Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00535

 

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00535

 

 

 

Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1675 дугаар магадлалтай,

Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 37,797,471.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,797,471.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 37,797,471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот, 17 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоол болох *******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 417,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1675 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 1675 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журамд нийцнэ. Иймд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэснийг анхан шатны шүүх зөрчиж, нэхэмжлэгчийн бус харин түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль бус шийдвэр болжээ. Мөн 2020.05.08-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад болон миний хүсэлтээр оролцох байсан өмгөөлөгч Р.Мэндсайханд шүүхээс мэдэгдэх хуудсаар мэдэгдэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байгаа бөгөөд уг шүүх хуралдаанд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, татгалзлаа гаргаж өгөх ёстой байсан юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана. гэснийг анхан шатны шүүх зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 1675 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

7. Ингүүмэл зоос ББСБ ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,797,471.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

8. Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 37,797,471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот, 17 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоол болох *******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

10. Зохигч 2018.10.24-ний өдөр ИЗ/ЗГ-22 тоот зээлийн гэрээ,  ИЗ/БГ-22 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Ингүүмэл зоос ББСБ ХХК нь 30,000,000 төгрөгийг *******д бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.

 

Гэрээний дагуу Ингүүмэл зоос ББСБ ХХК зээлийн хөрөнгийг дансаар буюу бэлэн бусаар шилжүүлснийг зээлдэгч ******* хүлээн авч, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 12,704,702.24 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

11. Хариуцагч *******аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн... шүүх хуралдааны товыг надад болон миний хүсэлтээр оролцох байсан өмгөөлөгч Р.Мэндсайханд шүүхээс мэдэгдэх хуудсаар мэдэгдэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, татгалзлаа гаргаж өгөх ёстой байсан гэжээ.

 

11.1. Хариуцагч ******* нь 2020.04.24-ний өдөр Г.Мөнхбуянд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд дээрх нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн хариуцагч *******ы өмгөөлөгч Р.Мэндсайхан гэх боловч хэрэгт өмгөөлөгчөөр түүнийг авсан талаарх хүсэлт, гэрээ авагдаагүй болно.

 

11.2. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1675 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 347,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН