Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 23

 

Чийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Эрдэнэтийн дулааны

цахилгаан станц” ТӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭД” ТӨХК-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20.555.012 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, С.Үнэнхүү, Х.Баттөр, Ч.Орхон, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Эрдэнэтийн дулааны цахилгааны станц ТӨХК-д 2013 оноос хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Эрдэнэтийн дулаааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч миний бие шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж улмаар уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд миний бие ажилдаа ороод удаагүй байтал буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаартай Эрдэнэтийн Дулааны цахилгааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас мөн л үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэхүү тушаалыг би эс зөвшөөрч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 609 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн авах хүртэл ажлын 300 хоног ажилгүй байсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 72 хонгийн цалин хөлс болох 4.127.931 төгрөг, нэг өдрийн 57.332 төгрөг болохыг тогтоосон. Энэхүү нэг өдрийн 57.332 төгрөгийг ажлгүй байсан 300 хоногоор тооцвол 17.199.600 төгрөг болж байна. Иймд Эрдэнэтийн дулааны цахилгааны станц ТӨХК-иас ажилгүй байсан хугцааны цалин 17.199.600 төгрөгийг гаргуулан надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтний ажилд томилсон. Дээрх ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сард ажилтан бүрт олгодог жилийн үр дүнгийн шагналт цалинг авч чадаагүй. Үүний шалтгаан нь ажил олгогчийн буруутай шийдвэрээс болсон бөгөөд одоо уг жилийн үр дүнгийн шагналт цалинг гаргуулан авах хүсэлттэй байна. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд ажиллаж байсан тохиолдолд дээрх шагналт цалинг авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 17.199.600 төгрөг гаргуулах шаардлагыг 3.355.412 төгрөгөөр ихэсгэж байна. Нийт 20.555.012 төгрөгийг ЭД ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Чийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00241 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон ба Эрдэнэт Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 тоот тушаалаар хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Ч нь бидэнтэй огт уулзаагүй. Ингээд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр манай байгууллагын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/486 тоотоор нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа хүсэхэд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 890 тоотоор шимтгэл төлөлтийн байдлын талаарх мэдээлэл ирснийг судлан үзэхэд 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртэлх, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сар дуустал Авилгатай тэмцэх газарт ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан. Ч нь өмнө 2016 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 112 удаа хоцорч, 37 удаа эрт гарч 28 цаг тасалсан учирсан ажпаас анх халж байсан ба ажил олгогч тушаалаа буруу гаргасан гэх үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Энэ бүх үйлдэлд ажил олгогч буруугүй байна. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоохдоо манай байгууллагын гаргасан ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үгүйсгээгүй. Зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар манай тушаал хүчингүй болсон. Иймд өмнөх ажлаас чөлөөлсөн үндэслэлээр нь ажлаас чөлөөлөх нөхцөл хэвээр хадгалагдаж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч 2017 онд авах ёстой байсан шагналт цалинг уг журмын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шагналт цалин хөлсийг олгогдсон бөгөөд уг асуудлаар дахин маргах үндэслэлгүй байна. 2018 оны шагналт цалин хөлсийг уг журмын зохих эаалтуудыг хангасан тохиолдолд олгох бөгөөд уг журмын заалтын 1-д Станцын захиргаа Инженерийн албаны ажилтанд шагналт цалин тооцох үзүүлэлт 16 үзүүлэлтээр дүгнэж олгох бөгөөд Ч нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байдал, цаг ашиглалт бүтээмж өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэрхэн гүйцэтгэсэн зэргийг дүгнүүлэн авах шагналт цалнн хөлс бөгөөд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дүгнүүлээгүй ба ажлын хамт олны тайлан хамгаалалтад түүний нэг ч ажил гүйцэтгэсэн байдал, бүтээмж, цаг ашиглалт дүгнэгдээгүй болно. Түүнд шагналт цалин олгох эсэхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр шийдвэрлэх боломжгүй. Иймд дээрх ажилласан хутацаан дахь ажлаа энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтээр дүгнүүлэх, шагналт цалинг бүрэн олгох боломжтой эсэхийг дүгнэх аттестачлал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтыг өгөх /жилд нэг удаа өгдөг/ ажлын цаг ашиглалтаа дүгнүүлж, шагналт цалинг авах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан ЭД ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.299.094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чт олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11.255.918 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 243.948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68.637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163.735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Чийн дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Чийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаартай шийдвэртэй иргэний хэргийн 6 дахь талд авагдсан. Гэтэл шүүх уг нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн үндэслэлээ баталгаажуулагдаагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэхээс татгалзах үндэслэлд хамаарахааргүй юм. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаартай шийдвэрээр Чийн ажил хөдөлмөр эрхэлж байх үеийн дундаж цалин хөлсийг тогтоосон бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Авилгатай тэмцэх газарт ажиллаж, цалин хөлс авч байсан хугацаанд нь ажилгүй байсан хугацааны олговор олгохгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан зөрүүтэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- д заасан зохицуулалтыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүүг тооцож олгох хуулийн зохицуулалтыг энэ хэрэгт тайлбарлаж хэрэглсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:  

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.21 ны өдрийн 001/ХТ2019/00241 тоот тогтоолоор “ажилд эгүүлэн” тогтоосон ба Эрдэнэт Дулааны цахилгаан Станц ТӨХК ийн гүйцэтгэх захирлын 2019.09.07 ны өдрийн Б/199 тоот тушаалаар хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Ч нь бидэнтэй огт уулзаагүй ба өөр газар ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байсан ба өөр газарт ажил эрхэлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт хэрэгт нотлох баримтаар ирсэн. Хөдөлмөрийн хуулийн 69 р зүйлийн 69.1 зааснаар хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний цалин олгох асуудлыг заасны дагуу анхан шатны шүүх цалин хөлсний зөрүүг олгох асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар судлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримт нь нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулаагүй дэвтрийн хуулбар байсан ба тухайн баримтыг няцаасан үгүйсгэсэн баримт Авилгатай тэмцэх газрын 2019.11.14 ны өдрийн 05/9619 тоот албан бичиг Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь 2.055.012 төгрөгийн цалин хөлсийг гаргуулах хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар заалтын А хэсэгт дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Ч нь 2017 оны 12 сард 20 хоног ажиллахаас 15 хоног, 2018 оны 01 сард 22 хоног ажиллахаас 14 хоног ажиллаж, 2018 оны 02 сард 19 хоног ажиллахаас сайн дураар огт ажиллаагүй бөгөөд энэ 3 сарын хугацаанд сарын үндсэн цалин хөлс 838.853 төгрөгийн ажил хийгээгүй болох нь хэрэгт нотлогдсон байхад үүнийг анхаарч шийдвэрлээгүй. Цалин хөлс 838.853 төгрөгний үндсэн цалинтай гэж үзэж, мөн бүтэн ажиллах хоногоор ажилласан мэт үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх ажилласан хоногийг 21.5 хугацаагаар тооцсон нь буруу. Ч нь сүүлийн 3 сарын ажлын хоногийг гүйцэт ажиллаагүй, сүүлийн 1 сар огт ажиллаагүй ба үүнд ажил олгогч буруутай үйлдэл тогтоогдоогүй. Мөн Ч нь ЭДЦС ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/91 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргаж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж, 2018 оны01 сарын цалин хөлс 704.636 төгрөгөөр бодогдож байсан баримтыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 тоот шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч нь хариуцагч ЭД ТӨХК-д холбогдуулан “ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20.555.012 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаар шийдвэрт үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ч нь 2013 оноос ЭД ТӨХК-д хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нь нэхэмжлэгч Чийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/199 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байх ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 300 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 17.199.600 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилтан бүрт жил бүр олгодог жилийн үр дүнгийн шагналт цалин 3.355.421 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

Шүүх зохигчид нэхэмжлэгч Чийн дундаж цалин хөлсний тухайд маргаантай байгаа шүүх нэхэмжлэгч Чийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, өмнө шийдсэн иргэний хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулагдаагүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалд Чийн үндсэн цалинг 838.853 төгрөгөөр тогтоосон байгааг үндэслэн нэг өдрийн цалин 39.016 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч Чийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцохдоо 1 өдрийн цалинг 57.332 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн жилийн үр дүнгийн урамшуулалт цалинд 3.355.412 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Компанийн ажилтнуудад үйлдвэрийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох талаар тусгай журам үйлчилж байгаа ба ажиллагсдын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн олгодог байна.

Нэхэмжлэгч Ч нь ажил үүрэг гүйцэтгээгүй учраас түүний ажлын үр дүнг тооцох боломжгүй тул шагналт цалин гаргуулах боломжгүй юм. Харин Авлигатай тэмцэх газарт ажилласан 8 сарын хугацааны цалингийн зөрүүг тооцсон үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Чийн ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговорт нэхэмжилсэн 17.199.600 төгрөгөөс Авлигатай тэнцэх газарт ажилласан 8 сарын цалинд авсан 4.000.000 төгрөгийг хасч 13.199.600 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан ЭД ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.299.094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чт олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11.255.918 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан ЭД ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.199.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.355.412 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 243.948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68.637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163.735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 223.948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68.637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163.735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн буад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.100 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.735 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ