Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00816

 

З.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: З.Ч-

         Хариуцагч: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

       Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жилийн үр дүнгийн урамшуулал 20,555,012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, Ч.Орхон, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэтийн дулааны цахилгааны станц ТӨХК-д 2013 оноос хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын 2016-10-27-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч миний бие шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж улмаар уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд миний бие ажилдаа ороод удаагүй байтал буюу 2018-03-02-ны өдрийн Б/44 дугаартай Эрдэнэтийн Дулааны цахилгааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас мөн л үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэхүү тушаалыг би эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч ХХША явуулаад 2018-06-14-ний өдрийн 609 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Би 2018-06-14-с ажилд эгүүлэн авах хүртэл ажлын 300 хоног ажилгүй байсан бөгөөд шүүхийн 2018-06-14-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2018-03-02-с 2018-06-14-г хүртэл ажлын 72 хоногийн цалин хөлс болох 4,127,931 төгрөг, нэг өдрийн 57,332 төгрөг болохыг тогтоосон. Энэхүү нэг өдрийн 57,332 төгрөгийг ажилгүй байсан 300 хоногоор тооцвол 17,199,600 төгрөг болж байна. Иймд Эрдэнэтийн дулааны цахилгааны станц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 17,199,600 төгрөгийг гаргуулан надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч 2019-09-07-ны өдөр намайг хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтний ажилд томилсон. Дээрх ажилгүй байсан 2018-03 сараас 2019-09-07-ны өдрийн хугацаанд буюу 2019-01 сард ажилтан бүрт олгодог жилийн үр дүнгийн шагналт цалинг авч чадаагүй. Үүний шалтгаан нь ажил олгогчийн буруутай шийдвэрээс болсон бөгөөд одоо уг жилийн үр дүнгийн шагналт цалинг гаргуулан авах хүсэлттэй байна. Миний бие 2018-03-02-с 2019-09-07-ны өдрийн хугацаанд ажиллаж байсан тохиолдолд дээрх шагналт цалинг авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 17,199,600 төгрөг гаргуулах шаардлагыг 3,355,412 төгрөгөөр ихэсгэж байна. Нийт 20,555,012 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагч талаас тайлбартаа: З.Ч-ийг Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019-02-21-ний өдрийн 001/ХТ2019/00241 тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон ба Эрдэнэт Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019-09-07-ны өдрийн Б/199 тоот тушаалаар хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш З.Ч- нь бидэнтэй огт уулзаагүй. Ингээд Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр манай байгууллагын 2019-07-08-ны өдрийн 3/486 тоотоор нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа хүсэхэд 2019-07-19-ний өдрийн 890 тоотоор шимтгэл төлөлтийн байдлын талаарх мэдээлэл ирснийг судлан үзэхэд 2018-04 сараас 2018-05 сар хүртэлх, 2018-11-01-с 2019-04 сар дуустал АТГ-т ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан. З.Ч- нь өмнө 2016-01-с 10 дугаар сар хүртэл 112 удаа хоцорч, 37 удаа эрт гарч 28 цаг тасалсан учирсан ажлаас анх халж байсан ба ажил олгогч тушаалаа буруу гаргасан гэх үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Энэ бүх үйлдэлд ажил олгогч буруугүй байна. 2018-06-14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоохдоо манай байгууллагын гаргасан ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үгүйсгээгүй. Зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар манай тушаал хүчингүй болсон. Иймд өмнөх ажлаас чөлөөлсөн үндэслэлээр нь ажлаас чөлөөлөх нөхцөл хэвээр хадгалагдаж байгаа болно. Нэхэмжлэгч 2017 онд авах ёстой байсан шагналт цалинг уг журмын дагуу 2017-12-31-ний өдрөөр тасалбар болгон шагналт цалин хөлсийг олгогдсон бөгөөд уг асуудлаар дахин маргах үндэслэлгүй байна. 2018 оны шагналт цалин хөлсийг уг журмын зохих заалтуудыг хангасан тохиолдолд олгох бөгөөд уг журмын заалтын 1-д Станцын захиргаа Инженерийн албаны ажилтанд шагналт цалин тооцох үзүүлэлт 16 үзүүлэлтээр дүгнэж олгох бөгөөд З.Ч- нь 2018-01 сараас 2018-03-02-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байдал, цаг ашиглалт бүтээмж өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэрхэн гүйцэтгэсэн зэргийг дүгнүүлэн авах шагналт цалин хөлс бөгөөд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дүгнүүлээгүй ба ажлын хамт олны тайлан хамгаалалтад түүний нэг ч ажил гүйцэтгэсэн байдал, бүтээмж, цаг ашиглалт дүгнэгдээгүй болно. Түүнд шагналт цалин олгох эсэхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр шийдвэрлэх боломжгүй. Иймд дээрх ажилласан хугацаан дахь ажлаа энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтээр дүгнүүлэх, шагналт цалинг бүрэн олгох боломжтой эсэхийг дүгнэх аттестачлал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтыг өгөх /жилд нэг удаа өгдөг/ ажлын цаг ашиглалтаа дүгнүүлж, шагналт цалинг авах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-с 9,299,094 төгрөг гаргуулан З.Ч-т олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 11,255,918 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 243 948 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 68,637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-с 13.199.600 төгрөг гаргуулан З.Ч-т олгож, нэхэмжлэлээс 7.355.412 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 223.948 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 68.637 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 163.735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 195.100 төгрөг, хариуцагчаас төлсөн 163.735 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мэндбаяр, өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг Авилгатай тэмцэх газарт ажиллаж, цалин хөлс авч байсан хугацаанд нь ажилгүй байсан хугацааны олговор олгохгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг баримтлан зөрүүтэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан нь ажилтныг ажил албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, шилжүүлсэн ажил олгогч нь ажилтанд ажилгүй байсан хугацааны болон буруу шилжүүлсэн үеийн цалин хөлсийг нь тооцож олгох үүргийг тусгасан хууль зүйн зохицуулалт юм. Тодруулбал ажил олгогчийг үүрэгжүүлсэн хуулийн зохицуулалт бөгөөд З.Ч- нь Авлигатай тэмцэх газарт ажил хөдөлмөр эрхэлсэн нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй. Харин давж заалдах шатны шүүх энэ заалтыг тайлбарлаж хэрэглэхдээ анхан шатны шүүхийн нэгэн адил ажил олгогчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэж З.Ч-ийн цалин хөлс авах эрхийг нь дордуулж шийдвэрлэсэн. Нөгөөтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүүг тооцож олгох хуулийн зохицуулалтыг энэ хэрэгт тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, энэхүү хэрэгт З.Ч-ийг хариуцагч байгууллага нь өөр ажил албан тушаалд шилжүүлсэн үйл баримт огт тогтоогдоогүй харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажлаас үндэслэлгүйгээр халсан үйл баримт тогтоогдсон болно. Иймээс магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.21-ний өдрийн 001/ХТ2019/00241 тоот тогтоолоор “ажилд эгүүлэн” тогтоосон ба Эрдэнэт Дулааны цахилгаан Станц ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2019.09.07 ны өдрийн Б/199 тоот тушаалаар хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан. Анхан шатны шүүх нь 20.555.012 төгрөгний цалин хөлсийг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005.05.05 ны өдрийн 55 тоот “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” тушаалын 7 заалтын А хэсэг ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохыг анхаарч үзэлгүй, мөн ажилтны урьд авч байсан цалин хөлсний дунджаар тооцолгүй, авбал зохих үндсэн цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 69.1-г буюу “урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2017-12 сард 20 хоног ажиллахаас 15 хоног. 2018-01 сард 22 хоног ажиллахаас 14 хоног ажиллаж. 2018-02 сард 19 хоног ажиллахаас сайн дураар огт ажиллаагүй бөгөөд энэ 3 сарыг сүүлийн цалин хөлсийг тооцох сарууд гэж үзэх бөгөөд тухайн саруудад үндсэн цалин хөлс 838,853 төгрөгний ажил хийгээгүй болох нь хэрэгт нотлогдсон баримтыг нэхэмжлэгч няцаагүйг анхаараагүй. Цалин хөлс 838,853 төгрөгний үндсэн цалингаас “дундаж цалин хөлсийг тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь сүүлийн 3 сарын ажлын хоногийг гүйцэт ажиллаагүй, сүүлийн 1 сар огт ажиллаагүй ба үүнд ажил олгогч буруутай үйлдэл тогтоогдоогүй байхад ажилласан мэт дүгнэж, дундаж цалин хөлсийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. З.Ч-ийн цалин хөлсний тухайд 2017-12 сард 15 хоног ажиллаж 629,140 төгрөгний үндсэн цалин хөлс. удаан жилийн нэмэгдэл 62,139, 2018-01 сард 14 хоног ажиллаж 448,404 төгрөгний үндсэн цалин хөлс, удаан жилийн нэмэгдэл 44,840 төгрөг 2018.02 сард өөрөө сайн дураараа ажилдаа ирээгүй учир 0 цалин хөлс олгогдсон буюу сүүлийн 3 сарын авсан цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тооцох үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн цалин хөлс дээрх байдлаар бодогдож олгогдсонд ажил олгогч буруутай гэх няцаасан баримт хэрэгт байхгүй байхад дундаж цалин хөлсийг 838,853 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.14 ны өдрийн 609 тоот шийдвэрээр 1 өдрийн цалин хөлсийг 57332 төгрөг гэж шийдвэрлэсэн байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн бөгөөд өмнө гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, энэхүү хэргийг шийдвэрлэх бус нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, үгүйсгэж, няцааж гаргаж байгаа нотлох баримтыг бүхэлд нь үнэлж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 6.3, 6.5, 40.1, 40.2, 40.3, 107.3-г зөрчсөн. Дээрх шүүхийн шийдвэрийг гарах үед хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс 2017-12 сарын цалин хөлсийг 1,876,440 төгрөгөөр тооцож дундаж цалин хөлсийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Бодит дундаж цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх нотлох баримтыг энэхүү хэрэгт хариуцагч тал гаргаж өгч, 2017-12 сард олгосон цалин хөлсний дундаж цалин хөлсөнд тооцох ёсгүй олговор болох 174.734 төгрөг нь актны мөнгө, 862.341 төгрөгний олговор буюу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.07 ны өдрийн 53 тоот магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоосны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор зэргийг дундаж цалин хөлсөнд тооцох боломжгүй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгснийг нотлох баримт гэж үнэлээгүй нь хэрэг ХХША-ны журам зөрчсөн. Өмнөх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.14 ны өдрийн 609 тоот шийдвэртэй хэрэгт энэ хэрэгт гаргаж өгсөн дээр баримтууд хэлэлцэгдээгүй болохыг анхан шатны шүүх хуралдаанаар судлуулсан бөгөөд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгснийг нотлох баримт гэж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн З.Ч- нь ЭДЦС-н Гүйцэтгэх захирлын 2017.12.28 ны өдрийн А/91 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргаж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж. 2018-01 сарын цалин хөлс 704636 төгрөгөөр бодогдож байсан баримт шүүхийн 2018.06.14 ны өдрийн 609 тоот шийдвэртэй хэрэгт судлагдаагүйг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Хөдөлмөрийн хуулийн 69.1-р урьд авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байгаа талаарх нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн ба сүүлийн 3 сард авсан цалин хөлсний талаарх тайлбарыг хариуцагч тал гаргаж, тайлбараа нотолсон нотлох баримт өгснийг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        З.Ч- 2019-09-25-ны өдөр шүүхэд хандаж, нийт 20,555,012 төгрөг шаардахдаа “...шүүхийн шийдвэр гарсан 2018-06-14-ний өдрөөс ажилд авсан 2019-09-07-ны өдөр хүртэл ажилгүй байсан... олговорт 17,199,600 төгрөг / 57,332 х 300 хоног/ гаргуулна... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэнэ...жилийн үр дүнгийн шагнал авах ёстой байсан тул уг мөнгийг буюу 3,355,412 төгрөг гаргуулна...” гэжээ. 

           Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... 2019-09-07-ны өдөр хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр ажилд эгүүлэн авсан... 2018-04 сараас 2018-05 сар хүртэлх, 2018-11-01-с 2019-04 сар дуустал өөр газар ажиллаж байсан... 2017-12-31-ний өдрөөр тасалбар болгон шагналт цалин хөлсийг олгогдсон.... 2018-01 сараас 2018-03-02-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байдал зэргийг дүгнүүлэн авах шагналт цалин хөлс  компанийн ТУЗ-н шийдвэргүйгээр олгох боломжгүй...” гэжээ. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Ажил олгогч нь ажилтанд ажилгүй байсан хугацааны олговор төлөх үүрэгтэй талаар шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018-06-14-ний өдөр 142/ШШ2018/00609 дугаартай шийдвэр гаргаж, З.Ч-ийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх,гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэрийг ажил олгогч 2019-09-07-ны өдөр биелүүлсэн талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцсэн байна.    

           Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор олгоно.

           З.Ч- шүүхийн 2018-06-14-ний өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч 2018-06-14-ний өдрөөс 2019-09-07-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь нотлогдсон байх тул тэрээр ажилгүй байсан хугацаагаар тооцон ажил олгогчоос олговор шаардах эрхтэй. Энэ талаарх хоёр шатны шүүх дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь... олговрыг олгоно...” гэснийг зөрчөөгүй байна. 

          Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчоос олговор гаргуулсныг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.      

          2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилтны “... урьд авч байсан дундаж цалин хөлс...” -г тодорхойлохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс гадна      Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн “... бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэснийг буруу тайлбарлаж, хариуцагчаас гаргуулах олговорын хэмжээг дутуу тооцжээ.

          а\. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018-06-14-ний өдөр 142/ШШ2018/00609 дугаартай шийдвэр гаргаж, З.Чинзригийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх,гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохдоо, ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн 2018-06-14-ний өдрийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажилгүй байсан олговорыг “...урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээ..” -р буюу өдрийн 57,332 төгрөгөөр тооцож гаргуулсан, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно. 

          Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “...урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээ..”-г 57,332 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн байна. 

          Түүнчлэн, нэхэмжлэгч 2018-06-14-ний өдрөөс 2019-09-07-ны өдөр хүртэл ажил хийж байгаагүй буюу цалин, хөлс нь өөрчлөгдөөгүй нь нотлогдож байгаа тул “...урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээ..” -г Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 142/ШШ2018/00609 дугаар шийдвэрт зааснаас өөрөөр   тодорхойлох нөхцөл бий болоогүй гэж үзнэ. 

       Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг, тухайлбал, ажилтны цалин хөлс зэргийг тухайн үед  хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэн өөр тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө. 

         Иймд 2018-06-14-ний өдрөөс 2019-09-07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 17,199,600 төгрөг / 57,332 х 300 хоног/ гаргуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ. 

         б\. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтан “... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэж заасан бөгөөд энэ нь З.Ч-ийн нэхэмжлэлд хамааралгүй зохицуулалт байна.

          Ажлаас үндэслэлгүй халагдсан иргэн ажил олгогчтой тохирч олгосон ажил, албан тушаалын цалин хөлс нь түүний урьд авч байсан цалин хөлснөөс бага байвал эдгээрийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогч хариуцна.

          Иймд анхан шатны шүүх З.Ч- өөр байгууллагад ажиллаж авсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах олговороос хассан нь буруу юм. 

          в\. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “... ажилгүй байсан...” гэснийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

          Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох бөгөөд уг зүйлд заасан “...ажилгүй байсан..” гэдэгт ажилтан ажлаас үндэслэлгүй халагдахаасаа өмнө  эрхэлж байсан ажил, албан тушаалыг гүйцэтгээгүй байхыг ойлгоно.

         Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчаас олговор гаргуулахдаа З.Ч- өөр байгууллагад ажиллаж авч байсан хугацааны цалин хөлсийг хасаж тооцсон нь буруу гэж үзнэ.

         3. Жилийн үр дүнгийн шагнал авах ёстой байсан тул уг мөнгийг буюу 3,355,412 төгрөг гаргуулах шаардлагын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас  17,199,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 3,355,412 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг  “...Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-с 17,199,600 төгрөг гаргуулан З.Ч-т олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 3,355,412 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,938 төгрөг гаргуулан 68,637 төгрөгийг З.Ч-т олгож, үлдэх 157,301 төгрөгийг улсын орлогод оруулсугай ..” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч талын  гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2020-02-13-ны өдөр төлсөн 60,213 төгрөг мөн 163,765 төгрөг нийт 223,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2020-02-18-ны өдөр төлсөн 132,700 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ