Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

       Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ө-ын Б-эд  холбогдох эрүүгийн 1735002220003 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 01-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ81112838, Б овгийн Ө-ын Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Ө.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

                  Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

                хохирогч Т.П-ын: “ Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай. Би энэ ажлыг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хийж байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой би ажил дээрээ байж байгаад 19:00 цагийн орчимд гэртээ харих гээд ажлаасаа гарсан. Тухайн үед би өөрийн /29-42 УВХ улсын дугаартай / автомашинтайгаа явж байсан бөгөөд Улаангом сумын 1 дүгээр багт байдаг “Чандмань” дэлгүүрийн гадна очиж зогсоод дэлгүүр орох гээд машинаасаа буухад манай багийн иргэн Б дэлгүүрийн гадна эхнэр Уянгын хамт зогсож байснаа намайг харчихаад над руу инээгээд хүрээд ирсэн. Тухайн үед Б нь архи уусан байдалтай, согтуу байсан бөгөөн надад “Чи муу төрийн албан хаагчийг хүнсний талонд оруулчихаад яагаад намайг оруулдаггүй юм” гэж надаас асуухаар нь би “Түүнийг чинь би мэдэхгүй, халамжийн газраас судалгаа хийгээд, судалгааны дүнгээр олгож байгаа юм” гэж хэлсэн. Энэ үед У Б бид 2-ын хажууд ирэхэд Б эхнэртээ хандаж “Чи цаанаа байж бай. Би энэ хүнтэй ярих юм байна” гэж хэлээд эхнэрээ цааш нь явуулсан. Би Б ахыг надаас юм асуух гэж байгаа юм байна гэж бодоод зогсож байтал Б “Чи муу пизда” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “Маргааш өглөө эрүүл болохоор чинь уулзъя” гэж хэлээд зогсож байтал У ирээд Б-ийг дагуулаад цааш эргээд явсан. Тэгээд би машиндаа суугаад шууд гэр лүүгээ явсан. Би гэртээ очиход манай эхнэр О надаас “Чи наад нүүрээ яачихсан юм бэ” гэж асуухаар нь би “Б намайг хүнсний талонд оруулсангүй гээд цохилоо” гэж хэлсэн. Би гэр интернетийн модемийг ажил дээрээ мартсан байсан учраас түүнийг  авахаар буцаад ажил руугаа явсан. Тухайн үед би мөн л өөрийнхөө машиныг жолоодоод ганцаараа явсан. Би ажил дээрээ очоод гэр интернетийн модемийг аваад буцаад ажлаасаа гарч ирээд машиндаа суух гэж байтал Б ганцаараа морь уначихсан хүрч ирсэн. Тэгээд би машиндаа суух гэтэл Б “Чи наанаа зогсож бай” гэж хэлэхээр нь Б-ийг хүлээгээд зогсож байтал Б нь мориноосоо буух гэж байгаад газарт унасан. Тэгэхээр нь би  Б-ийн дэргэд очоод морийг нь барьж аваад, өөрийг өргөж босгосон. Гэтэл  Б “Чамайг хүн зоддог гэж сонссон, чи намайг зодчих” гэж хэлээд миний хамар, нүүрний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед миний хамар, зүүн хацарны хэсэг шалбарч, хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би “Таныг эрүүл болохоор чинь маргааш уулзъя” гэж хэлчихээд машиндаа суугаад, машинаа асаагаад явсан. Тэгтэл Б нь машины зүүн талаар тойрч явж байгаад миний машины зүүн урд талын хаалганы шилийг гараараа цохиод цөмөлж, хагалсан. Тэгэхээр нь би машинаас буугаад “Та яаж байгаа юм бэ, машины цонх хагалчихлаа ш дээ” гэж хэлэхэд Б “Чи өөрөө намайг зогсож байтал мөргөөд хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б ахаас “Та намайг цохиж, машины шил хагалсан буруугаа хүлээж байна уу” гэж асуухад Б “Би чамайг зодоогүй. Чи өөрөө намайг мөргөөд машиныхаа шилийг хагалсан. Чи өөрийгөө зодсон” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б нь архи уучихсан, согтуу байсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний хувьд Б-ийг цохиж, зодсон зүйл байхгүй. Б миний автомашины шил хагалсан төлбөр болох 80.000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин миний эрүүл мэндэд учирсан хохиролд ямар нэгэн төлбөр төлж барагдуулаагүй байна. Би эмчилгээний зардалд Б-ээс 300.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

               хохирогч Т.П-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Б миний машины шилийг шинээр сольж өгсөн. Бас миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

                  гэрч Б.А-гийн “Би Увс аймгийн Улаангом сумын харъяат П, Б нарыг нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс гэдгээр нь танина. П нь Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг дарга, Б нь Улаангом сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч юм. П, Б бид нарын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Бас бид нарын дунд өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн орчимд би гэртээ харих гээд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт явж байтал манай багийн Засаг дарга П-ын машин зогсож байсан. Тэгэхээр нь би П-тай уулзъя гэж бодоод машинаа зогсооход П-ын нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Би П-аас юу болсон тухай асуухад “Б намайг хүнсний талонд оруулж өгөөгүй гэж хэлээд зодлоо. Бас миний машины шилийг гараараа цохиод хагалчихсан” гэж хэлсэн. Тухайн үед П-ын нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан бөгөөд машиных нь зүүн урд талын хаалганы шил хагарсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой П архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Б нь архи уучихсан, согтуу байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

                  гэрч Н.О-ын “ 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19:00 цагийн орчимд би гэртээ байж байтал нөхөр П гаднаас ганцаараа орж ирсэн бөгөөд П-ын зүүн талын хацар нь шалбарсан шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байсан. Би П-аас юу болсон талаар асуухад “Б гэдэг хүн хүнсний талонд оруулж өгсөнгүй гэж хэлээд намайг цохиж, зодлоо” гэж хэлсэн. П гэрт орж ирчихээд “Би гэр интернетээ ажил дээрээ мартсан байна. Ажил руугаа очоод гэр интернетээ аваад ирье” гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд П гарч яваад ирэхгүй болохоор нь би П-ын 99691637 дугаарын утас руу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь би П-ын араас гараад Улаангом сумын 1 дүгээр багийн 1 дүгээр буудал дээр очиход П-ын машины хажууд Б гэдэг хүн зогсож байсан. Тэгэхээр нь би Б-ээс “Та яагаад хүн цохиод байгаа юм” гэж асуухад Б “Би зодоогүй ш дээ. Өөрөө өөрийгөө зодсон юм байлгүй” гэж хэлсэн. П-ын зүүн хацарнаас нь гадна хамарны хэсэг нь шалбарсан шархтай, шархнаас нь цус гарч байсан. Бас П-ын эзэмшлийн 29-42 УВХ улсын дугаартай “Шевролет криуз” маркийн автомашины зүүн урд талын хаалганы шил хагарсан байсан. Би П-аас юу болсон талаар асуухад “Б намайг дахиад цохиж, зодлоо. Б нь хүнсний талонд оруулсангүй гэж хэлээд намайг зодоод, миний машины шилийг гараараа цохиод хагалчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед П-ын нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Зодоон болох үед би П, Б нартай хамт байгаагүй учраас яг юу болсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой миний нөхөр П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Б нь архи уучихсан, согтуу байсан. П, Б нар өмнө нь хоорондоо маргалдаж, зодолдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

                  шүүгдэгч Ө.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Би П-ыг Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг дарга гэдгээр нь маш сайн таньдаг байсан. Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт өөрийн эхнэр Уянга, охин Аззаяа /13 настай/, охин Б /9 настай/, хүү Х /4 настай/, хүү Х /3 настай/ нарын хамт амьдардаг. Манай эхнэр У бид 2 эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хавар, зун, намрын улиралд хувиараа ногоо тарьдаг. Мөн би 2016 оны 10 дугаар сард Улаангом сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон. Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч ямар нэгэн цалин, хөлс авдаггүй юм. Эхнэр бид 2 эрхэлсэн тодорхой ажилгүй тул манайх амжиргааны түвшин харьцангуй бага хэрэглээтэй түвшинд хамаардаг. Манай эхнэрийн бие өвддөг, умайн шархлаатай тул хагалгаанд орсон, саяхан эмчид үзүүлэхэд шарх нь задарсан байна, 2 кг-аас дээш жинтэй зүйл өргөж болохгүй гэж хэлсэн, би энэ талаар бодож санаа зовж сэтгэлээр унасан байсан. Тэр өдөр 16:00 цагийн орчимд би үхрээ услахаар явж байхдаа дэлгүүрээс “Боргио” нэртэй пиво 2 ширхэгийг авч, ногооны талбай дотор үхрээ усалж байхдаа авсан пивоо ганцаараа бүгдийг нь уусан. Би пиво ууж байхдаа согтож, ухаанаа алдсан байсан бөгөөд тэрнээс хойш болсон үйл явдлыг огт санахгүй байна. Би нэг ухаан ороход Улаангом сумын 1 дүгээр багийн 1 дүгээр буудал дээр багийн дарга П-ын хамт зогсож байсан бөгөөд манай эхнэр Уянга бас ирчихсэн байсан. Тухайн үед П-ын нүүр нь нилэнхүйдээ цус болсон, машиных нь зүүн урд талын хаалганы шил хагарсан байсан. Намайг ухаан орох үед манай эхнэр Уянга “Чи багийн дарга П-ыг зодоод, машиных нь шилийг хагалчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би П-аас уучлалт гуйгаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Би архи ууж, согтсон үедээ хүн цохиж, зодсондоо маш их харамсаж байна. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ сайн ойлгож, ухамсарлаж байна. Би 80.000 төгрөгөөр машины шил авч, П-ын машины шилийг хийж өгсөн. Бас П-ын эмчилгээний зардалд бэлэн 150.000 төгрөг өгсөн. Би архи ууж, ухаанаа алдсан үедээ хүн цохиж, зодсоноо маш их харамсаж байна. Миний амьдрал байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Автомашины хаалганы шил үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 26/,

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №25 дугаартай: “Үзүүлэгч Т.П-ын биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, таславчны муруйлт, үүдэн шүдний гэмтэл, нүүрний зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Урьд бэртэл гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Ө.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.П-ын  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                

                 Шүүгдэгч Ө.Б нь хохирогч Т.П-ын эмчилгээний зардалд 150000 төгрөг төлсөн талаараа мэдүүлсэн ба  хохирогч нь шүүгдэгч Ө.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, мөн энэ талаар тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  2. Шүүгдэгч Ө.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Ө.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгч Ө.Б-ийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Г.У-ын “Б бид 2 одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд анх гэр бүл болж байсан. Манайх одоо 4 хүүхэдтэй, том охин Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид, дараагийн охин 3 дугаар ангид суралцаг, дараагийн хүү  4 настай, бага хүү 2 настай. Б бид 2-ын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хавар, зун, намрын улиралд хувиараа хүнсний ногоо тариалж, амьдрал, ахуйгаа залгуулдаг. Бусад үед нь тарьсан ногоогоо хүмүүсд худалдаалдаг. Манайх хувьдаа 1 га талбайтай бөгөөд тэр талбайдаа төмс, лууван, байцаа, манжин зэрэг хүнсний ногоо тарьдаг юм. Миний нөхөр Б нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хүнд тусархаг, хүнтэй маргаж, муудалцаад байдаггүй зантай. Б нь хааяа баяр ёслолын үеэр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи огт татдаггүй юм. Б өмнө нь архи уусан үедээ хүнтэй маргаж муудалцаж, агсам согтуу тавьж, маргаан зодоон хийж байсан удаа байхгүй. Б-эд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б гэр бүлдээ анхаарал халамж маш сайн тавьдаг бөгөөд гэр бүлийнхээ амьдрал ахуйг залгуулахаас гадна өөрийн төрсөн ээж Отгон /67 настай/-ыг асардаг. Хүнсний ногоо тариалж, худалдаалдаг учраас манай амьдрал ахуй болоод байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,  

                  гэрч М.Х-гийн “ Б бид 2 найз нөхдийн холбоотой, бид 2 багаасаа нэг баг, нэг хороололд өссөн багын найзууд юм. Б нь одоо эхнэр, 4 хүүхдийнхээ хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт амьдардаг. Миний найз Б, У нар эрхэлсэн одоогоор тодорхой ажилгүй гэртээ байдаг бөгөөд хавар, зун, намрын улиралд хувиараа ногоо тарьж амьдрал, ахуйгаа залгуулдаг. Б нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хүнд тусархаг зантай, хааяа баяр ёслолын үеэр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи огт татдаггүй юм. Би Б-ийг согтотлоо архи уусан байхыг нь огт харж байгаагүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Бийн ээж нь 70 орчим настай эмгэн байдаг бөгөөд Б өөрийнхөө амьдарал ахуйг залгуулахаас гаднаа ээжийгээ бас асардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 16/  зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

                  Шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багт эхнэр, 2-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшин харьцангуй бага хэрэглээтэй түвшний өрх буюу өрхийн оноо 359.51-д үнэлэгдсэн болох нь Улаангом сумын 1-р багийн засаг дарга Т.П-ын тодорхойлолт, Өрхийн амьжиргааны түвшин үнэлсэн ӨМССудалгааны мэргэжилтэн Ц.Б, ХХҮГ-ын халамжийн хэлтсийн дарга Д.Н нарын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон байна.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ө.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                    

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                  1. Шүүгдэгч Б овгийн Ө-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН