Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00695

 

Ц.Г, Р.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Б, Н.С, Д.Д нарт  холбогдох,

Гэрээ байгуулснаас олсон ашиг, тоног төхөөрөмжийн зардал нийт 126 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нарийн бичгийн даргаар  Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Бтай хэлэцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод 2900LC-7 маркийн Robex экскаваторыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн. Ингэж хүргэхдээ Ж.Бгийн ах Ж.Шижирбаатарын хамт хүргэж өгсөн. Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу “Өнө орших маргад” ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ-г нэхэмжлэгч Ц.Г миний “Сайхан цаг” ХХК-иар гэрээ хийж тээвэрлэн хүргэсэн.

... Түрээсийн гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгчид бид 2014 оны 05 дугаар сарын 20 буюу сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон/-ны өдөр сар бүр төлөх ёстой түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад Ж.Б нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гээд хийж байгаа ажлаа харуулдаг.

... 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 64 180 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 820 000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлсэнгүй байгаа.

... Мөн экскаваторыг түрээслэх явцад гаргасан сэлбэг хэрэгслүүдийг хүргэж өгч байсан зардал 742,000 төгрөг, сэлбэг шатах тослох материалын зардал 25 576 800 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10 600 000 төгрөг, экскаваторыг 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Дундговь аймгийн Хулд сумаас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хот руу хүргэсэн тээврийн зардал 13 560 000 төгрөг, замын хоол хүнс, ажлын хувцасны зардал ХАБ хэрэгсэл, цэвэрлэгээний материалд 805 000 төгрөг, олох ёстой байсан орлого, гэрээ цуцалсны төлбөр 7 500 000 төгрөг нийт 58 793 800 гэх бодит зардлууд гаргасан.

Иймд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Robex2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүлсэнтэй холбогдож гарсан нийт 106 613 800 төгрөгийн түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардлыг иргэн Ж.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

... Хариуцагч Н.С, Д.Дамдиндоржийг хамтран хариуцагчаар татаж, Д.Д нь robex 2900LC-7 маркийн экскаватороор ажил хийлгүүлсний хөлсөнд 3 000 000 төгрөгийг, Ж.Б, Н.С нараас robex 2900LC-7 маркийн экскаваторыг ашиглаж олсон ашиг 64 206 200 төгрөг, экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал 58 793 800 төгрөг, нийт 123 000 000 төгрөг буюу нийт 126 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.   

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Уг Экскаватортой холбоотой асуудлаар бид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шийдвэр хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба уг шаардлагыг хангаагүй тохиолдолд түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Талуудын хооронд түрээстэй холбоотой асуудал огт яригдаагүй. Тухайн Экскаватортой холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Хэрэг маргааны гол зүйл болох экскаваторыг түрээслэж байсан гэх хугацаанд миний эзэмшил, ашиглалтанд огт байгаагүй, түүнчлэн түрээсийн төлбөрөөс 3 000 000 төгрөг огт аваагүй болно. Түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаан Улсын Дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд түрээсийн гэрээ нь шаардах эрхийг нотлохгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.7, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нарын хариуцагч Ж.Б, Н.С, Д.Д нарт холбогдуулан гаргасан 126 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэмж 254 881 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх "... түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ... нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байна гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн. Гэтэл талуудын хоорондын харилцааг “худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн эрх зүйн харилцаа” мөн гэдгийг Улсын Дээд шүүхээс тогтоосон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.           

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр зохигчоос гаргасан хүсэлтийг шүүх хангах талаар шүүгчийн захирамж гаргахаас гадна ийнхүү захирамжилсан ажиллагаа бүрэн гүйцэт хэрэгжсэн эсэхийг анхаарах учиртай. Тухайлбал, хэргийн оролцогч бус хуулийн этгээдээс нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзсэн бол нотлох баримт гаргуулах талаар захирамж гаргаж, энэхүү захирамжийн дагуу ирсэн баримтуудын агуулга, хэлбэр нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, зөрчил, дутагдалтай бол дахин шаардан гаргуулах ёстой.

Дээрх байдлаар нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэсэн байх нь эрх зүйн маргааны талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөнд тооцох үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгажээ.

Нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН