Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 73

 

С.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч

ДАТШГ холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДАШТГт холбогдох,

“... 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5.791.844 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Оийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“... Миний бие хуулийн сургууль төгсөөд анх Дундговь аймгийн шүүхэд 1981  оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нарийн бичгийн дарга, шүүгч, байнгын гишүүнээр ажиллаж байгаад дахин суралцаж, их сургуулиа төгсөөд өөр газар ажилласан бөгөөд тус аймгийн шүүхэд шүүгчийн орон тоо гарснаар 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Дундговь, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн багц хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн шүүхийн нэршил нь Давж заалдах шатны 9 дүгээр шүүх болж, улмаар энэ шүүхийн байршлыг Дархан-Уул аймагт заасны улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зарлигаар Сэлэнгэ аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Буянжаргал, Ц.Амаржаргал, Г.Давааринчин, миний бие бид тавуулаа Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр ажилласан болно. Миний бие анх ажилд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй 38 жил, үгүйдээ 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аймгийн шүүхийн шүүгчийн албыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “өндөр настаны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн хуульд заасан үндэслэлээр дээрх үүрэгт ажлаас чөлөөлөх зарлиг гарах хүртэл 22 жилийн хугацаанд төрийн шүүгчийн эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай албыг тасралтгүй хашсан билээ. Дээр дурдагдсан зарлигуудыг цахимаас шалгах боломжтой.

Дээр дурдсан хугацаанаас хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх эрх миний хувьд анх 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус үүсч буй юм. Миний бие ер нь жил бүр энэ эрх үүссэн үеэс ээлжийн амралтаа эдэлж ирсэн бөгөөд 2018, 2019 оны ээлжийн амралт олгох тухай Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаал, амралтын мэдэгдэх хуудас нь 2018 оны 07 дугаар сарын 01 мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус гарсан байгаа. Иймээс надад 2019 оны ээлжийн амралтый олговрыг хуульд зааснаар бүтэн бодож олгох ёстой байтал хагас дутуу олголоо. Яагаад гэдэг асуултанд, хариуцагч тал нь та 2014 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн шүүхээс Дархан-Уул аймгийн шүүхэд шилжиж ирсэн тул “ээлжийн амралтын олговор бодож олгох тухай” журмын дагуу дээр дурдсанаар шилжиж ирсэн гэсэн нэрийдлээр амралтын хугацааг дутуу тооцоолж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтын олговрыг бодож олгосон нь миний хуулиар эдлэх эрхийг хэтэрхий бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1.4, 14.1, 19.1, 16.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1, 79.1 /ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ ... / 79.2, 79.5.6, 55.1, 55.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр шилжиж ажиллах тухай хүсэлт огт гаргаагүй байхад шилжсэй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тэгээд ч тухайн үед Сэлэнгэ аймгийн шүүхийн 5-ын 5 шүүгч нэгэн зэрэг хүсэлт гаргаж шилжсэн байх уу. Харин ч бидний ажиллаж байсан шүүхийн нэршил хуулиар өөрчлөгдөж, шинээр шүүх байгуулж түүнийг Дархан-Уул аймагт байршуулсан болохоос бид /би/ хувийн шалтгаанаао хүсэлтээрээ Дархан-Уул аймагт шилжиж ирээгүй тул “ээлжийн амралтын олговор бодож олгох тухай” журмын нэгээс нөгөө газарт шилжсэн гэдгээр ээлжийн амралтын олговор бодоЖ олгох заалтыг надад хамруулж байгаа нь огт буруу. Харин ч биднийг хуулийн дагуу байршил өөрчлөгдсөн шинэ шүүхэд ажиллуулснаа Шүүхийн ерөнхий зөвлөл орон байраар хангаж, хөнгөлөлт үзүүлж байсан ч шилжин ажиллаагүй гэдгийг илүүц нотлох баримт шаардахгүйгээр шууд нотолж байгаа юм. Энэхүү журмын дагуу танд ээлжийн амралтын олговрыг бүтэн олгож болохгүй байнё, хэрвээ олговол акт тавигдана. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өг гэвэл олгож болох юм гэдэг. Хариуцагч талын энэхүү тайлбараас дүгнэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хараат байдлаар шүүгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Амралтын тушаал гарсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2 сар гаруй хугацаанд шүүгч байсан хүний тэвчээр зааж хүлээлээ. Арга буюу хуульд заасан хугацаанд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр сэргээлгэхээр хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 5.791.844 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн баримтлаад намайг хохироож байгаа Эрүүл мэнд, нийгмйин хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амрадт олгох зааврын 12-т “нэг аж ахуйн нэгж байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтай” гэжээ. Би аймгийн шүүхэд шүүгчийн албан тушаал хашиж байснаас өөр ямар нэгэн байгууллагад шилжээгүй. Тасралтгүй нэг байгууллагад нэг албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдөж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт тайлбаруудад тайлбар өгье. Сэлэнгэ аймгийн шүүхээс чөлөөлөгдөх үед ээлжийн амралтын тооцоо хийгдээгүй гэж дурьджээ. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №135 албан бичгээр ирүүлсэн 2007-2013 оныг дуусталх хугацаанд олгосон цалин болон ээлжийн амралттай холбоотой 4 хуудас баримтаас үзвэл ээлжийн амралтын ажлын жилийг дутуу биш харин 13 хоногоор илүу тооцсон мэт харагдаж байна. Нэхэмжлэгчийн үзэж байгаачлан шилжээгүй үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээ гэхэд ээлжийн амралтын ажлын жилийг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэж үзээд цааш нь жил жилээр тооцоход 2019 оны ээлжийн амралтын ажлын жил 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байхаар тооцоо гарч байна. Иймд аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн үзэж байгаачлан 2019 оны ээлжийн амралтын ажлын жилийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01 гэж үзэх боломжгүй юм. Хэрэв ингэж үзвэл 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний хоорондох Сэлэнгэд тооцогдсон хугацааны ээлжийн амралтын хоног давхардахаар байгаа тул боломжгүй юм. Өмнө нь ажиллаж байсан байгууллага нь тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж дугаар гэрчилгээ авсан өөр регистрийн дугаартай байгууллага, харин Давж заалдах шатны 9-р шүүх нь 2014 онд шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч 1970070106 тоот дугаарт бүртгэгдсэн 4267893 тоот регистрийн дугаартай шүүн таслах ажлын чиглэлээр дагнасан шүүх. Нэг байгууллага бол бүртгэл, регистрийн дугаар нь өөрчлөгдөхгүй нэршил нь өөрчлөгдөх байсан байх. Иймд бид ажиллаж эхэлсэн өдрөөс нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтын ажлын жилийг холбогдох хууль журмын дагуу тооцож амралтын мөнгийг бүрэн олгосон болно. Мөн нэг байгууллагад үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээ ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүйг дээр тайлбарласан болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцөөс миний олговрыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу бодож олгохыг хариуцагчид зөвлөсөн байтал үл ойшоосон гэжээ. Энэ тухай уг газраас ямар нэгэн зөвөлгөө надад хэлээгүй бөгөөд бид хууль журмыг баримталсан. Мөн тайлбарт бичсэн шиг зарлиг гарсан бүр шилжсэн гэж ойлгоогүй 2013 оны №199 тоот шүүгчээр томилсон зарлиг бол шүүн таслах ажпын төрлөөр дагнан байгуулагдсан шинэ бааз суурь, шинэ эхлэлтийн баланс, шинэ төсөвтэй, улсын бүртгэлд анхлан бүртгүүлсэн шүүхэд томилогдсоноороо онцлогтой юм.

Иймд журамд заасны дагуу өмнөх тооцоог урьд ажиллаж байсан газартайгаа дуусгасан байх ёстой. Учир нь урьд ажиллаж байсан газруудын ээлжийн амралтын тооцоог одоо ажиллаж байгаа газар хариуцан шүүж нягталж шалгаж, төсөвт тусгуулах боломжгүй тул ийм зохицуулалтыг журамд зааж өгсөн болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Оийн ДАШТГт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5.791.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэг талыг хэт барьсан харалган шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний нэхэмжлэлийн шаардлага нь ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор нэхэмжилсэн болохоос төсвийн талаар огт маргаагүй байхад ямар ч хамааралгүй Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх заалтыг шүүх баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж шүүх хуралдааны дараа шийдвэрээ танилцуулсан атлаа 7 хоногийн дараа бичгээр шийдвэрээ надад ирүүлэхдээ энэ хуулийн заалтыг огт хэрэглээгүйгээр шийдвэр нь бичигдсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гэж шийдвэрээ танилцуулсан боловч энэ заалтаа ч шийдвэртээ бичээгүй байна. Миний бие нь1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 22 жил тасралтгүй зөвхөн 1 шатны шүүхийн шүүгчээр ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн зарлигаар тэтгэвэртээ гарсан юм. Ээлжийн амралтыг эдлүүлэх шийдвэрийн дагуу 2019 оны 06 дугаар сард амралтын олговор олгох байтал намайг Сэлэнгэ аймгийн шүүхтэйгээ тооцоогоо хийх байсан гэж, нэг бол “2019 оны төсвийн жил” 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж байгаа тул эндээс төсвийн жилээр олговрыг тооцно гэж үндэсгүй шалтгаан биш шалтаг тоочиж, олговрыг тухайн цаг үед олгоогүй хууль журмыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч тал миний хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчиж хохироосон. 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс жил бүр 7-8 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зөвхөн сүүлийн нэг жилийн ээлжийн амралтын олговрыг  н эхэмжилж байгаа. Үүнээс өмнөх 21 жилийн ээлжийн амралт олговрийн талаар огтхон маргаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх нь надтай 2013 оны 12 сард Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газар ээлжийн амралтын тооцоог хийх шийдвэр гаргасан эсэх, гарсан бол энэ шийдвэрийг үндэслэн амралтын олговор олгосон санхүүгийн баримт байгаа эсэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн шүүх хуралдаанаас миний ажиллаж байсан 1981 оноос хойшхи хугацааны санхүүгийн баримтыг шүүх өөрийн санаачилгаараа гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг түдгэлзүүлсэн нь миний нэхэмжлэлийн шаардлагаас хальсан буруу шийдвэр гаргасан юм. Энэхүү шүүгчийн захирамжийн зөвхөн 4-р заалт буюу хэргийг түдгэлзүүлсэнд нь гомдол гаргахаар шийдвэрлэсэн болно. Миний бие дээрх хугацаанд жилдээ 1 л удаа амралт эдэлж байсан ба жилд 2 удаа амралт авна гэх ойлголт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хийж намайг чирэгдүүлэх шаардлага байхгүй болно. Сэлэнгэ аймгийн шүүх нь Шүүх байгуулах тухай хуулиар Дархан-Уул аймагт байршилтай “Давж заалдах шатны 9 дүгээр шүүх” болон зохион байгуулагдаж ажлын байр Сэлэнгэ аймгийн шүүх маань байхгүй болсныг хариуцагч тал болон анхан шатны шүүх “намайг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжихдээ 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх амралтын тооцоогоо өөрөө хийх үүрэгтэй учир 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарн 01 хүртэлх хугацааны амралтын олговрыг тооцохгүй” гэж, нэг бол “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дарханд шилжиж ирсэн гэж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01 хүртэлх олговрыг олгох тул 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны олговрыг буцаан суутгасан” гэж, нэг бол "Төсвийн хуулиар төсвийн жилээрээ л тооцож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны олговрыг олгоно” гэж 3 янзаар тайлбарлаж байгаа юм. Хэрвээ миний бие 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр анх ажилд орсон бол дээрх байдлаар тооцоо хийх нь зөв. Гэтэл миний бие 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр анх ажилд орсон ба жил бүрийн 7-8 сард ээлжийн амралтаа 11-12 сар ажиллаад амарч байсан байгаад сүүлд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс амарсан байдаг. Энэ хугацааг хариуцагч тал, шүүх огт хамаагүй, ажилласан жил тогтоолгох гэж байгаа биш гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Ажилласан хугацаагаар олговор олгох ёстой. Тухайлбал 12 сар ажилласан бол бүтэн жилээр нь, сараар ажилласан бол сараар нь, хоногоор ажилласан бол хоногоор нь олговрыг заавал бодож олгоно гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-д маш тодорхой заажээ. Харин зүй нь эцсийн тооцоо хариуцагч тал хийх үүргийг хүлээж байгаа тул анх ажилд орсон хугацаанаас тоолж ажилласан хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдоөөс эхэпж тоолоод 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож тушаал, мэдэгдэлд зааснаар ажлын 47 хоногийн олговрыг бүтнээр нь бодох нь хуульд нийцнэ. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амралтын эцсийн тооцоо хийх үндэслэл үүсээгүй, энэ тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн болоод тухайн шүүхийн Тамгын газрын даргын шийдвэр гараагүй, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зарлигаар тэтгэврийн нас хүрсэн гэж намайг шүүгчийн албан тушаалаас чөлөөлснөөр ажил олгогч надтай амралтын эцсийн тооцоо хийх үндэслэл бий болсон гэж үзэж байна. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүх хуулиар байхгүй болоод байхад намайг тэр шүүхээс шилжсэн гэж шүүх дүгнэсэн утгагүй байна. Хариуцагч талын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн баримтаар намайг 2013 оны 7 сард амарсан гэдгийг нотолсон бөгөөд үүнээс хойш амралтын тооцоо хийсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй болно. Дундговь аймгийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн баримтаар 2006 оны 07 дугаар сард амарсан бөгөөд 2007 оны 01 дүгээр сард амралтын эцсийн тооцоог хийгээгүй нь мөн нотлогдсон юм. Гомдолдоо хариуцагчийн тайлбартай холбогдуулан “шүүхийн тогтолцоо нэгдмэл байх болон 2013 оны Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дурдах нь зүйтэй” гэж үзлээ. Үүнд дараах хуулийн заалтуудыг анхаарч үзнэ үү? Үндсэн хуулийн 48.1.-д Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно ..., 48.2-т Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно., 48.3-т Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

Миний бие 3 шатны шүүхийн зөвхөн давж заалдах шатны шүүхэд  нэг ч хоног алгасалгүйгээр ажилласныг шилжсэн гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийж хуулийн дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж Иргэний хуулийн 9.4.3, 9.4.4.-т зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг арилгуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.О нь Дархан- Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын зөрүү 5.791.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ээлжийн амралт эдэлсэн хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож ажлын 47 хоногийн ээлжийн амралтын олговорт 11.583.587 төгрөг гаргахаас 2019 оны 06 дугаар сар хүртэл ажилласан хугацаагаар тооцож амралтын олговрыг дутуу олгож хохироосон гэсэн тайлбар гарган тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхболд нь нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлаа 2019 оны ээлжийн амралтын жил 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байхаар тооцоо гарч байгаа тул 2018  оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж үзэх боломжгүй гэсэн тайлбарт үндэслэн татгалзал, тайлбараа дэмжин шүүх хуралдаанд оролцсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч С.О нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн ба 2018 оны ээлжийн амралтаа 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эдэлсэн, 2019 оны ээлжийн амралтыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эдлүүлэхээр /амралтын 47 хоног/ Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын тушаал гарган шүүгчид мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх С.О нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаар зарлигаар “... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ...” гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул ДАШТГ даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/05 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 47 хоног амрах ээлжийн амралтыг эдлэх боломжгүй байдалд хүрснээр ээлжийн амралтын олговор олгох журамд заасны дагуу ээлжийн амралтын тооцоог хийхдээ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгоно гэж зааснаар” тухайн жилд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралт 23.5 хоногт ногдох олговрыг тооцсон гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 79 дугаар зүйлд зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1-р хавсралтын ээлжийн амралт олгох зааврын 4.-т ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцож олгох талаар зохицуулжээ.

Ажлын жил гэдэг нь ажилтан тухайн ажилд ажилласан өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэл үргэлжлэх нэг бүтэн жилийн хугацааг ойлгох ба ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан байгууллагад анх орсон өдрөөс эхлэн тооцогдох бөгөөд нэхэмжлэгч С.О нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа 2018 оны ээлжийн амралтыг 2018 оны 07 дугаар сард эдэлсэн байх ба 2019 оны 07 дугаар сар хүртэл бүтэн нэг жил ажилласан тул ажлын жилээр тооцон ээлжийн амралтыг 47 хоногоор тооцон амралтын олговор олгох ёстой.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтны ажилласан хугацаанд ногдох амралтыг эдлүүлэхээр 23.5 хоногоор тооцон олгосон гэсэн тайлбар, татгалзлаа нотлох баримтуудаар нотолж чадаагүй байна.

Мөн төсвийн жилээр тооцон олговор олгоно гэсэн тайлбар ч үндэслэлгүй. Тухайн маргаанд Төсвийн тухай хууль тогтоомж хамааралгүй болно.

Иймд нэхэмжлэгч С.Оийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Оийн ДАШТГт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5.791.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5.791.844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.От олгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай ...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 107.619 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч С.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ