| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2020/00212/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 18
А.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Өнөр хороолол, 2-1 тоотод оршин суух, Д овогтой А. М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.М миний бие нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаасаа халагдсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 471 дугаар шүүгчийн захирамжаар А.М миний биеийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох шийдвэр гарсан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олгох шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрүүдэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаагаар тооцсон. А.М миний бие нь өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдоогүй байгаа бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааныхаа цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмйин даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж, төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Л.Б даргатай уулзаад ажилдаа орох, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх асуудал ярихад шүүхийн шийдвэрийг би мэдээгүй гээд сууж байсан. Тэр хугацаанд төлөх боломж байсан. Төсөв нь хэмнэлттэй байсан, төсвийн тодотгол 12 дугаар сарын 05-нд хурлаар орж хэлэлцэж байсан. Тэр хурлаар миний цалингийн өрийг барагдуулах боломж энэ хүмүүст байсан. Гэвч энэ хүмүүс барагдуулаагүй.12 дугаар сарын 30-нд уулзаад ажилдаа оръё гэхэд хуучин хурлын даргаар ажиллаж байсан Т.Г гээд хүний шүүхэд байгаа нэхэмжлэлийг татуулчих, тэгвэл чамайг ажилд авна гэсэн. Би бол тэр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Т.Г гэдэг хүн чинь өөр хүн, би нэг өөр хүн гэж хэлээд гарсан. Дараа нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байхаар нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Б даргатай уулзахад 2 дугаар сарын эхээр намайг бас дуудсан. Тэр үед би Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Намайг хотод байж байхад Л.Б дарга мөн Улаанбаатар хотод очсон. Тэгээд утсаар ярихад би уулзах боломжгүй байна. Аймаг дээр очиж байгаад уулзъя гэсэн хариу өгсөн. 04 дүгээр сарын 13-нд Л.Б даргатай уулзсан. Энэ шүүхийн шийдвэртэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 5.600.000 төгрөгийг чинь олгоё гэдэг асуудлыг ярихад нь би хүлээн зөвшөөрөөгүй. Ажилдаа орох гэхээр авдаггүй, цалин нийгмийн даатгалаа төлүүлэх гэхээр төлдөггүй. Тийм болохоор ажилгүй байсан хугацааны цалингаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн ИТХ-ын дарга Л.Б-д холбогдуулж, Есөнбулаг сумын Оргил баг, Өнөр хорооллын 2-1 тоотод оршин суух А.М 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянагдаж дууссаны дараа А.М-ийг биечлэн ирж ажилдаа томилогдох эсэх, эсвэл өөр ажил албан тушаалд томилогдох талаар санал асуухаар 2019 оны төгсгөлд өөрийн туслахаараа удаа дараа утсаар яриулсан боловч хөдөө явж байна. Хотод явж байна гэх шалтгаанаар ирэхгүй байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрөө санаачлагагүй хандсан асуудал бий. Хариуцагчийн хувьд А.М нь шүүхийн шийдвэр гарах хүртэл цалин нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч биечлэн уулзах саналыг хүлээж аваагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулиар 48 дугаар зүйлийн 48.1.3 гэдэг заалтаар энэ хүн ажлаас халагдсан. Тухайн үед Хурлын Тэргүүлэгчид бодож үзээд энэ хүний үйлдлийг төрийн албанаас халах гэдгээр халсан болохоос биш тэргүүлэгчид буцаж хуралдаад ажлаас нь халах боломж байсан. Би энэ хүнийг өөрийн алдаатай үйлдлээ ойлгосон гэж бодож байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гарсан болохоор би дахин, дахин түүнийг ярих нь илүү байх. Энэ хүнийг ажилд нь эргүүлж авахгүй гээд байгаа учир нь энэ хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч боловч хуралдааны дундуур хурлын заалыг түгжээд алга болдог. Тэгээд дараа нь тайлбар дээрээ хүүхэд өвчтэй байсан. Утасны цэнэг дууссан гээд жижиг асуудлууд ярьдаг. Тийм боловч энэ хүн хурлын маргаашнаас эхлээд ажлаа 3 хоног тасалсан. Төрийн албан хаагчид ёс зүй, жудаг байх ёстой байх. Энэ хүн бол тийм ёс суртахуунтай хүн биш. Энэ хүн хуульд байгаа жижиг алдааг ашиглаад цалин мөнгө авна гэсэн үйлдэл хийж байгаа. Энэ хүн үнэхээр шүүхийн шийдвэр гарсан байхад уулзаад, яриад, өөрөө саналаа гаргаад, хугацаандаа ирж очоод байсан бол өөр. Энэ хүн өнөөдрийн байдлаар ажлын албанд нэг ч удаа өөрийн гарын үсэгтэй хүсэлт, санал өгөөгүй байгаа. Тэгээд би хүндэтгэж үзээд эвлэрэх боломжоор хангаж өгье гээд Тэргүүлэгчийн хурал дээр албан бусаар танилцуулсан. Хэлэлцэх асуудалд оруулаад хэлэлцэх гэсэн боловч энэ хүн өөрөө оны дараа Улаабаатар хотод ажилтай явж байна гэсэн учраас нэг удаа хойшлуулаад дараа нь өөртэй нь биечлэн уулзаад ярилцаж ойлголцолд хүрээд Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцье гэж албан бусаар ярьсан зүйл байгаа. Ажлын албанд хүсэлт өгөөгүй. Хурлын ирц 50 хувиас дээш байхад санал хурааж шийдвэр гаргахад санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын санал өгсөн талд шийдвэрлэнэ гээд манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 11.3 дээр заасан байдаг. Энэ заалтыг барьж энэ хүнийг ажлаас халсан. Хэлэлцэх асуудал дээр чөлөөлөгдөх гэж бичсэн байсан нь буруу болчихоод байгаа юм. Бусдаар бол өнөөдөр ажилд орсон ч маргааш дахиад халагдах ёс зүйтэй хүн. Би тэгээд эдийн засгийн хувьд хэцүү хүүхэд чинь өвчтэй байгаа бол цалинг чинь гаргаж өгье. Тэгээд Аудит манай дээр акт тавиад манайх төлөх байх тэр мөнгийг нь төлье гээд ажлын албаны даргад үүрэг өгсөн. Гэтэл энэ хүн дээр бас Аудитын акт ирсэн байсан. 1.600.000 төгрөгийн акт тавьсан байсан. Түүнийг эргүүлээд төлөх ямар боломж байгаа юм гэхэд ажлын албаныханд Би төлөхгүй гэж хэлдэг гэсэн. Тэр мөнгийг нь суутгаад үлдсэн мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд эргэж уулзаагүй. Мөнгөн дүн дээр эвлэрч болно. Ажилд авах тал дээр бол үнэхээр энэ хүн бол төрийн албанд ажиллах ёс зүйтэй хүн биш. Би албан ёсоор хэлэхэд ямар нэгэн алдаа байвал тэр алдааг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээх байх. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь энэ хүнийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн хүн гэж үзэж байгаа учир тэр гарсан тогтоолыг буруугүй гэж үзэж байгаа гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ажилгүй байсан хугацаа 245 хоногийн олговорт 16.359.626 /арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан Д овогтой А. М-д олгож, нэхэмжлэлээс төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 239.748 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00314 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянагдаж дууссаны дараа А.М-ийг биечлэн ирж ажилдаа томилогдох эсэх эсвэл өөр ажил албан тушаалд томилогдох талаар санал асуухаар ирдэггүй, туслахаараа удаа дараа утсаар яриулсан боловч хөдөө явж байна, хотод явна гэж хэлээд ирээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч биечлэн уулзах саналыг хүлээж аваагүй юм. Энэ хүн өнөөдрийн байдлаар ажлын албанд нэг ч удаа өөрийн гарын үсэгтэй хүсэлт, санал өгөөгүй байгаа. Энэ хүний нэр дээр бас аудитын акт ирсэн байгаа. Энэ мөнгөө би төлөхгүй гэж ажлын албаныханд хэлээд явсан байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00314 дугаар шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч А.М нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаас халжээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаартай шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 471 дугаартай захирамжаар хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Ж.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан буюу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа хамаарна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас А.М-д ажилгүй байсан хугацаа 245 хоногийн олговорт 16.359.626 /арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан олгохоор, нэхэмжлэлээс төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 239.748 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Т.Ж
Ш.Б