Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 76

 

Г, Т нарын нэхэмжлэлтэй,

Б, С, Д нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г, Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б, С, Д нарт холбогдох

“Экскаватороор олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ, шүүхэд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95.376.200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Г, Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Г, Т бид 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Хьюндай компаний Robex 2900 LC-7 маркийн экскаваторыг зориулалтынх нь дагуу ашиглан, ажил үйлчилгээ хийхээр иргэн Д.Баясгалангаас худалдан авсан. Ингэж худалдан авахдаа Артан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 50.0 сая төгрөгийн зээл авч, экскаваторын төлбөрийг бүрэн төлж барагдуулан худалдан авсан юм. Бид өөрийн өмчлөлийн Robex 2900 LC-7 маркын экскаватороор худалдан авсан цагаасаа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ хийж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ч.Сайн-Ерөөлтэй 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ныг дуустал 90 хоногийн хугацаатайгаар Robex 2900 LC-7 экскаваторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулсан. Түүний дагуу Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд Robex 2900LC-7 маркын экскаватороор ажил үйлчилгээг хийж эхэлсэн байдаг. Дээрх гэрээг хийхээс өмнө 2014 оны 02 дугаар сард Б /нэхэмжлэгч Г миний хүргэн ахын төрсөн дүү/ нь Ж.Шижирбаатарынд цагаан сарын золгуут хийхээр ирэхдээ намайг дуудсан. Тэгээд очоод уулзахад амар мэндээ мэдэлцээд бид чинийх шиг экскаватор авах хэргэтэй байна. Урьдчилгаа мөнгө бэлэн байгаа, барьцаагүй болохоор авах боломжгүй байгаад байна. Гадуур экскаватор үзлээ бэлнээр зарна гээд байна. Танайх энэ экскаваторыг хаанаас авсан. Ийм экскаваторыг авахад ямар үнэ ханштай байдаг вэ, олж өгөх боломжтой юу? гэсэн асуултуудыг надад тавьж, түүний дагуу би түүнд Robex 2900LC-7 маркийн экскаватороо хаанаас авснаа хэлж, тухайн худалдан авсан хүнээсээ сураглаад өгье гээд бид салцгаасан. Түүнээс хойш Robex 2900LC-7 маркын экскаватороо авч байсан Д.Баясгалантай холбогдоход экскаватор байгаа тухайгаа хэлсэн. Үүний дагуу Бтай холбогдоход “... за тэгвэл Robex 3000LC-7 маркын экскаваторыг нь авья гээд хэлчих. Би мөнгөндөө яваад ирье ...” гэсэн. Баясгаланд энэ тухай хэлэхэд улмаар Robex 3000LC-7 маркын экскаваторыг Бгийн төрсөн ах Ж.Шижирбаатарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ногоон зоорьноос авчирсан. /Үүнтэй холбогдох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан/ Гэтэл Б нь Robex 3000LC-7 маркын экскаваторыг худалдан авахад мөнгө хүрэлцэхгүй байгаа тухайгаа Баясгаланд хэлүүлж, Баясгалан Бгийн төрсөн ах Ж.Шижирбаатарын хашаанаас экскаватороо 10 гаруй хонуулаад буцаагаад аваад явсан ийм үйл баримт болсон. 2014 оны 02 дугаар сараас Б нь экскаватор авах талаар ярьсаар дээр дурдсанчилан хэлэлцээр нь бүтэлгүй болсон. Ганбаатар миний бие Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах Түймэрт цагаан гэх жоншны талбайд 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай байгуулсан гэрээнийхээ дагуу Robex 2900LC-7 маркийн экскаватороор ажил үйлчилгээгээ хийж эхлээд ажиллаж байсан. Тухайн үед ажил эхлэхээс өмнө 10.0 сая төгрөгийн урьдчилгаа авсан байсан. Гэтэл Б түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар 2014 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний Robex 2900LC-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний экскаваторыг нэг сарын 24.0 сая төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авья 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид одоогоор Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн. Гэвч Б түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар нь гэрээгээ цуцлаад хүрээд ирээч төрөл садан хүмүүс байна, бие биендээ боломж олдсон дээр нь тусламаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх зардлыг гаргая, та 2 маань наад ажлаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсвэл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас унц нь илүү байна. 3-4 жилийн урт хугацаатай ажил байна экскаваторыг тээвэрлэж ирэх зардлыг төлнө гэх мэтчилэн ятгалага гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулахад хүргэсэн. Бид иргэн Ч.Сайн-Ерөөлтэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд анхнаасаа ажиллахаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тиймээс та 2 надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй... гэсний дагуу бид Өнө-Орших маргад ХХК-тай гэрээ хийж, Хьюндай компаний Robex 2900LC-7 маркын экскаваторыг түрээсэлж Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 20-нд Бтай хэлцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод 2900LC-7 маркын Robex экскаватаорыг түрээслүүлэхээр Бгийн ах Ж.Шижирбаатарын хамт хүргэж өгсөн. Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот руу Өнө-Орших маргад ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг нэхэмжлэгч Г миний Сайхан цаг ХХК-иар хийж тээвэрлэн хүргэсэн.Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувийг Бд өгч байгуулаад Улаанбаатар хотруу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийгдсэн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үйл явдал бий болсон бодит байдлаар хэлцэл биелэлээ олсон юм. Түрээсийн гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгчид бид 2014 оны 05 дугаар сарын 20-ны /сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон/ өдөр төлөх ёстой түрээсийн төлбөрөө шаардахад Б нь ..Их хаадын цуваа ХХК-ийн ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн өөр ажил хайж байгаа, удахгүй шилжүүлнэ гэдэг хариу... хэлж байсан. Ингээд цаг хугацаандаа түрээсийн төлбөрийг шилжүүлэхгүй байхаар нь нэхэмжлэгч Г миний бие Эрдэнэт хотод ирж гэрээний нэг хувийг авахыг, түрээсийн төлбөрөө төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Б нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гээд очих бүрт хийж байгаа ажлаа харуулдаг байсан. 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 64.180.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 47.820.000 төгрөгийг шилжүүлээгүй байгаа тул ийнхүү нэхэмжилж байгаа болно. Бтай миний бие болон манай эхнэр 2014 оны 04 сараас хойш гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хийж байгаа ажлаа харуулж бага хэмжээгээр өөрийн болон өөр хүний данснаас мөнгө шилжүүлэх нөхцлийг үүсгэж байсаар 2014 оны 11 сар хүртэл Эрдэнэт хотод ажил гүйцэтгэж гэрээний хугацааг 7 сар болгосон. Бд экскаваторыг түрээслүүлсэнтэй холбогдуулж 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд түрээсийн гэрээний төлбөрөө төлөхийг шаардаж очиж байсан, экскаваторыг түрээслэх явцад гаргасан сэлбэг хэрэгслүүдийг хүргэж өгч байсан зардал 742.000 төгрөг, сэлбэг шатах тослох материалын зардал 25.576.800 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10.600.000 төгрөг, экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Дундговь аймгийн Хулд сумаас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хотруу хүргэсэн тээврийн зардал 13.560.000 төгрөг, замын хоол хүнс, ажлын хувцасны зардар ХАБ хэрэгсэл, цэвэрлэгээний материалд 805.000 төгрөг, олох ёстой байсан орлого, гэрээ цуцалсны төлбөр 75.00.000 төгрөг нийт 58.793.800 гэх бодит зардлууд гаргасан үүнийг нэхэмжилж байна. 2014 оны 11 дүгээр сарын 14-нд Б экскаваторын түрээсийн төлбөрийг өгөхгүй удаа дараа шаардуулсан тул экскаваторыг авахаар Автохөсөг ХХК-тай түрээсийн гэрээ хийж Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу Автохөсөг ХХК-аар тээвэрлүүлж авчирсан. Авчрах үед экскаватор эвдэрсэн ашиглах боломжгүй байсан. Б болон Ж.Шижирбаатар нартай холбогдож үлдэгдэл төлбөрийг шилжүүлж засвар үлйчилгээ хийхийг удаа дараа шаардсан. Ингээд иргэн Бтай холбогдож үүссэн түрээсийн харилцаа дуусгавар болсон. Бгаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг шаардахаар утсаар холбогдоход удахгүй өгнө, сүүлдээ дахин туслаач экскаваторыг чинь түрээслэе, нэг сарын 20 сая төгрөгийн ажил байна гэдэг зүйлийг ярьсан. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Robex 2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдож гарсан 106.613.800 төгрөгийн түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардлыг төлбөрийг иргэн Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г, Т нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Гэрээ байгуулсанаас олсон ашиг 126.000.000 төгрөгийг хариуцагч Б, түүний эхнэр С, Д нараас гаргуулах тухай. Нэхэмжлэгч Г, Т бид өөрийн өмчлөлийн Robex 2900LС-7 маркын экскаваторыг 2014 оны 3 дугаар сард иргэн Ч.Сайн-Ерөөлтэй 2014 оны 03 дугаар сарын 03-наас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дуустал 90 хоногийн хугацаатайгаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулж, Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд ажил үйлчилгээг хийж байхад Б, Ж.Шижирбаатар нар 2014 оны 3 сараас эхлэх удаа дараалан утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний Robex 2900LС-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний экскаваторыг нэг сарын 24.000.000 төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авъя, 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа, 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн. Гэвч Б, төрсөн ах Ж.Шижирбаатар нар нь ятгаж гуйсаар байсан тул хийсэн гэрээгээ цуцлах хэмжээнд хүргэсэн. Иргэн Ч.Сайн-Ерөөлтэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ...надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй... гэсний дагуу бид Өнө-Орших маргад ХХК-тай гэрээ хийж Хьюндай компанийн Robex 2900LС-7 экскаваторыг түрээслэж, гэрээ цуцалсантай холбогдуулж 10.000.000 төгрөгийг Ч.Сайн-Ерөөлтөд Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн, Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн.

Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 20-нд Бтай хэлэлцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод Robex 2900LС-7 маркын экскаваторыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн. Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу Өнө-Орших маргад ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг нэхэмжлэгч Г миний Сайхан цаг ХХК-иар хийж тээвэрлэн хүргэсэн. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот хүрэхэд Өнө-Орших маргад ХХК-иар 5.000.000 төгрөгийн төлбөр төлж хүргүүлсэн. Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувь төслийг Бд өгч байгуулаад Улаанбаатар хот руу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Энэхүү гэрээгээр Дундговь аймгийн Хулд суманд 18.000.000 төгрөгөөр түрээслэж байсан экскаваторын түрээсийн төлбөрийн үнээ авч, үлдэх 6 сая төгрөгийг нь Б авахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл Г, Т бид нэг сард өмнө түрээслэж байсан үнэ болох 18.000.000 төгрөгийг сар бүр авч байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд үүн дээр Б болон бид маргадаггүй. Дээрх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон үзэхэд нийтдээ 7 сарын хугацаа байгаа бөгөөд 7х18.000.000 төгрөг гэж бодоход 126.000.000 төгрөг болсон. Гэвч Бгийн эхнэр, төрийн албан хаагч С нь Robex 2900LС-7 маркын экскаваторыг түрээслэх асуудалд ямар ч хамааралгүй этгээд Баянзүрх дүүргийн шүүхэд Robex 2900LС-7 маркын экскаваторыг Дтой нийлж худалдан авсан гэх нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд үндэслэлгүй дүгнэлтийг хийж С болон Д нарын худал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Robex 2900LС-7 маркын экскаваторыг худалдан авчээ гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчдийн зүгээс нэгэнт түрээсийн гэрээ Бтай байгуулсан гэдгээ хангалттай баримтуудаар нотлоод байхад УДШ-ээс гэрчийн мэдүүлэгт тулгуурлан ИХ-ийн 243 дугаар зүйлд заасны дагуу С нь Robex 2900LС-7 маркын экскаваторыг 2014 оны 4 дүгээр сард худалдан авчээ гэж дүгнээд байгаа учраас ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Robex 2900LС-7 маркын экскаваторыг өөрсдөө авч, Сгийн 38.780.000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр, мөн Дийн 24.500.000 төгрөгийг буцаан өгч, харин худалдан авсанаас хойш 7 сарын хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олсон ашиг 18.000.000 х7 сар =126.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г, Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нархажид нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу ...бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг өөрөө олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй... гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд олсон ашиг, орлого, тухайн хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэсний дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, Б, С, Д нарт худалдсан гэх Robex 2900LС-7 маркийн 2005 УН улсын дугаартай экскаватор нь /2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл/ Тын өмчлөлд байсан гэсэн лавлагаа байна. Энэ хүртэлх хугацаанд Г, Тын өмч болох экскаваторыг бусдад худалдах эрхгүй болно. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд экскаватороор олсон ашиг 46 400 000 төгрөг, тээврийн зардал 10.350.000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр, хөлс 10.600.000 төгрөг, сэлбэгт 24.361.800 төгрөг, Орхон аймгийн шүүхэд хүрэлцэн ирсэн, байралсан буудлын зардал, өмгөөлөгчийн хөлс 3.664.400 төгрөг нийт 95.376.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бууруулж байна гэжээ.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уг экскаватортой холбоотой асуудлаар бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шийдвэр хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба уг шаардлагыг хангаагүй тохиолдолд түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Талуудын хооронд түрээстэй холбоотой асуудал огт яригдаагүй. Тухайн экскаватортой холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Г, Т нарын нэхэмжлэлтэй, иргэн Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д намайг уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг гаргасан байна. Миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хэрэг маргааны гол зүйл болох экскаваторыг түрээслэж байсан гэх хугацаанд миний эзэмшил, ашиглалтанд огт байгаагүй, түүнчлэн түрээсийн төлбөрөөс 3.000.000 төгрөг огт аваагүй болно. Түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд түрээсийн гэрээ нь шаардах эрхийг нотлохгүй гэжээ.

Хариуцагч Б, С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б, С нарт холбогдуулан гаргасан Т, Г нарын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б, С нарыг ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээжээ. Хэрвээ ИХ-ийн 492.1-т заасныг баримталж байгаа бол талуудын хооронд ямар нэгэн гэрээний бус харилцаа байх ёстой бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор талуудын хооронд ИХ-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Тэгэхээр хариуцагч нар нь нэхэмжлэлд дурьдагдаж байгаа зүйлээр үндэслэлгүйгээр херөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ц.Ганбаагар нь Тын өмчлөлийн экскавоторыг бусдад худалдах эрхгүй болно гэжээ. УДШ-ийн дээрх тогтоолоор С болон Т, Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй. Иймд Ж. Баяраа, С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх миний бие нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралтай байх тул ИХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа:

Хариуцагч Дийн хувьд уг хэрэг маргааны гол зүйл болох Robex 2900LС-7 маркийн эксковаторыг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар өөрийн эзэмшил, ашиглалтад огт байлгаагүй, түүнчлэн аливаа хэлбэрээр эксковаторыг бусдад түрээслэх, ашиглуулах байдлаар ашиг, орлого олоогүй, мөн түрээсийн орлогоос анхны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3.000.000 төгрөгийг ч аваагүй болно. Хариуцагч Д нэхэмжлэгч Г, Т нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа огт үүсээгүй, харин хариуцагч Д нь иргэн Б, С нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр эксковаторыг худалдан авахаар нэхэмжлэгч Г, Т нарын дансанд 24.500.000 төгрөгийг шилжүүлж, уг үйл баримттай холбоотойгоор маргаан үүсэж, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00404 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, энэхүү хэрэг маргаан дуусгавар болсон. Иймд Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б, С нараас 36 758 712 /гучин зургаан сая долоон зуун тавин найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г, Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 617 488 /тавин найман мянга зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг болон хариуцагч Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 /долоон зуун тавин зургаан мянга хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б, С нараас 341 744 /гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г, Т нарт олгож, Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2018/03621 дугаартай шүүгчийн захирамжийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 254 881 төгрөг төлөхийг хойшлуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б, С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 404 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр тогтоол байсаар байтал дахин дүгнэлт хийж хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдэж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж байна. Шүүхийн шийдвэрт “... Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй, мөн гэрээ биелснээс хойш олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй ...” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1.-т зааснаас үзвэл талуудын хооронд нэгэнт худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн Улсын дээд шүүхээс үзсэн тул түүнээс олсон үр шим, ашиг нь хариуцагч нарт үлдэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г, Т нар Robex 2900LC-7 маркын Эксковаторыг түрээслүүлсэнтэй холбогдож гарсан зардал 106.613.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ, шүүхийн зардал, өмгөөллийн хөлс нийт 95.376.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Б, С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх “...шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Хариуцагч нар үндэслэлгүйгээр херөнгөжсөн үндэслэл байхгүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй. Иймд Ж. Баяраа, С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, хариуцагч Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од “...энэхүү хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж  дуусгавар болсон. Иймд Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ ...” гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Robex 2900LC-7 маркын эксковаторыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Г, Т нар уг гэрээнээс татгалзсанаар хариуцагч Б С нараас Robex 2900LC-7 маркын эксковаторыг буцаан авсан, эксковаторын үнэнд тооцож өгсөн 31.780.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хариуцагч Б, С нарыг Robex 2900LC-7 маркын эксковаторыг өөрсдийн эзэмшил ашиглалтанд байх хугацаандаа 31.758.712 төгрөгийн ашиг олсон болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж улмаар хариуцагч нараас дээрх ашгийг гаргуулж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6.-д “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1., 205.4.2.-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан тээвэр болон бусад зардлыг төлөхдөө оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлөхөөр байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нараас тээврийн зардал 5.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн  гаргасан “... талуудын хооронд нэгэнт худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн үзсэн тул түүнээс олсон үр шим, ашиг нь хариуцагч нарт үлдэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах  үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч Б, С нараас олсон ашиг  31.758.712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63.617.488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 205.6.-д заасныг баримтлан хариуцагч Б, С нараас 31.758.712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г, Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63.617.488 төгрөг болон хариуцагч Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “... 341.744  /гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг ...” гэснийг “... 316.744 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ