Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 298

 

С.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч С.Д-ний өмгөөлөгч А.Батжаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаар магадлалтай, С.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2.6033 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ний  өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн 13 дугаар хуудсанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Аз” буудалд шөнийн 04 цаг 02 минутад 91….... дугаараас Ж.П нь 8 шаргын эсрэг талын буудлын 8 давхарт хүмүүс хар тамхи татаад байна гэх дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байтал мөрдөгч, прокурор нар тухайн мэдээлэл гомдол гаргагчийг олж тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Хэргийн материалд Б.Э гэдэг хүнээс шээсний дээж, мэдүүлэг авсан талаар огт байхгүй. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг санаатай орхигдуулсан үйлдэл болсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж үндэслэл муутай дүгнэжээ. М.М-эс биологийн дээж авсан байна. Гэтэл хэргийн 33, 34 дүгээр хуудсанд М.М-эс хууль бусаар хуулийг ноцтойгоор зөрчин дахин биологийн дээж буюу шээснээс дээж авч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн байна. Энэ хууль бус биологийн дээж авах ажиллагаанд оролцсон Б.Э , тест ашиглаж тэмдэглэл үйлдсэн мөрдөгч дэслэгч Г.Баасанжаргал гэсэн /хх-34/ нотлох баримтыг бүрдүүлжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт тухайн цаг үед огт хэрэгжээгүй байна. Мөн зөвхөн С.Д-г  сэжигтэн, яллагдагчаар татаж, хууль эрх зүйн мэдлэггүй хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлд заасныг зөрчин өмгөөлөгчгүй, эдийн засгийн боломжгүй байдлыг далимдуулан өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Хавтас хэргийн 105 дугаар хуудсанд Ч.Г  50мл, С.Д 27 настай 30мл, Б.Э  70мл, М.М- 60мл ирүүлсэн дээжис шинжилгээнд тэнцэнэ. Хавтас хэргийн 90, 91, 92, 93 дугаар хуудсанд мөрдөгчид Ч.Г , Б.Э , М.М- нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх гурван хүний шээснээс биологийн дээж авахад Ч.Г , Б.Э , М.М- нараас каннабис гэдэг сэтгэцэд нөлөөг бодис илэрсэн байдаг. Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж заасан нь энэ хүмүүс гэрч мөн эсэх ойлголтыг мөрдөгч, прокурор, шүүгч нар сайн нягтлан судлаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б.Э  гэж хаягласан хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй бусад Ч.Г , С.Д , М.М- нарын хаягласан хуванцар савтай шээсэнд ТНС хэсгийн каннабис илэрсэн гэжээ. Энэ нь мөрдөгч нарын авсан тестээс зөрүүтэй гарч байгаа буюу хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. С.Д-ний  үйлдсэн хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Гэтэл бусад 3 хэргийн оролцогч Ч.Г , С.Д , М.М- нарын шээснээс авсан дээж алдаа мадаггүй хууль бусаар, хууль зүйн дагуу авсан гэдэгт өмгөөлөгч миний зүгээс эргэлзээ төрж давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор, шүүх хэрэгжүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоолд гомдол гаргасан болно. Мөн шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай шингэн, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Хуванцар саванд хуйлж хийсэн АК3680833 серийн 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаастай хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэгт дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна гэсэн нь оролцогчид энэ мөнгөн дэвсгэртүүд тугалган цаастай хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг ундааны савыг цоолж ус хийж сорон татсан байдаг бөгөөд нэг юмны урьд хэсэг болох тугалган цаастай ургамал АК3680833 серийн 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс каннабис илэрч, ундааны савны голд байгаа ус, ар хэсэгт байгаа АЛ6308719 серийн 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс каннабис илрэхгүй байгаад эргэлзээ төрүүлж байгаа болно. Шинжээчээс дахин мэдүүлэг авах, дахин шинжээч томилох, мөрдөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1, 2-т тухайн савнаас гарын хээ, ул мөрний хэв аваагүй орхигдуулсан, С.Д-ний  үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хуулийг ноцтой зөрчжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалаас харахад бусад хэргийн оролцогч нарын гэмт үйлдлийг орхигдуулсан, С.Д бусдад хүчээр каннабис авчирч татуулсан мэтээр харагдуулсан байна. С.Д бөөгийн гэрээс 23 цагийн үед гарсан байрны орцноос гартал интернетээр харж байсан нөгөө ургамал орцны хажууд байсан гэдэг тул Дээд шүүхийн тайлбарт заасан “байгаль” биш хот суурин тэр тусмаа байшингийн орц яригдаж байна. Мөн шөнийн 23 цаг болж байсан тул мөн, эсэхэд нь эргэлзэж урьд нь хараагүй, барьж үзээгүй тул сандраад гараараа шударч авсан нь санаатайгаар түүж цуглуулсан, үйлдэл, эс үйлдэл биш гэдгийг бүх хуульчид мэдэж байгаа болно. Прокурор Ж.Энх-Амгалан нь шүүгдэгч С.Д мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан болох нь тогтоогдсон, тэрээр анх зочид буудалд ирэхдээ тухайн бодисыг авч ирсэн гэж мэдүүлдэг юм. Гэтэл Дээд шүүхийн тогтоолд хадгалсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр агуулах сав түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг хэлнэ гэсэн.  Шүүгдэгч С.Д уг өвс гэх зүйлийг өмсөж явсан гадуур хувцасныхаа халаасанд хийгээд мартсан. Биедээ авч яваагүй ба мөн эсэхийг нь мэдэхгүй байсан. Тэнд байсан бүх хүмүүс сонирхоод татаж үзсэн” гэдэг мэдүүлэг нь санаатай хадгалсан үйлдэл эс үйлдэл биш болно. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох саналыг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа юм. Тухайн үед сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүмүүсийг гэрчээр байцаахад “С.Д ууттай өвс гаргаж ирээд яаж хэрэглэхийг зааж өгсөн” гэж мэдүүлдэг. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт “Хэрэглэсэн” гэх утга байхгүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуульд заасан байгаа. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн С.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,6033 грамм “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Аз” зочид буудлын 305 тоот өрөөнд хадгалсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-ний  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Д-д оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

С.Д нь бэлтгэж, хадгалсан сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг өөрөө болон М.М-, Ч.Г , Б.Э  нарт тусгай аргаар татуулж хэрэглүүлэн мансуурч байсан нь хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдэд болон тэдний шээсэнд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна.

Дээрх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамалыг С.Д нь түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Харин уг ургамалыг бэлтгэсэн, хадгалсан энэхүү үйлдэлд санаа зорилго, үйлдлээрээ нэгдээгүй, С.Д-ний  түүж бэлтгэсэн ургамлыг хэрэглэсэн М.М-, Ч.Г , Б.Э  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль ч шинжүүд нь тохирохгүй, ийнхүү хэрэглэхийг хууль тогтоогч эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчлаагүй байх тул эрүүгийн гэмт хэрэгт хамааралгүй этгээдүүдийг дахин шалгах, С.Д-г  тэдэнтэй адил түвшинд үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН