Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01773

 

 

 

 

 

 

 

 

 

Ю-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/000217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю-гийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 1 910 871 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю /YU ZHANGMAO/ нь 2015 онд Э ХХК-тай хамтарч ажиллахаар болж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших МY-007976 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, нүүрсний уурхайд хөрөнгө оруулахаар болоод 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хөрөнгө оруулалт хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нүүрс олборлолтийн гэрээ хийхээр Э ХХК -ийн захирал Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ю /ZHANG YU HUA/-тай гэрээ байгуулсан. Б тал нь гэрээнд заасан нөхцөл журмынхаа дагуу Уурхайн ажил эхлүүлэх бүхий л зардал, татвар, хураамж, ажилчдын цалин, хоол хүнс, шаардлагатай хөрөнгөөр санхүүжүүлж, үүнийхээ дагуу уурхайн тоног төхөөрөмж машин механизм зэргийг харилцан гаргаж, төрийн захиргааны байгууллагатай харилцах уурхайн бичиг баримтыг хуулийн шаардлага хангах ажлыг хариуцах, Б талын үйл ажиллагаанд хяналт тавьж хамтарч ажиллахаар болсон. 2015 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нүүрс олборлож эхэлсэн. Олборлосон нүүрсний орлогоос А тал 1 тонн нүүрс тутамд 20 юань төлөхөөр болсон. Бусад орлогыг Б тал гэрээнд зааснаар авахаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд эхний хөрөнгө оруулалт 3 916 500 юань буюу монгол төгрөгөөр 1 872 783 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Үүнд уурхайн олборлолт явуулахад шаардагдах бэлтгэл ажлын бүхий л зардал төлбөрүүд ажилчдын цалин, татвар зэрэг зардал багтсан. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэхэд уурхайн олборлосон нүүрс 12 800 тонн болсон. Үүнээс 800 тонныг борлуулж Ю авсан. 1 тонн нүүрсийг 85 000 төгрөгөөр борлуулж байсан. Ю нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ар гэрийн шаардлагаар Хятад улс руу явж, 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр буцаж ирэхэд Э ХХК нь танайхтай гэрээ байгуулсан Ю энд байхгүй, уурхайн дарга өөрчлөгдсөн гэж хэлээд уурхай руу нь оруулаагүй. Ингээд энэ ажилд оролцуулаагүйгээс болж маргаан үүссэн. Иймд Э ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж тус компанид оруулсан хөрөнгө болох 1 092 183 000 төгрөг нийт олборлосон 12 800 тонн нүүрс борлуулсаны орлого 12800*70000=896 000 000 төгрөг /896 000 төгрөгөөс 1 тонн тутамд 20 юань Ж д олгох 77 312 000 төгрөг хасаж/ -өөс 818 688 000 төгрөг нийт 1 910 871 000 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Ю /ZHANG YU HUA/ бол Э ХХК-ний захирлаар огт ажиллаж байгаагүй. Тухайн үед компаний хувьцаа эзэмшигч байсан бөгөөд хувьцаагаа шилжүүлж, бүр мөсөн Хятад улс руу явсан. Ж д хэзээ ч байгууллагын тамга байдаггүй, ашиглаж байгаагүй. Маргааны зүйл болох 1 872 783 000 төгрөгийн талаар ч мэдэхгүй. Хөрөнгө оруулалт манай компанид орж ирээгүйгээс гадна, 12 800 тонн нүүрс олборлолт 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл огт хийгдээгүй. Маргааны асуудал бол тухайн үед Э ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Ю 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ю /YU ZHANGMAO/-тай туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ байгуулсан байдаг. Манай уурхайгаас нүүрс олборлолт 2015 оны 09 дүгээр сараас хойш, дараа оны эхний нэг сар гараагүй, сүүлийн 3 сарын хугацаанд бага зэрэг гарсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны үеэр уурхай алдагдалтай, ажилчдын цалин, тогны мөнгө өгч чадахгүй байна гэж хэлээд Хятад руу буцсан. Манай компани энэ хүний дагуулж ирсэн Монгол болон Хятад ажилчдын цалин хөлсийг бүгдийг төлж барагдуулсан. Тус гэрээний 10 дугаар зүйлд хэрэв хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Эрээн хотын Иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.

Дээрх маргааны талаар нэхэмжлэгч өмнө нь эрүүгийн журмаар гомдол өгч шалгуулсан нийслэлийн Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаар тоот тогтоолоор нэхэмжлэгчийг 6 853 160 сая юаны хөрөнгө оруулалт, 13 000 тонн нүүрс олборлолт хийгээгүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж хэргийг хаасан. Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2911 тоот албан бичгээр нийт 760 тонн нүүрс олборлосон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч 1 092 183 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, 12 800 тонн нүүрс олборлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.3-д зааснаар хариуцагч Э ХХК-аас 92 349 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю /YU ZHANGMAO, РД:CHN661211/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 818 522 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю /YU ZHANGMAO/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 017 000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-аас 619 695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю /YU ZHANGMAO -д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээч Гранд Инженер ХХК-иас 1 432 000 төгрөгийг, хариуцагч Э ХХК-аас 533 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунгэрэлд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэсэн, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 29, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн их хэмжээний хэлцэл буюу гэрээг хариуцагч байгууллага, түүний эрх бүхий этгээдтэй хууль журмын дагуу байгуулаагүй, Хятад улсын 3 иргэний хоорондын харилцаа байхад хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн.

2015 оны 8 дугаар сарын 29-ний гэрээг Налайх хөгжил нүүрсний уурхай гээд Ю нэг талд нь, нөгөө талд нь нэхэмжлэгч, харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд Налайх хөгжил нүүрсний уурхай гээд Ж, нөгөө талд нь нэхэмжлэгч, мөн Лин Хин Гүй гэдэг оролцогч байдаг. Гэтэл Налайх хөгжил уурхайг Э ХХК , Жан Юу Хуа-г хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэх үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний 1 дэх заалтад байгаа 300 000 юаныг хариуцагчид хэзээ өгсөн. монгол төгрөгтэй харьцах ханш хэд болох баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байхад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр боллоо.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ашиглалтгүй болсон уурхайн аманд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж захирамжилсан бөгөөд нэгэнт шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоор байтал шинжээчийн зардалд төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах 2 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж гэж үзэж хуваарилж, түүнийхээ бараг 5-ны 1 хэсгийг хариуцагчид ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ю нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 1 910 871 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...3 916 500 юань буюу 1 872 783 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нүүрс олборлон хамтран ажиллахаар тохиролцсон боловч гэрээ хэрэгжих хугацаанд ар гэрийн шалтгаанаар БНХАУ руу явж ирээд ажилд оролцуулаагүй тул гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө болон нүүрс борлуулсан орлогын хамт гаргуулна” гэсэн бол хариуцагч нь “...хөрөнгө оруулалт хийгээгүй, 12 800 тонн нүүрс олборлоогүй, баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд цуглуулж, гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал, хэргийн 2 дугаар хавтасны 219-220 дугаар талд 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ авагдсан байх ба уг гэрээг нэг талаас Налайх хөгжил нүүрсний уурхай, нөгөө талаас Ю нар байгуулсан байна. Энэхүү гэрээний нэг тал болох Налайх хөгжил нүүрсний уурхай нь Э ХХК -ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй нүүрсний уурхай болох талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулсантай холбоотой гарсан зардал, татвар, хураамж төлсөнтэй холбоотой хэргийн 1 дүгээр хавтасны 101-108, 110-166, 168-233, 235-246, 248-250, 2 дугаар хавтасны 1-189 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Гэвч эдгээр баримтууд хятад хэл дээр үйлдэгдсэн баримтууд байх бөгөөд орчуулга хийхдээ уг баримтуудыг бүрэн орчуулаагүй. Өөрөөр хэлбэл, уг баримтууд дээрх гарын үсэг зурсан тайлал огт орчуулагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 364 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ