Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 77

 

“Г- Б-” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00649/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги,

Хариуцагч “К- З-” ХХК-нд холбогдох

“К- З- ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Төмөрчөдөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК нь нэхэмжлэлдээ:

... Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 03/1243 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн тухай, хариуцагч “Г- Б-” ХХК, П.Б- нарт гэж бичсэн байна. Тодруулбал: “Г- Б-” ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэх олгоогүй иргэн П.Б- нь Г- Б- ХХК-нд ямар нэгэн ажил хийдэггүй “Г- Б-” ХХК-тай ямар нэгэн холбоогүй иргэнд миний бие Д.Э-тай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх бүх бичиг баримтыг хариуцагчийн зөвшөөрөлгүй зөвхөн   иргэн  П.Б-гийн  нэр  дэр  удаа дараалан янз бүрийн бичгийг хүргүүлж байхдаа хариуцагч миний бие Д.Э-тай нэг ч удаа уулзаагүй байж хууль бус үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.С- нь хууль зөрчиж байсан. Тухайлбал Г- Б- ХХК-ийн захирал Д.Э-тай харьцахгүй шийдвэр гаргаж байгаа энэхүү үйлдэл нь хууль бус юм. Мөн дур мэдэн Улаанбаатар хотын үнэлгээний байгууллага болох хувийн компанитай үгсэн хуйвалдан манай үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх гэсэн хууль бус үйлдэл нь тогтоогдож хүчингүй болсон байдаг.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05-р сарын 07-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 20/018 тоот тогтоолын тухай:

“Г- Б-” ХХК, П.Б- нараас 24.44.347 төгрөг гаргуулж Х- Б-инд олгох гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч “Г- Б-” ХХК-ийн захирал Д.Э-ын үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал гаргахдаа миний бие Д.Э-тай нэг ч удаа уулзаагүй бөгөөд миний зөвшөөрөлгүй 68.000.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэн надад танилцуулаагүй. Энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Тус заалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.С- нь ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05-р сарын 13-ны өдрийн 190270538/05 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны тухай:

“Г- Б-” ХХК-ийн захирал Д.Э- миний биед тухайн мэдэгдэх хуудсыг өгөхдөө дээрх 2 албан бичгийг хууль бусаар хийсэн үйлдлээ хүчээр хэрэгжүүлэх үүднээс Зөрчлийн тухай хуулиар далайлган сүрдүүлэн иргэний Үндсэн хуулиар олгосон халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн заалтын дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн саналын дагуу бид Дархан-Уул аймгийн 16-р баг, 1-р хороолол, 7-р байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008836 дугаартай 45.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 120.000.000 төгрөг гэж санал хүргүүлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор бидний гаргасан саналыг үл хүндэтгэж байгаад гомдолтой байна. Иймд дахин үнэлгээ хийлгэж манай гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.С- нь “Г- Б-” ХХК-ийн захиралтай утсаар ярихдаа таны хөрөнгийг үнэлүүлэх тул үнэлгээний саналаа өг гэж шаардсан. “Г- Б-” ХХК-ийн захирал энэ хөрөнгө нь дундын өмч гэдэг нь манай гэр бүлийн өмч юм. Би орон сууцаа 120-150 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь байрны байршил сайн, мөн 1 давхарт байршилтай учир зориулалтыг өөрчлөөд өргөтгөл явуулах боломжтой гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ талуудаас үнийн санал авсан боловч үнийн саналыг үл хүндэтгэн К- З- ХХК-ийг шинжээчээр томилсон. Нэг давхрын өргөтгөл хийх боломжтой гадагш хаалга гаргах боломжтой байрыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тус байр нь 3 өрөө байр. Яг тэр байрны 5 давхрын айл нь 98.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Магадгүй хуйвалдаж маш хямдаар үнэлсэн байх гэж хардаж байна. “Г- Б-” ХХК-иас хөрөнгийн талаар өөрийн саналаа хүргүүлж албан бичиг явуулсан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэгч С.С- нь хөрөнгийг 70 хувиар дуудлага хуралдаанд явуулахаар иргэний өмч хөрөнгийн халдашгүй байдалд халдсан үйлдэл хийсэн. “Г- Б-” ХХК нь төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулдаг. Уг байранд өөрсдөө амьдарч байгаа. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад байгаад гомдолтой байна.

Гадагш хаалга гаргах зөвшөөрөл одоогоор байхгүй. Энэ талаар хөөцөлдөх гэсэн боловч цаг хугацаа байгаагүй. Байрыг авахаар асуусан 2 хүн байна. Тус байр нь хэдэн онд ашиглалтад орсон эсэхийг би мэдэхгүй байна. Энэ онд сангийн их засвар хийсэн үнэ цэнтэй байр. Байрыг үнэлэхэд насанд хүрээгүй нэг хүүхэд 80 настай нэг эмгэн байсан. Тэгээд байрны зургийг аваад л гараад явсан юм байна лээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 сарын 22 өдрийн 910 дугаар шийдвэрээр “Г- Б-” ХХК, П.Б- нараас 24.444.347 төгрөг гаргуулж Х- Б- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч “Г- Б-” ХХК-ийн захирал Д.Э-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 баг 1 хороолол 7 дугаар байрны 3 тоот улсын бүртгэлийн Ү-2003008836 дугаартай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 190/70538/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн 2020 оны 1 сарын 15 өдрийн 19070538/04 дугаартай тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад төлбөр төлөгч Д.Э-, П.Б- нар нь эд хөрөнгөө 120.000.000-150.000.000 төгрөгөөр, төлбөр авагч Х- Б- ХХК нь шинжээч томилуулах санал ирүүлэн талууд үнийг харилцах тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагууд 2020 оны 1 сарын 21 өдрийн 20/006 дугаар тогтоолоор К- З- ХХК-ийг шинжээчээр томилсон.

“К- З-” ХХК нь тус эд хөрөнгийн зах зээлийн үнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу танилцуулан тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан.

Хөрөнгийн үнэлгээг “К- З-” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн чанар, байршил, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Төлбөр төлөгч нь байраа 120.000.000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу үнэлгээний тайланг гардуулсан өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй. 2020 оны 5 сарын 14 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй буцаах үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т Хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажил явуулна гэж заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор албадан дуудлага худалдаа явуулахаар зарласан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “К- З-” ХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Шинжээч томилох тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 баг 1 хороолол 7 байр 3 тоот 3 өрөө байрны хөрөнгийн үнэлгээг хийсэн. Ингээд тухайн орон сууцанд орж үзэхэд Д.Э- өөрөө байхгүй эхнэр болон гэр бүлийн бусад гишүүд байсан. Тэдгээр хүмүүсийн зөвшөөрлийн дагуу зураг авсан. Тус байр нь 1969 онд ашиглалтад орсон 60 хувийн элэгдэлтэй нэлээд хуучирсан орон сууц байсан. Байршлын хувьд худалдаа үйлчилгээний газруудад ойр байдаг, засвар, байрны давхар, төлбөрийн нөхцөл зэргийг харгалзаж авсан судалгаагаар 55-70 сая төгрөгийн үнэтэй байдаг нь харьцуулсан судалгаагаар гарсан. Дээрх орон сууц нь 1 давхарт байрладаг ба харьцангуй эрэлт багатай байдаг учир тус орон сууцыг 68 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээгээ үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г- Б-” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч “К- З-” ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай буюу Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хороолол 7 дугаар байр 3 тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “К- З-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд гомдол гаргаагүй гэж дурдсаныг эс зөвшөөрч байна. Учир нь манай компани гомдол гаргахдаа 24.444.347 төгрөгийн өрөнд 120.000.000 төгрөгийн гэр бүлийн дундын үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг алдмааргүй байна. Харин манай компани ЖДҮ-ийг дэмжих сангаас авсан зээлийн үр дүнд иж бүрэн тоноглолтой цехтэй болсон тул энэхүү цехийн хийсэн бүтээгдэхүүнээ зээлдээ төлөх боломжтой гэдэг саналаа хэлсэн. Гэтэл шүүх миний саналыг хүлээн аваагүйд гомдолтой байна. Бид орон сууцаа 120.000.000 төгрөгөөр үнэлүүлэх санал хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч саналыг үл хүндэтгэж манай гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн өөрчлөлт оруулах хууль зүйн үндэлслэл байхгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон эд хөрөнгийн үнэлгээчний гаргасан шийдвэрийг өөрөөр хэлбэл эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч улмаар үнэлгээг хүчингүй болгуулах, үг үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар  шүүхэд гомдол гаргажээ.

Ийнхүү гомдол гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан ёсны шийдвэрээр томилогдсон шинжилгээний байгууллага буюу “К- З-” ХХК-ийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч гэдэг нь  нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй  гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

Тухайн маргаантай харилцааны хувьд “К- З-” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн  үндсэн дээр эд хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага бөгөөд  шүүн таслах ажиллагаанд шүүгчийн гаргасан захирамжийн дагуу эрх эдэлж үүрэг, хүлээн нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй оролцож байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч тул шүүхэд хариуцагчаар оролцох этгээд биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмаар  нэхэмжлэгч нь  шүүхэд хариуцагчийг татах түүнд холбогдуулж нэхэмжлэл гомдол гаргах эрхтэй тул   шүүх иргэний хэрэг үүсгэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хууль болон  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн заалтуудыг маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2003008836 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сумын 15 дугаар баг 1-р хороолол 7-р байр 3 тоотод байрлах 45 мкв талбайтай 3 өрөө  орон сууцны   үнэлгээг үндэслэл муутай хийж хөрөнгийг үнэгүйдүүлж миний  болон манай гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хохироосон  гэсэн агуулга бүхий гомдол гаргасан хэдий ч энэ шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байдалд хүргэжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж түүнийг үндэслэн мэтгэлцэх нь иргэний шүүн таслах ажиллагааны  үндсэн зарчим бөгөөд ийнхүү баримтаар мэтгэлцээгүй үйл баримт хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед  тогтоогдлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах битүүмжлэх, үнийн санал авах, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг явуулахдаа уг ажиллагаануудыг хийхийг журамласан хуулийн заалтыг баримтлан хийсэн ажиллагаа нь хуульд нийцсэн төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон нөхцөл байдал тогтоогдохгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад тулгуурласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

                                                            ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ