Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00579

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй

Б.Лхамсүрэнд холбогдох

 

22,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******гээс хариуцагч*******д холбогдуулан Орон сууц захиалах хэлцлийн дагуу төлсөн 22,780,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 56 дугаар зүйлийн 56.4, 229 дүгээр зүйлийн 229.2-д заасныг баримтлан ******* нь******* нарын хооронд амаар байгуулсан орон сууц захиалах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч*******гээс 15,946,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,834,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271,850 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 237,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч *******, түүний төлөөлөгч Ж.Нямаа нар нэхэмжлэлийн агуулгаа 22,780,000 төгрөгийг*******д өгсөн,******* уг мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 22,780,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Лхамсүрэнд 22,780,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь нотлогдоогүй. Мөн 15,946,000 төгрөгийг Б.Мөнхтогтох О.Долгормаагийн дансанд шилжүүлсэн байхад ******* Б.Мөнхтогтохын өмнөөс шаардах эрхгүй. ******* өөрөө хамтран нэхэмжлэгчээр хэн нэгнийг оролцуулах, эсвэл солих, хариуцагчийг солих зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулсан анхан болон давж заалдах шатны шүүхэд, харин хэрэгт авагдсан нотлох баримт, нотолгооны хэрэгсэл болох тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэх үндэслэл байтал шүүх хөндлөнгийн байх зарчмаа зөрчиж, нэхэмжлэгчид өөрсдийнхөө хэрэгжүүлэх эрхийг зааж өгч байгаа мэт дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх 167.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг үлдээх буюу өөрчлөхөөр шийдвэрлэх эрх хэмжээ байсан ба хэт нэхэмжлэгч талд хувийн сонирхлоор хандаж, шударга бус шийдвэр гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хүүдээ байр захиалахаар төрсөн дүү*******д 24,780,000 төгрөгийг өгсөн боловч байр бүтэхээ больсон гэсэн,******* 2,000,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэх мөнгийг өгөхгүй хохироосоор байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч*******: ...миний танил Б.Оюунтуяа удахгүй ашиглалтад орох байрны 2 квот байна, байр захиалах уу гэхээр нь итгээд өөртөө байр захиалсан бөгөөд энэ талаар эгч *******д хэлэхэд хүүдээ байр захиална гээд урьдчилгаа 24,780,000 төгрөгийг 2 хувааж өгснийг Б.Оюунтуяад өгсөн, ...Б.Оюунтуяа байрны гэрээ, батламж өгнө гэсэн боловч 2019.08.15-аас хойш холбогдохгүй алга болсон, ...цагдаагийн газар мэдэгдэхэд олон хүнийг хууран мэхэлж, эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдсэн, ...өөрийн эгчийн мөнгийг өөртөө бодитойгоор аваагүй, ах, дүүдээ л тус болъё гэж бодсон, эгчийгээ эрсдэлд орсон болохоор нь 9-р сард 2,000,000 төгрөг өгсөн, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* төрсөн дүү*******гийн санал болгосноор хүүдээ байр захиалахаар урьдчилгаа төлбөрт 2018.11.07-ны өдөр 9,500,000 төгрөгийг бэлнээр, 2019.08.01-ний өдөр 15,280,000 төгрөгийг түүний хэлсэн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь танил Б.Оюунтуяа гэж хүнд залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байхад шүүх зохигчийн тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь 15,780,000 төгрөгийг хариуцагчийн дансанд бус О.Долгормаагийн дансанд шилжүүлсэн байхад уг нөхцөл байдлыг тодруулалгүй хариуцагчаар хариуцуулахаар шийдвэрлэсэн, ...хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн... гэжээ.

 

8. Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

8.1. Нэхэмжлэгч нь төрсөн дүү*******д итгэж, өөрийн хүүд байр захиалахаар урьдчилгаа төлбөр 24,780,000 төгрөгийг*******д бэлнээр болон түүний хэлсэн дансанд шилжүүлсэн, захиалсан байр бүтэхгүй болсон үндэслэлээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаарджээ.

 

Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд орон сууц захиалах гэрээ амаар хийгдэж, гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь дүү*******г орон сууц захиалах ажиллагаа биелэгдэх боломжгүй, энэ талаар эрх бүхий этгээдтэй харилцаагүй, эрх мэдэлгүй болохыг мэдээгүй төөрөгдсөн гэх үндэслэлээр хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хүчин төгөлдөр бус... гэж дүгнэж, гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

8.2. 2019.08.01-ний өдөр шилжүүлсэн 15,780,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүү Б.Мөнхтогтох хариуцагч*******гийн заасан О.Долгормаагийн дансанд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж, 28 дугаар зүйлийн 28.4-т энэ хуулийн 28.1-д заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна гэж, 28.1-д ...шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, ...эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэгч, хариуцагчийг сольж болохоор тус тус зохицуулсан байна.

 

Хэргийн оролцогчийг солих, эсхүл хэн нэг этгээдийг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг зохигч гаргаагүй бөгөөд*******гийн өгсөн О.Долгормаагийн дансанд орон сууцны захиалгын төлбөрийг *******гийн хүү Б.Мөнхтогтох нь өөрийн нэрээр шилжүүлсэн, тэдгээр нь ашиг сонирхлын зөрчилгүй, энэ талаар маргаагүй байхад эдгээр хүмүүст холбогдуулан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

9. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******тэй тохиролцсон орон сууц захиалах гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй боловч хариуцагч нь бусдад мэхлэгдсэнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан, улмаар төрсөн дүү учир итгэж, нягтлан шалгалгүй, хайнга хандсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 30 хувьд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмыг дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зохих буруутай гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй тул дансаар шилжүүлсэн мөнгийг аваагүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч******* нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуулын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2020.06.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,086 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД