Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 47

 

М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав

нарт холбогдох эрүүгийн хэргийн

 тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол,

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, 201620000295 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Тэрбишийн өмгөөлөгч С.Ганхөлөгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Шангас овогт Мөнхийн Тэрбиш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм хэрэглэж хулгайлах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тугтан овогт Баяраагийн Жаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм хэрэглэж хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Борлууд овогт Ядамсүрэнгийн Баасанжав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм хэрэглэж хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Жаргал, Я.Баасанжав нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.Тэрбишид эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав, М.Тэрбиш нарт тус тус оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Портер” маркийн 25-58 УВХ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Я.Баасанжаваас, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Жаргалаас тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашиныг хурааж улсын орлого болгосон 5 дахь заалтад автомашины үнэ болох 1,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жаргал болон өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Тэрбишийн өмгөөлөгч С.Ганхөлөг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч М.Тэрбиш нь хулгай хийхэд оролцоогүй бөгөөд Б.Жаргалд үхэр байгаа газрыг зааж өгсөн ба Б.Жаргал, Я.Баасанжав нарын хулгайлсан 3 тооны үхрээс ямар нэгэн байдлаар ашиг олсон, олох гэсэн зорилго, сэдэлт байгаагүй нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог.

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ хулгай хийхэд ашигласан Я.Баасанжавын 25-58 УВХ улсын дугаартай, “Портер” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, олсон ашиг зэргийг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан зарчмуудыг зөрчиж, шүүгдэгч М.Тэрбишийн хувийн байдлыг дордуулан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Жаргал, М.Тэрбиш, Я.Баасанжав нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан баривчлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Портер” загварын 25-58 УВХ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байна. Харин давж заалдах шатны шүүх уг автомашины үнэ болох 1,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэх буюу устгана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж тус тус заасан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Я.Баасанжавын өмчлөлийн “Портер” загварын 25-58 УВХ улсын дугаартай автомашиныг хураан авахгүйгээр шүүгдэгч нараас автомашины үнийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

Харин өмгөөлөгч С.Ганхөлөгийн “шүүгдэгч М.Тэрбиш хулгайн гэмт хэрэгт оролцоогүй” гэх гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч М.Тэрбиш нь шүүгдэгч Б.Жаргалд эцгийнхээ малаас өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэний дараа эзэнгүй үхэр байгаа газрын зааж, улмаар үхэр ачаад яв гэж зөвлөх байдлаар энэ гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон байх тул энэ талаар бичсэн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр магадлалын анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Я.Баасанжавын өмчлөлийн автомашиныг хурааж улсын орлого болгосон заалтыг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Ганхөлөгийн гаргасан гомдлын “шүүгдэгч М.Тэрбиш хулгайн гэмт хэрэгт оролцоогүй” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Т.УРАНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                               Ч.ХОСБАЯР