Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 0097

 

 

 

 

 

 

 

                                                     Я.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Д.О

Хохирогчийн өмгөөлөгч               Ц.Э /цахим/

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Х болон түүний өмгөөлөгч Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Я.О, Д.Э, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З овогт Д-н Э,

 

Д овогт Д-н О,

 

Ж овогт Я-н О,

Д.Э нь “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар, Д.О нь тус компанийн засварын мастераар, Я.О нь тус компанийн дулааны инженерээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас        аймгийн     сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дулааны цахилгаан станцын 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч таль /цахилгаан кран/-ны дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Я.О, Д.Э, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч З овогт Д-н Э, Д овогт Д-н О, Ж овогт Я-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Э, Я.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “Мон-Илч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 1,577,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс143,423,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Х болон түүний өмгөөлөгч Ц.Э нар давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс “хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул авах байсан цалингийн зөрүү нэхэмжилснийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нь шүүхийн зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болголоо” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Учир нь хохирогчоос хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин иргэний хариуцагч нь хохирогчийг осолд орсон өдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөнд сарын 425.000 төгрөг тооцож, нийт 17.765.000 төгрөгийг хохирогчид төлж байсан.

Т.Х нь 2020 оны 09 дүгээр сараас эхлэн “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанид засварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд осолд орох хүртэл хугацаанд 2020 оны 09 дүгээр сарын цалин хөлсөнд 970.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын цалин хөлсөнд 1.190.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд 1.160.000 төгрөгийг тус тус авч байсан Т.Хын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгаар тогтоогдож байгаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-г баталсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа ба хохирогч Т.Хын 2020 оны 09, 10, 11 дүгээр саруудад авч байсан цалингийн дунджаар 1 /нэг/ сарын дундаж цалин хөлс 1.106.667 төгрөг бөгөөд 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл нийт 22 сарын хугацаанд түүний авах ёстой байсан цалин 24.346.674 төгрөг болох тул “М” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хохирогчид өгсөн 17.765.000 төгрөгийн зөрүү 6.581.674 төгрөг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан зайлшгүй олох ёстой байсан орлогод хамаарах тул иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогоогүй тул түүний авч байсан цалингийн зөрүүг иргэний хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж иргэний хариуцагчаас нэхэмжилснийг шүүх үндэслэлгүйгээр хэлэлцэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй юм.

Т.Хаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авч, өмгөөллийн төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүхээс шүүхийн зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь мөн л үндэслэлгүй гэж байна.

Учир нь хохирогчийн зүгээс шүүгдэгч нар болон иргэний хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэргийн хохирогч болсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч хөлс төлсөн нь шүүгдэгч нарын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, эрүүгийн хэргийн улмаас хохирогчоос гарсан зардал гэж үзэж гэм хорын хохиролд өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх шүүхийн зардал нэхэмжилсэн мэтээр шийтгэх тогтоолд дурдаж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт цалингийн зөрүү болон өмгөөллийн хөлс болох нийт 11.581.674 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү ... гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Хохирогч Т.Х хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгоогүй тул цалингийн зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, цалингийн зөрүү 6.581.674 төгрөг бүгд 11.581.674 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Хохирогч Т.Х түүний өмгөөлөгч Ц.Э нарын гомдлыг үндэслэн Д.Э, Д.О, Я.О нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

 

 Шүүгдэгч Д.Э нь “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар, шүүгдэгч Д.О нь “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн заварын мастераар, шүүгдэгч Я.О “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дулааны инженерээр тус тус ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас

 аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дулааны цахилгаан станцын 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч таль /цахилгаан кран/-ны дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.  

 

  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э, шүүгдэгч Д.О, шүүгдэгч Я.О нар нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “Машин механизм тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна”,

 

мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан “Өргөх зөөх тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна”, “Өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна”,

 

мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”,

 

18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7-д заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байна”, “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байна”,

 

27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”,

 

28 дугаар зүйлийн 1.4, 1.7-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байна” зэрэг заалтуудыг,

 

Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-д заасан “Ачаа зөөх зам нь цэвэр байх ба элдэв зүйлд дарагдсан байж болохгүй”, “Бүх төрлийн өргөх, зөөх хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ажил эхлэхийн өмнө заавал шалгах шаардлагатай” гэсэн заалтыг,

“Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод нийтлэг дүрмийн 11.4.2-д заасан “Багаж хэрэгслийг “Ашиглалтаас гарсан” гэсэн пайз зүүж, засварын газарт яаралтай хүргэнэ”,

 11.4.4-д заасан “Багажийн цахилгаан кабель татлага зэргээс бүдрэхээс сэргийлэн дараах арга хэмжээг авна. Үүнд явган хүний зам, шат зэргээс хол байрлуулах” гэсэн заалт зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Т.Хын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дээрх ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулаагүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э, шүүгдэгч Д.О, шүүгдэгч Я.О нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж, гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

           Хохирогч Т.Х, хохирогчийн өмгөөлөгч Ц.Э нар нь “...өмгөөлөгчийн зардалд төлсөн 5.000.000 төгрөг, цалингийн зөрүү 6.581.674 төгрөг, бүгд 11.581.674 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтоох юм.

 

Хохирогч Т.Х нь дээрх хууль болон холбогдох журмын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгоогүйгээс гадна “М” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас түүнд сар бүр цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, иргэний хариуцагч Ц.Б-н мэдүүлэг, цалин хөлс олгосон талаарх баримтуудаар тус тус нотлогдож байх тул цалингийн зөрүү 6.581.674 төгрөг нэхэмжилснийг энэ эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой холбогдон гарсан зайлшгүй зардал болон хохирогчид олгож байсан цалин хөлс, бусад хохирлуудын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шатахууны болон худалдан авалтын баримтуудын эх сурвалж нь тухайн хэрэгт авагдаагүй тул оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтахаар байгаа боловч хохирогч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр нь дээрх зардалд болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй юм.

 

Түүнээс гадна мөн хуулийн 11.5 дугаар зүйл нь гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид төлөх зардлын талаарх зохицуулалт тул хохирогчийн өмгөөлөгч Ц.Э-н гаргасан “... өмгөөлөгчийн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Х болон түүний өмгөөлөгч Ц.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА