Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00649/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг .. тоотод байрлах “Г.б” ХХК /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг М.а ХК-ний байранд байрлах “К.з” ХХК

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг ... аймаг дахь ШШГГ- 445 дугаар нээлттэй хорих анги нарт холбогдох

“К.з ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч ШШГ 445-р хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч К.з ХХК-ийн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г.б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... ДУА дахь ШШГГ-ын 2020 оны 05 сарын       13-ны өдрийн 03/1243 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн тухай, хариуцагч “Г.б” ХХК, П.Б нарт гэж бичсэн байна. Тодруулбал: Г.б ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэх олгоогүй иргэн П.Б нь Г.б ХХК-нд ямар нэгэн ажил хийдэггүй Г.б ХХК-тай ямар нэгэн холбоогүй иргэнд миний бие Д.Этай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи бүх бичиг баримтыг хариуцагчийн зөвшөөрөлгүй зөвхөн иргэн П.Бгийн нэр дэр удаа дарааллан янз бүрийн бичгийг хүргүүлж байхдаа хариуцагч миний бие Д.Этай нэг ч удаа уулзаагүй байж хууль бус балмад үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.С нь удаа дарааллан хууль зөрчиж байсан үйлдлийг доор дурьдвал:

  1. Г.б ХХК-ийн захирал Д.Э-тай харьцахгүй шийдвэр гаргаж байгаа энэхүү үйлдэл нь хууль бус гэж миний бие үзэж байна.
  2. Дур мэдэн Улаанбаатар хотын үнэлгээний байгууллага болох хувийн компанитай үгсэн хуйвалдан манай үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлэх гэсэн хууль бус үйлдэл нь тогтоогдож хүчингүй болсон байсан.

ДУА дахь ШШГГ-ын 2020 оны 05-р сарын 07-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ... тоот тогтоолын тухай: Г.б ХХК П.Б нараас 24.44.347 төгрөг гаргуулж Хас банкинд олгох гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Г.б ХХК-ийн захирал Д.Эын үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал гаргахдаа миний бие Д.Этай нэг ч удаа уулзаагүй байж хэдий завандаа миний зөвшөөрөлгүй 68,000,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэн миний бие Д.Эт танилцуулаагүй энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байдаг. Гэтэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.С нь Г.б ХХК-ийн захирал миний бие Д.Эт шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            ДУА дахь ШШГГ-ын 2020 оны 05-р сарын 13-ны өдрийн ... тоот шийдвэр гүйцэтгэгийн мэдэгдэх хуудасны тухай: Г.б ХХК-ийн захирал Д.Э миний биед тухайн мэдэгдэх хуудасыг өгөхдөө дээрх 2 албан бичгийг хууль бусаар хийсэн үйлдэлээ хүчээр хэрэгжүүлэх үүднээс зөрчлийн тухай хуулиар далайлган сүрдүүлэн иргэний үндсэн хуулиар олгосон халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж Г.б ХХК-ийн захирал миний бие Д.Э үзэж байна.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн заалтын дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн саналын дагуу бид ... аймгийн ... баг, ... хороолол, ... байр ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 45.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 120,000,000 төгрөг гэж санал хүргүүлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор бидний гаргасан саналыг үл хүндэтгэж байгаад Г.б” ХХК-ийн захирал Д.Э миний бие нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэж манай гэр бүлийн гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С нь Г.б ХХК-ийн захиралтай утсаар ярихдаа таны хөрөнгийг үнэлүүлнэ үнэлгээний саналаа өг гэж шаардсан юм байна лээ. Г.б ХХК компаний захирал нь энэ хөрөнгө нь дундын өмч гэдэг нь манай гэр бүлийн өмч энэ орон сууцаа 120-150 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь байрны байршил сайн, мөн 1 давхарт байршилтай учир зориулалтыг өөрчлөөд өргөтгөл явуулах боломжтой гэж хэлсэн. ШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ талуудаас үнийн санал авсан боловч үнийн саналыг үл хүндэтгэн К.з ХХК-ийг шинжээчээр томилсон. Нэг давхарын өргөтгөл хийх боломжтой гадагш хаалга гаргах боломжтой байрыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тус байр нь 3 өрөө байр. Яг тэр байрны 5 давхарын айл нь 98.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Магадгүй хуйвалдаж маш хямдаар үнэлсэн байх гэж хардаж байна. Г.б ХХК-аас хөрөнгийн талаар өөрийн саналаа хүргүүлж албан бичиг явуулсан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэгч С нь хөрөнгийг 70 хувиар дуудлага хуралдаанд явуулахаар иргэний өмч хөрөнгийн халдашгүй байдалд халдсан үйлдэл хийсэн. Г.б ХХК нь төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулдаг. Энэ Шийдвэр гүйцэтгэлд явагдаж байгаа байранд өөрсдөө амьдарч байгаа. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад байгаад гомдолтой байна. 

Гадагш хаалга гаргах зөвшөөрөл одоогоор байхгүй. Энэ талаар хөөцөлдөх гэсэн боловч цаг хугацаа байгаагүй. Байрыг авахаар асуусан 2 хүн байна. Тус байр нь хэдэн онд ашиглалтанд орсон эсэхийг би мэдэхгүй байна. Энэ онд сангийн их засвар хийсэн үнэ цэнэтэй байр. Байрыг үнэлэхэд насанд хүрээгүй нэг хүүхэд 80 настай нэг эмгэн байсан юм байна лээ. Тэгээд байрны зургийг аваад л гараад явсан юм байна лээ.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны            8 сарын 22 өдрийн ... дугаар шийдвэрээр Г.б ХХК, Т.Баярмаа нараас 24.444.347 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Г.б ХХК-ийн захирал Эын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 баг 1 хороолол 7 дугаар байрны 3 тоот улсын бүртгэлийн ... дугаартай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 190/70538/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн 2020 оны 1 сарын 15 өдрийн 19070538/04 дугаартай тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад төлбөр төлөгч Э, Баярмаа нар нь эд хөрөнгөө 120.000.000-150.000.000 төгрөгөөр, төлбөр авагч Хас банк ХХК нь шинжээч томилуулах санал ирүүлэн талууд үнийг харилцах тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагууд 2020 оны 1 сарын 21 өдрийн ... дугаар тогтоолоор К.з ХХК-ийн шинжээчээр томилсон.

К.з ХХК нь тус эд хөрөнгийн зах зээлийн үнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 3 сарын 31 өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу танилцуулан тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан.

Хөрөнгийн үнэлгээг К.з ХХК нь дээрхи үл хөдлөх хөрөнгийн чанар, байршил, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Төлбөр төлөгч нь байраа 120.000.000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар 2020 оны 4 сарын 3 өдөр буюу үнэлгээний тайланг гардуулсан өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй. 2020 оны 5 сарын 14 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй буцаах үндэсэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т Хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажил явуулна гэж заасны дагуу 2020 оны                 5 сарын 7 өдрийн 20 дугаартай албадан дуудлага худалдааа явуулахаар зарласан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэж үзэж байна. Шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч К.з ХХК-ийн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Шинжээч томилох тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 баг        1 хороолол 7 байр 3 тоот 3 өрөө байрны хөрөнгийн үнэлгээг хийсэн. Ингээд тухайн орон сууцанд орж үзэхэд Э өөрөө байхгүй эхнэр болон гэр бүлийн бусад гишүүд байсан. Тэдгээр хүмүүсийн зөвшөөрлийн дагуу зураг авсан. Тус байр нь 1969 онд ашиглалтанд орсон 60 хувийн элэгдэлтэй нилээд хуучирсан орон сууц байсан. Байршлийн хувьд худалдаа үйлчилгээний газруудад ойр байдаг, засвар, байрны давхар, төлбөрийн нөхцөл зэргийг харгалзаж авсан судалгаагаар 55-70 сая төгрөгийн үнэтэй байдаг нь харьцуулсан судалгаагаар гарсан. Дээрх орон сууц нь 1 давхарт байдаг харьцахгүй эрэлт багатай байдаг учир тус орон сууцыг 68 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээгээ үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г.б” ХХК нь хариуцагч К.з ХХК, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нарт холбогдуулан К.з ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “К.з ХХК-ийн төлөөлөгч Я.Б нь тус эд хөрөнгийн зах зээлийн үнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 3 сарын 31 өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу танилцуулан тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан.

Хөрөнгийн үнэлгээг К.з ХХК нь дээрхи үл хөдлөх хөрөнгийн чанар, байршил, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Төлбөр төлөгч нь байраа 120.000.000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар 2020 оны 4 сарын 3-ны өдөр буюу үнэлгээний тайланг гардуулсан өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй. 2020 оны 5 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй буцаах үндэтэй гэж үзэж байна.” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын  22-ны өдрийн  910 дугаар шийдвэр /Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/хт ... дугаартай тогтоол/ -ээр  Г.б ХХК, П.Б нараас 24,444,347.97 төгрөгийг гаргуулан Хас банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хороолол 7 дугаар байр 3 тоот 45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 33-36 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2019  оны 06 дугаар сарын 12-ны  өдрийн 2507   дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, ...  тоот гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн  ... тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” ... тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ. /хэргийн 40 дүгээр хуудас/

 

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  ... дугаартай тогтоолоор ... сум ...  баг ... хороолол ... байр ...тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай  3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн ... дугаартай  “Эд хөрөнгө  хураах тухай” тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын   15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохирч хариуг ирүүлнэ үү гэх мэдэгдэлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч П.Б “150 -120 сая төгрөгөөр үнэлж байна” гэж, Г.б ХХК-ийн төлөөлөгч “150-120 сая” гэж үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 60-64 дүгээр хуудас/ төлбөр авагч  нар  шинжээч томилуулах  саналтай байснаас талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний  өдрийн ... тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр К.з ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 65-66 хуудас/

Томилогдсон шинжээч К.з ХХК нь төлбөрт хураагдсан ... сум ... баг ... хороолол 7 дугаар байр ... тоот ... м.кв талбайтай ... өрөө орон сууцыг  “68,000,000 төгрөгөөр” үнэлснийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлөгч П.Бд танилцуулахад “танай байгууллагыг шүүхэд өгнө” гэж, төлбөр төлөгч Г.б ХХК-ийн төлөөлөгч Д.Э за  ойлголоо гэж хариулжээ. /хэргийн 70-71 дүгээр хуудас/

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 49.4.3-д “Төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэснээр томилогдсон үнэлгээчин, шинжээч үнэлгээний зүйл болсон ... сум ... дугаар баг ... хороолол ... байр ...тоот ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг “1969 онд баригдсан ашиглалтын хугацааны 60 хувийн ашиглалттай байгаа, 1 давхарт байрладаг, байршлын хувьд төв зам дагуу байршилтай, худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгтэй ойр байрлалтай, ердийн засвартай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, судалгаагаар тухайн байршилд байгаа 3 өрөө орон сууц нь байршил, давхар, засвар хийсэн байдал, төлбөрийн нөхцөл зэргээс шалтгаалж 55,000,000 – 70,000,000 төгрөгийн үнэ ханштай байгаа зэргээс 68,000,000 төгрөгөөр үнэлсэн” гэдгээ тайлбартаа дурдсан. /хэргийн 77 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч томилогдсон шинжээчийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон  68,000,000  төгрөгийг бодитой биш  120,000,000 төгрөг, Учир нь байрны байршил сайн, мөн 1 давхарт байршилтай учир зориулалтыг өөрчлөөд өргөтгөл явуулах боломжтой. Нэг давхарын өргөтгөл хийх боломжтой гадагш хаалга гаргах боломжтой байрыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тус байр нь 3 өрөө байр. Яг тэр байрны 5 давхарын айл нь 98.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Магадгүй хуйвалдаж маш хямдаар үнэлсэн байх гэж хардаж байна. Энэ онд сангийн их засвар хийсэн үнэ цэнэтэй байр” гэж маргаж байна.

Үнэлэгдсэн  үл хөдлөх эд хөрөнгө болох тогтоолоор ... сум ... баг 1 дүгээр хороолол 7 дугаар байр 3 тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт дурдсанаар 120,000,000 төгрөг буюу 42,000,000  төгрөгөөр илүү байх  талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.  

 Үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэ цэнэтэй байх нөхцөлд дурдсан Дархан-50 цогцолборын орчим, 1 давхарын гэдэг нөхцөл байдлыг томилогдсон шинээч тайландаа “1 давхарт байрладаг, байршлын хувьд төв зам дагуу байршилтай, худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгтэй ойр байрлалтай” гэж тусгасан, харин нэхэмжлэгч “Г.б” ХХК шүүхийн шийдвэрээр үнэ цэнэтэй байх нөхцөл байдлуудын талаархи нотлох баримтаа ирүүлээгүй болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Г.б ХХК-ийн захирал Д.Э иргэн П.Бд ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн игэмжлэх олгоогүй, ХХК-нд ажил хийдэггүй байхад иргэн П.Бгийн нэр дээр удаа дараалан янз бүрийн бичгийг хүргүүлсэн гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Учир нь хүчин төгөлдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын  22-ны өдрийн  910 дугаар шийдвэр /Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/хт ... дугаартай тогтоол/ -ээр  Г.б ХХК, П.Б нараас 24,444,347.97 төгрөгийг гаргуулан Хас банкны Дархан салбарт олгож шийдвэрлэсэн тул төлөр төлөгч нь хуулийн этгээд, иргэн байна. Иймд П.Бд иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтыг мэдэгдсэн, хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбар болох   “1 давхарт байршилтай учир зориулалтыг өөрчлөөд өргөтгөл явуулах боломжтой. Нэг давхарын өргөтгөл хийх боломжтой гадагш хаалга гаргах боломжтой байрыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тус байр нь 3 өрөө байр. Яг тэр байрны 5 давхарын айл нь 98.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Магадгүй хуйвалдаж маш хямдаар үнэлсэн байх гэж хардаж байна. Энэ онд сангийн их засвар хийсэн үнэ цэнэтэй байр” гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй нь түүний хуралдаанд гаргасан “Гадагш хаалга гаргах зөвшөөрөл одоогоор байхгүй. Энэ талаар хөөцөлдөх гэсэн боловч цаг хугацаа байгаагүй. Байрыг авахаар асуусан 2 хүн байна. Тус байр нь хэдэн онд ашиглалтанд орсон эсэхийг би мэдэхгүй байна” гэсээр тогтоогдож байна.

Маргааны зүйл болж байгаа Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хороолол 7 дугаар байр 3 тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны зориулалтыг  худалдаа, үйлчилгээний зориулалтаар өөрчлөхөөр мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх,  зураг төсөв байгаа эсэх, мөн өөрийн байрны 5 давхарын орон сууцыг бусдад 98,000,000 төгрөгөөр худалдсан гэх үнийн мэдээлэлийг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт буй нотлох баримтыг үзлэгийн журмаар  бэхжүүлэн авсан болно. / хэргийн 80 дугаар хуудас /

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэснээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний  өдрийн ... тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр К.з ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн хийсэн ажиллагаа иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэсэг, мөн энэ ажиллагааны явцад гарсан үнэлгээг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа тул К.з ХХК-ийг хариуцагч гэж тогтооосон нь үндэслэлгүй тул “К.з” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 14-ний  өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.б ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан  томилогдсон шинжээч “К.з” ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай буюу ... сум ... баг ... хороолол .. байр ... тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай  3 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр  үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “К.з” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар  сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ