Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 34

 

Л.Сгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Э, С.Ж

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Сгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Э, С.Ж нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч С.Жы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч С.Ж, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.С миний бие С.Э, С.Ж нарын гуйлтаар 1.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлсэн. Энэ хүмүүс нь Хулс төвийн бүжгийн клубын шалыг плитадах гээд 14 хоногийн хугацаатай зээлж авсан юм. Би өөрөө энэ клубт бүжгийн багшаар ажилладаг. Хамт ажилладаг болохоор тус болъё гээд 1.000.000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл энэ хоёр хүн мөнгийг минь өгөхгүй бүтэн 6 сар намайг хохироож байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С.Эийн Хаан банкны 5090268636 дугаарын дансанд өөрийнхөө Хаан банкны 5094259265 дугаарын данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн баримт байна. Иймд С.Ж, С.Э нараас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.С, н.Санжаа нартай 2018 оны 12 дугаар сараас Хулс”төвийн цэнгээнт бүжгийн зааланд хамтран түрээслэж ажилласан. 2018 оны 06 дугаар сард шалны плитаг шинээр сольсон. Ажлын хөлс, плита нийлээд 3.000.000 төгрөгөөс 3.450.000 төгрөг болсон. Үүнээс 1.000.000 төгрөгийг н.Санжаа, Л.С нар гаргасан. Нэхэмжлэлд гаргасан 1.000.000 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Харин Л.С, н.Санжаа хоёр шинээр плита сольсон бүжгийн зааланд хамтран ажиллаж түрээсээс илүү гарсан ашигаа хувааж, ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 06 дугаар сард шалны плитаг шинээр сольсон. Ажлын хөлс плитаны зардал 3.450.000 төгрөг болсон. Үүнээс 1.000.000 төгрөгийг Л.С гаргасан. Бүжгийн заалыг Л.С нь өөрийн юм шиг ашиглаж гадна, дотор хоёр түлхүүрийг өөртөө авч өчнөөн хүмүүст бүжиг зааж ашиг олсон. Нэхэмжлэлд гаргасан 1.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид хоёр хувьдаа ашиглаагүй адилхан үйл ажиллагаа явуулж байсан. Харин эдгээр 2 хүн ба Л.С нь үргэлжлүүлээд засвар хийсэн зааландаа хамтран ажиллах боломж эрхтэй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэрээр

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жаас 970.000 төгрөг /есөн зуун далан мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Л.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000 төгрөг /гучин мянга/ болон хариуцагч С.Эид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жаас 20.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Сд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Л.С нь 2019 оны 01 дүгээр сараас өөрөө гадна, дотор хаалганы түлхүүртэй байснаар түрээслэгч надтай ямар ч гэрээ хийгээгүй, түрээслэгч ямар ч мөнгө төлөөгүй, хүмүүсийн шагнал урамшуулалд 1-2 удаа 10-20 мянган төгрөг өгсөн, одоо бүжиг зааж байгаа газраа 7 хоногт 2 удаа заал аваад 80.000 төгрөг төлдөг. Манай зааланд өдөр бүр бүжиг заадаг байсан. Ийм учир манай зааланд 7 хоногт 2 удаа биш өдөр болгон эзэмшиж, бүжиг заадаг байсан. Бид 2019 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацаанд тооцож сарын 80.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч Л.С давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

С.Ж 2019 оны 05 дугаар сарын 28-нд 1.000.000 төгрөг 14 хоногийн хугацаатай зээлж авсан. Би тус болъё гэж бодоод хүүгээсээ 1.000.000 төгрөг авч зээлдүүлсэн. Гэтэл худал хуурмаг мэдүүлэг өгсөөр байна. Шүүхийн шийдвэр гарсаар байтал мөнгийг өгөхгүй гэсэндээ арга хайж удаа дараа худал мэдүүлэг өгч дайрч доромжилж чирэгдэл учруулсан. С.Жтай ярилцаад сард 30.000 төгрөг, заримдаа 40.000-50.000 төгрөг өгч байсан. Мөн баяр ёслолын үеэр хүмүүсийг урамшуулах зорилгоор сэтгэл гаргаж тус бүр 20.000 төгрөг өгч байсан. Би өөр газар бүжиг заадаг ч сард 80.000 төгрөг өгдөг нь худал юм. Бүжиг сурах хүн ховор бөгөөд өндөр настай, тэтгэвэрт гарсан хөгшчүүд л ирдэг. Би С.Жаас зээлдүүлсэн мөнгөө л авах гэсэн болохоос өөр зүйл байхгүй. С.Жаас 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч С.Ж, С.Э нарт холбогдуулан зээл 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Эид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.С 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Эийн эзэмшлийн Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлснийг  хариуцагч С.Ж хүлээн авсан ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч С.Ж “... бүжгийн заалыг хамтран түрээслэж байсан, шалны засварт нийт 3.450.000 төгрөг зарцуулсан, үүнээс 1.000.000 төгрөгийг Л.С гаргасан ...“ гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотлож чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэгч Л.Сг бүжгийн заалны шалны засварын төлбөр 3.450.000 төгрөгнөөс хариуцах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сараас эхлэн тухайн бүжгийн заалыг ашиглаж улмаар сар бүр хариуцагчид 30.000 төгрөг төлж байсан, 2019 оны 8 дугаар сарын төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүх зээл 1.000.000 төгрөгөөс сарын төлбөр 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 970.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Л.С тухайн бүжгийн заалыг тодорхой хэмжээгээр ашиглаж үйл ажиллагаа явуулахдаа сар бүр 80.000 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Жы гаргасан “... манай зааланд долоо хоногт 2 удаа биш өдөр болгон бүжиг зааж байсан тул 80.000 төгрөгөөр тооцож, хохирлыг гаргуулж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Жы давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Жы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч С.Жы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ