Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1675

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37 797 471.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдүүлэгч “И ББСБ” ХХК болон зээлдэгч Ц.Б- нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай ЗГ-22 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг мөнгийг зээлдэгч Ц.Б-ы зээлийн дансанд мөн өдрөө шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот хаягт байршилтай 17 мкв талбайтай авто зогсоолыг, Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалж, ИЗ/БГ-22 тоот барьцааны гэрээг 2018 оны 10 дугаар сарын 24-ний тус тус байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулсан бөгөөд гэрээ болон хуульд зааснаар хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Дээрх хугацаанд зээлдэгч Ц.Б- нь үндсэн зээлийн төлбөрт 1 918.45 төгрөг, хүүнд 11 066 614.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 636 169.31 төгрөг, нийт 12 704 702.24 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Ц.Б- нь зээлийн гэрээний хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 29 998 081.55 төгрөг, зээлийн хүү 7 019 275.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 780 114.52 төгрөг, нийт 37 797 471.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбээс барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 37 797 471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот, 17 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоол болох Ц.Б-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 417 140 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ц.Б- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангаагүй хууль зөрчсөн шийдвэр болсон. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад болон миний хүсэлтээр оролцох байсан өмгөөлөгч Р.Мэндсайханд шүүхээс мэдэгдэх хуудсаар мэдэгдэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Уг шүүх хуралдаанд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, татгалзлаа гаргаж өгөх ёстой байсан. Шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг хүсэлтийг гаргаагүй байхад түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 37 797 471.40 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу буцаан төлөхөөр, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот, 17 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалжээ. /хх6-15/ Талууд гэрээ байгуулагдсан, зээлдэгч зээлийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Зээлдэгч Ц.Б- нь зээлдүүлэгч “И ББСБ” ХХК-аас 30 000 000 төгрөгийг түүний зээлийн дансаар шилжүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 12 704 702.24 төгрөг төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгэж, маргаагүй, зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн нь тогтоогджээ. /хх19/

 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан, хариуцагч Ц.Б- нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ц.Б-д нэхэмжлэлийн хувийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, мөн өдөр эрх, үүрэг тайлбарласныг баталгаажуулж гарын үсгээ зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн эсхүл хүлээн зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа шүүхэд 14 хоногийн дотор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар ирүүлээгүй байна.

 

            Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Ц.Б-аас үндсэн зээл 29 998 081.55 төгрөг, зээлийн хүү 7 019 275.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 780 114.52 төгрөг, нийт 37 797 471.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

           

Түүнчлэн, хариуцагч Ц.Б- нь зээлийн гэрээний дагуу 37 797 471.37 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/1 байр Б1 давхарт 7 тоот, 17 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 204 байр Б1 давхарт 12 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийн дагуу товлогдсон 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт хийхээр товлосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ. /хх43/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журамд нийцнэ. Иймд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ