Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01702

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М, Б.Млин нарт холбогдох,

 

Г.М, Б.Млин нарыг улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох,

Хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54 036 748 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

 

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК болон Л.Батдорж нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаалбарыг хүчингүй болгуулах,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.М, Б.Сл, Б.Млин нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, хариуцагч Б.Млингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Насанбуян,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Ганзул,

Хариуцагч, хариуцагч Б.Млингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батдорж нь манай байгууллагаас гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 549 хоног буюу 18 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй, 000184346 тоот гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах 94.4 м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч Л.Батдорж нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд 1 100 000 төгрөг, зээлийн хүү 618 473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 600 төгрөг, нийт 1 788 073 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарьт өдөр болох 2015 оны 08 сарын 03-наас хойш 18 хоног хэтэрч төлөлт хийсэн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 18 900 000 төгрөг, зээлийн хүү 9 463 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 783 152 төгрөг, нийт 30 147 012 төгрөгийн тооцоотой байсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны хүртэлх 1089 хоногийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцход үндсэн зээлийн үлдэгдэл 18 900 000 төгрөг, 1089 хоногийн зээлийн хүү 19 896 030 төгрөг, дээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрийн хүү болох 9 463 860 төгрөг, нийт хүүнд 29 359 890 төгрөг, 1089 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3 979 206 төгрөг дээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрийн нэмэгдүүлсэн хүү болох 1 783 152 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүүнд 5 762 358 төгрөг бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 54 022 248 төгрөг болсон.

Дээрх хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардахад тэрээр 2015 оны 11 дүгээр сард зээлээ бүрэн төлөх болно гэсэн хүсэлт бичиж өгсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Л.Батдорж нь зуурдаар нас барсан байсан.

Түүнийг нас барснаас хойш эхнэр Г.Мтэй уулзахад гэр бүлийн хэрэгцээнд буюу охины хуримын зардалд зориулан зээл авсан байх тул өвийг хүлээж авсан гэр бүлийн гишүүд нь түүнтэй холбоотой өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулах ёстой, харин төлбөрийн хэмжээг багасгаж, тохиролцох боломжтой гэж хэлж байсан. Гэвч Г.М нь өвийг хүлээж аваагүй, өв хүлээж аваад эргээд уулзах талаар ярьж байсан ч бидэнтэй холбогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахад зөвшөөрөл авах эсэх асуудал хуулийн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй. 2014 оны 7 дугаар сард Л.Батдорж нь анх удаа манай байгууллагаас зээл хүсч байсан тул манай байгууллагын зүгээс эрсдэлээ тооцоолон түүний хүссэн зээлийг хамтран зээлдэгчтэй, өөрөөр хэлбэл түүний эхнэрийг хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд оруулан зээлийг олгосон.

Харин 2015 онд авсан зээлийг 2014 онд авсан зээлээ хуваарийн дагуу хэвийн төлж дуусгаад итгэл төрүүлсэн, мөн зээлдэгч өөрөө аман хүсэлт гаргасан тул хамтран зээлдэгч шаардаагүй, зээлийн нөхцөлийг бууруулж зээл олгосон байдаг. Л.Батдоржийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зээлийн брлон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй, гэрээ хуулийн дагуу хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийн өв залгамжлалаар шилжсэн эд хөрөнгөнд ногдуулсан хуулийн дагуу үүссэн үүргийг шаардсанаас бус тус эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй бөгөөд нэгэнт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан этгээдүүд Г.М, Б.Млин Улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр тодорхойлогдохоос биш, талийгаач болон түүний эхнэрийн хэдэн онд гэр бүл болсноор тодорхойлогдохгүй.

Монголын нотариатчдын танхимд хандахад Г.М, охин Б.Млин нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр барьцаанд байгаа улсын бүргэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авахаар бүртгүүлсэн байдаг.

Л.Батдоржийн хууль ёсны эхнэр, хүүхэд нь өвийн зүйлийг хүлээн авсан байх боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй шалтгаан нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр манай компанийн барьцаанд өвийн зүйл байгаатай холбоотой юм.

Зээлийн гэрээний үүрэг шаардахад ерөнхий үүргийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах бөгөөд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хамаарахгүй.

Түүнчлэн Г.М, Б.Млин, Б.Сл нар барьцааны гэрээнд оролцсон гэрээний оролцогч этгээд биш учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.М, Б.Млин нарыг улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо нарны 253/1 р гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох,

Л.Батдоржийн зээлийн гэрээний үүрэг 54 036 748 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч болох хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.Млингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Л.Батдорж нэхэмжлэгч байгууллагаас зээл авсан талаар түүнийг нас барсны дараа уулзаж зээл авсан гэдгийг анх мэдсэн ба тухайн үед таны нөхөр эмчилгээний зардалд хэрэглэх юм, манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлээд 2015 оны 7 сарын 03-ны өдөр зээл авсан гэж гэрээг үзүүлсэн.

Тухайн үед манай гэр бүл болон хамаарал бүхий хэнд ч өвчин тохиолдоогүй, зээлийн шаардлага гарч байгаагүй, мөн талийгаач өөрөө өвчтэй байгаагүй, зуурдаар нас барсан. Зээлийн талаар гэр бүлийн гишүүд бид мэдээгүй.

Нэхэмжлэгч хууль бус гэрээ хийснээ халхавчлах зорилгоор миний охины хуримд 20 000 000 төгрөг зарцуулсан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Зээлийн гэрээ байгуулагдахаас 1 жил гаруйн өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр миний охин гэрлэлтээ батлуулж, хурим хийсэн. Хуримын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг худын тал гаргасан, бидэнд мөнгө зээлэх шаардлага байгаагүй юм.

Энэ байгууллагаас өмнө нь 2013 оны үед талийгаач өөрийн төрсөн ахынхаа хэрэгцээнд зориулан зээл авахад намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны замын 253 дугаар байрны 21 тоот орон сууцны дундын өмчлөгч гэдэг утгаар нь хамтран зээлдэгч, зээлийн батлан даагч гэдгээр дуудаж нийгмийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбарыг авч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж хууль журмын дагуу үйлдэл хийж байсан.

Г.М би 1996 онд нөхөр Л.Батдоржтой дотно болж гэр бүл болохоор шийдэж өөрийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо II-40.000-тын 22 дугаар байр, 55 тоот 2 өрөө байрыг зарж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кос. 6 дугаар байр, 3 тоот 2 өрөө байрыг худалдан авч, 1997 онд гэр бүл болсон. Ингээд 2012 онд одоо амьдарч байгаа байраа хадам ааваасаа 2 өрөө байраа 10 000 000 төгрөг нэмж төлөөд авсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байгаагүй тул нөхөр маань өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. Үүнээс үзэхэд Г.М, охин Батдоржийн Амарлин, охин Батмагнайн Саруул нар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нар мөн болох нь тогтоогдож байна.

Миний бие, охин Б.Млингийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргахад орон сууц зээлийн барьцаанд байгаа гэх шалтгаанаар гэрчилгээг албан ёсоор олгоогүй, түүнчлэн миний болон охин Б.Млин нарын өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдэж байгаагүй.

Талийгаач Л.Батдорж нь “А” ХХК-аас 20 000 000 төгрөгийн зээл авснаас хойш 4 сарын дараа зуурдаар нас барсан. Нэхэмжлэгч байгууллага нь өнөөдрийг хүртэл хүү тооцож 54 036 748 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.1-т зээлдэгч нь нас барсан бол зээлдэгчийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж зааснаас үзэхэд зээлдэгч Л.Батдоржийг нас барсан өдрөөс эхлэн зээлийн гэрээ дуусгавар болсон.

Түүнчлэн Л.Батдорж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан ба нас барснаас хойш 3 жилийг тооцож үзвэл 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.

Мөн барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. Талийгаач Л.Батдорж нь гэр бүлийн бүх гишүүдийн хамт тухайн байрыг өмчилдөг гэдгийг зээл олгосон байгууллага өмнө олгосон зээлийн гэрээ байгуулахдаа мэдсэн. Гэр бүлийн гишүүд болох эхнэр Ш.Мөнхцэцэш, охин н.Саруул, охин Б.Млин нар буюу хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авахгүйгээр барьцааны гэрээ байгуулсан учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “А” ХХК, Л.Батдорж нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон 11-593636 тоот барьцаалбарыг тус тус хүчингүй болохыг тогтоож,

Ү-2204018480 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 000184346 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн дундын хамтран өмчлөгчөөр Г.М, охин Б.Сл, охин Б.Млин биднийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус зааснаар хариуцагч Г.Мээс 10 680 277 төгрөг, хариуцагч Б.Млингаас 10 680 277 төгрөг, нийт 21 360 554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 676 194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.М, Б.Млин нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А ХХК болон Л.Батдорж нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БГЗ152015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдох 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК болон Л.Батдорж нарын хооронд байгуулсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г.М, Б.Сл, Б.Млин нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.М, Б.Млин нараас улсын тэмдэгтийн хураамжид 334 952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568 540 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Б.Млингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талийгаач Л.Батдорж нь надад мэдэгдэлгүйгээр “А” ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг зээлж авчээ. Энэ талаар түүнийг нас барсанаас хойш 5 сарын дараа мэдсэн.

Л.Батдорж нь 2014 онд уг байгууллагаас 20 000 000 төгрөгийн зээл авахад “А” ХХК-ын захирал нь гэр бүлийн хүнээсээ зөвшөөрөл аваад ир эсвэл хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруул гэснээр би зөвшөөрч хамтран зээлдэгч болж байсан. Харин 2015 онд авсан зээлийн тухайд миний нөхөр ч, ББСБ ч надад мэдэгдээгүй, ямар нэг зөвшөөрөл аваагүй. Тухайн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг анх худалдаж авахдаа миний II дугаар 40 000-д байсан 2 өрөө байрыг зарж авсан юм. Бид 1997 онд гэр бүл болсон.

Гэтэл “А” ХХК нь талийгаач нөхөр Л.Батдоржийг нас барсанаас хойш хэдхэн хоногийн дараа түүний өмнөх эхнэрээс төрсөн хүү Б.Дөлгөөн нь авга эгчтэйгээ ББСБ-д ирээд зээлийг нь яах вэ гэж асууж байсан байна. Л.Батдорж нь надад мэдэгдэлгүй зээл аваад өмнөх эхнэр, хүүхэддээ өгсөн нь тодорхой байхад шүүх надаас 10 680 277 төгрөг, охин Б.Млингаар 10 680 277 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус байна.

Би талийгаач нөхөртэйгээ 1997 онд гэрлэж, гэр бүл болсоноос хойш энэ орон сууцыг хамтын хөрөнгөөрөө худалдан авсан байхад хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг шүүгч тайлбарлахдаа Л.Батдорж нь нас барсан тул хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэжээ.

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд хүчингүй болгох талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна.

Талийгаач нөхөр болон ББСБ нь охин бид хоёрын зөвшөөрөлгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалсанаа нуун дарагдуулсан байсан. Барьцааны гэрээг хүчингүй болгох үндэслэлийг шүүхэд миний өмгөөлөгч тодорхой тайлбарлан хэлсэн.

Бид өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй, албан ёсоор өв залгамжлагч болоогүй байхад өв залгамжлагч гэж үзэн зээл төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус юм. “А" ХХК нь миний нөхөрийг нас барсанаас хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжпэл гаргах эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь Г.М, Б.Млин нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54 036 748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг

хариуцагч нар эс зөвшөөрч 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК, Л.Батдорж нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.М, Б.Сл, Б.Млин нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

“А” ХХК нь Л.Батдоржтой 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Л.Батдорж нь 20 000 000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 549 хоног буюу 18 сарын хугацаатай зээлдүүлжээ. Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн мөн өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж Л.Батдоржийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, 94.4 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч Л.Батдорж нь дээрх зээлийн гэрээний 4.2, 4.12-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргийг 2015 оны 09 дүгээр сараас эхлэн зөрчсөн. Л.Батдорж нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байна.

 

Анхан шатны шүүх Л.Батдорж нас барснаар буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр “А” ХХК-д зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч Г.М, Л.Батдорж нар 1997 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас охин Б.Млин 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн нь гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Г.М, Б.Млин нар Л.Батдоржийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтийг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг мөн өдөр тус нотариатч бүртгэж авсан нь Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 876, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/457 тоот албан бичгүүд, мөн дээрх бүртгэлийн дэвтэрт хийсэн бичилтээр тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтууд, талуудын тайлбар, нотариатч Ж.Наранцацралтын мэдүүлэг зэргийг харьцуулан Г.М, Б.Млин нар нь талийгаач Л.Батдоржийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, тэдгээр нь эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

 Иймд нэхэмжлэгч “А” ХХК нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 21 360 553 /23 079 026-1 718 473/ төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч болох Г.М, Б.Млин нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

“А” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв юм.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Мээс 10 680 277 төгрөг, хариуцагч Б.Млингаас 10 680 277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 676 194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар Л.Батдоржийн хууль ёсны өвлөгч нь эхнэр Г.М, охин Б.Млин нар болохыг тогтоож, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Батмагнайн Саруулыг түүний хууль ёсны өв залгамжлагч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, 94.4 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц нь Л.Батдорж буюу нэг хүний өмч болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэж олгосон 000184346 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

 

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргааны хариуцагч нь “А” ХХК биш тул “А” ХХК, Л.Батдорж нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаалбарыг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.М, Б.Сл, Б.Млин нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ. Зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэхээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хугацааг 3 жилээр тоолбол 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уг хугацаа дуусахаар байна. Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагч Б.Млингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА