Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00596

 

Б.Баасанцэрэнгийн нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, 

Б.Баасанцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баасанцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Батзориг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Баасанцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 09 сарын 02 -ны өдрөөс нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 1 сард намайг байрын багшаар ажил гэж хэлсэн. Намайг нийгмийн ажилтны мэргэжилтнээс чөлөөлсөн тухай би мэдээгүй. Нийгмийн ажилтны ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Ингээд 2020 оны 02 сарын 22-ны өдөр дотуур байрын багшийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас ирж 2020 оны 03 дугаар сарын  02 өдөр ажлаас чөлөөлсөн гэж бичиг хэргийн ажилтан хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 03 сарын 03 өдөр тушаалаа нэхэх үед 2019 оны 12 сарын 17-ны өдрийн Б/113-ны нийгмийн ажилтны  үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг өгсөн энэ үед нийгмийн ажилтнаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн. Мөн миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд сургуулийн захирал нь эгч дүү хүүхэд тойрон хүрээлэгч нартайгаа нийлж багш ажилтнуудаа дарамталдаг хууль бус үйл ажиллагааг ил хэлсний төлөө намайг болон шинээр ирсэн багш нарыг гадуурхаж арга хэмжээ авч чөлөөлсөн. Иймд Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуульд жирэмсэн хүнийг ажил албан тушаалаас өөрчлөхийг хориглосоор байтал хууль зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн байх тул Говь-Алтай аймгийн Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/113, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Баянтооройд ирсэн үед Б.Баасанцэрэнгийн бичиг баримттай танилцахад мэргэжил нь нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан. Ажиллахаар ирсэн хүсэл сонирхлыг нь харгалзан туршилтын 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 09 сарын 02-ны өдөр захирлын тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр багш нарын зөвлөлийн хурлаар нийгмийн ажилтан Б.Баасанцэрэнгийн 3 сарын хугацааны хөдөлмөрийн гэрээний биелэлттэй танилцах, үнэлэн дүгнэх ажлыг сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсаны дагуу гүйцэтгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 63 дугаартай албан тоотоор саналаа ирүүлэх шаардлагыг тавьснаар Б.Баасанцэрэн нь дотуур байрын багшаар ажиллах өргөдөл ирүүлсний дагуу сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар тушаалаар нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлж сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр тушаалаар хүүхдээ асрах чөлөөтэй байгаа дотуур байрын багшийн оронд түр хугацаатайгаар томилон ажиллуулж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дотуур байрын багш Б.Баасанцэрэн нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан заалтууд болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил таслах байдлыг удаа дарааг гаргаж эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлэхгүй, үл тоомсорлох, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журмыг алдагдуулан багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчих зөрчлийг гаргасанд сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хүүхдээ асрах чөлөөтэй байсан дотуур байрын багш Б.Адъяасүрэн нь ажилдаа орох өргөдлөө сургуулийн захиргаанд ирүүлсний үндсэн дээр Б.Баасанцэрэнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар албан тоотоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаарын тушаалаар дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн захирлын тушаал шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-т заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Б.Баасанцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуулиас тушаал хүчингүй болгуулах шаардлагад 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 04-ний өдрийн 328 шийдвэр, 2020 оны 06-р сарын 16-ны
өдрийн 19 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 
Б.Баасанцэрэн нь анх ажилд орохдоо байнгын ажлын байранд аймгийн Боловсрол соёлын газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж Баянтоорой багийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнаар томилогдсон бөгөөд ажил олгогч байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа гэж тайлбарлаж байгаа боловч туршилтын хугацааг
хэрхэн сунгах, эсэх асуудлын талаар хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд огт заагаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний биелэлт дүгнэж байгаа нэрийдлээр багш нараас санал асуулга авч үүнийг ажилтан ажилдаа тэнцэхгүй
гэсэн дүгнэлт гарсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь ажилтан ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг салбарын буюу тухай байгууллагын мэргэжил ур чадварын комисс,
аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх 37-р зүйл нь 40-р зүйлд заасан ойлголтууд нь эрх зүйн хувьд өөр ойлголт мэтээр дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хуулийн өөр зүйл, өөр хэсэгт заасан ойлголтуудад нэг нэр томьёог өөрөөр хэрэглэж тайлбарлаж ойлгож байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Б.Баасанцэрэн нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Баасанцэрэн нь Баянтоорой багийн Ерөнхий боловсролын дунд сургуульд 2019.09.02-ны өдрөөс нийгмийн ажилтны ажлын байранд 3 сарын туршилтын хугацаагаар, 2019.12.07-ны өдрөөс дотуур байрны багшаар түр томилогдон ажиллаж байсан нь тогтоогджээ.  

1.Ажил олгогч буюу хариуцагч 2020.02.12-ны өдөр Б/08 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, сургуулийн дотоод журмын 8.1.2, хөдөлмөрийн гэрээний 2.4 дэх заалтуудыг тус тус  үндэслэн, Б.Баасанцэрэн нь шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, үл тоомсорлох байдал гаргасан, бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх зөрчил гаргасан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ /хэргийн 147 дугаар тал/.  

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагч гомдол гаргаагүй байна. 

2.Хариуцагч нь Б.Баасанцэрэнг нийгмийн ажилтнаар туршилтын 3 сарын хугацаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, ...байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, нийгмийн ажилтнаас чөлөөлснийг мэдээгүй, ...тушаалаа өгөөгүй... гэснийг хариуцагч  эс зөвшөөрч, туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хугацаа дуусгавар болсон, дахин сунгаагүй гэжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1.-т ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, 231.2.хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж тус тус заасан.  

Ажил олгогч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа туршилтын хугацааг 3 сараар тогтоосон, гэрээг цааш сунгахгүй гэж шийдвэрлэж, улмаар хүүхдээ асрах чөлөөтэй байгаа сургуулийн дотуур байрны багшийн оронд түр томилсон ба тухайн ажилтан ажилдаа эргэн орох болсон тул Б.Баасанцэрэнг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй бол тухайн гэрээ дуусгавар болдог тул хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн ба хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00328 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ