Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01797

 

 

 

 

 

 

 

 

 

Ж сангийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б, Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 102 919 925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.Ц, Г.Ч нарын өмгөөлөгч: Ж.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Б нь Ж сангаас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2014/37 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Ц, Ц.Э, Г.Ч нарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 709 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2206032493 дугаартай 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 132 290 697 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19 341 767 төгрөг, нийт 151 632 464 төгрөгийг төлсөн ба зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 1654 хоногоор хэтрүүлсэн. Зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

Барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан огноотой боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр барьцаанд тавих итгэмжлэл өгсөн. Итгэмжлэл авсанаас хойш барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн үндсэн төлбөр 67 709 302 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 547 660 төгрөг, алданги 34 645 963 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 102 919 325 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Ж сангаас 2014/37 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг барьцаа хөрөнгийн эзэд болох Г.Ч, Б.Ц нар авч хэрэглэсэн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 200 000 000 төгрөг Хаан банк дахь миний эзэмшлийн 5009477807 тоот дансанд шилжиж ирсэн ба маргааш нь буюу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Чгийн дансанд 190 000 000 төгрөг, н.Энхболдын дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг зээлийг Г.Ч, Б.Ц нар нь хариуцах ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба Г.Ч, Б.Ц нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Намайг гуйж зээлийн гэрээ байгуулахдаа өөрсдийн хөрөнгийг барьцаанд тавих эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ч, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ц, Г.Ч нар нь Ж сангийн нэхэмжлэлтэй хариуцагч С Батболдод холбогдох хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 19-ны өдөр 101/322020/05436 дугаар захирамжаар Б.Ц, Г.Ч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Ц, Г.Ч нар нь Ж сангийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй.

Б.Ц, Г. Чимгээ нар нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний харилцаанд оролцоогүй, гэрээнд нэр нь байхгүй, гарын үсэг зураагүй, зээлийн төлбөрийг хүлээн авсан болон ямар ч үүрэг хүлээсэн баримт бичиг, нотлох баримт байхгүй байхад шүүх Б.Ц, Г.Ч нарыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ж сангийн захирал нь иргэн О.Бтой зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ж сангаас зээлдэгч О.Бын хувийн дансанд 200 000 000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн. О.Б нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд иргэн Б.Ц Г.Ч нарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96 байр 709 тоотод байрлах, 132.22 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч О.Бод дээрхи орон сууцыг барьцаалах эрхийг олгоогүй юм.

Барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас барьцаанд тавих эрхийг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр олгосон. Хуульд заасан журмын дагуу итгэмжлэл олгогдоогүй байхад барьцааны гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч О.Боос 102 902 925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 төгрөг болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Ц, Г.Ч, Ц.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 709 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Ц, Г.Ч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч Б.Ц, Г.Ч нараас О.Быг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас 2015 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр О.Бод олгосон. Уг итгэмжлэлийг үндэслэн Улсын бүртгэлийн байгүүллага 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр барьцаалбарыг бүртгэж баталгаажуулсан байна.

Барьцааны гэрээг нөхөж бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээг бүртгэлд бүртгүүлэхээс өмнө зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч О.Б нь авчихсан байсан нь хууль зөрчсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Барьцааны гэрээ байгуулах үед Б.Цотгсэргэлэн Г.Ч нарын өмчлөлийн 11 хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 709 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2206032493 дугаартай 132.22 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл байхгүй байхад нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээ 2014 оны 11 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барьцаан гэрээ байгуулагдан зээлдэгч О.Бын дансанд 200 000 000 төгрөг шилжүүлсэнээр талуудын гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Энэ үед Б.Ц ,Г.Ч нар О.Бод итгэмжлэл олгоогүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж сан хариуцагч О.Б, Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102 919 925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж сан болон О.Б нар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч О.Б 200 000 000 төгрөгийг 5 жил буюу 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу Ж сан нь О.Бын Хаан банк дахь эзэмшлийн 5009477807 тоот дансанд 200 000 000 төгрөгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээнд заасан дагуу үүргээ гүйцэтгэжээ.

 

Хаан банк дахь О.Бын эзэмшлийн 5009477807 тоот данснаас Хаан банк дахь Б.Ц, Г.Ч нарын эзэмшлийн дансанд С.Батболдоос гэсэн агуулгаар 10 000 000 төгрөг, 190 000 000 төгрөгийг тус тус шилжүүлснийг үндэслэж Б.Ц, Г.Ч нарыг Ж сантай гэрээ байгуулсан гэж дүгнэхгүй юм.

 

О.Б зээлийн үндсэн үүрэгт 132 290 697 төгрөг, зээлийн хүү 19 341 767 төгрөг, нийт 151 632 464 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Хариуцагч О.Б нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 67 709 302 төгрөг төгрөг, зээлийн хүү 547 660 төгрөгийг төлөөгүй тул анхан шатны шүүх дээрх мөнгөн хөрөнгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Гэрээний 6.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 50 хувиар хязгаарлаж алдангийг 34 645 963 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд О.Боос үндсэн зээл 67 709 302 төгрөг төгрөг, хүү 547 660 төгрөг, алданги 34 645 963 төгрөг, нийт 102 902 925 төгрөгийг гаргуулж Ж санд олгосон нь хуульд нийцнэ.

 

Ж сан нь зээлийн гэрээний үүргийг О.Боос, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний оролцогч биш этгээдүүдэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан агуулгаар тайлбарлаж, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулав.

 

Ж сан нь О.Бтой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны зүйл нь Б.Ц, Ц.Э, Г.Ч нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206032493 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 709 тоот хаягт байрших, 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц байхаар тохиролцжээ.

 

Б.Ц, Г.Ч, Ц.Э нараас О.Бод 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гэрээг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүнтэй холбоотой эрх зүйн үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, О.Б нар нь барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр огноолж байгуулсан боловч дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч нь уг гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын “17 000 төгрөг” гэснийг “17 000 төгрөгт” гэж өөрчилж “болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА