| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2019/01622/и |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 33
Т банк ХХК-ийн Орхон салбарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Б,
Ж нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б, Ж нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 3.817.220 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.БатТ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Х.Даваахүү, хариуцагч Ж, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Бадам овогтой Баярхүү, хамтран зээлдэгч Батсүх овогтой Жавхлантуяа нар нь 2017 оны 02 дугаар сарын 22-нд Т банкны Орхон салбарын Улаантолгой тооцооны төвөөс № 130200174285 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.40% хүүтэй, 36 сарын хугацаагаар, цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга, хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч Бадам овогтой Баярхүү нь нас барсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02 өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй тул хамтран зээлдэгч болох Батсүх овогтой Жавхлантуяагаар зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 3.2.4 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүлээлгэн өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний нөхөр Б 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан. Талийгаач нөхөр маань Орхон аймаг Жаргалант сумын ЗДТГ-т хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сум дахь Т банкны Улаантолгой салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан. Энэ зээлийг сар бүр төлж байгаад 2019 оны 05 дугаар сараас эхлэн төлөөгүй юм. Учир нь талийгаач ажил эрхэлж байхдаа цалингаа барьцаалж зээл авсан ба энэ нь зөвхөн талийгаачтай холбоотой зээл юм. Миний бие хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүргийг надад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болохоор заасан байна. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр Б нас барснаар дуусгавар болсон тул Т банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00023 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1,242 дугаар зүйлийн 242.3., 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан Т банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т банкны Орхон салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.027 төгрөгийг Т санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо:
Т банк 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг иргэн Бтэй байгуулж, хамтран зээлдэгчээр Ж нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан болно. Ж нь Т банкнаас нөхөр Бг зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдлийг бүрэн хариуцаж дуусгах хүсэлтийг гарган үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд Жгийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд Ж нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ, хариуцагчийн банкинд гаргасан хүсэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2., 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.Б нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэттэгчээс үүргийн гүйцэтгэлийг Т банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч Б нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Т банкинд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 -д зааснаар шаардах эрхтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Т банкны Орхон салбар нь хариуцагч Б, Ж нарт холбогдуулан зээлийн төлбөр 3.817.220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1,242 дугаар зүйлийн 242.3., 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан Т банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б, хамтран зээлдэгч Ж нар нь Т банкны Орхон салбарын Улаантолгой тооцооны төвтэй цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцаанд гэрийн бүх хөдлөх хөрөнгө , цахилгаан бараа, бусад эд хогшлоо барьцаалсан ба тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэрээнд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлийг зааж, зээлдүүлэгч 10.000.000 төгрөгийг хариуцагч Бгийн дансанд шилжүүлжээ. Хариуцагч нь зээлийг төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нас баржээ. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгдээгүй бөгөөд хамтран зээлдэгч Ж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Зээлийн гэрээнд хариуцагч Б, хамтран зээлдэгчээр Ж нар нь гарын үсэг зурсан ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.2.-т заасан хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн үүргийг хариуцагч Ж хариуцахгүй болно. Учир нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Ж нь гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгснөөр үгүйсгэгдэж байгаа болно.
Зээлдүүлэгч нь үүргийг биелүүлэхийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгчид үүрэг үүссэн болохыг нотлох ёстой бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүйг нотлож чадаагүй байна. Ж нь зээлийг хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч “ ... нас барсан...“ гэх үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин давж заалдсан гомдол гаргасан боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76.027 төгрөгийг Т сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76.027 төгрөгийг Т сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР