Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 59

 

Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн 2 дугаар

цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х-цэцэрлэгт холбогдох,

“Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2.091.548 төгрөг гаргуулах тухай”иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э-, хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01188 тоот шийдвэрээр Орхон аймгийн 2-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажилд эгүүлэн тогтоосон тухай Х-цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 81 тоот тушаал гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Үндсэн багшаар ажиллаж байхдаа 1.336.663 төгрөг авдаг байсан бөгөөд туслах багшаар ажиллахдаа 639.480 төгрөгөөр цалинжиж байсан учир, ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэлх зөрүү цалин хөлс болон 2 091 548 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.   

Хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус цэцэрлэгийн багш Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад зөрүү цалин хөлс 2.091.548 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн цалин, орон нутгийн нэмэгдлийн зөрүү болох 293.656 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудын дагуу туслах багшаар ажиллаж, ажилласан хугацаанд /2019 оны 09, 10, 11 сарууд/ илүү цагаар ажиллаагүй, гүйцэтгэсэн ажлын цагаар цалинжсан тул илүү цагийн зөрүү олгох боломжгүй. Туслах багшаар ажилласан хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 болон 6 дугаар хавсралтуудын дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр орон нутгийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг тооцож олгосон тул багшаар ажиллах байсан хугацааны орон нутгийн нэмэгдлийн зөрүүг багшийн үндсэн цалингаас тооцож зөрүүг тооцсон. Э-ийн 2019 оны 4 дүгээр улиралд авсан үр дүнгийн урамшууллыг нотлох баримт нь 12 дугаар сарын цалин олгох хүснэгт болно. Тайлбар: Үр дүнгийн урамшууллыг сар бүр тооцож, улирлаар олгоно. Багшаар ажиллаагүй учраас эрх зүйн хувьд үр дүнг тооцох үндэслэл байхгүй тул ажлын үр дүнг урьдчилан тооцох боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Х-цэцэрлэгээс ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2.091.548 төгрөгийг гаргуулан Э-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48.415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Э- нь албан тушаал буурч ажилласан 9, 10, 11 саруудад илүү цагаар ажиллагаагүй. Цалингийн зөрүү тооцуулж байгаа сарууд буюу 3 сард /1, 2, 3 сар/ мөн 5 сард улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал орж цалин өндөр байгаагаар харагддаг, гэтэл туслах багшаар ажилласан 10, 11 саруудад тооцогдсон үр дүнгийн мөнгөө 12 сард гарт авсан нь нотлох баримтаар нотлогдоно. Шүүгч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбар зэргийг хэрхэн үнэлж, ямар браимтаар няцаагдаж буй талаар дүгнэлт огт хийгээгүй тул шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож өгнө үү? нэхэмжлэлийн шаардлагаас 1.797.892 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э- нь цалин олговрын зөрүү 2.091.548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “... нэхэмжлэлийн шаардлагаас 1.797.892 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн цалин, орон нутгийн нэмэгдлийн зөрүү болох 293.656 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар, холбогдох нотлох баримт гаргаж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч Э-ийг тус аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01188 дугаар шийдвэрээр багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах багшаар ажилласан нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч В.Эрдэнэцэцэг нь цалин олговрын зөрүүг 1.336.663 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “... багшаар ажиллаагүй учраас үр дүнгийн урамшуулал тооцох үндэслэл байхгүй, цалингийн зөрүү 293.656 төгрөг олгогдоно” гэх тайлбар, татгалзал нь Нийгмийн хамгааалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн а-д “... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э- нь тус цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа авч байсан нэг сарын дундаж цалин хөлс 1.145.123.33 төгрөг, туслах багшаар ажиллаж байхдаа авч байсан нэг сарын дундаж цалин хөлс 639.480.33 төгрөг болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажил олгогчоос ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 1.128.492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 963.056 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “... шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2.091.548 төгрөгийг ...” гэснийг “... шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 1.128.492 төгрөгийг гаргуулан Э-т олгож, нэхэжлэлийн шаардлагаас 963.056 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... хариуцагчаас 48.415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэснийг “ ... хариуцагчаас 31.634 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ