Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00945

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Капитал зууч ХХК-д холбогдох 

Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнжидмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.13-ны өдрийн 03/1243 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагч ******* ХХК, П.Баярмаа нарт гэж бичсэн байна. Тодруулбал, ******* ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэл олгоогүй иргэн П.Баярмаа нь ******* ХХК-д ямар нэгэн ажил хийдэггүй, ******* ХХК-тай ямар нэгэн холбоогүй иргэнд миний бие Д.Энхбаатартай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх бүх бичиг баримтыг хариуцагчийн зөвшөөрөлгүй зөвхөн иргэн П.Баярмаагийн нэр дээр удаа дараалан янз бүрийн бичгийг хүргүүлж байхдаа хариуцагч миний бие Д.Энхбаатартай нэг ч удаа уулзаагүй байж хууль бус балмад үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонго нь удаа дараа хууль зөрчиж байсан үйлдлийг доор дурдвал:

1. ******* ХХК-ийн захирал Д.Энхбаатартай харьцахгүй шийдвэр гаргаж байгаа энэхүү үйлдэл нь хууль бус гэж миний бие үзэж байна.

2. Дур мэдэн Улаанбаатар хотын үнэлгээний байгууллага болох хувийн компанитай үгсэн хуйвалдан манай үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлэх гэсэн хууль бус үйлдэл нь тогтоогдож хүчингүй болсон байсан. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.07-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 20/018 тоот тогтоолын тухайд ******* ХХК П.Баярмаа нараас 24,444,347 төгрөг гаргуулж Хас банканд олгох гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал Д.Энхбаатарын үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал гаргахдаа миний бие Д.Энхбаатартай нэг ч удаа уулзаагүй байж хэдий завандаа миний зөвшөөрөлгүй 68,000,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэн надад танилцуулаагүй энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонго нь ******* ХХК-ийн захирал надад шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.13-ны өдрийн 190270538/05 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны тухайд ******* ХХК-ийн захирал Д.Энхбаатар миний биед тухайн мэдэгдэх хуудсыг өгөхдөө дээрх 2 албан бичгийг хууль бусаар хийсэн үйлдлээ хүчээр хэрэгжүүлэх үүднээс зөрчлийн тухай хуулиар далайлган сүрдүүлэн иргэний Үндсэн хуулиар олгосон халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн саналын дагуу бид Дархан-Уул аймгийн XVI баг, I хороолол, 7 дугаар байр 3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008836 дугаартай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 120,000,000 төгрөг гэж санал хүргүүлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор бидний гаргасан саналыг үл хүндэтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэж манай гэр бүлийн гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.08.22-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр ******* ХХК, Т.Баярмаа нараас 24,444,347 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал Энхбаатарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын XVI баг, I хороолол, 7 дугаар байрны 3 тоот улсын бүртгэлийн Ү-2003008836 дугаартай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.25-ны өдрийн 190/70538/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн 2020.01.15-ны өдрийн 19070538/04 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад төлбөр төлөгч Энхбаатар, Баярмаа нар нь эд хөрөнгөө 120,000,000-150,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Хас банк ХХК нь шинжээч томилуулах санал ирүүлэн талууд үнийг харилцах тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020.01.21-ний өдрийн 20/006 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь тус эд хөрөнгийн зах зээлийн үнийг 68,000,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020.03.31-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу танилцуулан тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан. Хөрөнгийн үнэлгээг Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн чанар, байршил, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Төлбөр төлөгч нь байраа 120,000,000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Мөн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар 2020.04.03-ны өдөр буюу үнэлгээний тайланг гардуулсан өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй. 2020.05.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-т Хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажил явуулна гэж заасны дагуу 2020.05.07-ны өдрийн 20 дугаартай албадан дуудлага худалдаа явуулахаар зарласан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэж үзэж байна. Шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Капитал зууч ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Шинжээч томилох тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын XVI баг, I хороолол, 7 байр 3 тоот 3 өрөө байрны хөрөнгийн үнэлгээг хийсэн. Ингээд тухайн орон сууцанд орж үзэхэд Энхбаатар өөрөө байхгүй эхнэр болон гэр бүлийн бусад гишүүд байсан. Тэдгээр хүмүүсийн зөвшөөрлийн дагуу зураг авсан. Тус байр нь 1969 онд ашиглалтад орсон 60 хувийн элэгдэлтэй нэлээд хуучирсан орон сууц байсан. Байршлын хувьд худалдаа үйлчилгээний газруудад ойр байдаг, засвар, байрны давхар, төлбөрийн нөхцөл зэргийг харгалзаж авсан судалгаагаар 55-70 сая төгрөгийн үнэтэй байдаг нь харьцуулсан судалгаагаар гарсан. Дээрх орон сууц нь 1 давхарт байдаг харьцангуй эрэлт багатай байдаг учир тус орон сууцыг 68 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээгээ үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай буюу Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хороолол 7 дугаар байр 3 тоот 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Капитал зууч ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 693 тоот шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 77 тоот магадлалыг хянуулах тухай.

Нэг. Шийдвэрийн тухайд: Дархан-Уул аймгийн 16-р баг 1-р хороолол 7-р байр 3 тоотод байрлах 45.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон 68,000,000 төгрөгийн Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан, энэхүү үнэлгээний тайлантай уялдуулан гарсан Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.07-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 20/018 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-р хуудсанд Улмаар эд хөрөнгийн битүүмжлэх тухай 2019.11.25-ны өдрийн 190705538/03 дугаартай тогтоолоор Дархан сум XVI баг, I хороолол, 7 байр 3 тоот, 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020.01.15-ны өдрийн 19070538/04 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч төлбөрийг 2020.01.20-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна гэж тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт: Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байх, маргааны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байх, талуудын нотолгооны үүрэг буруу хуваарилагдсан байх тохиолдлууд хамаарна. Үүнд: Нотлох баримт болох 2019.09.24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2019/11/10 тоот тогтоолын 2-р хуудасны ТОГТООХ нь хэсгийн 1-д төлбөр төлөгч С.Баярмаагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай гэсэн тогтоол гарсаар байтал Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар Энэхүү нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй санаатай нуун дарагдуулан шүүхэд ирүүлээгүйгээс болж ******* ХХК-ийн захирал Энхбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Учир нь манай компани гомдол гаргахдаа 24,444,347 төгрөгийн өрөнд 120,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн XVI баг, I хороолол, 7 байр 3 тоот 45.0 м.кв талбайтай орон сууцны байр бол миний гэр бүлийн дундын эд хөрөнгө. Үл хөдлөх эд хөрөнгөө 24,444,347 төгрөгийн өрөнд алдмааргүй байна. Энэ тухай манай компани тухайн ЖДҮ-ийн сангаас авсан зээлийн үр дүнд манай компани мужаан иж бүрэн тоноглолтой цехтэй болсон энэхүү цехийн хийсэн бүтээгдэхүүнээ Хас банк болон ШШБ газарт өгөх боломжтой гэдгээ хэлсэн боловч шүүх миний саналыг хүлээн аваагүйд гомдолтой байна.

Хоёр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонгоогийн хууль бус үйлдлийн тухайд: Миний бие ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Миний бие нь ******* ХХК-ийн захирал. Гэтэл Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар ******* ХХК-д огт хамааралгүй иргэнийг айлган сүрдүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явагдаж байгаа бүх албан бичиг баримтыг иргэн Т.Баярмаагаар дамжуулан гарын үсэг зуруулж албажуулж байгаа нь ******* ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Учир нь миний гэр бүлийн хүн болох Т.Баярмаа нь ******* ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй, ямар ч хамааралгүй иргэнийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Солонго нь та хамтран зээлдэгчээр ******* ХХК-ийн нэр дээр зээл авсан байна гэж зөвхөн гарын үсэг зурсан үйлдэл дээр нь далимдуулан дарамтлан Хуулийн этгээдийн нэр дээрх бүх бичиг баримтыг иргэн Т.Баярмаад хүлээлгэн өгөхдөө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны ажилтнуудтай байнга ирж иргэн Т.Баярмааг ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан мэтээр хүчээр гарын үсэг зуруулан ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар үнэгүйдүүлэн авах гэсэн увайгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Иргэний хуулийн 25.1-д заасан ******* ХХК-ийн захирал Д.Энхбаатартай хуулийн дагуу харьцаж эрх үүргийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонгоогоос албан ёсоор шаардаж байсан. Учир нь ******* ХХК-ийн захирал надтай анхнаасаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу харьцаж байсан бол манай компани Хас банкны өрийг өөрийн үйлдвэрийн хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж борлуулаад төлөх боломжтой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Солонго нь маш хурдан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь манай компанид өрөө төлөх боломж олгохгүй зөвхөн бусдын үл хөдлөх эд хөрөнгөнд шунасан увайгүй үйлдэл төдийгүй миний хууль ёсны ашиг сонирхол, эрхийг ноцтой зөрчин хэт нэг далд давуу байдал үүсгэсэн нь ялгаварлан гадуурхаж буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчиж, зөвхөн хувь хүнд бус хуулийн этгээд, бусад байгууллага хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн хуулийн заалтыг шүүх ноцтой зөрчсөн нь учир дутагдалтай байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн тухайд: Иргэнийг өртэй буюу буруутай гэсэн үндэслэлээр шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн нэхэмжлэгчийн эрхийг хэт барьсан шийдвэр гаргадаг. Нөгөө талдаа шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага эрх мэдлээ ашиглан хэт хувийн эрх ашгаа урдаа барьж иргэний эд хөрөнгийг үнэгүйдүүлэх ажиллагаа явуулснаас болж иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хооронд үүссэн маргааныг шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргахдаа хууль бус үйлдлийг нь хамгаалсан шударга шийдвэр гаргаж чадахгүй байна. Учир нь шүүх шийдвэр гаргахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн хэт нэг талд давуу байдал үүсгэж Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т ИХШХШ тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ гэж заасан байдаг. Жишээлбэл: Шүүх нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоох ёстой байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн саналын дагуу бид Дархан-Уул аймгийн XVI баг, I хороолол, 7 байрны 3 тоотод байрлах 45.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 120,000,000 төгрөг гэж санал хүргүүлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор бидний гаргасан саналыг үл хүндэтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн хувийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг удаа дараалан гаргаж анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дугаар хуудсанд Улмаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019.11.25-ны өдрийн 190705538/03 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн захирлын гэр бүлийн дундын өмч болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох 120,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх улмаар хувьдаа хууль бусаар авч хөрөнгөжих гэсэн арга заль гаргаж байгааг таслан зогсоох ёстой гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь Капитал зууч хөрөнгийн үнэлгээний ХХК бусадтай үгсэн хуйвалдаж иргэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ газар зүйн байршлын талаар огт судалгаа хийгээгүй зөвхөн бага үнэлэгдэх эд хөрөнгийн жишиг үнэлгээгээр хамгийн бага үнээр үнэ тогтоон иргэний өндөр үнэлэгдэх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх хэн нэгний захиалгаар үнэлгээ хийсний улмаас энэхүү үнэлгээний тайлантай уялдуулан Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.07-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 20/018 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой гэж үзэж байна. Иймд дахин үнэлгээ хийлгэж манай гэр бүлийн гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 693 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 77 тоот магадлалыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Гоё бэлэг ХХК нь хариуцагч Капитал зууч ХХК, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нарт холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн магадлал, Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.03.14-ний өдрийн тогтоолоор ******* ХХК, П.Баярмаа нараас 24,444,347.97 төгрөгийг гаргуулан Хас банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан сум XV баг, I хороолол 7 дугаар байрны 3 тоот 45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, барьцааны зүйлийг битүүмжилж, хураан авч, төлбөр төлөх хугацаа тогтоож, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байх бөгөөд эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэх, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг Капитал зууч ХХК зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлд ... байрыг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тус байр нь 3 өрөө байр. Яг тэр байрны 5 давхрын айл нь 98,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. ... 120,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй байр гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... шийдвэр гүйцэтгэгчийн хувийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг удаа дараалан гаргаж анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаж чадаагүй гэсэн гомдлыг хангахгүй.

Иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр ******* ХХК, П.Баярмаа нараас 24,444,347.97 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул П.Баярмаад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтыг мэдэгдсэн, хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул ... шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явагдаж байгаа бүх албан бичиг баримтыг иргэн Т.Баярмаагаар дамжуулан гарын үсэг зуруулж албажуулж байгаа нь ******* ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 693 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД