Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00671

 

 С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2020/00073 дугаар магадлалтай,

 С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдох,

2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие хуулийн сургууль төгсөөд анх Дундговь аймгийн шүүхэд 1981.08.01-ний өдрөөс нарийн бичгийн дарга, шүүгч, байнгын гишүүнээр ажиллаж байгаад дахин суралцаж, их сургуулиа төгсөөд өөр газар ажилласан бөгөөд тус аймгийн шүүхэд шүүгчийн орон тоо гарснаар 1997.08.01-ний өдрөөс хойш Дундговь, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн багц хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн шүүхийн нэршил нь Давж заалдах шатны 9 дүгээр шүүх болж, улмаар энэ шүүхийн байршлыг Дархан-Уул аймагт заасны улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн зарлигаар Сэлэнгэ аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Буянжаргал, Ц.Амаржаргал, Г.Давааринчин, миний бие бид тавуулаа Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр ажилласан болно. Миний бие анх ажилд 1981.08.01-ний өдрөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй 38 жил, үгүйдээ 1997.08.01-ний өдрөөс хойш аймгийн шүүхийн шүүгчийн албыг 2019.07.02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр настаны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн хуульд заасан үндэслэлээр дээрх үүрэгт ажлаас чөлөөлөх зарлиг гарах хүртэл 22 жилийн хугацаанд төрийн шүүгчийн эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай албыг тасралтгүй хашсан билээ. Дээр дурдагдсан зарлигуудыг цахимаас шалгах боломжтой. Дээр дурдсан хугацаанаас хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх эрх миний хувьд анх 1982.07.01-ний өдрөөс, мөн 1998.07.01-ний өдрөөс тус тус үүсч буй юм. Миний бие ер нь жил бүр энэ эрх үүссэн үеэс ээлжийн амралтаа эдэлж ирсэн бөгөөд 2018, 2019 оны ээлжийн амралт олгох тухай Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаал, амралтын мэдэгдэх хуудас нь 2018.07.01 мөн 2019.07.01-ний өдөр тус тус гарсан байгаа. Иймээс надад 2019 оны ээлжийн амралтый олговрыг хуульд зааснаар бүтэн бодож олгох ёстой байтал хагас дутуу олголоо. Яагаад гэдэг асуултанд, хариуцагч тал нь та 2014 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн шүүхээс Дархан-Уул аймгийн шүүхэд шилжиж ирсэн тул ээлжийн амралтын олговор бодож олгох тухай журмын дагуу дээр дурдсанаар шилжиж ирсэн гэсэн нэрийдлээр амралтын хугацааг дутуу тооцоолж 2019.01.01-ний өдрөөс ээлжийн амралтын олговрыг бодож олгосон нь миний хуулиар эдлэх эрхийг хэтэрхий бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1.4, 14.1, 19.1, 16.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1, 79.1 /ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ ... / 79.2, 79.5.6, 55.1, 55.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр шилжиж ажиллах тухай хүсэлт огт гаргаагүй байхад шилжсэй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тэгээд ч тухайн үед Сэлэнгэ аймгийн шүүхийн 5-ын 5 шүүгч нэгэн зэрэг хүсэлт гаргаж шилжсэн байх уу. Харин ч бидний ажиллаж байсан шүүхийн нэршил хуулиар өөрчлөгдөж, шинээр шүүх байгуулж түүнийг Дархан-Уул аймагт байршуулсан болохоос бид /би/ хувийн шалтгаанаар хүсэлтээрээ Дархан-Уул аймагт шилжиж ирээгүй тул ээлжийн амралтын олговор бодож олгох тухай журмын нэгээс нөгөө газарт шилжсэн гэдгээр ээлжийн амралтын олговор бодож олгох заалтыг надад хамруулж байгаа нь огт буруу. Харин ч биднийг хуулийн дагуу байршил өөрчлөгдсөн шинэ шүүхэд ажиллуулснаа Шүүхийн ерөнхий зөвлөл орон байраар хангаж, хөнгөлөлт үзүүлж байсан ч шилжин ажиллаагүй гэдгийг илүүц нотлох баримт шаардахгүйгээр шууд нотолж байгаа юм. Энэхүү журмын дагуу танд ээлжийн амралтын олговрыг бүтэн олгож болохгүй байна, хэрвээ олговол акт тавигдана. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өг гэвэл олгож болох юм гэдэг. Хариуцагч талын энэхүү тайлбараас дүгнэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хараат байдлаар шүүгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Амралтын тушаал гарсан 2019.07.01-ний өдрөөс хойш 2 сар гаруй хугацаанд шүүгч байсан хүний тэвчээр зааж хүлээлээ. Арга буюу хуульд заасан хугацаанд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр сэргээлгэхээр хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 5,791,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? Хариуцагчийн баримтлаад намайг хохироож байгаа Эрүүл мэнд, нийгмйин хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амрадт олгох зааврын 12-т нэг аж ахуйн нэгж байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтай гэжээ. Би аймгийн шүүхэд шүүгчийн албан тушаал хашиж байснаас өөр ямар нэгэн байгууллагад шилжээгүй. Тасралтгүй нэг байгууллагад нэг албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдөж байгаа гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт тайлбаруудад тайлбар өгье. Сэлэнгэ аймгийн шүүхээс чөлөөлөгдөх үед ээлжийн амралтын тооцоо хийгдээгүй гэж дурьджээ. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019.10.10-ны өдрийн №135 албан бичгээр ирүүлсэн 2007-2013 оныг дуусталх хугацаанд олгосон цалин болон ээлжийн амралттай холбоотой 4 хуудас баримтаас үзвэл ээлжийн амралтын ажлын жилийг дутуу биш харин 13 хоногоор илүу тооцсон мэт харагдаж байна. Нэхэмжлэгчийн үзэж байгаачлан шилжээгүй үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээ гэхэд ээлжийн амралтын ажлын жилийг 2014.01.13-ны өдрөөс 2015. 01.13-ны өдөр гэж үзээд цааш нь жил жилээр тооцоход 2019 оны ээлжийн амралтын ажлын жил 2019.01.13-ны өдрөөс 2020.01.13-ны өдөр байхаар тооцоо гарч байна. Иймд аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн үзэж байгаачлан 2019 оны ээлжийн амралтын ажлын жилийг 2018.07.01-ний өдрөөс 2019.07.01 гэж үзэх боломжгүй юм. Хэрэв ингэж үзвэл 2013.07.01-ний өдрөөс 2014.01.01-ний хоорондох Сэлэнгэд тооцогдсон хугацааны ээлжийн амралтын хоног давхардахаар байгаа тул боломжгүй юм. Өмнө нь ажиллаж байсан байгууллага нь тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж дугаар гэрчилгээ авсан өөр регистрийн дугаартай байгууллага, харин Давж заалдах шатны 9-р шүүх нь 2014 онд шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч 1970070106 тоот дугаарт бүртгэгдсэн 4267893 тоот регистрийн дугаартай шүүн таслах ажлын чиглэлээр дагнасан шүүх. Нэг байгууллага бол бүртгэл, регистрийн дугаар нь өөрчлөгдөхгүй нэршил нь өөрчлөгдөх байсан байх. Иймд бид ажиллаж эхэлсэн өдрөөс нь буюу 2014.01.01-ний өдрөөс ээлжийн амралтын ажлын жилийг холбогдох хууль журмын дагуу тооцож амралтын мөнгийг бүрэн олгосон болно. Мөн нэг байгууллагад үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээ ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүйг дээр тайлбарласан болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцөөс миний олговрыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу бодож олгохыг хариуцагчид зөвлөсөн байтал үл ойшоосон гэжээ. Энэ тухай уг газраас ямар нэгэн зөвөлгөө надад хэлээгүй бөгөөд бид хууль журмыг баримталсан. Мөн тайлбарт бичсэн шиг зарлиг гарсан бүр шилжсэн гэж ойлгоогүй 2013 оны №199 тоот шүүгчээр томилсон зарлиг бол шүүн таслах ажпын төрлөөр дагнан байгуулагдсан шинэ бааз суурь, шинэ эхлэлтийн баланс, шинэ төсөвтэй, улсын бүртгэлд анхлан бүртгүүлсэн шүүхэд томилогдсоноороо онцлогтой юм. Иймд журамд заасны дагуу өмнөх тооцоог урьд ажиллаж байсан газартайгаа дуусгасан байх ёстой. Учир нь урьд ажиллаж байсан газруудын ээлжийн амралтын тооцоог одоо ажиллаж байгаа газар хариуцан шүүж нягталж шалгаж, төсөвт тусгуулах боломжгүй тул ийм зохицуулалтыг журамд зааж өгсөн болно гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 207/МА2020/00073 дугаар магадлалаар: .Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 142/ШШ2020/00364 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгосугай ... гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай ... гэснийг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 107,619 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дээрх магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа баталж чадаагүй, тайлбар нотлох баримтад нэг талыг барьж анхаарах хандуулж, харин хариуцагчийн тайлбар нотлох баримт санхүүгийн салбарт нийтээр дагаж мөрдөж байгаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны №166 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох заавар журмын заалтыг бүрэн гүйцэт анхаарч үзээгүй байна. Бидний зүгээс хангалттай хэмжээний нотлох баримт гаргаж өгсөн хэдий ч магадлалд тэр талаар бүрэн дурдаагүй байна. Мөн өөрөөр нотлох боломжгүй холбогдох журмаар зохицуулах хууль хэрэглээний асуудал юм. ... Үүнд: Ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, холбогдох хууль тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгон гэснийг баримтлан хуулийн заалтыг нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны №166 тоот тушаалын № дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 15-д Ээлжийн амралтын тооцоог хийх 2 тохиолдол буюу а\ тохиолдол нь ажлын жилийн хойно чөлөөлөгдөж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол гэдэг нь 2017.12.18-2018.12.18 хоорондох ээлжийн амралт тооцох ажлын жилийн олговороо 2018 оны 4 дүгээр сард 44 хоногоор бүтэн тооцуулж авсан тул манай тохиолдолд хамаарахгүй. Харин б\ тохиолдол буюу амралт тооцох ажлын жилийн дундуур чөлөөлөгдөж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол уг хугацаанаас ээлжийн амралт тооцох ажлын жилийн үлдсэн сард ногдох олговрыг суутган тооцож олгоно гэсэн заалт тохирч байгаа тул б\хувилбар буюу жишээ №2 дагуу хийсэн тооцоолол тохирч байна. ... Ажлын 47 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2018.12.18-ны өдрөөс 2019.12.18-ний өдөр хүртлэх хугацааны ажлын жилийн ээлжийнхээ амралтыг 2019.07.02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хугацаанд ногдохоо тооцуулж авахдаа 2019 оны ээлжийн амралтын 47 хоногоор бүтэн бодогдсон. 11,583,687 төгрөгөөс ажлаагүй сүүлийн 6 сарын хугацаанд ногдох 23,5 \47\12*6\ өдрийн амралтын олговорын мөнгийг уг ажилтнаас суутгаж тооцон 5,791,843 төгрөгийг бодож олгосон болно. Хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтууд ...Энэ маргаан өмнө нь журмын дагуу ээлжийн амралтаа бодуулж авсан олон хүмүүс болон гавьяаны амралтаа авч амралтын тооцоогоо хийлгэхээр хүлээж байгаа хүмүүст хамааралтай зарим хүмүүс хэрэв бүтэн олгогддог бол суутгуулсан мөнгөө нэхэмжлэхээр хүлээлттэй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн 2 өөр шийдвэрийг эцэслэн шийдвэрлүүлэхээр бидний зүгээс хандаж байгааг зөвөөр ойлгоө хүлээн аван уу гэжээ.

ХЯНАВАЛ:

1.С.Оюунцэцэг, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сараас тус шүүхэд ажиллаж эхэлсэн энэ үеэс ээлжийн амралтын жилийг тооцож амралтын мөнгийг олгосон гэсэн тайлбар гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны №166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 15-д Ээлжийн амралтын тооцоог хийх а\ тохиолдол ээлжийн амралтыг ажлын жилийн олговроор тооцох, харин б\ тохиолдол буюу амралт тооцох ажлын жилийн дундуур чөлөөлөгдсөн бол ээлжийн амралт тооцох ажлын жилийн үлдсэн сард ногдох олговрыг суутган тооцож олгоно гэсэн байна. Энэ 2 тохиолдлын б\ хувилбар нь тохирч байх тул нэхэмжлэгчийн 2019 оны ээлжийн амралтыг 47 хоногоор бүтэн бодсон 11,583,687 төгрөгөөс ажлаагүй сүүлийн 6 сарын хугацаанд ногдох өдрийн амралтын олговор 5,791,844 төгрөгийг суутгаж тооцсон нь хууль зөрчөөгүй гэсэн агуулга заажээ.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 2. Анхан шатны шүүх С.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтанд үндэслэгдээгүй, маргааны харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ ... гэж тус тус заасан байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны №166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох заавар-ын 4-т Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно гэжээ.

 Дээрх зааварт заасан Ажлын жил гэдэг нь ажилтан ажил, албан тушаалд томилогдсон үеэс дараа жилийн мөн үе хүртэл 12 сар ажилласан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл өмнөх жилийн ээлжийн амралт эдэлсэн хугацаанаас хойш 12 сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт бодогдох ба цаашид байнга ажиллаж буй ажилтны ээлжийн амралтыг анх ажилд орсон хугацаанаас нь 12 сараар тооцон жил, жилийн ээлжийн амралтын хугацааг бодох юм.

 С.Оюунцэцэг нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2019.07.02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 Тэрээр тухайн жилийн ээлжийн амралтыг 2019.07.01-ний өдрөөс эдлэх хуваарьтай байсныг талууд үгүйсгээгүй ба өмнөх жилийн ээлжийн амралтыг 2018.07.01-ний өдрөөс эдэлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, ээлжийн амралт хоорондын хугацаа ажлын нэг бүтэн жил буюу 12 сар болсон байна.

 Шүүх байгуулах тухай 2013, 2015, 2016 оны хууль батлагдсантай холбогдон нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилласан боловч ажил, албан тушаал, цалин хөлс болон хуулиар олгох ээлжийн амралтын хугацаа, олгох нөхцөл нь өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан шүүх нь нутаг дэвсгэрийн харъяалалаар нэршлийн хувьд өөрчлөгдсөн нөхцөл байдал нь түүнийг анх шүүхэд шүүгчээр томилогдон ажилласан хугацаа, түүнээс хойш жил бүр 12 сараар тооцон ээлжийн амралт олгож байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 Хэргийн дээрх байдлаас дүгнэхэд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны №166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 15-ын б-д заасны дагуу 12 сар гүйцээгүй байхад амарч улмаар ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр суутгал хийх үндэслэлгүй байх тул С.Оюунцэцэгийн 2019 оны ээлжийн амралт, мөн олговрыг бүтэн жилээр нь тооцож олгох нь хуульд нийцнэ.

 Иймд Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн 2019 оны ээлжийн амралтын тооцоог хийхдээ тус байгууллагад 2014 оны 01 дүгээр сард шилжин ирсэн, ээлжийн амралтыг мөн үеэс тооцоход 12 сарын хугацаа болоогүй гэсэн үндэслэлээр амралтын олговор дутуу олгосон нь буруу болжээ.

 3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилтанд олгох ээлжийн амралт, ажлын жил, амралтыг хугацааг ажлын жилээр тооцох, амралтын олговрыг дундаж цалин хөлснөөс олгох талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 79 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2000 оны 166 тушаалын 1 дүгээр хавсралтад заасан ээлжийн амралтыг ажлын жилээр тооцох тухай ойлголтыг маргаанд нийцүүлэн хэрэглэсэн нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан ... иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно гэснийг зөрчөөгүй байна.

 Давж заалдах шатны шүүх , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчөөгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2020/00073 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                             ШҮҮГЧИД                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД