Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Цогт сумын Баянтоорой багт оршин суух, А овогтой Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, гэрч Б.У, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь 2017 онд Монголын үйлдвэрчний холбооны дэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нийгмийн халамж хангамжийн ангийг төгссөн. Говь- Алтай аймгийн 5-р сургууль дээр ажлын байр зарлагдаж, 2019 оны 8 сард 20 орчим нийгмийн ажилтан мэргэжилтэй хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт болж уг шалгалтанд 2-р байранд орсон. Тус сургуулийн захирал Баянтоорой тосгон, Тайшир суманд нийгмийн ажилтны орон тоо байгаа тухай мэдээлэл өгч, ингээд Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 09 сарын 02 -ны өдрөөс нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 1 сард намайг байрын багшаар ажил гэж хэлсэн. Намайг нийгмийн ажилтны мэргэжилтнээс чөлөөлсөн тухай би мэдээгүй. Нийгмийн ажилтны ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Ингээд 2020 оны 02 сарын 22-ны өдөр дотуур байрын багшийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас ирж 2020 оны 03 дугаар сарын  02 өдөр ажлаас чөлөөлсөн гэж бичиг хэргийн ажилтан хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 03 сарын 03 өдөр тушаалаа нэхэх үед 2019 оны 12 сарын 17-ны өдрийн Б/113-ны нийгмийн ажилтны  үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг егсөн энэ үед нийгмийн ажилтнаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн. Бөгөөд хөдөлмөрийн гэрээ бусад тушаалуудыг 2020 оны 03 дугаар сарын 3-ны өдөр бүх холбогдох тушаалуудын хуулбарыг авсан. Мөн миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд сургуулийн захирал нь эгч дүү хүүхэд тойрон хүрээлэгч нартайгаа нийлж багш ажилтнуудаа дарамталдаг хууль бус үйл ажиллагааг ил хэлсний төлөө намайг болон шинээр ирсэн багш нарыг гадуурхаж арга хэмжээ авч чөлөөлсөн. Иймд Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуульд жирэмсэн хүнийг ажил албан тушаалаас өөрчлөхийг хориглосоор байтал хууль зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн байх тул Говь-Алтай аймгийн Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургууль нь 2019 оны 08 дугаар сард мэргэжлийн сургуулийн нийгмийн ажилтны ажлын байр зарласан ба Б овогтой Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны үед аймгийн төвөөс утсаар холбогдож би “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль дээр нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтад орж 2 дугаар байранд шалгарсан. “Хантайшир-Эрдэм” сургуулийн захирлаас танай сургуульд нийгмийн ажилтны орон тоо байгаа гэсэн мэдээлэл авсан очиж ажиллах хүсэлтэй байна гэсэн. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх хугацаа ойртсон тул ирж ажиллахыг зөвшөөрсөн. Баянтооройд ирсэн үед Б.Бгийн бичиг баримттай танилцахад мэргэжил нь нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан. Ажиллахаар ирсэн хүсэл сонирхлыг нь харгалзан туршилтын 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 09 сарын 02-ны өдөр захирлын тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр багш нарын зөвлөлийн хурлаар нийгмийн ажилтан Б.Бгийн 3 сарын хугацааны хөдөлмөрийн гэрээний биелэлттэй танилцах, үнэлэн дүгнэх ажлыг сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсаны дагуу гүйцэтгэсэн. Багш нарын зөвлөлийн хуралд 18 багш оролцож хөдөлмөрийн гэрээний биелэлтийг авч хэлэлцэн үнэлэхэд 41.02 хувьтай “Хангалтгүй” үнэлэгдсэн. Сургуулийн захирлын зүгээс ажлын шаардлага хангахгүй байгааг онцолж ажиллах хүсэлтэй байгаа бол хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд ажиллуулах боломж байгааг санал болгосон. Хамт олны зүгээс тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч нийгмийн ажилтнаар нь ажиллуулах санал гаргасан боловч тухайн хүний зүгээс ямар нэгэн санал гаргаж тайлбар хийгээгүйгээр хурал өндөрлөсөн. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 63 дугаартай албан тоотоор саналаа ирүүлэх шаардлагыг тавьснаар Б.Б нь дотуур байрын багшаар ажиллах өргөдөл ирүүлсний дагуу сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар тушаалаар нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлж сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр тушаалаар хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд түр хугацаатайгаар томилон ажиллуулж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дотуур байрын багш Б.Б нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчилд дараах зөрчлүүдийг тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцална” гэсэн заалтууд болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил таслах байдлыг удаа дарааг гаргаж эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлэхгүй, үл тоомсорлох, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журмыг алдагдуулан багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчих зөрчлийг гаргасанд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хүүхдээ асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.Адъяасүрэн нь ажилдаа орох өргөдлөө сургуулийн захиргаанд ирүүлсний үндсэн дээр Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар албан тоотоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаарын тушаалаар дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн захирлын тушаал шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Б.Б нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийгмийн ажилтнаар туршилтын хугацаагаар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд дотуур байрын багшаар түр хугацаагаар тус тус ажиллаж байсан болох нь сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/76 дугаартай тушаалаар 3 сарын туршилтын хугацаатайгаар нийгмийн ажилтнаар томилсон тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөн тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай Нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар Б.Б-г дотуур байрын багшийн ажил, албан тушаалд түр хугацаагаар томилон ажиллуулах тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Б.Б-г дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Б.Б нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал  зөрчөөгүй байна.

Б.Б нь нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргахдаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж бичиг хэргийн ажилтан мэдэгдсэн, тушаалаа нэхэхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай нийгмийн ажилтнаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг өгсөн энэ үед нийгмийн ажилтнаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн талаар тайлбарлаж, хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хэзээ гардуулсан талаарх байдлаа нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.     

Б.Б-г дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, тус тус хуулийн хугацаандаа гаргасан байна.

Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай тушаалын тухайд:

Нэхэмжлэгч Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 12-ны Б/08 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, Сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дахь нөхцөлийн 2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн дотуур байрын багш Б-ийн Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Туршилтын хугацаагаар болон түр хугацаагаар ажиллаж байгаа ажилтны хувьд үндсэн ажилтантай нийтлэг журам адил үйлчлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан Б/08 дугаар тушаалыг гаргахдаа тушаалд дурдсан 2019 оны 12 дугаар сард 3 өдөр, 2020 оны 01 дүгээр сард 3 өдрийн ажлыг шалтгаангүйгээр тасалсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж, шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, үл тоомсорлох байдлыг гаргасан, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журмыг алдагдуулсан, багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэх зөрчлийг шалгасан талаарх баримт хэрэгт байхгүй, тушаалын үндэслэл болсон сахилгын ямар зөрчил гаргасан болох нь эрх бүхий этгээдүүд оролцсон хамтын хурлаар хэлэлцэж сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байхад Б.Б-д  сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Б.Б-г Нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай тушаалын тухайд

Уг тушаалд Монгол Улсын Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Багш нарын зөвлөлийн хуралд тайлагнасан хөдөлмөрийн гэрээний биелэлтийн үнэлгээг тус тус үндэслэжээ.

Тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор заасныг үндэслэсэн байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Б, нийгмийн ажилтан Б.Б нарын хооронд туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байна.

Б.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Б-гийн ажилд орсон туршилтын хугацаа дууссантай холбогдуулан ажлын тайланг багш нарын зөвлөлд хэлэлцүүлэн 41.02 оноо авсан учир цаашид ажиллах боломжгүй болсон тул түүнтэй байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын 10.1.8-д байнгын орон тоонд ажилд орж буй мэргэжил, ур чадвар, дадлага туршлага сайтай ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох ба ажлын ур чадвар дадлага туршлагаас хамаарч 3-12 сарын хугацаагаар хөдөлмөрийн түр гэрээ байгуулж болохоор зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна заасан байна. Хэдий дотоод журамд хуульд заасан хэмжээнээс их хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулахаар заасан байх боловч Б.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай буюу хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй хугацаагаар байгуулсан нь ажилтны эрх ашгийг зөрчихөөргүй байна гэж үзлээ.

Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, эсхүл жинхлэж үндсэн ажилтнаар томилоход тусгай комиссоор тогтоолгоно гэж Хөдөлмөрийн хуульд тусгайлан зохицуулаагүй бөгөөд тус байгууллагын дотоод журмын 2.2.7-д ...багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжлийн зэрэг олгох дотоод журам, багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг хэлэлцэн батлана гэж заасан нь хуульд тодорхойгүй зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт мөн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар байхад 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны мэдлэг, ур чадварыг тусгай мэргэжлийн комиссын дүгнэлтгүйгээр үнэлсэн нь хууль зөрчсөн байна гэсэн тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 нь байнгын ажлын байр буюу батлагдсан орон тоон дээр үндсэн ажилтнаар орж ажиллах тохиолдлыг зохицуулсан байх ба тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллах ажилтны хувьд хамаарахгүй, энэ нь тусгай зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар зохицуулагдах юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар гэрээг цуцлахдаа мэргэжлийн комиссын дүгнэлт гаргуулалгүй багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нь буруу юм гэх үндэслэлийн хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох ойлголтууд нь эрх зүйн хувьд өөр өөр ойлголтууд бөгөөд нийгмийн ажилтнаас чөлөөлсөн тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр буюу туршилтын хугацаагаар ажилд авч байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа болох 3 сарын хугацаа дуусаж, үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарч хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд хамааруулж мэргэжлийн комиссын дүгнэлт гараагүй гэх нэхэмжлэгч талын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Б.Б-г дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын тухайд

Уг тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

Тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж заасныг үндэслэсэн байна.

Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/114 дугаар тушаалаар дотуур байрын багш Б.А нь хүүхдээ асрах чөлөөтэй байгаа тул Баяндэлгэрийн Баасанцэрэнг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дотуур байрын багшийн ажил, албан тушаалд түр хугацаагаар томилсон байна. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар хүүхдээ асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.А нь ажилдаа орох болсон тул түр орон тоонд ажиллаж байсан дотуур байрын багш Б-ийн Б-г 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажил албан тушаалаас чөлөөлсөн байна.

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр “Дотуур байрын багш Б.Б-д” мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд “Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багш Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох өргөдлөө ирүүлсэн тул түр орон тоонд ажиллаж байгаа таныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэжээ. Б.Б-г хүүхэд асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.А-гийн оронд түрд ажиллуулж байсан бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан багш ажилдаа орох хүсэлт гаргаснаар түр ажиллаж байсан үндэслэл арилсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт цугласан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, Б.Бг Нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай, Б.Б-г дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулиас тушаал хүчингүй болгуулах шаардлагад 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-т заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулиас тушаал хүчингүй болгуулах шаардлагад 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН