Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 104

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

 Шүүгдэгч С.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Дд холбогдох эрүүгийн 1802005360318 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сарантунгалагийн Дөлгөөн, 1991 оны 3 сарын 10-ны өдөр Улаанбаатар төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, бэр эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 24-27 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УП91031011/

 

Шүүгдэгч С.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2.6033 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисоо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3-р хороо “Аз” зочид буудлын 305 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Дөөс мэдүүлэхдээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  сэтгэл санаагаар унаад пиво уусан. Би амьдралаа шинээр эхлэх гэж байсан, надад найз нөхөд байдаггүй болохоор өмнө нь фэйсбүүкээр таньдаг байсан трансжендер найз Б.Энхтөгс пиво ууя гэхээр нь адилхан зовлон үзсэн хүмүүс нэг нэгнийгээ сайн ойлгох байх гээд ярилцах гэж очсон. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө нь би Дархан хотод очиж таньдаг бөө эгчээрээ засал хийлгэх үедээ орцны хажуу талд нь байсан ургамлыг авах хүсэл байхгүй байсан ч өөрийн саваагүй зангаас болж бага хэмжээний ургамалыг тастаж авч халаасандаа хийгээд мартсан байсан. Намайг Б.Энхтөгстэй буудалд уулзаад пиво ууж байх үед халааснаасаа тамхи гаргах гэтэл газар унасан. Тэгээд хамт байсан хүмүүс надаас юу юм бэ гэж асуухад би тайлбарлаж хэлсэн. Би өөрөө энэ ургамлын талаар сайн мэдэхгүй. Би тэд нарыг татъя гэж уруу татсан зүйл байхгүй, өөрсдөө татах сонирхолтой байсан. Тэгээд пиво ууж байгаад гадаа гарч, тамхи татаад орж ирэхэд цагдаа нар ирсэн байсан..” гэв.

 

Шүүгдэгч С.Дөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-124-127/: “..2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Дархан-Уул аймагт байх нэг бөө эмэгтэй дээр очиж засал хийлгэхээр явсан. Сүүлийн үед ажил үйлс бүтэхгүй засал ном хийдэг хүнд үзүүлэхэд нэг сүнс дагаад байна гэсэн. Тэгээд би тэр өдөр замын машинаар Дархан-Уул аймагт 16-17 цагийн үед очоод бөө гэх хүний гэрийг заалгаж очсон. Орц руу нь орох үед интернетээр харж байсан мансууруулдаг гэх ургамал ургаж хатаад шаралсан байдалтай байсан. Би тэр үед зүгээр анзаарч хараад өнгөрсөн. Заслаа хийлгэчихээд бөөгийн гэрээс 23 цагийн үед гарсан. Би Дархан хотыг мэдэхгүй учир уг бөөгийн гэрийн хаягийг мэдэхгүй байна. Байрных нь орцноос гартал орцных нь хажууд хатсан байсан нөгөө ургамлаар гараараа шудраад тасдаж авсан. Нэг атга хүрэхгүйг гартаа аваад уутанд хийгээд халаасандаа хийсэн. Тэр оройдоо замын унаанд суугаад буцаад Улаанбаатар хотод ирж гэртээ амарсан. Уг уутанд хийсэн жоохон өвс гэх зүйлийг би куртикнийхээ халаасанд хийгээд мартсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд Дархан өмсөж явсан саарал өнгийн куртикээ өмсөөд гарсан. Тухайн үед би сэтгэлээр уначихсан ганцаараа Модны 2 гэх газарт зочид буудалд ороод усанд ороод ганцаараа 1-2 шил пиво уусан. Тэгээд утсаа оролдоод хэвтэж байтал facebook-д Энхтөгс “ярилцаж уух хүн байна уу” гэж бичсэн байхаар нь би чатаар нь ороод “хамт ууя хаана байна” гэж асуугаад байгаа газар нь буюу “Аз” гэх зочид буудалд очсон. Намайг очиход Галсан, Энхтөгс, Мөнх-Эрдэнэ гэх залуучууд байсан. Би 2 том Сэнгүр нэртэй пиво авч очсон бөгөөд ууж байгаад тамхи татах гээд тамхиа халааснаасаа гаргатал нөгөө мартсан байсан өвч халааснаас унасан. Тэгээд уг өвсийг хараад хэрэглэж үзэх санаа төрсөн. Ингээд хэрэглэж үзэх гээд урьд нь интернет зурагтаар харж байсан аргаар нэг ундааны сав цоолоод, мөнгө хуйлаад, тугалган цаас бэлдсэн. Тэгээд хэрэглэх гэсэн чинь буруу хийсэн юмуу яасан юм татаж болоогүй. Тэр зүйлээс Галсан, Мөнх-Эрдэнэ бид 3 сорсон. Энхтөгс сорох гэсэн сорогдохгүй болохгүй байсан. Тэгээд би наадах чинь болохгүй юм байна, наадахыг чинь хаячихъя гэж хэлсэн. Би тэр 3-т уг өвсний талаар хэлэхдээ Дархан явахдаа жоохныг авчихсан юм гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-90/ “..Дөлгөөн гаднаас ирэхдээ 3 шил пиво, нэг хайрцаг тамхи аваад ирсэн. Ингээд бид нар пиво уугаад юм яриад сууж байсан чинь Дөлгөөн надад өвс байна татаж үзэх үү гээд бид гурваас асуусан. Тэгэхээр нь тухайн үед нэг их зүйл бодолгүй татаж үзье гэж хэлсэн. Ингээд Дөлгөөн гээд залуу ундааны савыг дээр доор нь хоёр удаа цоолоод 20 төгрөгийн дэвсгэрт ундааны саваа цоолж байгаад хуйлж хийгээд тугалган цаасан дотроо арц ч юм уу, ганга ч юм уу ногоон өнгийн өвс хийгээд дээрээс нь асаагуураар асаагаад саван дотор байх утааг нь бид 4 сорж үзсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Галсангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-92/ “..Дөлгөөн гэгч өвс татах уу гэж хэлсэн. Бид гурав өвс гэж юу юм бэ, газрын ногоон өвс үү гэж асуусан. Тэгсэн чинь өөр өвс гэж хэлэхээр нь бид гурав мэдэхгүй гэж хэлсэн. Дөлгөөн гэгч цүнхэн дотроос 10-ын ууттай өвс гаргаж ирсэн. Бид нар газар ургадаг өвс юм уу гэж шоолоод өнгөрөөсөн. Дөлгөөн пепсиний сав байна уу гэж асуухаар хогийн савны хажуу талд байгаа гэсэн чинь савыг аваад 2 удаа цоолж цоолсны дараа надад ус хийгээд ир карманаасаа 20 төгрөгний дэвсгэрт гаргаж ирээд мөнгөн дэвсгэртийг эргүүлээд бөөрөнхийлөөд савны хамгийн доод талын цоолсон нүхэнд нь хийж ширээн дээр тавьсан. Кармайнаасаа ухаж мөнгөлөг цаас гаргаж ирээд дахиж бөөрөнхийлж 20 төгрөгний дэвсгэртийг дээр нь тавьж өвсөө гаргаж ирээд бөөрөнхийлсөн цаасанд өвсөө хийж шүдэнзээр өвсөө шатаагаад Дөлгөөн нь өөрөө сорж тэгээд бид гуравт сорж үзэх үү гэхээр нь бид гурав тус тус 2 удаа сорсон..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-92/ “..Дөлгөөн тугалган цаастай зүйл гаргаж ирсэн. Бид 3 юу болох талаар асуутал Дарханд байдаг өвс байгаа юм. Хэрэглэхээр гоё болдог юм гэж хэлээд өдөр ууж байсан ундааны хуванцар савыг цоолоод тугалган цаасандаа өвснөөсөө хийгээд байх шиг байсан. Тэгээд өөрөө галаар асаагаад өөрөө хэд хэд сороод хажуудаа сууж байсан Галсан, Мөнх-Эрдэнэ нарт соруулсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Энх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-87-88/ “..305 тоот хаалгыг тогшиж нилээн удаж байгаад онгойлгосон. Дотор нь ороход өрөөндөө эмэгтэй хувцас өмссөн эмэгтэй хиймэл үс зүүсэн эрэгтэй хүн сууж байсан. Цагдаа тэр эрэгтэй хүн та нар хэдүүлээ гэж асуухад манай 2 найз 00-д байгаа гэж хэлсэн. 00-оос 2 хүнийг дуудчихаад гарч ирсэн ба манай 2 найз 00-д байгаа гэж хэлсэн. 00-оос 2 хүнийг дуудахад гарч ирсэн ба тухайн үед тэр хоёр эмэгтэй хувцас өмссөн нэг нь хиймэл эмэгтэй урт үс зүүсэн. Нөгөөх нь үс байхгүй байсан ба 00-д угаалтуур дээр хиймэл үс байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ганжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-103/ “..шөнө Хайрхан 10 буюу жижүүрээс 04 цаг 02 минутанд найман шаргын эсрэг талын “Аз” зочид буудлын 3 давхарт хүмүүс хар тамхи татаад байна гэж дуудлагыг 91210040 гэсэн дугаараас өглөө гэсний дагуу “Аз” зочид буудлын 305 тоот очиж шалгаад ресепшинээр уг өрөөг онгойлгуулж орсон..намайг ороход 2 ортой өрөөний буйдан дээр нэг эрэгтэй хүн сууж байсан бөгөөд өөр хүн байна уу гэж уг хүнээс асуухад 2 хүн 00 өрөөнд байгаа гэсэн. Би 00 өрөөг онгойлгоход цоожтой байхаар нь нүдэхэд онгойлгосон. 2 залуу хиймэл урт үс зүүсэн зогсож байсан...цонхны тавцан дээр хар тамхи мансууруулах бодис байж болзошгүй өвс, ёроолыг нь цоолсон сав зэрэг эд зүйл байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-8-12/ “..Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөрчдийн гудамжны 3 тоот хаягтай “Аз” зочид буудал гэсэн хаягтай 5 давхар шар өнгийн ертөнцийн зүгээр урагш харсан барилга байх ба уг барилгын 3 дугаар давхарын 305 тоот хаягтай шар өнгийн модон хаалгатай өрөө байв..тус ширээний дээд талд хүрэн өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, тунгалаг хуванцар сав 1 ширхэг, тамхины иш бүхий хайрцаг, 2 ширхэг аягатай цай, өвс мэт зүйл, задалж тавьсан хатаасан шаргал төмс зэрэг байх ба ямар нэгэн бичиггүй тунгалаг хуванцар савны доод хэсэгт гуурс мэт зүйлийг зориудаар залгаж, нөгөө талын үзүүрт мөнгөлөг өнгийн тунгалаг цаасыг хэлбэр оруулан холбосон байх тул уг савыг болон түүний хажууд байх мөнгөлөг өнгийн тунгалаг цаасанд боосон өвс мэт ургамалын гаралтай зүйлийг хураан авав” гэсэн тэмдэглэл,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл “..М.Мөнх-Эрдэнийн...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ Каннабис гэж зааж байв.

Ч.Галсангийн ..ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ Каннабис гэж зааж байв гэсэн тэмдэглэл,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл “...С.Дий....ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ Каннабис гэж зааж байв” гэсэн тэмдэглэл /хх-31/

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл “...Б.Энхтөсгийн....ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ Каннабис гэж зааж байв” гэсэн тэмдэглэл /хх-34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12153 тоот дүгнэлтэнд /хх-106-108/ “...шинжилгээнд ирүүлсэн “Чантуу Галсан” гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээс, "Балжинням Энхтөгс" гэж хаягласан хуванцар савтай 70 мл орчим шээс, "Сарантунгалаг Дөлгөөн 27 настай эр" гэж хаягласан хуванцар савтай 30 мл орчим шээс, “Мөнгөнцэцэг Мөнх-Эрдэнэ” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээсийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ..Балжинням Энхтөгс гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “Чантуу Галсан” гэж хаягласан хуванцар савтай шээс, Сарантунгалаг Дөлгөөн 27 настай эр” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Мөнгөнцэцэг Мөнх-Эрдэнэ” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрч байна. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12167 тоот дүгнэлтэнд /хх-110-111 “..шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай шингэн, AL 6308719 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. Хуванцар саванд хуйлж хийсэн АК3680833 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаастай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, хэлбэр оруулсан тугалган цаас зэрэгт делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно" гэсэн дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-нд Дархан-Уул аймагт очихдоо мансууруулдаг гэх ургамал ургаж, хатаад шаралсан байдалтай байсныг нь түүж бэлтгэн, өөрийн биед хадгалаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах “Аз” зочид буудалд уг түүж бэлтгэн, хадгалаж байсан өвсөө ундааны сав цоолж мөнгө хуйлан, тугалган цаас бэлтгэн татаж хэргэлэсэн, мөн хамт байсан М.Мөнх-Эрдэнэ, Ч.Галсан, Б.Энхтөгс нарт татуулсан байна.

Шүүгдэгч С.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ уг өвсийг түүж бэлтгэн хадгалсан талаар маргаагүй боловч санамсаргүйгээр түүж бэлтгэсэн, санамсаргүйгээр биедээ хадгалсан, санамсаргүйгээр татаж мөн бусдад татуулсан, татсан боловч болохгүй байсан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч интернетээр судлаж уг өвсийг таньж, түүж бэлтгэж хадгалж түүгээр ч барахгүй хэрхэн яаж юугаар татахыг мэдэж тугалган цаас, хуванцар сав, мөнгөн дэвсгэрт зэргийг ашиглаж татаж бусдыг уруу татсан байна. Энэ нь санамсар болгоомжгүй үйлдэл биш санаатай үйлдэл бөгөөд тэрээр бусдад зарж борлуулах зорилготой байсан гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

 

Шүүгдэгч С.Д хамт хэргэлсэн гэрч М.Мөнх-Эрдэнэ, Ч.Галсан, Б.Энхтөгс нараас Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад каннабис илэрсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр С.Д шүүгдэгч гэрч М.Мөнх-Эрдэнэ, Б.Энхтөгс нарын шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрсэн, эд мөрийн баримтаар хураан авсан хуванцар саванд хуйлж хийсэн АК3680833 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаастай 2.6033 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, хэлбэр оруулсан тугалган цаас зэрэгт делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн бөгөөд Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг болохыг тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч С.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2.6033 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисоо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3-р хороо “Аз” зочид буудлын 305 тоот өрөөнд хадгалсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Дд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хрих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Сэнгүр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн тагтай 1.5 литрийн хэмжээтэй тунгалаг хуванцар сав, тугалган цаасанд боосон 2.3537 грамм ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, АК3680833 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АЛ6308719 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сарантунгалагийн Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Сэнгүр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн тагтай 1.5 литрийн хэмжээтэй тунгалаг хуванцар сав, тугалган цаасанд боосон 2.3537 грамм ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, АК3680833 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АЛ6308719 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР