Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00814

 

**** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаарсарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01815 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1599 дүгээр магадлалтай,

**** нэхэмжлэлтэй,

****д холбогдох,

Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73,420,000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт засварын газар барьж тохижуулахад гарсан зардал 150,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10.000 м.кв зуслангийн зориулалттай газарт барьсан хашааны зардал 17,000,000 төгрөг, хашааны манаачийн цалин, хөлсөнд 12,600,000 төгрөг, нийт 253,020,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийнилтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяанар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардалд нийт 253,020,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаарсарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01815 дугааршийдвэрээр: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****аас 81,847,600төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,172,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****ас 81,573,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч ****д олгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооХЦХ 1-р гудамж 70 тоот хаягт байрлах 441 м.кв эзэмших газар болон “СП” авто засварын газар, гараашийг **** хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлтэй ****д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдад түрээслэхэд олох ёстой байсан ашиг үр шимд 18,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1,581,050 төгрөг төлсөнг, хариуцагч ****аас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 891,100 төгрөг төлсөнг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамж 567,188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 636,019 төгрөгийг гаргуулж хариуцагч ****д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,450 төгрөгийн тал хувь болох 126,225 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч ****д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/00541 дугаар захирамж, шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 184/ШТ2020/00031 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020оны 07 дугаар сарын 22-ныөдрийн 1599 дүгээрмагадлалаар: Сонгинохайрхандүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020оны 5 дугаар сарын 29-нийөдрийн 184/ШШ2020/01815дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын“535.1”гэсний дараа “281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2” гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын“...нэхэмжлэгч ****ас 81,573,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч ****д олгож,”гэснийг “...нэхэмжлэгч ****ас 82,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “636,019 төгрөгийг” гэснийг “70,200 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч **** нь өөрийн ах ****ын СХД, 20-р хороо хаягт байрлах 441 м.кв авто засварын газрыг **** нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, авто засварын газар, орон сууцыг хууль бусаар эзэмшсэний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 82,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...2016.06.09-ний өдөр байгуулсан “Авто засварын газрын гэрээ”-ний дагуу ашиглаж байгаа гэж тайлбарлан холбогдох баримтыг шүүхэд гаргасан байх бөгөөд гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэххэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээгээр олж авсан байна. Гэрээнд талууд эд хөрөнгө ашиглах хугацааг заагаагүй байх бөгөөд гэрээ дуусгавар болох Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 240 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.Иймд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхээс ИХ-ийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс “...240 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байна...” гэжээ. **** хувьд СХД, 20-р хороо хаягт байрлах 441 м.кв авто засварын газрыг эзэмших, ашиглах эрхийг өмнөх өмчлөгчөөс шударгаар олж авсан байж болох ч тэдний үүрэг Иргэний хуулийн 240.1.2-т “...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч...нас барсан...” гэж заасны дагуу нас барагч ****ын автозасварын газрыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэг, **** үнэ төлбөргүй ашиглах эрх нь дуусгавар болсон байна.Учир нь нас барагч **** нь өөрийн авто засварын газрыг дүү ****д үнэ төлбөргүй ашиглуулах нь ах дүүгийн харилцааны улмаас буюу түүний хувийн байдалтай салшгүй холбоотой тул ИХ-ийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу “Авто засварын газрын гэрээ”-ний үүрэг дуусгавар болсонбайхад давж заалдах шатны шүүхээс “...тус үндэслэл тогтоогдоогүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргааныг зохицуулбал зохих эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй ажиллагаа байна.

4.2. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийгхэрэглэсэн тухайд.Давж заалдах шатны шүүхээс “...ИХ-ийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ. Ингэхдээ нас барагч ****, нэхэмжлэгч ****нарын хооронд “Автозасварын гэрээ” гэх “Авто засварын газрын гэрээ”-ний дагуу ашиглаж байгаа гэж тайлбарлан холбогдох баримтыг шүүхэд гаргасан байх бөгөөд гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээгээр олж авсан байна гэж үзсэн.Гэвч ИХ-ийн 339 дүгээр зүйлийн 339.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293, 295.3, 296, 297, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарна”гэжээ.Давж заалдах шатны шүүхээс ИХ-ийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь маргааныг зохицуулахад хамааралгүй хэм хэмжээг хэрэглэсэн болох нь харагдаж байна.

4.3. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болох тухайд. Давж заалдах шатны шүүхээс “...Иймд **** нь өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг хуульд заасны дагуу өвлөн авсан өмчлөгч тул өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь зөв болно...” гэж үзжээ.Шүүхийн зүгээс хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримтлах бөгөөд хэрэг маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэхтэй холбоотой хууль зүйн дүгнэлтүүдийг хооронд нь уялдуулах ёстой байдаг.Нэгэнт нэхэмжлэгчийг хууль бус эзэмшигч гэж үзсэн бол Иргэний хуулийн 96.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. **** нь автозасварын газрыг түүний ах нас барсан цагаас хойш эзэмшиж байгаа тухай түүний нэхэмжлэл, хариу тайлбар, гарган өгсөн нотлох баримтуудаар нотлогддог.Энэ нь шударга бус эзэмшигч гэж тогтоогдсон үеэс эхлэн тухайн үүрэг үүсдэг.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл буюу 2019.12.24-нийг хүртэлх хугацаанд хууль бусаар бусдын өмчлөх эрхэд саад болсон үйлдэл гаргасан гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн.Энэ нь утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй логик дарааллын хувьд уялдаагүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.Учир нь эхний дүгнэлтээр хууль бус эзэмшигч болохыг тогтоосон бөгөөд хариуцагчийг хууль ёсны өмчлөх эрх үүссэн үеэс буюу түүний эцэг нас барсан үеэс эхлэн нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь тухайн эд хөрөнгийн шударга бус эзэмшигч гэдгийг шүүхээс дүгнэсэн.Тэгвэл Иргэний хуулийн 96.1-д заасан үүрэг хууль бус эзэмшигч болох ****д үүссэн байсан ба үүнийг хариуцагч **** нь шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар үүссэн гэж үзэж дүгнэсэн нь буруу байна.Мөн хууль бус эзэмшигч **** нь дараагийн өмчлөгчөөс эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг аваагүй.Ингэснээрээ шүүхийн зүгээс тухайн хэсэгт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.Иргэний эрх зүйн харилцаанд өмчлөх эрх нь туйлын эрх бөгөөд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх нь үүссэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрх нь үүсэх бөгөөд өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдлыг арилгуулах шаардлагыг зөвхөн шүүхэд мэдүүлснээр буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар түүний үр шимийг хүртэх эрхтэй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний гарцаагүй эдлэх үндсэн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.Дээр дурдсанчлан давж заалдах шатны шүүхээс ИХ-ийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааныг зохицуулахад хамааралгүй хэм хэмжээ болох ИХ-ийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалтыг хэрэглэсэн нь болон шүүхээс хэн, хэзээ, хэний зөвшөөрлөөр эд хөрөнгийг ашиглах эрхийг олж авсан гэдгийг дүгнээгүй байгаа нь хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхигдуулах шалтгаан болсон байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1599 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/01815 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардалд нийт 253,020,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...ах ****тай хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, зардал гаргасан. ...ахыг нас барсны дараа түүний хүүхдүүд хөрөнгийг бүхэлд нь өв залгамжлалаар шилжүүлэн авснаас тухайн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө, гаргасан зардлаар хохирсон, ахдаа 47,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, мөн түүний банкнаас авсан зээлийг төлсөн, ...өвлөгч нь миний оруулсан хөрөнгө оруулалт болон зээлийн үүргийг өвлөн авсан өв хөрөнгийн хэмжээгээр хариуцан төлөх ёстой... гэж тайлбарлан, маргасан байна.

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчээс засварын газарт оруулсан хөрөнгө оруулалт байхгүй, ...тус авто засварын газрыг 2008 оноос барьж, 2010 онд үйл ажиллагаа явуулж байсан. ...засварын газрыг манай аав эрхлэн ажиллуулдаг байсан бөгөөд **** нь зөвхөн ажилчин хэлбэрээр аавд тусалдаг байсан, ...хашаа барьж, манаач ажиллуулсан зардлыг төлөх үндэслэлгүй, ...тус газарт байгаа хашааг 2009 онд бид өөрсдөө блок цутгаж барьж босгосон, хашааг барихад **** ямар ч санхүү гаргаагүй, оролцоогүй. ...зээлсэн 47,000,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, харин аавын Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг **** төлсөн нь үнэн тул 9,500,000 төгрөгийг өөрт учирсан хохирлоос хасуулж тооцуулахад татгалзахгүй... гэсэн тайлбар гаргажээ. 

9. Анхан шатны шүүххариуцагч ****аас 81,847,600төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,172,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 81,573,800 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо,ХЦХ 1-р гудамж 70 тоот хаягт байрлах 441 м.кв эзэмших газар болон “СП” авто засварын газар, гараашийг **** хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагчийн 18,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон “...нэхэмжлэгч ****ас 82,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулсан байна. 

10. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу “...нэхэмжлэгч ****ас 82,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч **** төрсөн ах болох **** нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Хилийн цэргийн хорооллын 1-р гудамжны 70 тоот хаягт байрлах 441 м.кв газар, уг газарт байрлах 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах 10.000 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байсан ба тэрээр 2016.07.07-ны өдөр нас барсан байна.

12. Нэхэмжлэгч **** нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт автомашины гарааш, засварын газар барьж, тохижуулахад 150,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж маргасан байх ба нэхэмжлэгч нь 2007 оноос ах ****ын өмчлөлийн гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга хийж 25,897,600 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүхүүд хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хариуцагч ****аас 25,897,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 124,102,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасанд нийцжээ. 

13. Мөн, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах 10.000 м.кв талбай бүхий газарт хашаа барьсан зардал 17,000,000 төгрөг, М.Энхболдыг манаачаар ажиллуулж цалинжуулсан зардлын 12,600,000 төгрөг, нийт 29,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

14. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж марган, 73,420,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэргийн баримтаар ****, **** нарын хооронд 2016.06.07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр **** нь ****ас 47,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн гэрээнд зээлдэгч тал гэдэгт **** гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүхүүд ...зээлдэгч **** 2016.07.07-ны өдөр нас барж, гэрээний үүрэг дуусгавар болсон тул хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагчаас 47,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 16,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д заасантай нийцсэн байна.

15. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ах ****ын Хас банкнаас авсан зээлд 9,500,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилсэн, хэргийн баримтаар **** нь 2015.09.04-ний өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 32,4 хувийн хүүтэйгээр зээлсэн байх ба 2016.07.20-ны өдрийн байдлаар 8,750,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчийн хувьд, зээлдэгчийг нас барснаас хойш төлж барагдуулсан нь тогтоогдсон. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.   

16. Хариуцагч ****ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгохоор нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого гэж нийт 100,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ****ын өмчлөлд байсан, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 1-р хороолол, 19-р байрны 411 тоот 2 өрөө орон сууцыг 2018.05.11-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж тайлбарлан, олох байсан орлогод гэж сөрөг нэхэмжилсэн 18,900,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзжээ. 

17. Анхан болон давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хорооллын 1 дүгээр гудамж, 70 тоот хаягт байрлах 441 м.кв газар, уг газарт байрлах 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч **** хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөрчөөгүй, хариуцагч **** нь өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг хуульд заасны дагуу өвлөн авч, өмчлөгч болсон тул өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаар шүүхүүд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

18. Харин, нэхэмжлэгч **** нь уг газар, объектыг ****тай 2016.06.09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ашиглаж байсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөгчид шилжиж, газар объектыг суллахыг шаардах хүртэл гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, тодруулбал ****ыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл буюу 2019.12.24-нийг хүртэлх хугацаанд хууль бусаар бусдын өмчлөх эрхэд саад болсон үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагчийн олох байсан орлого гэж нэхэмжилсэн 82,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

19. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1599 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.21-ний өдөр төлсөн 569,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                   П.ЗОЛЗАЯА

                    Б.МӨНХТУЯА

                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ