Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 05

 

Ш.Бат-Оршиход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан Ш.Бат-Орших, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогч Г.Батцэцэг, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Бат-Оршиход холбогдох эрүүгийн 201620000319 дугаартай хэргийг ялтан Ш.Бат-Орших, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогч Г.Батцэцэг,  нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Харууд овогт Шинэнжавын Бат-Орших нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Батцэцэгтэй маргалдаж, түүний нуруун тус газар нэг удаа хутгалж, бие махбодид хүнд гэмтэл санаатай  учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харнууд овгийн Шинэжавын Бат-Оршихыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бат-Оршиход 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 1 /нэг/ хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бат-Оршиход оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Ш.Бат-Орших нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар цоохор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Ш.Бат-Орших, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар давж заалдах гомдолдоо: Мөрдөн байцаалтын шатанд хэргийн холбогдогч, хохирогч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо асар их зөрүүтэй байхад прокурор шүүхийн шатанд мэдүүлгийн зөрүүг арилгуулах, хэргийн бодит үнэнийг тогтоолгох тал дээр ямар ч ач холбогдол өгөөгүй. Ш.Бат-Оршихын мэдүүлэг хэрэгт авагдсан байхад энэ талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.6 -д заасан заалтын дагуу шалгаж тогтоогоогүй гэж үзсэн. Хэргийн  нөхцөл байдлыг тогтоох явцад эргэлзээтэй байвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг Бат-Оршиход хэрэглэх боломж шүүхэд байсан. Учир нь мөрдөн байцаалтын явцад Ш.Бат-Оршиход холбогдох үйлдлийг шалгахдаа дээрх ажиллагаа дутуу хийгдсэн, хохирогч холбогдогч нарын гэм буруугийн шалтгаант холбоог тогтоож чадаагүй гэж үзэж байна.гэв. 

Ялтны өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах гомдолдоо: Ш.Бат-Орших нь хохирогч Г.Батцэцэгийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх  үйлдэл хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг ба хэргийн бодит байдлын талаар мэдүүлэхгүй байсан шалтгаанаа тодорхой тайлбарласан байдаг. Энэ талаар өөрийн аав, дүү нартаа хэлсэн байсан бөгөөд гэрчүүдээс энэхүү нөхцөл байдлыг тодруулах  бүрэн боломжтой байсан. Ш.Бат-Оршихийн үйлдэлд субъектив талын шинж буюу хохирогчийн биед гэмтэл учруулъя гэсэн шууд санаа зорилго байгаагүй байгаа тул түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилж өгнө үү гэв. 

 

Хохирогч Г.Батцэцэг давж заалдах гомдолдоо: ...би нөхрийнхөө хэлсэн таагүй зүйлд эмзэглэж уурлан хутга авах үед нөхөр маань намайг  тайвшир гээд миний гарнаас хутга авсан. Тухайн үед согтуу байсан тул хутга авсан гэдгээ мэдэхгүй намайг тэвэрхэд хутга орсон байсан. Бат-Оршиход оноосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвийг олж өгнө үү.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ш.Бат-Орших нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт өөрийн гэртээ эхнэр Г.Батцэцэгтэй  маргалдаж, улмаар түүний цээжний баруун ард хутгалж “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Аав дүү нар явсны дараа Ш.Бат-Орших нилээд халамцуу байсан бөгөөд гэрт тамхи татаад байхаар нь би дүргүйцээд архи ууж ирчихээд хүүхдийн хажууд тамхи татлаа гэж загнахад, урдаас би тамхи татаж болохгүй юу гэсэн. Түүнээс болж бид хоёр маргалдаад галын дэргэдээс хагалсан түлээний мод авч  Ш.Бат-Орших руу шидсэн. Гэтэл Ш.Бат-Орших нь чи хүүхэд онож гэмтээх нь үү гэж уурлаж босож ирээд хажуудаа байсан чанасан махтай хамт байсан хутгыг аваад намайг цохих гэхээр нь айгаад буруу хартал нуруу орчимд халуу дүүгээд явчихсан. Би гараараа тэмтэрч үзэхэд нуруунаас цус гарч байсан.” гэх мэдүүлэг  / хх-ийн 21-24 хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Баярцэцэгийн “...Г.Батцэцэг эгч гэрийн баруун хэсэгт зуухны дэргэд байдаг жижиг хивсэн дээр доош хараад хэвтэж байсан ба нурууны орчимд нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 31 тал/,

-Гэрч Г.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Г.Батцэцэг эгч гэртээ пийшингийн баруун талд доошоо хараад хэвтэж байсан бөгөөд цамцны нурууны баруун хэсэгт далны доод талд зүсэгдсэн, нэвтэрсэн гүнзгий шарх байсан ба цус гоожиж байсан тул эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

-Гэрч Г.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн “...Шархны орчмын хувцас нь цус болсон байсан. Шархыг үзэхэд нурууны баруун хэсэгт далны доод хэсэгт 5-6-р хавирганы орчимд 5 см урттай зүсэгдсэн шархтай байсан. ...Шарх нь зүсэгдсэн шарх бөгөөд хавирганы ясанд тулсан нэвтэрсэн байдал бага байсан тул мэс заслын аргаар хавирганы булчин болон булчингын хальсанд 4 оёдол тавьж цус тогтоосон. Гадна арьсанд 4 оёдол тавьсан юм.”  гэх мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 623 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Батцэцэгийн өвчний түүх зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ш.Бат-Оршихын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хохирогч Г.Батцэцэгийн “...би нөхрийнхөө хэлсэн таагүй зүйлд эмзэглэж уурлан хутга авах үед нөхөр маань намайг  тайвшир гээд миний гарнаас хутга авсан. Тухайн үед согтуу байсан тул хутга авсан гэдгээ мэдэхгүй намайг тэвэрхэд хутга орсон байсан. Бат-Оршиход оноосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвийг олж өгнө үү.” гэх,

Ялтан Ш.Бат-Орших түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.6-т заасан заалтуудад заасан ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг хянаж өгнө үү “ гэх,

Ялтны өмгөөлөгч Б.Батгэрэлийн “...Ш.Бат-Оршихийн үйлдэлд субъектив талын шинж буюу хохирогчийн биед гэмтэл учруулъя гэсэн шууд санаа зорилго байгаагүй байгаа тул түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилж өгнө үү “ гэх гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалвал:

Ш.Бат-Орших нь архи ууж согтуурсан үедээ өөрийн эхнэр Г.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний баруун ард хутгалж “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Гэмт хэрэг гарах үед хохирогч Г.Батцэцэг, шүүгдэгч Ш.Бат-Орших нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогчийн мөрдөн байцаалтад өгч байсан мэдүүлэг нь шинжээч эмчийн дүгнэлт, анхны тусламж үзүүлсэн эмч Г.Мөнх-Очирын мэдүүлэгтэй тохирсон тул анхан шатны шүүхээс хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Батцэцэг нь өөрийн биед үүссэн гэмтлийг Ш.Бат-Орших нь намайг тайвшруулж,  тэврэх үед үүссэн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч  12 см-ийн ажлын хэсэгтэй 14 см-ийн урттай хутгаар хохирогчийн цээжний баруун ард  5-6 см буюу ясанд тулсан цээжний хөндийд нэвтэрсэн шархыг хохирогчийг тэврэх үед үүсгэсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ш.Бат-Орших нь хувийн сэдэлтээр өөрийн эхнэр Г.Батцэцэгийн нуруу тус газар хутгалж хүнд гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр  хохирогч Г.Батцэцэгийг гэмтээх санаа зорилго агуулаагүй боловч уг хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл хийсэн байх тул шууд бус санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ. Нөгөөтэйгүүр  маргаан юунаас үүдэлтэй нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Анхан шатны шүүхээс Ш.Бат-Оршиход ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилсан  зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн байх ба Ш.Бат-Орших нь хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн тул  ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүйгээс гадна хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч, ялтан түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Батцэцэг, ялтан Ш.Бат-Орших, өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

Н.МӨНХЖАРГАЛ