Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 78

 

“Д- Ш- Б-” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00367/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- Д- С-” ТӨХК-д холбогдох    

“12.987.024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Төмөрчөдөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан хотын 13-р хорооллын ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусаж 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №У-36/412/09-04 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын шийдвэрээр “Д- Д- С-” ТӨХК-ийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Тус дулаан дамжуулах төвөөс манай 155 айлын орон сууц, Мэргэжлийн хяналтын газрын ажилчдын 61 айлын орон сууц, Онцгой байдлын газрын ажилчдын 56 айлын орон сууц,” Зенит аппартмент” ХХК-ийн 42 айлын орон сууц, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн 144 айлын орон сууц, Цагдаагийн газрын ажилчдын 60 айлын орон сууц нийт 518 айлын орон сууц дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ашиглан дулаан, халуун усаар хангагдаж байдаг. Дулаан хувиарлах төвийг 2014 оноос холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргасны  үр  дүнд  2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн байгууллага “Д- Д- С-” ТӨХК-нд шилжүүлж өгсөн байдаг. Дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ажиллуулдаг цахилгааны зардал 2014 онд 1.826.076 төгрөг, 2015 онд 4.869.535 төгрөг, 2016 онд 5.867.992 төгрөг, 2017 онд 4.898.629 төгрөг, нийт 17.462.232 төгрөг болсон үүнээс 8.716.086 төгрөгийг манай компани дангаараа төлж байсан бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас “Д- Д- С-” ТӨХК-нд 8.746.146 төгрөгийн өр төлбөртэй байхад нь шилжүүлсэн юм.

2014 оноос 2017 оныг хүртэл тус ЦТП-тэй холбоотой дундын хэрэглээний бүх зардлыг манай компани дангаараа гаргаж нийт 518 айлын хэрэгцээг хангаж байсан. Мөн улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн улсын хөрөнгөд манай компани ус, дулаан дамжуулах төвийн барилгын хэвийн ашиглалтыг хариуцахын зэрэгцээ шаардлагатай засвар арчлалтыг тогтмол хийж байсан билээ. Өнөөдрийг хүртэл удаа дараа албан ёсоор албан бичиг хүргүүлсэн боловч манай компаний төлсөн ялтсан бойлерын цахилгааны төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны 2/115 тоот албан тоотоор хариуцах боломжгүйг мэдэгдсэн юм. Иймд манай компани нь “Д- Д- С-” ТӨХК-ийн өмнөөс төлж байсан ялтсан бойлерын цахилгааны төлбөрт төлсөн 8.716.086 төгрөг дээр алданги 4.270.938 төгрөг, нийт 12.987.024 төгрөгийг “Д- Д- С-” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р хорооллын ус дулаан дамжуулах төвийн барилга 2008 онд байгуулагдаж, ашиглагдаагүй явж байгаад 2014 онд манай компани анхны барилгаа барьж, тус хоолойноос дулаан, халуун усны хэрэгцээгээ 2014 оноос авч эхэлсэн байдаг. Манай барьсан хэд хэдэн барилга жишээ нь: Мэргэжлийн хяналтын ажилчдын орон сууц, Онцгой байдлын газрын ажилчдын орон сууц, “Зенит аппартмент” ХХК-ийн орон сууц, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн орон сууц, Цагдаагийн ажилчдын орон сууц нийт 430-д айл тус дулаан дамжуулах төвөөс дулаан, халуун усны хэрэгцээг авч байсан. Тухайн үед удаа дараа тус ЦТП-д гарч байгаа зардал манай зардал биш “Д- Д- С-” ТӨХК-ийн байгууламжаа авч зардлаа тооцох ёстой гэж шаардлага тавьж явсан. Ингээд хариу өгөхгүй 2 жил манай компани харуулын үүргийг гүйцэтгэж байгаа боловч бүх ажлыг хийж байсан. Энэ хугацаанд нийт 17.462.232 төгрөгийн зардал гарсан байдаг. Үүнээс манай компани 8.716.086 төгрөг төлөөд 8.746.146 төгрөг үлдсэн байхад манайх санхүүгийн боломжгүй болсон. Аймгийн захирагчийн алба болон тухайн үед орлогч дарга байсан н.Г-од хандсан. Тус хугацааны зардлыг хамтад нь шийдвэрлэх байтал тухайн үед 8.746.146 төгрөгийг шийдвэрлээд манайд үлдсэн 8.716.086 төгрөгийг шийдвэрлэж өгөөгүй. Энэ үед гарч байсан инженерийн цалин, харуул хамгаалалтын цалин, жил бүр дулаан авахад мөнгө төлж байсан зардлуудыг манайх авахгүй. Зөвхөн цахилгааны зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- Д- С-” ТӨХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 2008-2009 онуудад баригдаж эхэлсэн нийтийн зориулалттай орон сууцны ус, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан ба тус хурлаас өмнө дээрх барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-ийн барьж буй барилгууд бүрэн дуусаж ашиглалтад ороогүй ба ус, дулаан дамжуулах төвийн зүгшрүүлэлт, тохируулгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байсан тул хурал дээр тухайн үед манай компанийн ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Отгонбат хүлээн авах боломжгүй тухай шалтгааныг хэлж байсан. /улсын комиссын хурлын тэмдэглэлд бичигдсэн/

Нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-ийн эхний барилга 2013-2014 онуудад ашиглалтад орж эхэлсэн ба энэ үеэс “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаан авч эхэлсэн байдаг ба цахилгаан тооцоонд дулаан дамжуулах төвийн цахилгаан тоноглолоос гадна тус байрны орц, хонгил гадна гэрэлтүүлэг зэрэг бусад хэрэглээнүүд хамт тооцогдож байсан.

Нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-ийн барьсан барилгууд бүрэн ашиглалтанд орсны дараа ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, хамгаалалт, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой нилээд маргаан үүсэж байсан ба уг маргааныг шийдвэрлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Г-, Захирагчийн албаны дарга Э.Р-, “Д- Д- С-” ТӨХК, “Д- Ш- Б-” ХХК-ийн холбогдох албан тушаалтан зэрэг хүмүүс удаа дараа хуралдсан байдаг.

Улмаар 2017 оны 09 дүгээр сард тухайн хорооллын цахилгаан эрчим хүчний төлбөр 8.746.217 төгрөгийн үлдэгдэлтэй “Д- Д- С-” ТӨХК-нд шилжүүлэхээр “Д- Ш- Б-” ХХК болон “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хоорондох тооцоо нийлсэн акт, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө шилжүүлэх тухай 22 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 343 дугаар тогтоолоор ашиглалт, засварын зардлыг “Д- Д- С-” ТӨХК-д хариуцуулан шилжүүлэн өгсөн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д алданги нь анзын нэгэн хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг ба 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан байдаг ба нэхэмжилж буй алданги нь “Д- Д- С-” ТӨХК-д огт хамааралгүй болно.

Алданги нь гэрээний харилцаанд оролцогч аль нэг тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр байдаг. Иймд “Д- Д- С-” ТӨХК нь нэхэмжлэгч Д- Ш- Б- ХХК-тай ямар нэгэн бизнесийн харилцаанд орж, гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тус компаниас нэхэмжилж буй 2014-2017 онуудын дулаан дамжуулах төвийн цахилгааны 8.716.086 төгрөгийн төлбөрт 13-р хорооллын барилгуудын орц хонгил, гадна гэрэлтүүлэг зэрэг бусад цахилгаан эрчим хүчний хэрэглээнүүд багтсан байгаа. Иймд манай компаниас нэхэмжилж байгаа 8.716.086 төгрөг, алданги 4.270.938 төгрөг, нийт 12.987.024 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар алданги нь анзын нэгэн хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг ба 232.6. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсан тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ", 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй" гэж заасан байдаг ба нэхэмжилж буй алданги нь Д- Д- С-" ТӨХК-д огт хамаарахгүй болно. Алданги нь гэрээний харилцаанд оролцогч аль нэг тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр байдаг.

Иймд “Д- Д- С-” ТӨХК нь нэхэмжпэгч “Д- Ш- Б-” ХХК-тай ямар нэгэн бизнесийн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд манай компаниас нэхэмжилж байгаа 8.716.086 төгрөг, алданги 4.270.938 төгрөг, нийт 12.987.024 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Д- Д- С-” ТӨХК-иас 8.716.086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-д олгож, алданги 4.270.938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 222.742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д- Д- С-” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 154.407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д- Ш- Б-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны зүйл болох ус, дулаан дамжуулах төвийн ялтсан халаагч, түүний цахилгааны өр төлбөрийн асуудалд тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу нийтийн зориулалттай орон сууц барьсан тохиолдолд баригдсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг гаргасан хүсэлтийн дагуу хүлээн авах эрх нь хангагч мэргэжлийн байгууллага болох “Д- Д- С-” ТӨХК-д нээлттэй хэвээр байгаа. “Д- Ш- Б-” ХХК-ийн барьсан ус, дулаан дамжуулах төвийн барилга, ялтсан халаагч, тоног төхөөрөмжийг хүлээн авах асуудал 2017 оныг хүртэл хойшлогдсон шалтгаан нь барьж буй барилгууд бүрэн дуусаж ашиглалтад ороогүй. Ус, дулаан дамжуулах төвийн зүгшрүүлэлт, тохируулгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байсантай холбоотой. Энэ талаар улсын комиссын хуралд дээр Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Отгонбат хүлээн авах боломжгүй тухайгаа хэлж байсан. Гэвч улсын комиссын гишүүд нэгэнт манай компанийг ашиглагч болох учраас хүлээж авахыг тулган шаардсанаар шилжүүлж байсан. Бид хөрөнгө хүлээн авах эсэх асуудлаар маргаагүй. Харин шилжүүлж өгсөн хөрөнгө нь ямар нэгэн маргаангүй, өр төлбөргүй байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Иймд анхан шатны шүүх манай компанийг хөрөнгө авсан талаар маргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8.746.217 төгрөг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.      

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн, харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болон хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах тус хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтыг биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт   өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Д- Ш- Б-”  ХХК  хариуцагч “Д- Д- С-” ТӨХК-д холбогдуулж 12.987.024 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч тал татгалзах үндэслэлээ баримтаар няцааж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн шаардлагаа нотолсон баримтуудыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин нэхэмжлэгч тал цахилгааны төлбөрт хариуцагчийн хариуцвал зохих 8.716.086 төгрөгийг төлснийг буцаан шаардахдаа алданги тооцож 4.270.938 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тодорхойлсон.

Анзыг иргэний эрх зүйн харилцааны оролцогч нар хэрэглэхийн тулд үүрэг гүйцэтгэгч хуулиар эсхүл гэрээгээр тохиролцсон үүргийг гүйцэтгэх ёстой  байхаар хуульд заасан.

Анзын нэг хэлбэр болох алданги тооцохын тулд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн байх, ийнхүү хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон эсхүл энэ талаар хуульд заасан байх шаардлагатай юм.

Тухайн маргааны талуудын дунд гэрээний харилцаа үүсээгүйгээс гадна хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Ийнхүү алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн алдангийн талаар зохицуулсан  зүйл хэсэг заалтыг шүүх баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Хариуцагчийн “шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болох өр төлбөрийн асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт өгч чадаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдэх заалтад ...Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар... гэснийг 492.1.1, 232.6-д заасныг баримтлан гэж нэмэлт өөрчлөлт хийж бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.742 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

     

                    

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

                                                            ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ