-29-43/

 

            Нэхэмжлэгч Г.Э- нь “зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд оролцсон боловч уг зээлийг Г.Эб- авч, эргүүлэн төлж байсан, өөрийн өмчлөлийн орон сууцаа зээлийн үүрэгт барьцаалсан, зээлийн үлдэгдлийг төлөөд орон сууцаа ав гэж хариуцагч талд хэлсэн боловч үлдэгдлийг төлөөгүй” гэж тайлбарлажээ.

 

Тус нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас зээлийг төлж барагдуулсан тул 9 500 000 төгрөгийг  төлөхөд татгалзахгүй талаар  шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан, харин шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэлийн энэ хэсгийг зөвшөөрөөгүй боловч үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгвөл 9 500 000 төгрөгийг төлж болно гэсэн агуулгаар мэтгэлцжээ. /хх3-132/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Эб-ын өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өв залгамжлагч Э.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрхдээ шилжүүлэн бүртгүүлсэн талаар тайлбарлаж, уг орон сууцыг түрээсэлж олох орлогоор хохирсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан байна.

 

Зохигчдын тайлбар, мэтгэлцээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч Г.Э- нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч боловч, зээлийн үүргийг Г.Эб- хариуцаж, үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан, түүнийг нас барснаас хойш зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх талаар хариуцагчид мэдэгдэж байсан, барьцааны үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг хариуцагч Э.Э- өвлөн авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг 8 950 000 төгрөгөөр хангахдаа Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Харин шүүх өвлүүлэгчийн зээлийн үүрэг өвлөгчид шилжиж байгаатай холбоотой болон бусдын хөрөнгөд зардал гаргасантай холбоотой шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2 дэх хэсгийг нэмж баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн 253 020 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 81 847 600 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг буюу 171 172 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон, өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул 81 847 600 төгрөгийг гаргуулсныг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хорооллын 1 дүгээр гудамж, 70 тоот хаягтай 441 м.кв газар, уг газарт байрлах 371 м.кв талбайтай Автомашины гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Эрдэнэтулгын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Хариуцагч Э.Э- нь дээрх хаягт байрлах 441 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/628 дугаар шийдвэрээр эзэмших эрхтэй болсон, мөн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, газрын хууль ёсны эзэмшигч болжээ. Түүнчлэн уг газар дээрх 371 м.кв талбайтай Ү-2201057119 дугаартай, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд Э.Э- нь өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг хуульд заасны дагуу өвлөн авсан өмчлөгч тул өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь зөв болно.

 

Хариуцагч Г.Э- нь уг газар, объектыг Г.Эб-тай 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Авто засварын газрын гэрээ”-ний дагуу ашиглаж байгаа гэж тайлбарлан холбогдох баримтыг шүүхэд гаргасан /хх1-13/ байх бөгөөд гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээгээр олж авсан байна. Гэрээнд талууд эд хөрөнгө ашиглах хугацааг заагаагүй байх бөгөөд гэрээ дуусгавар болох Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 240 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг өвлүүлэгчийн хөрөнгө нь өвлөгчид шилжиж, газар объектыг суллахыг шаардах хүртэл гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэж үзэх тул Э.Э-ыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд хууль бусаар бусдын өмчлөх эрхэд саад болсон үйлдэл гаргасан гэж үзэхгүй. Засварын газрыг 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх 41 сарын хугацаанд 2 000 000 төгрөгөөр бусдад түрээсэлсэн бол олох байсан орлого гэж 82 000 000 төгрөгийг Г.Э-ас шаардсаныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргааны зүйл болох авто засварын газрыг гэрээний үндсэн дээр ашиглаж байсан талаарх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, эзэмшлийг хууль гэрээний дагуу байгаа эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, Э.Э-ын өмчлөлийн зүйлээ эзэмшиж ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэж дүгнэсэн нь буруу, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

 

Хариуцагч нь Э.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрхдээ шилжүүлэн бүртгүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлж олох орлогоор хохирсон гэж 18 900 000 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх татгалзлыг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчихгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01815 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “535.1” гэсний дараа “281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2” гэж нэмж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... нэхэмжлэгч Г.Э-ас 81 573 800 /наян нэгэн сая таван зуун далан гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Э-д олгож,” гэснийг “... нэхэмжлэгч Г.Э-ас 82 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “636 019 төгрөгийг” гэснийг “70 200 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ