Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 66

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Хд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Лгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Хд холбогдох,

“Орон сууц захиалах хэлцлийн дагуу төлсөн 22.780.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагч Б.Хгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний төрсөн дүү Б.Х 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр надруу залгаад Орхон аймагт түрээсийн байр /орон сууц/ баригдаж дуусах гэж байгаа бөгөөд эхний захиалгаа аваад эхэлсэн байна. Би хүүдээ байр захиалчихлаа та Б.Мөнхтогтохдоо байр захиалахгүй юм уу гэсэн. Би захиалж болох юм уу гэсэн чинь болох байх аа эхний ээлжинд 9.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би гэрийнхэнтэйгээ ярилцаад 10 гаруй хоногийн дараа би нөхрийнхөө хадгаламжинд байсан мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аваад мөн өдрөө түүний ажил дээр аваачиж өгсөн. Мөнгө өгөхдөө миний нөхөр Б.Баатар, хүү Б.Мөнхтогтох бид 3 хамт очсон. Бид үүнээс хойш байр юу болж байна гээд асууж байтал 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Мөнхтогтох руу 3 удаа залгаж өнөөдрийн дотор урьдчилгаа 30 хувиа төл гэснээр тухайн үед би хотод эмнэлэгт хэвтэж байсан учир надруу яриагүй. Хүү маань надруу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр залгаад өнөөдрийн дотор 15.280.000 төгрөг хэрэгтэй байна, 2019 оны 08 дугаар сарын 15-н гэхэд орон сууц захиалагчийн гэрээ нь гарах юм гэсэн учир би тал талаас мөнгө цуглуулаад Б.Хгийн өгсөн Хаан банк дахь 5229036690 дугаартай дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.280.000 төгрөг шилжүүлсэн. Б.Х 2019 оны 8 дугаар сарын 15 гэхэд захиалагчийн гэрээгээ авъя гэтэл бүтэхээ больсон гэхээр нь 24.780.000 төгрөгөө нэхсэн чинь би аваагүй гээд байдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын эхээр гэрт нь очиход 2.0 сая төгрөг өгсөн. Иймд 22.780.000 төгрөгийг Б.Хгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 10 дугаар сарын эхээр миний танил Боролзойн Оюунтуяа би Баян-Өндөр сумын засаг дарга Ганцогттой нэг ангийн найзууд юмаа, түрээсийн байранд өөртөө байр захиалсан байгаа одоо 12 сард ашиглалтанд орно, хувьчлагдах байрны тодорхой хэсгийг орон нутгийн мэдэлд үлдээсэн болохоор боломж байгаа та хүүдээ байр захиалах уу гэхээр нь би итгээд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. 10 сарын дундуур манай төрсөн эгч Б.Л манайд гэрт ирж бид хоёр хууч хөөрч байгаад би байр захиалсан тухайгаа сонирхуулж хэлсэн, эгч маань их зүгээр юм байна өөрийн хүүдээ бас байр захиалах юмсан гээд учир шалтгаанаа надад тайлбарласан. 11 дүгээр сарын 02-нд Б.Оюунтуяа манай өрөөнд орж ирээд нөгөө байр 12 сард ашиглалтанд орох гэж байна сугалаагаар шийдэх юм байна сугалааг нь зохицуулчихна 2 найдвартай хүн байна уу нэг боломж гараад ирлээ гэхээр нь эгч рүүгээ утсаар залгаж Б.Оюунтуяагийн ярьсанг тайлбарлаад өөрсдөө ярилцаад шийдээрэй гэж хэлсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд эгч Б.Л нь манай өрөөнд байрны урьдчилгаа 9.500.000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн. Би мөнгийг тэр өдөрт нь Б.Оюунтуяад өгсөн. Б.Оюунтуяа уг мөнгийг торонд хийгээд холбогдох баримтуудын хамт авч яваад 2 цагийн дараа буцаж ирсэн. Сая өгсөн мөнгө материалуудыг Ганцогт даргад өгчихлөө хэд хоногоос материалаа аваад Батлут дарга дээр цохуулчихаарай гэж байна гэсэн. Үүнээс хойш байр хүлээгдэж байсаар 2019 оны 07 дугаар сарын 31-нд Б.Оюунтуяа надруу залгаж Лхамаа эгчээ би хотод хүүхдээ эмнэлэгт эмчлүүлээд хагалгаанд оруулж тэвдэж байх үеэр буюу 25-26 нд нөгөө байрны хүн залгасан байхаар нь сая ярьсан чинь орон сууцны хувьчлалын асуудлыг 08 дугаар сарын 01-нээс өмнө 30 хувийн урьдчилгааг нь хийлгээд шийдвэрлэж байна, танай хүмүүс хоцорлоо гэж байна. Би өнөө орой хотоос гарлаа өглөө очиход мөнгийг нь бэлэн болгосон байгаараа гэхээр нь эгчийн хүү Б.Мөнхтогтох руу яриад учрыг нь хэлсэн. 08 дугаар сарын 01-ний өглөө Б.Оюунтуяа ажил дээр орж ирээд Б.Мөнхтогтох байрны 30 хувийн урьдчилгаанд 15.280.000 төгрөг төлөх юм байна хийх дансыг нь эргээд хэлье гээд гараад явсан. Өдөр Б.Оюунтуяа дахин ирээд банкны баримт үзүүлсэн. Тэр баримтан дээр Шүр-Эрдэнэ гэдэг хүнээс байрны урьдчилгаа 30 хувь гэсэн гүйлгээний утгатай 22.800.000 төгрөгийг Долгормаа гэдэг хүний дансруу шилжүүлсэн байсан. Долгормаа гэж хувь хүний данс байхаар нь гайхаад асуухад Долгормаа орон сууцны менежер нь байгаа юмаа түүний дансанд төвлөрүүлж байгаа юм. Б.Мөнхтогтохыг мөн адил дээрхи дансруу гүйлгээний утгыг нь ингэж бичээд хийлгээрэй гээд Шүр-Эрдэний мөнгө төлсөн банкны баримтыг миний гэрээн дээр орхиод явсан. Данс авах гэж Б.Мөнхтогтохын эхнэр Билгүүн манай ажил дээр ирэхээр нь би Б.Оюунтуяагийн үлдээсэн баримт /Шүр-Эрдэнэ/-ыг өгч явуулаад тэр баримтыг харж Хаан банкны Долгормаагийн 5229036690 тоот дансанд 15.280.000 төгрөг тушаагаад буцааж 2 баримт надад авчирж өгсөн. Би өөрөө 08 дугаар сарын 01-нд мөн энэ дансанд 8.140.000 төгрөгийг өөрийнхөө 5120021063 данснаас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн. Б.Оюунтуяа 08 дугаар сарын 15-нд байрны гэрээ, батламж авчирж өгнө гэсэн боловч 08 дугаар сарын 15-наас утас нь холбогдохоо больж алга болсон. 08 дугаар сарын 19-нд Б.Оюунтуяагийн эгчтэй нь холбогдож асуухад бас сураггүй болчлоо гэхээр нь 08 дугаар сарын 21-д цагдаад хандаж өргөдөл өгсөн. Цагдаагийн газар очоод Б.Оюунтуяа нь олон хүнийг хууран мэхэлсэн эрэн сурвалжлагдаж байгаа залилагч гэдгийг мэдсэн. Миний хувьд байрны мөнгөнөөс гадна өөр бусад үйлдлээр Б.Оюунтуяад залилуулсан хохирогч юм. Би өөрийн эгч Б.Лгээс авсан мөнгийг хувьдаа бодитойгоор авч ашиглаж хэрэглэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй ээ. Би ах дүүдээ л тус болье гэж бодсон. Эрсдэлд орсон болохоор эгчдээ 9 дүгээр сард 2.000.000 төгрөг өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, 80,1,4-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 56 дугаар зүйлийн 56.4, 229 дүгээр зүйлийн 229.2-д заасныг баримтлан Б.Л нь Б.Х нарын хооронд амаар байгуулсан орон сууц захиалах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Хгээс 15.946.000 төгрөг гаргуулан Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.834.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271.850 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгээс 237.680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Л нь надаас байр захиалсны мөнгө 24.780.000 төгрөг нэхэмжилсэн. Ж.Нямаа бодит байдлыг гуйвуулж бичсэн байдаг. Ж.Нямаагийн бичсэнээр “... Би Б.Лд эхний эллжинд 9.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь 9.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Б.Хгийн өгсөн дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-нд 15.280.000 төгрөг шилжүүлсэн. Захиалагчийн гэрээгээ авъя гэхэд бүтэхгүй болсон гэсэн 24.780.000 төгрөгөө нэхэхэд би аваагүй гэсэн. 2019 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 22.780.000 төгрөг нэхнэ ...” гэсэн нэхэмжлэл бичсэн. Бодит байдлын талаар 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр танил Б.Оюунтуяа Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогттой 1 ангийн найзууд юм. Түрээсийн байранд өөртөө байр захиалсан одоо 12 дугаар сард ашиглалтанд орно хувьчлагдах байрны тодорхой хэсгийг орон нутгийн мэдэлд үлдээсэн болохоор боломж байгаа. Та байр захиалах уу? гэхээр би итгээд зөвшөөрч бичиг баримтаа өгсөн байсан. Ингээд 10 дугаар сард эгч Б.Л манайд ирээд бид ярьж хөөрч байгаад байр захиалсан тухайгаа сонирхуулж хэлсэн, эгч их зүгээр юм байна, хүүдээ байр захиалчих юмсан гэсэн учир шалтгаанаа ярьж байсан. Би эгчийг байр захиална гэж санаанд ч ороогүй. Ж.Нямаа гэдэг хүн нэхэмжлэлд: Түрээсийн байр баригдсан дуусах гэж байна, Би хүүдээ байр захиалчихна та Мөнхтогтох-д байр захиалахгүй юмуу? гэсэн би захиалж болох юм уу? гэсэн чин болох байхаа гэж ярьсан гэж худлаа зохиож байсан. Би эгчрүүгээ ингэж яриагүй. Гэтэл 11сарын 2-нд Оюунтуяа манай өрөөнд орж ирээд нөгөө байр 12-р сард ашиглалтанд орох гэж байна сугалаагаар шийдэх юм байна, сугалааг зохицуулчихна 2 найдвартай хүн байна уу 1 боломж гарлаа гээд ирэхээр нь эгчрүүгээ энэ ярисныг нь тайлбарлаад хэлсэн. Би шахаж шаардаагүй. Өөрсдөө шийдээрэй гэсэн. Эгч гэрийхэнтэйгээ ярилцсан байх шийдвэрээ гаргаж урьдчилгаа 9.500.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Энэ мөнгийг би Оюунтуяад өгсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 21-нд цагдаад өгсөн өргөдөл 2019 оны 11 дүгээр сарын 04-нд Цагдаагийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ Б.Оюунтуяа 9.500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-нд бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Тэрээр мөнгийг авч яваад 2 цагын дараа ирээд материалуудыг мөнгөний хамт С.Ганцогт даргад өгчлөө хэд хоногоос материалаа аваад Д.Батлут дарга дээр цохуулчихна гэж байна гэсэн. Энэ мэдээллийг эгчид тухай бүр хэлж байсан. Б.Оюунтуяа 7 дугаар сарын 31-нд надруу залгаад “... хотод хүүхдээ эмнэлэгт эмчлүүлж хагалгаанд оруулж тэвдэж явах үеэр байрны хүн залгасан байна, хувьчлалын асуудлыг 08 дугаар сарын 01-нээс өмнө 30% урьдчилгаа хийлгээд шийдвэрлэж байна, таны хүмүүс хоцорлоо, өнөө орой гарлаа өглөө мөнгөө бэлэн болгосон байгаарай гэхээр нь эгчийн хүү Б.Мөнхтогтохруу энэ байдлыг хэлсэн. 08 дугаар сарын 01-нд Б.Оюунтуяа ирээд төлөх дансыг хэлье 15.280.000 төгрөг төлөх юм байна гээд явсан. Өдөр нь дахиад ирээд Шүр-Эрдэнэ гэдэг хүний байрны урьдчилгаа 30% төлсөн баримт үзүүлж. Энэ хүний данс орон сууцны менежер Долгормаа гэдэг хүний данс энэ дансанд төвлөрүүлж байгаа юм гэж хэлсний дагуу Мөнхтогтохын эхнэр Билгүүн ирэхээр нь БОюунтуяагын үлдээсэн баримтыг (Шүр- Эрдэний мөнгө төлсөн баримтыг) өгч явуулаад тэр дансанд нь (5229036690) 15.280.000 төгрөг тушааж авчирч өгснийг нь би Б.Оюунтуяад өгсөн. Мөн энэ дансанд би өөрөө 08 дугаар сарын 01-нд 8.140.000 төгрөг байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн юм. Ингээд 08 дугаар сарын 15-нд байрны гэрээ, батламж өгнө гэж Б.Оюунтуяа хэлсэн боловч утас нь холбогдохоо больж алга болсон. 08 дугаар сарын 19-нд эгчтэй нь холбогдож асуухад сураггүй болчихлоо гэсэн. Ингээд би Цагдаагийн газарт хандсан. Гэтэл Б.Оюунтуяа нь олон хүнийг хуурч мэхэлсэн болохыг мэдсэн. Би бас өөрөө хүүдээ байр захиалж, мөнгөө шилжүүлснийг хүртэл хэлж байсан. Хэрэг шийдвэрлэх явцад эгчтэйгээ эвлэрээд 7.500.000. төгрөгийг өгье гэсэн боловч эгч зөвшөөрөөгүй. Үүнийг яагаад ингэж шийдэв миний зүгээс 9.500.000 төгрөг авчирсныг Б.Оюунтуяад бэлнээр нь өгсөн бөгөөд би өөрөө эзэмшилдээ аваагүй ч нэгэнт гардаж авсан болохоор Б.Оюунтуяа өнөөдрийн байдлаар эрэн сурвалжлагдсан байгаа тул ингэж шийдсэн юм. 15.280.000 төгрөгийг би аваагүй тул уг мөнгийг надаас үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн гэж үзэж нэхэх хууль зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Ядахдаа 15.280.000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд би авсан бол энэ хүн авчихлаа, эзэмшилд нь орсон байна гэж дүгнэх боломжтой болох байсан байх. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ орон сууцанд оруулж өгч чадна гэж амлалтын дагуу орон сууц захиалах хэлцлийг амаар байгуулж түүнд нийт 24.780.000 төгрөгийг өгсөн байх бөгөөд энэ нь Хаан банкны 5229036690 дугаар О.Долгормаагийн дансаар Б.Мөнхтогтохоос 15.280.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн байна гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэнгүй. Мөн Б.Л нь Б.Хг өөр хүнтэй ярьж тохирсон, орон сууц захиалах ажиллагаа биелэгдэх боломжгүй гэдэг талаар мэдээгүй төөрөгдсөн байна. Иймээс төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэстэй гэсэн хирнээ Иргэний хуулийн гэм хорыг арилгах зохицуулалт буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийг зохицуулсан зохицуулалтыг хууль хэрэглээний хувьд хэрэглэдэг. Иргэний хуулийн 514-р зүйлийн нэхэмжлэгчийн хайнга хандсан гэм буруутай байдлыг харгалзан 30% нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан гэсэн нь бүр ч ойлгомжгүй, хуулийн үндэслэл муутай хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж надаас 15.946.000 төгрөг гэснийг 7.500.000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Л төлбөр 22.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Х “... би мөнгийг хувьдаа бодитойгоор авч ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч Б.Л нь төлбөр 22.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй тухайлбал орон сууц захиалах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар талууд маргаж мэтгэлцээгүй байхад шүүх зохигчдын гаргасан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Л орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож 9.500.000 төгрөгийг хариуцагч Б.Хд бэлнээр өгсөн, нэхэмжлэгчийн хүү Б.Мөнхтогтох өөрийн нэрээр байрны урьдчилгаа төлбөр 15.780.000 төгрөгийг бэлэн бусаар О.Долгормаагийн 5229036690 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байхад шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хариуцагчаас 15.946.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 28 дугаар зүйлийн 28.4.-т заасантай нийцэхгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн гүйцэт тодруулаагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хариуцагч Б.Хгийн гаргасан “... эгч надаас мөнгө нэхсэн учраас би 2.000.000 төгрөг өгсөн. Хэрэг шийдвэрлэх үед эвлэрээд 7.500.000 сая төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүй. Тиймээс 7.500.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.086 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ