Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0175/З |
Дугаар | 398 |
Огноо | 2018-10-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 398
“Ш э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015998, XV-016000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0452 дугаар магадлал,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан “Ш э” ХХК-ийн гаргасан “...”Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015998, XV-016000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0452 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: .... анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэртээ: Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-015998, ХV-016000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгож бүртгэснийг буруутгах боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 53-р зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж зааснаар “Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь дуусгавар болсон гэж, мөн “Ш э” ХХК-ийн захирал Т.Батбаярын өвчтэй байсан шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй гэж эмч, эмнэлгийн баримт бичгийг үгүйсгэж, мөн хэт нэг талыг барьж буруу дүгнэсэн.
4. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: Ашигт малтмалын тухай хуулийн 53-р зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байх явдал бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргах талаар хуулиар зохицуулаагүй, өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсан уг хуулийн 56-р зүйлд заасан цуцлах зохицуулалттай үүнийг адилтгах боломжгүй гэж Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дуусгавар болгон бүртгэх үйл явц захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн эрх зүйн харилцааг дуусгавар болгож анх тусгай зөвшөөрлийн эрх олгосон шийдвэр нь цуцлагдахаар ойлгогдож байна.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 53-р зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болгон бүртгэх үйл явц нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын компьютерын системд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээ бичиж олгох тухай 441 тоот шийдвэр болон тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болсныг бүртгэхээр байна. Тухайлбал: Хавтас хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай дотоод хяналтын хуудас хэсэгт: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгох талаар шийдвэр гаргах ... гээд гарын үсэг зурсан байгаа нь шийдвэр гаргахаар байгааг харуулж байна.
6. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасан байгаа нь Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгох талаар эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахыг тусгайлан хуульчилсан байна. “Ш э” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаагүй байхад дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл нь эрхийн зөрчилтэй хууль бус бүртгэл гэж үзэж байна.
7. Мөн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: ....тэр тусмаа дуусгавар болж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэх үүргийг ч хариуцагчид хуулиар хүлээлгээгүй байдаг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд заасан 30 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн биелүүлээгүй байна хэмээн илт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн байна.
8. Гэтэл “Ш э” ХХК-ийн захирал Т.Б нь тус хэлтэст 2017 оны 10 дугаар сарын 05-нд тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах талаар өргөдөл гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 7/8458 албан бичгээр хариу мэдэгдсэн байдаг ба захиргааны байгууллага албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 16.1-д “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж хариу өгсөн. Мөн захиргааны байгууллага өргөдлийг хүлээж аваад Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, өргөдлийг шийдвэрлэхдээ оролцогчийн санал, хүсэлтийг сонсоогүй зэрэг хуулийг зөв хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байна гэж үзэж байна.
9. Мөн нэхэмжлэгч “Ш э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа зарцуулсан хүч хөдөлмөр, олон сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь илтэд хохироож, хууль бус ажиллагаагаар тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт мэдэгдэх, оролцоог хангах зарчимтайг, мөн хуулийн 13.2-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно. 13.3-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. Мөн хуулийн 95.1.3-т гомдол гаргагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах гэж заажээ. Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг хэрэглэж хэрэгжүүлэх үүрэгтэйг хуульчилсныг захиргааны байгууллага огт хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн үйл ажиллагааг хоёр шатны шүүх анхаарч үзэж зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож “Ш э” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон авж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.
13. Нэхэмжлэгч “Ш э” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Түмэн” нэртэй газрын 243.80 гектар талбайд хайгуулын ХV-015998 дугаар, мөн Гурванзагал сумын нутаг “Загал” нэртэй газрын 601.26 гектар талбайд хайгуулын ХV-016000 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус авсан, компанийн захирал Т.Батбаяр нь “өвчний улмаас орон нутагт очиж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадаагүй, уг байдлыг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг 1 сараар сунгах хүсэлт”-ийг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан, тус газраас “хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон”-ыг бичгээр хариу мэдэгдсэн, мөн уг тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгож 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
14. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ...” гэж заасны дагуу уг тогтоосон хугацааг баримталж, шаардсан баримт бичгийн хамт өргөдлөө гаргахаар заажээ.
15. Үүнээс үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд зайлшгүй хавсаргах баримт бичгийг бүрдүүлээгүй /компанийн захирал Т.Батбаяр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас орон нутагт очиж амжаагүй гэх/ шалтгаанаар хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан байвал зохих сүүлийн өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар хугацаа сунгуулахад шаардлагатай баримтын нэг болох Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар 22.1.3-т заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг бүрдүүлээгүй байсан бөгөөд хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй шалтгаанаа үүнтэй холбон тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсноос үзвэл, “хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байна” гэж үзэхгүй.
17. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Ш э” ХХК нь хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаанаас өмнө уг төлөвлөгөөг Баянтүмэн сумын, Гурванзагал сумын Засаг дарга нарт хүргүүлэх үүрэгтэй, энэ маргааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид хүсэлт гаргах үед ч, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ч хүргүүлээгүй байсантай хэргийн оролцогчид маргаагүй, уг баримтгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
18. Иймд, “Ш э” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумдын Засаг даргад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа өнгөрснөөс хойш үүнийг нөхөн гүйцэтгүүлэхээр хариуцагчаас хуулиар тогтоосон хугацааг өөрчилж “сунгах” боломжгүй, энэ тухай гаргасан нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татгалзаж хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх хугацааг зөрчсөн хэдий ч хайгуулын ХV-015998 дугаар, ХV-016000 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанд, мөн дуусгавар болгож бүртгэсэн үйл баримтад нөлөөлөхөөргүй юм.
19. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 53.1, 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бөгөөд хуульд заасны дагуу 3 жилийн хугацаагаар олгогдсон хайгуулын ХV-015998, ХV-016000 тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус дууссан, энэ тохиолдолд дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” бүрэн эрхийн хүрээнд байна.
20. Мөн, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа хуулиар дуусгавар болоход энэ тухай захиргааны акт гаргах үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй, иймээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулдаг үйл ажиллагаа явагдахгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр гаргаагүй байхад дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл нь эрхийн зөрчилтэй, хууль бус, ... Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
21. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0452 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ