Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 19

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, шүүгч Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Цогт сумын Баянтоорой багт оршин суух, А овогтой Б. Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь 2017 онд Монголын үйлдвэрчний холбооны дэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нийгмийн халамж хангамжийн ангийг төгссөн. Говь- Алтай аймгийн 5 дугаар сургууль дээр ажлын байр зарлагдаж, 2019 оны 8 дугаар сард 20 орчим нийгмийн ажилтан мэргэжилтэй хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт болж уг шалгалтанд 2 дугаар байранд орсон. Тус сургуулийн захирал Баянтоорой тосгон, Тайшир суманд нийгмийн ажилтны орон тоо байгаа тухай мэдээлэл өгч, ингээд Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 9 дүгээр сарын 02 -ны өдрөөс нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 1 дүгээр сард намайг байрын багшаар ажилла гэж хэлсэн. Намайг нийгмийн ажилтны мэргэжилтнээс чөлөөлсөн тухай би мэдээгүй. Нийгмийн ажилтны ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дотуур байрын багшийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас ирж 2020 оны 03 дугаар сарын 02 өдөр ажлаас чөлөөлсөн гэж бичиг хэргийн ажилтан хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 03 дугаар сарын 03 өдөр тушаалаа нэхэх үед 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113-ны нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг өгсөн энэ үед нийгмийн ажилтнаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ бусад тушаалуудыг 2020 оны 03 дугаар сарын 3-ны өдөр бүх холбогдох тушаалуудын хуулбарыг авсан. Мөн миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд сургуулийн захирал нь эгч, дүү, хүүхэд тойрон хүрээлэгч нартайгаа нийлж багш ажилтнуудаа дарамталдаг хууль бус үйл ажиллагааг ил хэлсний төлөө намайг болон шинээр ирсэн багш нарыг гадуурхаж арга хэмжээ авч чөлөөлсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуульд жирэмсэн хүнийг ажил албан тушаалаас өөрчлөхийг хориглосоор байтал хууль зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн байх тул Говь-Алтай аймгийн Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургууль нь 2019 оны 8 дугаар сард мэргэжлийн сургуулийн нийгмийн ажилтны ажлын байр зарласан ба Б овогтой Б нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны үед аймгийн төвөөс утсаар холбогдож би Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль дээр нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтад орж 2 дугаар байранд шалгарсан. Хантайшир-Эрдэм сургуулийн захирлаас танай сургуульд нийгмийн ажилтны орон тоо байгаа гэсэн мэдээлэл авсан очиж ажиллах хүсэлтэй байна гэсэн. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх хугацаа ойртсон тул ирж ажиллахыг зөвшөөрсөн. Баянтооройд ирсэн үед Б.Б-гийн бичиг баримттай танилцахад мэргэжил нь нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан. Ажиллахаар ирсэн хүсэл сонирхлыг нь харгалзан туршилтын 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр захирлын тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр багш нарын зөвлөлийн хурлаар нийгмийн ажилтан Б.Б-гийн 3 сарын хугацааны хөдөлмөрийн гэрээний биелэлттэй танилцах, үнэлэн дүгнэх ажлыг сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсаны дагуу гүйцэтгэсэн. Багш нарын зөвлөлийн хуралд 18 багш оролцож хөдөлмөрийн гэрээний биелэлтийг авч хэлэлцэн үнэлэхэд 41.02 хувьтай Хангалтгүй үнэлэгдсэн. Сургуулийн захирлын зүгээс ажлын шаардлага хангахгүй байгааг онцолж ажиллах хүсэлтэй байгаа бол хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд ажиллуулах боломж байгааг санал болгосон. Хамт олны зүгээс тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч нийгмийн ажилтнаар нь ажиллуулах санал гаргасан боловч тухайн хүний зүгээс ямар нэгэн санал гаргаж тайлбар хийгээгүйгээр хурал өндөрлөсөн. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 63 дугаартай албан тоотоор саналаа ирүүлэх шаардлагыг тавьснаар Б.Б нь дотуур байрын багшаар ажиллах өргөдөл ирүүлсний дагуу сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар тушаалаар нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлж сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр тушаалаар хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд түр хугацаатайгаар томилон ажиллуулж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дотуур байрын багш Б.Б нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчилд дараах зөрчлүүдийг тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцална гэсэн заалтууд болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил таслах байдлыг удаа дараа гаргаж эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлэхгүй, үл тоомсорлох, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журмыг алдагдуулан багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчих зөрчлийг гаргасанд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хүүхдээ асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.А нь ажилдаа орох өргөдлөө сургуулийн захиргаанд ирүүлсний үндсэн дээр Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар албан тоотоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаарын тушаалаар дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн захирлын тушаал шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулиас тушаал хүчингүй болгуулах шаардлагад 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан иргэн Б.Б-гээс гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Б нь анх ажилд орохдоо байнгын ажлын байранд аймгийн Боловсрол соёлын газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнаар томилогдсон бөгөөд ажил олгогч байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Туршилтын хугацаа гэж тайлбарлаж байгаа боловч туршилтын хугацааг хэрхэн сунгах, эсэх асуудлын талаар хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд огт заагаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний биелэлт дүгнэж байгаа нэрийдлээр багш нараас санал асуулга авч үүнийг ажилтан ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь ажилтан ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх 37 дугаар зүйл нь 40 дүгээр зүйлд заасан ойлголтууд нь эрх зүйн хувьд өөр ойлголт мэтээр дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хуулийн өөр зүйл, өөр хэсэгт заасан ойлголтуудад нэг нэр томъёог өөрөөр хэрэглэж тайлбарлаж ойлгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд үндэслэж эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэснээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, мөн тус сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч маргаж буй үндэслэлээ Б.Б-г өөрийнх нь ажиллахаар ирсэн хүсэл сонирхлыг харгалзан туршилтын 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс авч ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж, 3 сарын хугацааны хөдөлмөрийн гэрээний биелэлттэй танилцах, үнэлэн дүгнэх ажлыг сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд 41.02 хувьтай Хангалтгүй үнэлэгдэж цаашид ажиллах боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

 

Ингээд хамт олны зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч нийгмийн ажилтнаар нь ажиллуулах санал гаргасан боловч тухайн хүний зүгээс ямар нэгэн санал гаргаж, тайлбар хийгээгүй тул ажиллах хүсэлтэй байгаа бол хүүхдээ асрах чөлөөтэй байгаа сургуулийн дотуур байрын багшийн оронд ажиллуулах боломж байгааг санал болгосноор 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд түр хугацаагаар томилон ажиллуулсан.

 

Хүүхдээ асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.А нь ажилдаа орох өргөдлөө сургуулийн захиргаанд ирүүлснээр Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотоор мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Мөн ажиллах хугацаандаа хүндэтгэх шалтгаангүйгээр гурваас дээш хоногийн хугацаагаар ажил таслах, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, үл тоомсорлох байдал гаргах, бусдыг хэл амаар доромжлох, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журам, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн учраас сахилгын шийтгэл ногдуулж байсан гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б-д ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар зөрчлийг шалгасан тухай, түүнийг нотлох баримт байхгүй, гаргасан гэх зөрчлийг тогтоогоогүй байгаа нь ойлгомжгүй байгаа тухай дурдаж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь ажилтантай тус сургуулиас нийгмийн ажилтны ажлын байр зарлаж уг ажлын байран дээр туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулаад гэрээний хугацаа дууссан мөн 3 сарын хөдөлмөрийн гэрээний биелэлттэй танилцаж, үнэлэн дүгнэх ажлыг сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэж Б.Б-г цаашид ажиллах эсэх саналыг нь асуугаад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу биш байна.

 

Ийнхүү ажлаас чөлөөлөөд хүүхдээ асрах чөлөөтөй байгаа дотуур байрын багшийн орон тоонд түр хугацаагаар томилон ажиллуулаад хүүхдээ асрах чөлөөтөй байсан дотуур байрын багш Б.А ажилдаа орох хүсэлтээ ирүүлснээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай хариуцагчийн гаргасан ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал /шийдвэр/-ууд нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Т.Ж