Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 336

 

С.Д-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор С.Д-д холбогдох эрүүгийн 1802005360318 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн С.Д-, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            С.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,6033 гр жинтэй “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисоо 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз” зочид буудлын 305 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Д-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Д- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Сэнгүр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1,5 литрийн хэмжээтэй тунгалаг хуванцар сав, тугалган цаасанд боосон 2,3537 гр ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, АК3680833 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АЛ6308719 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлж, С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн Ж.Пүрэвсүх гэх хүнийг олж тогтоож чадаагүй. Тухайн үед зочид буудлын өрөөнд С.Д-тэй хамт байсан этгээдүүдээс шээсний дээж авч шинжлэхэд бүгд “каннабис” гэх бодисыг хэрэглэсэн гэсэн үр дүн гарсан. Дараа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шээсний дээжийг дахин шинжлэхэд Б.Энхтөгсийн шээснээс “каннабис” гэх бодис илрээгүй гэсэн дүгнэлт гарсан нь эргэлзээ бүхий байхад дахин шинжилгээ хийгээгүй. Мөн дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан АЛ6308719 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээс “каннабис” гэх бодис илрээгүй гэж тусгасан байгаа. Түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртүүд, хуванцар савтай зүйлээс гарын хээ, арчдас аваагүй. Шүүгдэгч С.Д-ийг хууль зүйн мэдлэггүйг мэдсээр байж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолд “мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан бэлэн бүтээгдэхүүн түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг хэлнэ гэжээ. Шүүгдэгч С.Д- “...бөөд өөрийн заслаа хийлгээд 23 цагийн үед байрны орцноос гартал интернетээр харж байсан нөгөө ургамал орцны хажууд хатсан байсан. Гараараа шударч аваад уутанд хийгээд халаасандаа хийсэн...” гэж мэдүүлдэг. Үүнээс үзвэл санаатайгаар бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэл алга. Шөнийн 23 цагт хүний харааны чадвар хэдэн хувь болтол буурдагийг ойлгоогүй байна. Түүнчлэн уг тогтоолд “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр агуулах сав, тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ гэжээ. Шүүгдэгч С.Д- “...тэр оройдоо замын унаанд суугаад Улаанбаатар хотод ирж амарсан. Уг өвс гэх зүйлээ би куртикнийхээ халаасанд хийгээд мартсан. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр буудалд очоод тамхи татах гэж байхад нөгөө өвс халааснаас унасан...” гэдэг. Үүнээс үзвэл санаатайгаар биедээ болон орон байранд хадгалаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Д- мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тэрээр анх зочид буудалд ирэхдээ тухайн бодисыг авч ирсэн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь түүнтэй хамт байсан гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Энхтөгсийн шээсний дээжийг дахин шинжлэхэд “каннабис” гэх бодис илрээгүй нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна гэж тайлбарлалаа. Гэвч уг асуудал нь С.Д-ий хэргийг шийдвэрлэхэд саад болох үндэслэл биш юм. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэрт, хуванцар савтай зүйлээс гарын хээ, арчдас авах зэрэг нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд заавал хийгдэх ажиллагаа биш гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            С.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисоо 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз” зочид буудлын 305 тоот өрөөнд хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            С.Д- мөрдөн байцаалтын явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр би Дархан-Уул аймагт байх нэг бөө эмэгтэй дээр очиж засал хийлгэхээр явсан... орц руу нь орох үед интернэтээр харж байсан мансууруулдаг гэх ургамал ургасан байдалтай байхаар нь ... гараараа тасдаж авсан. Нэг атга хүрэхгүйг уутанд хийж халаасандаа хийсэн. Тэр оройдоо буцаад Улаанбаатар хотод ирсэн... 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Галсан, Энхтөгс, Мөнх-Эрдэнэ нартай “Аз” гэх зочид буудалд орж пиво уусан... тамхиа халааснаас гаргатал нөгөө өвс унасан. Тэгээд уг өвсийг хэрэглэх санаа төрж ... интернэтээс харж байсан аргаараа бид хэд хэрэглэсэн... би тэр гуравт уг өвсийг Дархан явахдаа жаахныг авчихсан юм гэж хэлсэн...” /1хх-ийн 124-127/ гэж тухайн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            гэрч М.Мөнх-Эрдэнийн “...Д- надад “өвс байна татаж үзэх үү” гэхээр нь бид гурав үзэхээр шийдсэн. Д- ундааны савыг 2 удаа цоолоод 20-тын дэвсгэрт хийгээд тугалган цаасанд өвсөө хийж асаасан...” /1хх-ийн 90/ гэх,

            гэрч Ч.Галсангийн “...Д- “өвс татах уу” гээд ... ундааны сав цоолж бэлтгээд ... өгөхөөр нь бид гурав тус тус 2 удаа сорсон...” /1хх-ийн 91/ гэх,

            гэрч Б.Энхтөгсийн “...Д- тулгалган цаастай зүйл гаргаж ирээд “өвс байгаа юм, хэрэглэхээр гоё болдог” гэж хэлээд ундааны сав цоолж бэлтгээд ... соруулсан...” /1хх-ийн 92/ гэх мэдүүлгүүд,

            2018 оны 11 дүгээр сарын 7-ны шөнө 04 цаг 20 минутын үед “Аз” зочид буудлын 3 давхарт хүмүүс хар тамхи татаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан цагдаагийн ажилтан гэрч Э.Энх-Эрдэнэ, Ц.Ганжаргал нарын мэдүүлгүүд /1хх-ийн 87-88, 103/,

            хэргийн газарт үзлэг явуулж “өвс” мэт зүйл, түүнийг хэрэглэхэд ашигласан мөнгөн дэвсгэртүүд, хуванцар сав зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 8-12/, эдгээр эд зүйлс болон С.Д-, М.Мөнх-Эрдэнэ, Ч.Галсан нарын биеэс авсан биологийн дээжинд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 12153, 12167 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 106-111/, тухайн ургамлын тархац, байршил, ургах орчны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /1хх-ийн 48-69/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Харин шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргалын давж заалдах гомдолд дурьдсан “...цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн Ж.Пүрэвсүх гэх хүнийг олж тогтоогоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртүүд, хуванцар савтай зүйлээс гарын хээ, арчдас аваагүй, шинжээчийн дүгнэлтээр Б.Энхтөгсийн шээснээс “каннабис” гэх бодис илрээгүй...” зэрэг асуудал нь С.Д-ий үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзсэн болно.

            Анхан шатны шүүх дээр дурьдсан нотлох баримтуудыг үндэслэн С.Д-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс С.Д-ий гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан маргасан шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ий өмгөөлөгч А.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

         

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                      ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН