Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 412

 

 П.З-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй

дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.Минжинсүрэнд холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0346 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0465 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нар,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0346 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.Минжинсүрэнд холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0465 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн үндэслэл нь нэгд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар аваагүй, дүгнэлт хийгээгүй, хоёрт. үндэслэл болгосон гэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл нь үгүйсгэгдсэн гэсэн байна.

4. Нэхэмжлэгч нь анх 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.Минжинсүрэнд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

5. Гуравдагч этгээдийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тухайн бүрт нь гардаж авч, бичгээр тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн хувьд ч мөн адил тухай бүрт нь гардан авч, гарын үсэг зурсан баримтууд байдаг, тэр дундаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авлаа гэсэн гарын үсэгтэй баримт нь хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан байна.

6. Ийнхүү нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нь гардан авсан бөгөөд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаагийн зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагч хариу тайлбараа 14 хоногийн дотор гаргах талаар зааснаас биш, шүүхэд энэ талаар үүрэг байхгүй.

7. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй талаар дурдсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шаардлагатай дүгнэлтийг хийсний зэрэгцээ нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай болон иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг агуулгаар тодорхойлсон тул шаардагдах нотлох баримтыг цуглуулаагүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэг нь үгүйсгэгдсэн гэж дүгнэхдээ давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээж, улмаар уг сэргээсэн захирамжаа хүчингүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, нэг ёсондоо 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

9. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд энэ үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-т “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байсны зэрэгцээ нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан ч гэж хэлээгүй байхад анхан шатны шүүх ирээдүйд сэргээгдэх эсэхийг нь харж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

10. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш болсон үйл явдлыг үндэслэл болгон ийнхүү шийдвэрлэж байгааг хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.

11. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргахаар заасан үндэслэл бүрдээгүй. Харин 131 дүгээр зүйлд заасан үндэслэл байж болохоор байхад ийнхүү шийдвэрлэж байгаа нь мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

12. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0465 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

14. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах хашааны газрын 134 м.кв газрыг иргэн Г.М-д давхцуулан эзэмшүүлсэн нь “... Газрын тухай хуулийн 31.1-т заасныг зөрчсөн...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргажээ.

15. Нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч, гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч “уг маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны А/662 дугаар захирамжийг гаргаж газрын давхцлыг арилгасан” гэж маргажээ.

16. Хариуцагчийн уг тайлбарын дараагаар нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй” гэж тодорхойлсон байна.

17. Шүүх, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч, гуравдагч этгээд нарт гардуулсан боловч хариу тайлбар аваагүй, тайлбар өгөхийг шаардаагүй, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тогтооход зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр уг маргааныг хянан шийдвэрлэжээ.

18. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Г.М-д маргаан бүхий газарт 134 м.кв газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамж нь түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийн үндэслэл болсон, уг шийдвэрээр маргаан бүхий газарт 300 м.кв газрыг П.Зад эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг болон П.Зын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан мөн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг Г.Минжинсүрэнгийн газартай “давхцаж” буй хэсгээр хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/662 дугаар захирамжийг гаргасан, уг захирамжаар шийдвэрлэсэн байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн агуулгаас зөрүүтэй байна.

19. Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гаргасан шинэ актын талаар маргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

20. Үүний зэрэгцээ анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.3.4-т заасанд нийцсэн тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...тайлбарыг бичгээр ирүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой хэмжээний зөрчил биш,... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шаардлагатай дүгнэлтийг хийсэн, нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байдлаас шаардагдах нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

21. Харин давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүйн зэрэгцээ маргааны үйл баримтад хамааралгүй баримт болох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2018/4455 дугаар захирамж, уг захирамжийг хянаж гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол зэргийг дурдаж, “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн, “...шаардлагатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Г.М-гийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой” гэсэн чиглэл заавар өгсөн, үүгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 121.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамааралгүй асуудлаар, өөрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

22. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй ч анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснээс хэргийн нөхцөл байдал тодорхой биш байхад хяналтын шатны шүүх маргааны үйл баримтыг холбогдох хуульд нийцүүлэн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц-ын “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0465 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ