Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/01224

 

 

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/01224

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: И ББСБ ХХК

            Хариуцагч:  Б.

            Зээлийн гэрээний үүрэгт 37 797 471.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            

            Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдүүлэгч “Ингүүмэл зоос” ББСБ ХХК болон зээлдэгч Ц.Б  нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай ЗГ-22 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг мөнгийг зээлдэгч Ц.Б ы зээлийн дансанд мөн өдрөө шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, автозогсоолыг, автозогсоолыг тус тус барьцаалж, ИЗ/БГ-22 тоот барьцааны гэрээг 2018 оны 10 дугаар сарын 24-ний тус тус байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулсан бөгөөд гэрээ болон хуульд зааснаар хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Дээрх хугацаанд зээлдэгч Ц.Б  нь үндсэн зээлийн төлбөрт 1 918.45 төгрөг, хүүнд 11 066 614.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 636 169.31 төгрөг, нийт 12 704 702.24 төгрөг төлсөн байдаг. Иймд хариуцагч Ц.Б  нь зээлийн гэрээний хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 29 998 081.55 төгрөг, зээлийн хүү 7 019 275.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 780 114.52 төгрөг, нийт 37 797 471.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлвээс барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК хариуцагч Ц.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29 998 081.55 төгрөг, зээлийн хүү 7 019 275.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 780 114.52 төгрөг, нийт 37 797 471.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтнй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №ИЗ/ЗГ-22 зээлийн гэрээ,  №ИЗ/БГ-22 барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр И ББСБ ХХК  нь 30 000 000 төгрөгийг, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-9/  

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон авто зогсоолыг, авто зогсоолыг тус тус барьцаалжээ./хх-ийн 1010-15/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Б д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  30 000 000 төгрөгийг И ББСБ ХХК нь түүний зээлийн дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч Ц.Б  нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 12 704 702.24 төгрөг төлсөн байна. Харин дээрхээс өөрөөр зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна./хх-ийн 19/

 

Хариуцагч Ц.Б  нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж, гардаж авсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянг оролцуулахаар 2020 оны 4 сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосон ба шүүхэд дээрх нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг хэн аль нь бичгээр ирүүлээгүй байна. Түүнчлэн өмгөөлөгч Р.Мэндсайхан нь хариуцагч Ц.Б ы өмгөөлөгч гэж хэргийн баримттай ирж танилцсан хэдий ч хариуцагч тал өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ болон хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байх ба хариуцагч Ц.Б  нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.            

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Ц.Б аас үндсэн зээл 29 998 081.55 төгрөг, зээлийн хүү 7 019 275.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 780 114.52 төгрөг, нийт 37 797 471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

             Түүнчлэн нэхэмжлэгч И ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг  хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхбуян хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  шүүх хуралдааныг 2020 оны 5 сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад Г.Мөнхбуян гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд ирээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас зээлийн гэрээний үүрэгт 37 797 471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

           

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан  авто зогсоол болох Ц.Б ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 417 140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 417 140 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ