Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1480

 

ТӨСӨЛ

2020.07.03                                           1480                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00914 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч Ж.Э-д холбогдох гэрээний үүрэгт 12 630 833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 49 дүгээр байрны 12 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Тус байрыг I Home зуучлагч компаниар дамжуулан Ж.Э-тэй орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 2018 оны 5 сарын 28-ны өдөр байгуулан, 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай хөлслүүлсэн. Ж.Э-тэй байгуулсан гэрээний дагуу аялал жуулчлалын “ВТF-Моngoliа ехреdition” ХХК болон “Меdiprotez” ХХК нь оффисын зориулалтаар түрээслэн ашигласан. Түрээсийн гэрээг талууд 2019 оны 5 сарын 30-ны өдөр гар бичмэлээр 2019 оны 10 сарын 31-нийг дуустал сунгаж, Ж.Э гарын үсэг зурсан. Гэрээний дагуу сар бүрийн түрээсийг дараа сарын 01-ний дотор төлж байх      учиртай ч хөлслүүлэгчийн зүгээс сар бүрийн 05-ны дотор төлж байхыг зөвшөөрсөн. 2018 оны 10 дугаар сараас эхлэн хөлслөгч тал түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй, байнга нэхүүлж байсан ба гэрээний 3.2 заалтын дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцогдсон. 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 8 сарын 31-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр огт хийгдээгүй ба утсаар болон мессежээр олон удаа янз бүрийн шалтгаануудыг тоочиж, уучлалт гуйн хойшлуулж өгөхийг хүсэлт болгон, алдангийн хамт нэг мөр төлөхөө амлаж байсан. Хариуцагч Ж.Э-ийн эхнэр Ч.Б нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр надтай утсаар холбогдож, түрээсийн төлбөрийг цаашид хугацаа хэтрүүлэхгүйгээр төлж байхаа илэрхийлэн, 2019 оны 3 сарын 01-нээс эхлэн сар бүрийн үндсэн түрээсийн хэмжээг 800 000 төгрөг байхаар тохиролцсон. Үүнийг түүний надад ирүүлсэн мессэжүүд нотлоно. Гэрээний сунгалтаар энэхүү түрээсийн хэмжээг албажуулсан юм. Би 2019 оны 08 сарын 14-ний өдөр бичгээр мэдэгдэл гаргаж, 08 сарын 31-ний өдрөөс тасалбар болгон орон сууц хөлслөх, хөлсүүлэх гэрээг дангаар цуцалж буйгаа мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг 08 сарын 15-ны өдрийн орой тус компанийн ажилтан, Ч.Б-ийн дүү Ч.Б-д өөрийн биеэр гардуулж өгсөн. Үүний дараа Ж.Э , Ч.Б нартай дахин холбогдохыг оролдсон ч тэд утсаа огт аваагүй, хариулаагүй. Миний байрны 1-8 дугаар саруудын хугацааны түрээсийн төлбөр, алдангийн нийлбэр болох 11 457 274 төгрөг, шүүхэд хандсантай холбогдуулан гарсан зардал 547 400 төгрөг, нийлбэр дүнгээр                     12 004 674 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан, уг шаардлагаа 626 159 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12 630 833 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 5 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б гэх хүнтэй, түүний хүүхдийн нэр дээр байдаг гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 49 дүгээр байр 12 тоотын хүн амьдрах зориулалт бүхий нэг өрөө орон сууцыг оффис, ажлын байрны зориулалтаар тохижуулсан байсныг харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Орон сууц хөлслөх гэрээнд 1.2 зааснаар гэрээг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 400 000 төгрөг, 2018 оны 09 сарын       01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 600 000 төгрөг, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс нэг сарын төлбөр 700 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 1.5-д зааснаар 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл үүдний өрөөг ашиглана тэр хугацаанд түрээс 400 000 байна гэж тохирсон. Гэрээний дагуу 2018 оны 09 сарын 01-ний өдөр Ц.Б өөрийн эд зүйлийг авч явсан боловч надад мэдэгдэлгүй 2019 оны 01 сард өөрийн эд зүйлийг үүдний өрөөний ширээн дээр намайг байхгүй үед авчран тавьж, өдөр бүр өөрийн түлхүүрээр онгойлгон орж ирэх болсон гэж манай менежер Б.Б хэлсэн. Үүнээс хойш Б.Б-ийг үүдний өрөөг өөрөө дахин ашиглаж байгаа юм байна сарын түрээсийг 400 000 тооцохоор болсон байна гэж би ойлгоод цаад өрөөг цоожилж байхыг менежер Ч.Б-д хэлсэн. Би өөрөө байнга оффис дээр очоод байдаггүй болохоор Б.Б-тэй 2019 оны 01 сард огт уулзалдаагүй байсан. 2019 оны 02 сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр өгөхөөр утсаар ярихад гадаад явсан гэсэн учраас төлбөрийг төлөөгүй түүнийг иртэл хойшлуулсан. Хэд хоногийн дараа Б.Б-тэй утсаар ярихад түрээсийн төлбөр нэг сард 700 000 төгрөг өг гэж хэлэхэд нь би Ц.Б та өөрийн эд зүйлээ авчирч ширээг үүдний өрөөтэй ашиглаж байгаа болохоор танд 400 000 төгрөг төлөх ёстой гэхэд хүлээн зөвшөөрөөгүй, үүнээс хойш тааламжгүй харьцаатай болж би дахин төлбөр төлөөгүй утсаар яриагүй. Гэрээгээ цуцлах гэсэн ч манай ажил аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байсан учраас ажлын оргил үе эхэлсэн. Мөн гэрээнд гэрээг цуцлах нэг ч заалт байгаагүй байсан тул би шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүй юм байна гэж бодоод маргаанаа шийдүүлэхээр 2019 оны 05 сард Б.Б-д санал болгоход Ц.Б надад нэг сараас хойш төлбөр төлөөгүй юм чинь хүү, алданги гэж тооцохгүйгээр харин чи намайг үүдний өрөөнд суусанд тооцохгүйгээр нэг сарын төлбөр 800 000 гэж тохироод 2019 оны 10 сарын 31-ний өдөр байрыг суллахаар тохиролцож гэрээг сунгасан гэж бичин гарын үсэг зуралцсан. Гэтэл 2019 оны 9 сард менежер Б.Б-ыг хөдөө ажилтай явж байхад нь эд зүйлээ ав, Ж.Э-ий утас холбогдохгүй байна гэж Ц.Б мессеж бичсэн байсан бөгөөд Б.Б хотод ирэхэд оффист өөр хүмүүс орчихсон байсан, эд зүйлээ очиж авахаар Б.Б-тэй утсаар ярихад мөнгө өгөхгүй бол эд зүйлийг чинь өгөхгүй би гараашид хийчихсэн гэж хэлсэн байсан. Эд хөрөнгийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар саатуулан барих эрхтэй гэж заасан боловч миний эд хөрөнгийг зориулалтын газар хадгалсан эсэх, эд зүйл бүгд тоо ширхэгээрээ бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. 2019 оны 09 сарын 01-ний өдрийн чөлөөлж өгөхийг мэдэгдсэн зурвасын талаар Ж.Э-ийн зүгээс маргадаггүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь сайн дурын үндсэнд өмгөөлөгч авч хууль туслалцаа авах эрхийг эдэлж байгаа тул өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчийн зүгээс төлөх үндэслэлгүй. Хадгалалтын зардлын талаар хүлээн зөвшөөрөхгүй. Талууд нь 2019 оны 02 дугаар сараас эхэлж түрээсийн төлбөрийн талаар маргаж эхэлсэн. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж.Э эс 8 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 780 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хадгалалтын зардал            2 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 500 төгрөгийг буюу 3 200 500 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс хариуцагчруу талуудын байгуулсан гэрээнд бичигдсэн хариуцагчийн 98110540 дугаарын утасруу мессэжээр “эд зүйлээ авч, орон сууцыг чөлөөлөх тухай” мэдэгдлийг өгсөн талаарх үйл баримтыг нотлох зорилгоор гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч “маргахгүй” гэх тайлбар гаргасан учраас би үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзаж хурал үргэлжилсэн. Утсаа авахгүй алга болсон учраас арга буюу мэдэгдэл өгч, өөрөө чөлөөлөн авч, хариуцагчийн эд хөрөнгийг Ц.Б-тай тохиролцон зөөлгөж, Ц.Б-т 7 сар 10 хоног хадгалуулсан зардал 2 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Б-д Ц.Б 2 000 000 төгрөгийн өртэй бөгөөд энэ өрөндөө 2020 оны 03 сарын 15 хүртэлх хугацаанд хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалалттай, дулаан, агуулахдаа хадгалж өгөх үүрэг хүлээсэн тухай бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан атал анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Үүгээр ч зогсохгүй хариуцагч энэхүү 2 000 000 төгрөгийн хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Хэдийнээ 2019 оны 09 сараас хойш буюу мэдэгдэл өгснөөс хойш хариуцагч эд хөрөнгөө одоог хүртэл авахгүй “нэхэмжлэгчийг барьцаалсан” мэтээр гүтгэж байна. Өмгөөлөгч би шүүх хуралдаан дээр ч, шүүх хурлын дараа ч “эд хөрөнгөө ав” гэж хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн.

Хэрэв хариуцагч орон сууцыг хүлээн авсан байдлаар эзэнд нь хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч шүүхэд хандаж, цаг алдах, өмгөөлөгч авч зардал гаргах шаардлагагүй байсан. Хавтаст хэргийн материалаас үзэхэд Ц.Б өмгөөлөгч авахгүйгээр, энэ хэрэгтэй холбоотойгоор өөрөө шүүхийн байгууллагад 3 удаа хандсан байдаг бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Түүнчлэн энэхүү шүүхэд хандсантай холбоотой зардлуудыг нэхэмжилсэн зэрэг нь хууль зүйн мэдлэг дутсантай холбоотой байсан. Анхан шатны шүүх өмгөөлөгч авах нь “эрх” гэж тайлбарлаж байгаа ч “өмгөөлөгчгүйн улмаас энэ хүн ямар их чирэгдэлтэй явж удаа дараа нэхэмжлэлийг нь шүүх хүлээн авахаас татгалзсан учраас хүссэндээ бус өөр аргагүйдээд өмгөөлөгч авсан” үйл баримтыг огтхонч харгалзаж үзээгүйд гомдолтой, “өмгөөлөгчтэй ч ялгаагүй, өмгөөлөгчгүй ч ялгаагүй” мэтээр хуулийг хэрэглэж өмгөөлөгч намайг дорд үзэж байгаа анхан шатны шүүхэд гомдолтой байна. Өмгөөлөгчийн хөлс хэмээн 1 200 500 төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заалтыг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хадгалалтын зардал 2 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 500 төгрөг нийт 3 200 500 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж олгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.2 дахь хэсэгт “Хэрвээ хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Гэтэл гэрээнд заасан анзын зохицуулалт нь гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгээс юм уу эсхүл гэрээний үнийн дүнгээс алданги төлөх юм уу гэдэг нь тодорхойгүй байх тул анзын зохицуулалт хуульд нийцээгүй буюу алданги шаардах эрх үүсэхгүй байна. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги 2 950 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг залруулан өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.Э-д холбогдуулж гэрээний үүрэгт           12 630 833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2018 оны 5 сарын 28-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан Ц.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгат хороолол, 49 дүгээр байрны 12 тоот 1 өрөө орон сууцыг Ж.Э-д 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 сарын 01-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай, 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл сарын төлбөр 400 000 төгрөг, цааш үргэлжлэх хугацаа буюу 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сарын төлбөр 600 000 төгрөг, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш сарын төлбөр 700 000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон. Түүнчлэн, талууд гэрээний хугацааг 2019 оны 5 сарын 30-ны өдөр 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, сард төлөгдөх төлбөрийн хэмжээг 800 000 төгрөг болгон өөрчилж тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Талууд гэрээний хугацаа болон төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй болно.

/хх 17-18/

Шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээ ёсоор түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй байх тул түрээслүүлэгч гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасан алданги төлөхтэй холбоотой заалтаас үзвэл зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн гэрээний үүрэг 5 900 000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул алданги 2 950 000 төгрөгийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчид гэрээний дагуу түрээсийн төлбөр, алданги төлөх мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн. Алданги нь үндсэн үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой хариуцлагын шинжтэй зохицуулалт ба хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, тооцоолол, үүрэг гүйцэтгэх тухай шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 16, 68, 69/

 

Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр болон алдангид нийт 8 850 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардаж шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 10059, 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 10738, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 15048 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахгүй гэх үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай болсон үндэслэлээ өмгөөлөгчид хандаж, хууль зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй. /хх 9-12, 46-49/

 

Иймд өмгөөлөгчийн хөлс 1 200 500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гаргасан зардал гэж үзэж хариуцагчаас түрээсийн төлбөр болон алдангид нийт 10 050 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин хадгалалтын зардал 2 000 000 төгрөгийн хувьд, нэхэмжлэгч Ц.Б болон эд зүйлсийг хадгалсан гэх Б.Б нарын хоорондын тохиролцоо байгаа тул хариуцагч Ж.Э-д үүрэг үүсгэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2 талт гэрээний үүргийн дагуу гуравдагч этгээд зөвшөөрсөнөөр үүрэг үүснэ. /хх 71/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн алдангитай холбоотой заалт нь ойлгомжтой, мөн ямар үнийн дүнгээс хэдэн хувиар тооцохоор тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд тайлбарлах, тодорхойлох боломжтой байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00914 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ 8 850 000” гэснийг “10 050 500”, “3 780 833” гэснийг “2 580 333” гэж, 2 дахь заалтын “156 550” гэснийг “175 758” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 66 160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 62 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                            А.МӨНХЗУЛ