Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00587

 

Ц.Г, Р.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалтай,

Ц.Г, Р.Т нарын нэхэмжлэлтэй

Ж.Б, Н.С, Д.Д нарт холбогдох

Экскаватороор олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ, шүүхэд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95,376,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, түүний өмгөөлөгч У.Жавзандулам, хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, хариуцагч Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц.Г, Р.Тнар нь Ж.Б, Н.С, Д.Д нарт холбогдуулан экскаватороор олсон ашиг, тээвэрлэсэн зардал, засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ, шүүхэд ирсэн зардал, өмгөөллийн хөлс нийт 95,376,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б, Н.С нараас 36 758 712 /гучин зургаан сая долоон зуун тавин найман мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г, Р.Тнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 617 488 /тавин найман мянга зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг болон хариуцагч Д.Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 /долоон зуун тавин зургаан мянга хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Н.С нараас 341 744 /гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г, Р.Тнарт олгож, Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2018/03621 дугаартай шүүгчийн захирамжийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 254 881 төгрөг төлөхийг хойшлуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00424 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 205.6.-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б, Н.С нараас 31.758.712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г, Р.Тнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63.617.488 төгрөг болон хариуцагч Д.Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...341.744 /гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг ...” гэснийг “... 316.744 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. УДШ-ийн 2018.03.13-ны өдрийн 404 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн тэгэхээр ИХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан гэтэл анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр тогтоол байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэлт хийж хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдэж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж байна. 2. Магадлалд “...иргэний хуулийн 205-д заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгсөн олсон ашгийг буцааж өгөх, нөхөн төлөхөөр байна гэжээ. Гэтэл ИХ-ийн 247 дугаар зүйлийн 247.1-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.” гэж заасан үүнээс үзвэл талуудын хооронд нэгэнг худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн УДШ-ээс үзсэн тул түүнээс олсон үр шим, ашиг нь хариуцагч нарт үлдэх ёстой Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө  гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянан хэлэлцээд хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Ц.Г, Р.Тнар хариуцагч Ж.Б, Н.С, Д.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, багасгах зэргээр эцсийн байдлаар Robex 2900LC-7 маркын Эксковаторыг түрээслүүлж олсон ашиг 46,400,000 төгрөг, эксковаторыг тээвэрлэсэн зардал 10,350,000 төгрөг, засвар үйлчилгээ 10,600,000 төгрөг, сэлбэгийн үнэ 24,361,800 төгрөг, шүүхэд очсон, өмгөөллийн хөлс 3,664,400 төгрөг нийт 95,376,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа,  үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин үнэлэхгүй гэх үндэслэлийг заажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Ж.Б, Н.С нараас 36,758,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг болон хариуцагч Д.Дид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх үүргийг багасгаж, 31,758,712 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ.

8. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Ц.Г, Р.Тболон Ж.Б Н.С нарын хооронд Robex 2900LC-7 маркын эксковаторыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч Ц.Г, Р.Тнар гэрээнээс татгалзаж, эксковатораа буцаан авсан, Р.Туулаас 38,780,000 төгрөгийг гаргуулж Н.Сд, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 24,500,000 төгрөгийг гаргуулж Д.Дид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. Тэрээр нэхэмжлэгч нар худалдах-худалдан авах гэрээ бус түрээсийн гэрээ байгуулагдсан, Ж.Б, Н.С нар түрээсийн төлбөрт 64,180,000 төгрөгийг өгсөн гэж маргасан хэдий ч шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг  шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.17-ны өдрийн 2376 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.03.13-ны өдрийн 001/ХТ2018/00404 дүгээр тогтоолоор гэрээнээс татгалзсны үр дагавраас “зөвхөн талуудын өгсөн авсан зүйл”-ийг харилцан буцааж шийдвэрлэсэн, харин олсон үр шимийг шийдвэрлээгүй юм.

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарт холбогдуулж өмчлөлийн зүйлийг нь хариуцагч нар эзэмшилдээ байлгах хугацаанд бусдад түрээсэлж ашиг олсон тул ашгийг гаргуулах, эксковаторыг Дундговь аймагт тээвэрлэсний зардал, засвар үйлчилгээний зардал,сэлбэгийн үнэ, шүүхийн зардал, өмгөөллийн хөлсийг шаардсан нэхэмжлэл нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргааны зүйл биш тул “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт” гэх хариуцагч нарын татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

9.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэг тал нь хууль ба гэрээнд заасан татгалзах эрхээ хэрэгжүүлсэн бол талууд өгсөн авсан зүйлээ буцаахаас гадна эд зүйл ашигласны үр шимийг гаргаж өгөх үүрэгтэй байна. Гэрээнээс татгалзах эрх гэрээнд зааснаар, гэрээнд заагаагүй боловч талууд харилцан тохиролцсноор, эсвэл хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг зөрчсөн тохиолдолд үүснэ. Гэрээнээс татгалзснаар талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаахын зэрэгцээ үр шимийг олгох эрх зүйн үр дагавар үүсдэгийг хуулийн 205.1-д заасан. Үр шим нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан эд юмсын болоод эрхийн үр шим байдаг. Үүнд тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж олж авсан ашиг хамаарах бөгөөд харин үр шим олж аваагүй бол төлөх үүрэг үүсэхгүй. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Ж.Б, Н.С нар нэхэмжлэгчийн өмчлөлийн Robex 2900LC-7 маркын эксковаторыг өөрсдийн эзэмшил ашиглалтанд байх хугацаандаа бусдад түрээсэлж 31,758,712 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцсэн, шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ талаар буюу хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

10.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6.-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1., 205.4.2.-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан тээвэр болон бусад зардлыг төлөхдөө олсон ашгийн хэмжээгээр нөхөн төлөхөөр байх тул үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байна.

11. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 316,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД