Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 18

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг, нэхэмжлэгч А.Цэрмаа, нээхмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Д.Одонтунгалаг, гуравдагч этгээд С.Хонгорзул нарыг оролцуулан А.Цэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Амгалангийн Цэрмаа нь төрийн албанд нийтдээ 17 жил ажилласан. Үүнээс Баянхонгор аймгийн одоогийн Мэргэжлийн хяналтын газар буюу хуучнаар Санхүүгийн хяналт шалгалтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар 1998 оноос эхлэн найман жил ажиллаж байгаад улмаар 2006 оноос Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар томилогдон улмаар 2014 оны 06 сарын 24-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан.

Би төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, удирдлагын зүгээс сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл 2016 оны 01 сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг манай хэлтэс дээр ирж дарга Ц.Сэмжиддорж, нягтлан болох бид хоёрыг учир зүггүй дарамтлан "даргыг ажлаа өг, өргөдлөө өг" гэж загнаж хэлтсийн даргын тамгыг авч ирүүлэн өмнө нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж байсан Д.Одонтунгалагт өгч, хэлтсийн дарга Ц.Сэмжидоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг уншсан.

Миний бие нь энэ үед дээд шатны дарга ирж миний ажлыг дүгнэн "мэдээ тайлан хоцроодог" гэж загнахад нь би өөрөө "та ингэж дүгнэж байгаа бол энэ ажлаа өгөөд өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалтын байцаагчийн ажилд томилогдъё" гэдэг хүсэлтээ хэлсэн. Улмаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандан "өөрийн эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөгдөж түүний доод албан тушаал болох хяналт шалгалт хариуцсан байцаагчийн ажиллуулах хүсэлтэй байгаагаа уламжлан өргөдөл гаргасан байсан. Тус өргөдлийг Ч.Чулуунчимэг дарга "хүсэлтийг харгалзан өөр ажилд томилох" тухай цохож Д.Одонтунгалагт өгсөн байсныг би сүүлд мэдсэн.

Гэтэл хэлтсийн дарга Д.Одонтунгалаг тус өргөдлийг хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй байж байгаад 2016 оны 02 сарын 26-ны өдөр миний эрхэлж байсан ажлаас шууд чөлөөлөх тухай тушаалыг гаргаж надад өгсөн.

Би тус тушаалыг яагаад гаргасан талаар, яагаад өөр ажилд томилж болоогүй талаар асуухад дарга Д.Одонтунгалаг "би тэтгэвэрийн байцаагчийн орон тоон дээр томилох гэтэл шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдсон хүн эргэж орсон тул боломжгүй боллоо, харин хяналт шалгалтын байцаагчид таныг тавихгүй, өөр хүн томилох саналтай байгаа тул таныг ажлаас чөлөөлсөн болно" гэсэн хариуг өгсөн.

Би төрийн албан хаагч болохын хувьд өөр ажилд сэлгэн ажиллах, тухайн асуудлаар хүсэлт гаргах эрхтэй гэж бодож байгаа. Нэгэнт өөр ажил дээр томлогдох боломжгүй бол өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлттэй байсан. Түүнээс ажлаас ор тас чөлөөлөгдөх хүсэлтгүй байсан.

Гэтэл тус тушаалаа гаргахдаа энэ талаар надаас асуугаагүй, 2016 оны 02 сарын 29-ны өдөр ажилдаа ирэхэд л энэ тушаалыг гаргаж надад гардуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тус тушаалыг миний хүсэл зоригын дагуу гаргаагүй, өөр ажилд томилогдох тухай хүсэлтийг буруу ойлгож ажлаас чөлөөлөх шалтгаан болгосныг хүлээн зөвшөөрөхгуй. Би гурван нас хүрээгүй хүүхэдтэй, төрийн албанд ажиллаж байхдаа удирдлагын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Ажлаа сольж, өөр ажилд шилжин ажиллах тухай хүсэлтээ  Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өгсөн.

Улмаар намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 02 сарын 29-ны өглөө гардаж аваад эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Улмаар тус салбар зөвлөлөөс намайг тохирох ажилд нь томил гэсэн хариуг 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 41 тоот албан бичгээр ирүүлсэн. Би төрийн албаны салбар зөвлөлд өгсөн өргөдөлдөө хуучин ажилдаа буцаж томилогдох тухай хүсэлт гаргасан байхад "тохирох ажилд нь томил" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Иймд нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн Б/19тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг өмнө нь эрхэлж байсан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн СБОБХА-ны дарга, ахлах нягтлан бодогчийн ажилд буцаан томилохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.Одонтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: А.Цэрмаагийн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнь шүүхэд. хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/19 тоот тушаалаар тус хэлтэст Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, Ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.Цэрмааг өөрийн өргөдлийг нь үндэслэн Төрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Учир нь ажил олгогчийн зүгээс А.Цэрмааг өөрөө хүсэж өргөдлөө гаргасан тул тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:

1.А.Цэрмаагийн өргөдөлд “Миний бие 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс эхлэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэдээ, тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна" гэсэн байгаа нь тухайн албан тушаал буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэж байна. Уг хүсэлтийн дагуу ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас чөлөөлсөн.

2.А.Цэрмаагийн өргөдөлд “Цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна” гэжээ. Төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл “Төрийн хинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” заалтын хүрээнд зохицуулагддаг.

Иймд А.Цэрмаагийн хүссэн хяналт шалгалт хариуцсан байцаагчийн албан тушаалд сул орон тоо гараагүй байсан.

Ажил олгогчийн зүгээс А.Цэрмааг ажлаас халаагүй, өөрийн хүсэлтийг нь дагуу Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, Ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн.

Иймд А.Цэрмаагийн гаргасан ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Хонгорзул шүүхэд гаргасан тайрбартаа: 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс Нийгмийн даатгалын хэлтсийн сангийн нягглан бодогчоор томилогдон 3 жил ажилласан. А.Цэрмаа нь Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлт гаргасан тул миний мэдлэг ур чадварыг үнэлэн тухайн албан тушаалд томилон ажиллуулах талаар хэлтсийн дарга Д.Одонтунгалаг танилцуулсан. Улмаар 2016 оын 03 сарын 01- ны өдрийн хэлтсийн даргын Б/22 тоот тушаалаар тус хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчоор томилогдсон. 2016 оны 2 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зарлагдсан Төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд ТЗ-7 албан тушаал дээр шалгалт өгч тэнцсэн. Мөн 2016 оны 3 сарын 23-24 өдөр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд орж тэнцсэн. Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг хууль журмуудыг ажилдаа мөрдлөг болгон зөрчил дутагдалгүй ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож* шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Цэрмаа нь төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасан ...” төрийн захиргааны албан хаагч”... мөн болох нь  2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А.Цэрмаагийн Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг, А.Цэрмаагийн НДД582272 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргээс тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч А.Цэрмаа нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газарт ...”Миний бие 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс эхлэн Баянхонгор амймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна . Цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна гэж 2016 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн А.Цэрмаа нь өргөдөл гаргажээ.  Энэ өргөдлийг үндслэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  А.Цэрмааг  ажлаас чөлөөлөх тухай тушаал  гаргасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон гэжээ.

А.Цэрмаа нь шүүхэд тайлбар гаргахдаа ...”би энэ өргөдлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэгийн дарамт шахалтанд орж бичсэн ,мөн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж гаргаагүй”... гэжээ.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу нотлох баримтуудыг цуглууллаа.

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн...”Сарын мэдээг хэд хэдэн удаа хоцроосон .Хуулийн хугацаа дараа сарын 02-ны дотор гаргаж өгөх үүрэгтэй. 2015 онд хэд хэдэн удаа хохироосон , Сангийн мэдээ тайлан зөрүүтэй байсан миний алдаа байсан, дүнгийн зарлагын хувьд төсөвт багтаан ажиллах боломжгүй байсан гэх хурлын протокол,/ хурлын протоколын сүүлийн хэсэгт нэхэмжлэгч А.Цэрмаа нь гарын үсгээ зурсан болно / 2016 оны 01 дүгээр сарын   07-ны өдрийн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн...” Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газрын Ч.Чулуунчимэг 3 жилийн хугацаанд энэ байгууллагын ажлыг унагасан байна. Түшиж тулах ахлах нягтлан бодогч А.Цэрмаа  та ажлаа сайн хийж чадаагүй ажлаа өгөхөө хүлээн зөвшөөрч байна уу гэхэд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Сэмжиддорж би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй , ахлах нягтлан бодогч А.Цэрмаа би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй ”... гэх хурлын протокол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2016 оны 04 дугаар сарын 04-ний  өдрийн 1/63 дугаар” Хариу хүргүүлэх тухай  “ албан бичигт Ажиллаж байх хугацаандаа мэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх  өөрийгөө өөр албан тушаал бууруулж томилуулах агуулга бүхий хүсэлт илэрхийлжээ. Иймд уг тушаалыг А.Цэрмаагийн өөрийнх нь албан тушаал бууруулах агуулга бүхий хүсэлттэй нь уялдуулан шийдвэрлэхийг зөвлөж байсан гэсэн албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 10 ны өдрийн А/92 дугаар “Шалгалтын дүнгийн тухай “албан бичгийн 1.8-д ажлын хариуцлага алдаж санхүүгийн зөрчил гаргасан санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга А.Цэрмааг ажлаас чөлөөлөх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Азжаргалаас мэдүүлэг авсан. Мэдүүлэгт ...”2016 оны 01 дүгээр сарын 07 ны өдрийн 14 цагийн үед энэ уулзалт болсон Ч.Чулуунчимэг дарга Ц.Сэмжиддорж дарга, А.Цэрмаа нягтлан бодогч нарыг загнаж байсан. Би жирэмсэн байсан болохоор дотор муухайраад гарах гэтэл намайг сууж бай гэсэн. Ч.Чулуунчимэг дарга А.Цэрмаа нягтлан бодогчийг ажлаа өгөхийг шаардсан . А.Цэрмаа энэ байгуулагад 10 жил ажилласан нягтлан бодогчийг ажлаа өгөөд ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна гэсэн. Өргөдлөө бичээд өг гэсэн.  А.Цэрмаа нягтлан бодогчийг цаашид хяналт шалгалт хариуцсан байцаагчаар авч ажилуул гэсэн”... гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд 2-3 удаа тайлан мэдээгээ хоцроосон гэх тайлбар зэрэг нотлох баримтаас  Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын Ерөнхий газраас шалгалт ирж ажлыг шалгахад Санхүү бүртгэл ,орлого бүрдүүлэлт ,хяналтын албаны дарга А.Цэрмаа ажлаа сайн хийж гүйцэтгээгүй байсан бөгөөд ажлын хариуцлага алдаж ажилласан талаар шаардлага тавьсан болохоос А.Цэрмааг дарамталж шахалт үзүүлж өргөдлийг бичүүлсэн гэж үзэх үндэсгүй байх бөгөөд  нэхэмжлэгч А.Цэрмаа нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газарт Миний бие 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс эхлэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна гэсэн 2016 оны 01 дүгээр сарын  07 ны өдрийн А.Цэрмаагийн  гаргасан өргөдлийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргаагүй боловч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад асуудлыг шийдвэрлүүлэхээр цохолт хийсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Төлөвлөлт санхүү бүртгэлийн газарт Миний бие 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс эхлэн Баянхонгор амймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна . Цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна гэсэн 2016 оны 01 дүгээр сарын  07 ны өдрийн А.Цэрмаагийн өргөдлийг харахад Ажиллаж байх хугацаандаа мэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд харин ажлийн байрыг сэлгэн ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байна. Төрийн албан тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...” Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”... гэж заажээ.

Энэ хүсэл сонирхол нь Нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан А.Цэрмаагийн өргөдөл ,Ажилгүйдлийн даатгалын сангаас 2016 оын 03 дугаар сарын 14-н өдрийн А.Цэрмаагийн хаан банк 5225071296 тоот дансанд 1571598 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт , Ажилгүйдлийн даатгалын сангаас А.Цэрмаагийн хаан банк 5225071296 тоот дансанд 1746220 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна .

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг  баримтлан нэхэмжлэгч А.Цэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ