Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 67

 

Ж.Тийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Х.Эд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Эд холбогдох,

“Гэм хорын хохирол 860.003 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Х.Э нь автомашин жолооодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, осол гарган насанд хүрээгүй Өлзийбаяр овогтой Сандагдоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулж хохироосон бөгөөд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/168 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Эг гэм буруутай болохыг тогтоож цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх эмчилгээний зардлыг уг тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш гарсан зардал болох 860.003 төгрөгийг иргэн Х.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Ж.Тийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ө.Сандагдоржийг мөргөж, зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоос болон жийргэвчийн урагдал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцарсан гэмтэл учруулсан. Үүний дагуу Ө.Сандагдорж 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-д хагалгаанд орсон. Толгой, баруун, зүүн хөлний MRI зураг болон хагалгааны зардалд 2.700.000 төгрөг төлсөн. Үүнээс гадна гарсан эм тариа, унааны зардал гэх мэт зүйлийн төлбөр 10.237.375 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу уг мөнгийг төлж байгаа. Ө.Сандагдорж нь насанд хүрээгүй учраас хагалгаа болон эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг гэж боддог. Гэтэл Ө.Сандагдоржийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Ж.Т нь надаас аль болох мөнгө авах сонирхолтой байна. Би өөрийн бурууг ойлгож маш их гэмшиж байгаа. Гэрээсээ ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг. Эхнэр маань 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Ө.Сандагдоржийн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй гарсан зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин Ө.Сандагдоржийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Ж.Т нь хүүхдийн эмчилгээний зардалтай ямар ч хамааралгүй шатахууны зардал, анар вакус, зүрхний эм, цагаан мөөг, хордлого тайлах эм тариа гэх мэт хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэхгүй зүйлс нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, эмчилгээний зардлыг төлүүлэхээс хэн нэгний ашигласан хэрэглэсэн эд зүйлс, хоол хүнсний зардлыг төлүүлэх үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Эгаас 850.889 /найман зуун тавин мянга найман зуун наян ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.114 /есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Эгаас 24.971 /хорин дөрвөн мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/168 тоот шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх эмчилгээний зардлыг уг тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш гарсан зардал болох 860003 төгрөгийг иргэн Х.Эгаас гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө гаргасан зардлаа бүгдийг авсан, энэ хугацаанаас хойшхи зардлаа гаргуулахаар шаардсан байдаг, гэтэл анхан шатны шүүх үүнийг анзаарч харахгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 11, 23-ны өдрүүдэд хэрэглэсэн 70.000 төгрөгний бензиний үнийг хохиролд тооцож гаргасан байна. Уг нь энэ зардлыг нэхэмжлэгч тал урд нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул хасч тооцох нь зүйтэй байсан байх. Нэхэмжлэлийн шаардлагад хэзээ, хаана, ямар эмчилгээг, хэний заавар, үзлэг, оношлогоо, жороор, хэнд эмчилгээ хийгдээд байгаа нь тодорхойгүй байсан, түүнчлэн ямар зорилгоор хэн хэзээ хаанаас хаашаа яваад өдөр бүхэн бензин аваад байсан нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Өвчтөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд заавал эмчид үзүүлж, амбулаторийн дэвтэртээ бичилт хийлгүүлж, эмнэлэгт хэвтэх бичиг авч эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг, тасагт хэвтсэний дараа өвчтөнд өвчний түүх нээж эмнэлгээс гарах хүртэлх бүх л эмчилгээ, эм тариаг нэг бүрчлэн бичдэг, мөн тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн бүртгэлд бүртгэдэг гэх мэтчилэн үнэхээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн юм бол эдгээр баримтуудыг хэрэгт авагдах байсан. Гэтэл энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүх хурал дээр эмнэлэгт хэвтсэн талаар нөхөж бичүүлэв гэсэн гарчигтай 1 хуудас баримт, мөн он сар өдөр нь засвартай 2 хуудас материал өгсөн. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүхийн асуудал байх гэхдээ нотлох баримт гэдэг нь хөдөлшгүй, үнэн бодит байх ёстой, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаар нөхөж бичүүлэв гэдэг нь сүүлд буюу шүүх хуралд орохын урд тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд бичүүлсэн гэдэг нь ойлгомжтой байхад энэ нөхөж бичүүлсэн гэх баримтыг хараад эмнэлэгт хэвтсэн хагалгаа хийлгэсэн гэж үзэж болохгүй гэж би үзэж байна.

Дээр дурдсан эмнэлэгт хэвтэх үеийн баримтуудыг яагаад хэрэгт нотлох баримтаар өгөөгүй юм хэрэв тийм баримт байсан бол өнөөдөр маргаад байх зүйлгүй байсан гэтэл он сар нь засвартай, нөхөж бичүүлсэн гэх ийм баримтуудыг үндэслээд Ө.Сандагдоржийг эмнэлэгт хэвтсэн хагалгаа хийлгэсэн мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа зүрхний эм, ханиадны эм, эмэгтэйчүүдийн вакус, бага насны хүүхдийн витаминууд, хордлого тайлах шингэнүүд, юу авсан нь тодорхойгүй е баримтууд нь хохирогч хүүхдийн эмчилгээнд зарцуулсан гэдгийг яаж нотлоод байгаа нь ойлгомжгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эмнэлэгт хэвтэж байх үед натрийн хлорид болон хордлого тайлах эм тариа, ханиадны эм, зүрхний эм зэрэг нь ямар өвчин, зовиурийн улмаас өвчтөнд хэрэглэсэн бэ гэдэг нь тодорхойгүй, хуурамч байх магадлалтай, магадгүй Ж.Наранцэцэг өөрийнхөө эсвэл өөр хүний эмчилгээний зардлыг /е баримтыг/ цуглуулж байгаад нэхэмжлэл гаргасан ч байх магадлалтай байхад шүүх нотлох баримтыг үнэлэхдээ анхаарч үзээгүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн вакус, зүрхний эм, ханиадны эм, бага насны буюу 0,6-5 насны хүүхдийн хэрэглэдэг витаминууд, хордлого тайлах тарианууд зэрэг нь өвдөгний хагалгаа хийлгэсэн хүн дахиад хадаас авахуулахад ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг нь сонин санагдаж байгаа юм. Үнэхээр Ө.Сандагдоржийн эмэнлэгт хэвтсэн талаарх өвчтөний түүх, эмнэлэгт хэвтэх үед хийгдсэн өвчтөн хүлээн авах, бүртгэх дэвтрийн хуулбар, эмнэлэгт өвчтөн шилжүүлсэн баримтууд байсан бол, түүнчлэн дээр дурдаад байгаа эм тарианууд Ө.Сандагдоржид хэрэглэсэн, эмчийн бичиж өгсөн жорын дагуу авч хэрэглэсэн, хэрэглэхдээ хариуцагчийн учруулсан гэмтлээс үүдэлтэй байсан гэдгийг нотлож чадсан бол хариуцагчаас гэм хорын хохиролыг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ талаараа шүүх хурал дээр ч хариуцагч талаас тодорхой хэлсэн, нотлох баримт дутуу, бүрдэл хангагдаагүй, нэхэмжилж буй эмчилгээний зардлаа хэдэн төгрөгийг ямар эмчийн заавар, жороор эм тариа авсан, хэдэн төгрөгийг бензин шатахуунд зарцуулсан, хэдэн төгрөгийг банкинд хүүнд төлсөн, нотариатын төлбөрт хэдэн төгрөг өгсөн зэргээ нотлож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасны дагуу бэхжүүлэгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Мөн Ж.Наранцэцэгийн зээлд төлсөн хүүний мөнгө гэдэг зүйл нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй байснаа гэнэт шүүх хурал дээр хүүний төлбөрт 284.000 төгрөг гэж яригдаад анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

Ж.Наранцэцэг 284.000 төгрөгийг хүүний төлбөрт төлсөн гэдгийг ямар нотлох баримтыг үндэслээд шүүх хангаж шийдвэрлэсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрлэдэг, гэтэл хэрэгт Ж.Наранцэцэг аль банкнаас ямар зээл авсан, зээлийн хүү нь хэд юм, сар бүр хэдийг төлдөг, энэ төлбөр нь хэдэн сарын зээл юм, мөн уг зээлийг Ө.Сандагдоржийн эмчилгээнд зарцуулсан гэдгээ яаж нотлоод байгаа нь тодорхойгүй байхад хангаж шийдвэрлэсэн  нь буруу гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө гаргасан зардлаа бүгдийг авсан, энэ хугацаанаас хойшхи зардлаа гаргуулахаар шаардсан байдаг гэтэл уг зээлийг авсан төлсөн гэх банкны орлого зарлагын баримтаас харахад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8.283.302 төгрөг төлсөн баримт байдаг, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанаас өмнө гарсан зардал байгаа тул хэрэгсэхгүй болгох боломжтой. Түүнчлэн Ж.Наранцэцэг үнэхээр Ө.Сандагдоржийн эмчилгээнд зарцуулсан юм бол зээлийн гэрээ, эргэн төлөлтөө нотлох баримтаар өгснөөр тооцоолол хийж 284.000 төгрөгийг хүүнд төлсөн гэж дүгнэхээс биш нэхэмжлэгчийн амаар хэлсэн үгийг нотлох баримт гэж үзэж хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хэрэв Ж.Наранцэцэг хүүнд 1 сая төгрөг төлсөн гэж хэлвэл мөн л гаргаж өгөх үү, хүүнд 284.000 төгрөг төлсөн гэдгийг шүүх яаж тогтоож дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Хэргийн оролцогч нар өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан хөлс зэргийг хохиролд тооцож оруулдаггүй, энэ зарчмаас харахад Ж.Т нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч авах эрх нь тэр хүний эрхийн асуудал, тэгэхээр итгэмжлэл хийлгэсэн нотариатын хөлсийг хохиролд тооцох нь буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл Ж.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч авах эсэх нь хувь хүний хуулинд заасан эрхээ эдэлж байгаа болохоос биш эмчилгээний зардалд шууд утгаараа хамаарахгүй тиймээс нотариатын хөлсийг хохиролд тооцохгүй гэж үзэж байна. Үнэхээр хохиролд тооцох юм бол яагаад шүүх 23800 төгрөг гэж үзээд байгааг би ойлгохгүй байна, Ж.Тийн өгсөн итгэмжлэл дээр нотариатч 5000 төгрөг, шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан төлбөрт 4000 төгрөг нийтдээ 9000 төгрөг л авсан байсан гэтэл хаанаас олоод ирсэн, юу батлуулсан нь тодорхойгүй нотариатын төлбөр төлсөн гэх баримтыг үндэслэж 23800 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хэрэв нотариатын баримтаа хохиролд оруулах гэж байгаа бол бодит баримт үнийг нэхэмжлэх хэрэгтэй, тухайлбал нотариатын үйлчилгээ үзүүлсэн бүртгэлийн дэвтэрт тодорхой дурдсан байдаг энэ баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад 9000 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлсийг авсан байгаа гэтэл 23800 төгрөг гэж шүүх яагаад дүгнэсэн талаар тодорхой дурдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хохирогч Ө.Сандагдоржийг эмнэлэгт хэвтсэн гэх баримт нь илт эргэлзээтэй, засвартай, нөхөж бичүүлсэн, бусад гаргаж болох нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийгдсэн гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралд оролцсон иргэний төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэнд тодорхой дурдаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь эргэлзээтэй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлага болох 860003 төгрөгийг үгүйсгэж байгаагаа илэрхийлж байсан. Ө.Сандагдорж эмнэлэгт хэвтээд хагалгаа хийлгэсэн юм бол яагаад нэхэмжлэгч талаас эмнэлэгт хэвтсэн өвчтний түүх, өвчтөн хүлээн авсан бүртгэл, эмнэлэгт өвчтөн шилжүүлэх баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт авахуулах байсан. Ийм баримт нь хэрэгт авагдаагүй тул он сарыг нь засварласан, эмчийн тамга тэмдгээ буруу харуулаад дарчихсан, нөхөж бичүүлсэн зэрэг эргэлзээтэй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч... тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага .... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэргийн материалд авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хэнээс, юу шаардсан нь тодорхой болсон тохиолдолд хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэх тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч хариуцагчаас хэдэн төгрөгийн эм тарианы төлбөр, бензины зардал, хүнсний зардал, хүүний төлбөр, нотариатын үйлчилгээний зардал шаардаад байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 860.003 төгрөгний задаргаа байхгүй, нэхэмжилж буй баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс илт зөрүүтэй, зарим баримт нь хүүхдийн эмчилгээнд зориулагдаагүй байхад дүгнэлт гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Т хариуцагч Х.Эгаас гэм хорын хохиролд 860.003 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Э нь соната-6 маркийн 53-26 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй Ө.Сандагдоржийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтад үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Х.Э нь энэ үйлдэлдээ Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Ослын улмаас хохирогч насанд хүрээгүй Ө.Сандагдоржид зүүн хөлний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоос, жийргэвчний урагдал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирснаас эмчилгээ хийлгэсэн зардал, замын зардал болон бусад гарсан зардлуудыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ..

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай бөгөөд хариуцагч Х.Э гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нотлогдон тогтоогджээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь гэм хор учруулсантай холбоотой эмчлэх, сувилах, асрах зэрэгт гарсан бүх зайлшгүй зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Х.Эгаас эм тарианы зардал болон замын зардал /бензиний үнэ/, яаралтай хагалгаанд оруулахаар банкнаас авсан зээл, зээлийн хүү зэрэгт 850.889 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэгч Ж.Таас хүү Ө.Сандагдоржийг эмчлүүлсэн болон замын зардал /бензиний баримт/ бусад баримтуудыг хуурамч, давхардсан гэж үзэх үндэслэлгүй. Харин шүүх зарим хэрэглэсэн эмийн зардлыг хасч тооцсон байна. Банкнаас авсан зээлийн үндсэн баримт авагдаагүй ч зээл, зээлийн хүүг төлж зээлийг хаасан баримт хэрэгт авагдсан тул банкнаас авсан зээлд хүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй эмчилгээний зардлаа ямар эмчийн заавар, жороор эм тариа авсан, хэдэн төгрөгийг бензин шатахуунд зарцуулсан, хэдэн төгрөгийг банкны зээлийн хүүнд төлсөн, нотариатын төлбөрт хэдэн төгрөг төлсөн зэргээ нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасны дагуу бэхжигдээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ